Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овгийн Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1490 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овгийн Б.З, Улаанбаатар хотод *** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн О.Н-гийн байшингийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Sharp” фирмийн 29 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 320,000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн Ю.Э-ын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч У овгийн Б.З нь согтуурсан байх үедээ:

- 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хохирогч О.Н-гийн байнга амьдрах зориулалттай байшинд үүдний амбаарын хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч “Sharp” загварын 29 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 320,000 төгрөгийн хохирол учруулсан.

- 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хохирогч Ю.Э-ын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.З-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Зурагт бариад аваад явж байсан гэдгээ би бүдэг бадаг санаж байна. Энхбаярын гэрт орсон хэргийн хувьд намайг өглөө гэрт нь ороход Э ганцаараа байсан. Дараа нь эхнэрээ тосох гээд явсан. Би Э-ын гэрээс гараад архи авах гээд явсан. Эргэж ирэхэд байхгүй байхаар нь хүлээж чадаагүй согтуудаа гэрт нь ороод хоолыг нь идсэн байсан. Хохирогч Н-д зурагтын төлбөр 200,000 төгрөг, хохирогч Э-ын гэрийн хагарсан цонхны төлбөрт 60,000 төгрөг тус тус өгсөн. Хохирогч нар өөрсдөө ийм хэмжээний мөнгийг өгчихөд болно, өөр гомдол саналгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг;

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-7, 67-69 дүгээр хуудас);

3. Хохирогч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өглөө эрт ажилдаа явахаар гарсан ба манай дүү Н орой 18 цагийн орчимд гэрээ цоожлоод гарсан байсан. Тухайн өдөр манай гэрт хүн очоогүй, маргааш нь буюу 08-ны өдөр 17 цагийн орчимд дүү Н гэртээ буцаж очиход үүдний амбаарын хаалганы цоож хэсгийн мод эвдэрч хаалга нь онгойсон байдалтай, байшингаас зурагт алдагдсан байна гэж над руу залгаж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Эд зүйлсээ шалгахад байшингийн хойд хананд зурагтын тавиур дээр байсан 29 инчийн “Sharp” загварын Лсд зурагт алдагдсан байсан. Надад учирсан хохирлыг хулгай хийсэн залуугийн ээж гэх эмэгтэй бүрэн өгч барагдуулсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18, 21 дүгээр хуудас);

4. Хохирогч Ю.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед автобусны буудал руу хүн хүргэж өгөөд буцаад гэртээ ирэхэд манай гэрийн жижиг цонхоор хоёр хөл гарчихсан байхаар харсан чинь зүс таних З гэдэг архичин байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс алдагдсан зүйл байхгүй ширээн дээр байсан хоол идсэн байсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 75, 78 дугаар хуудас);

5. “Мастер үнэлгээ” ХХК-ийн: “...Sharp фирм, 29 инч ЛСД загвар 320,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 28-р хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн: “...60см*40см хэмжээтэй хуучин вакум цонх 80,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 87 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.З-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 50 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хулгайлж авсан зурагт хар өнгөтэй зурагт байсан, загвар инчийг нь сайн мэдэхгүй байна. Зүүн салаанд согтуу явж байгаад 30 орчим насны танихгүй эмэгтэй хүнд зарсан. ...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ** тоотод хамт архи уудаг Ю.Э гэх танил ахын гэрт согтуу очсон бөгөөд хүнгүй болохоор нь цонхны шилийг хагалж орсон санагдаж байна. Тэгээд гэрт нь байсан цуйванг идчихээд гарч явж байгаад Ю.Э ахтай таарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37,96 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэдэгт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.З-гийн үйлдлүүд нь дээрх гэмт хэргүүдийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “Sharp” загварын 29 инчийн LCD зурагтыг 320,000.00 төгрөгөөр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсний улмаас хагарсан цонхыг 80,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.З хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч О.Н-гийн амьдардаг байшинд үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэж орсон байх тул хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Б.З-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх болон халдашгүй, чөлөөтэй байх эрхэд тус тус халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр эдгээр гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” шинжийг тус бүр бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.З нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.З-г “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Н 200,000.00 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч Ю.Э мөн 60,000.00 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлцгээсэн байх тул шүүгдэгч Б.З-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү ү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.З нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан түүний үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.З-д нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо төлсөн хувийн байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх… -ээр шийдвэрлэж болно:” гээд; 2.2 дахь заалтад “...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг...” гэж зааснаар шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил нэг сараар тогтоолоо.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.У овгийн Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.З-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил нэг сараар тогтоосугай. 

4.Шүүгдэгч Б.З-д оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.З-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.З-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА