| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00448 0312 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Б.М, Улаанбаатар хотод *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ***, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн биедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын дунд замд байрлах “***” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг "делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 0,2242 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамжны ** тоотод байрлах монгол гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 111 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг,
Уг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамжны ** тоотод байрлах модон байшингийн амбаарын дээд хэсэгт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 166 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б.М нь:
- 0,2242 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, "делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж байсан нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 219 тоотод хийсэн үзлэгээр таслан зогсоогдсон;
- 111 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, "делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамжны ** тоотод байрлах монгол гэртээ хууль бусаар хадгалж байсан нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн нэгжлэгээр таслан зогсоогдсон;
- 166 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, "делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамжны ** тоотод байрлах модон байшингийн амбаарт хууль бусаар хадгалж байсан нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн нэгжлэгээр таслан зогсоогдсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Б.М-ийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10, 12-15 дугаар хуудас);
3. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хх-ийн 17 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-20 дугаар хуудас);
4. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1030 дугаартай: “...Б.М нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.М нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Б.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Б.М нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар хуудас);
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4843 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан цэнхэр эрээн өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан ягаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан гялгар ууттай тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №10 гэж дугаарласан иш бүхий ургамал тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Delta-9-tetrahydrocannabinol нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай ургамлын үртэс мэт зүйл, №3 гэж дугаарласан голдоо шар өнгөтэй, гадна талаараа бор өнгөтэй хатуу зүйл, №4 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 36-44 дүгээр хуудас);
6. Шүүгдэгч Б.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65 дугаар хуудас), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хх-ийн 68-70 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хар өнгийн цүнхийг Төмөр замын Дээд сургуулийн хажуу талын автобусны буудлаас олж авсан. Тухайн үед цүнхийг онгойлгож үзэхэд 2 тортой зүйл байсан. Тэгээд шууд гэр лүүгээ авч очоод цүнхийг хашаанд байх амбаарт үлдээсэн. 7-8 хоногийн дараа нөгөө амбаарт ороод цүнхэнд юу байгаа эсэх талаар хартал гялгар уутанд боосон багшралдаад муухай үнэр орчихсон өвс байсан. Мөн ундааны савтай өвс, гадаад паспорт, нэг хайрцаг тамхи зэрэг эд зүйлүүд байсан. Тэгээд амбаараас цүнхийг аваад орныхоо толгой дээр ямар нэгэн зүйлийг дотроос нь авалгүй тавьсан. Гялгар уутанд байсан ундааны савтай өвсийг пүүзэн гутлаа гэрээс гаргаж тавихдаа амбаарын дээд хэсэг рүү шидсэн. Мөн тугалган цааснуудыг хогийн сав руу хаясан. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ц-ийг дуудахаар нь хар өнгийн цүнхэнд байсан ягаан өнгийн ууттай өвсийг гэрийнхээ хоймор хэсэгт байх шүүгээндээ хийгээд, тугалган цаасыг ээжийн нүднээс далд унины завсар хавчуулаад, ундааны савтай өвсийг амбаарын дээд хэсэг рүү шидчихээд цүнхэнд нь өөрийнхөө малгайтай цамц, цэнэглэгч, чанга яригч, чихэвч зэргийг хийгээд гэрээсээ яараад гарсан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар интернэт орчноос мэдээлэл авдаг. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын *** тоотод 2001 оноос хойш амьдарч байгаа. Би өвсийг хадгалж байсан нь үнэн. Би сонирхоод хэрэглэж үзэх гэж байсан юм. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 56-57 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.М нь хууль бусаар биедээ болон гэртээ хадгалж байсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зориудаар олж авсан нөхцөл байдал тогтоогдоогүй учир түүнийг эл бодисыг “хууль бусаар олж авсан” гэж яллаагүй нь үндэслэл бүхий болжээ.
Хуулиар хориглосон зүйлийг хадгалах гэмт явдал нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд удааширсан гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж зааснаар шүүгдэгч Б.М-ийн үйлдэл таслан зогсоогдсон 2020 оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдрийг гэмт хэрэг төгссөн буюу үйлдсэн цаг хугацаагаар тооцно.
Харин хууль буцаан хэрэглээгүй, эсхүл гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнд болон төгсөөгүй гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд ерөнхий ангийн зүйл, хэсэг, заалтыг журамлан зүйлчлэх шаардлагагүй байдаг тул шүүх үүнийг зөвтгөсөн бөгөөд энэ нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрээгүй, мөн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд нөлөөлөхгүйг дурдах нь зүйн хэрэг.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.М-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимтай. Иймд улсын яллагчийн хувьд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгах, дүрс бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээс харахад М нь энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, өөрөө уг бодисыг хэрэглэж байгаагүй, өөрөөс нь илрээгүй. Тухайн үед хагалгаа хийлгэж байхад өмгөөлөгч миний бие байцаагчид нь шээснээс болон цуснаас нь дээж авхуулах талаар хэлж байсан. Шээсний дээж авахад хариу нь хүрэлцээгүй гэж гарсан байдаг. Хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, одоогийн байдлаар 3 настай хүүхдээ хараад гэртээ байдаг. Харин эхнэр нь ажил эрхэлж орлого олдог. Шүүгдэгч зам тээврийн осолд орсны улмаас 2 удаа хагалгаанд орж, 6 ширхэг хадаастай байгаа. Дахин хагалгаанд орж хадаасаа авхуулна. 2014 онд ял шийтгүүлж байсан боловч 2017 оноос дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулиар тэгшитгэлд хамрагдсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн эрүүл мэнд, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор аж амьдрал нь хүндхэн байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт явдал нь улс орны хүн амын эрүүл мэнд, удмын санд хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй, үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг, түүнчлэн үндэстэн дамнасан буюу зохион байгуулалтай шинжийг агуулдаг учир анхан шатны шүүхээс гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар ууттай ургамлын үртэс мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,6 грамм жинтэй ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан голдоо шар өнгөтэй, гадна талаараа бор өнгөтэй гялгар уутны хамт 7,8 грамм жинтэй хатуу зүйл, №4 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №5 гэж дугаарласан цэнхэр эрээн өнгийн гялгар уутны хамт 60,8 грамм жинтэй ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан ягаан өнгийн гялгар уутны хамт 62 грамм жинтэй ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан хуванцар савтай 85,8 грамм жинтэй ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан хуванцар савтай 110,3 грамм жинтэй ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан гялгар ууттай тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №10 гэж дугаарласан иш бүхий 22,2 грамм жинтэй ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хоёр ширхэг компакт дискийг энэ хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.М-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нэр бүхий эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар хадгалж буй байгууллагын мэдэлд шилжүүлж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоёр ширхэг компакт дискийг энэ хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА