Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01729

 

Г.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1367 дугаар магадлалтай,

Г.Оийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.501.731 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, өмгөөлөгч Б.Анхзаяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Солонгос Политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 128/ШШ2017/0542 тоот шийдвэр гарч үндэслэлгүй халсан болохыг тогтоож эргэн ажилд нь томилохоор шийдсэн. Гэтэл яам 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүй байна. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.752.453 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд мөн хугацаагаар нөхөн бичилт хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон.

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх цалинтай тэнцэх нөхөн олговор өмнөх шүүхийн шийдвэрт орсон тул дээрх хугацаанаас хойших буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс өргөдөл гаргаж буй 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл бүтэн 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэхэмжилж байна. 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингийн дундаж /1,217,600+1,210,700+1,215,300/3=3,643,600:3=1,214,533 төгрөг, ажилгүй байсан 7 сараар тооцон 1,214,533*7= нийт 8.501.731 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.                                                  

Хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 7.430.251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.071.479 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 133.834 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1367 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч бид Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэр, 2018 оны 06 дүгээр сарын 11-ний өдрийн 1367 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл шүүх хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтад үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой байтал уг асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийг буруу хэрэглэсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэрт гарсан тооцооны алдааг залруулж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй. Нийгмийн даатгалын шимтэл төлсөн цалингийн баримтыг гаргаж өгсөөр байтал нэг өдрийн цалинг 57.980 төгрөг байхад 39.947.950 төгрөг гэж буруу тооцсон. 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарыг хүртэл нийт ажлын 150 хоногоор бодох байсан. Ажлаас халагдахаас өмнөх 3 бүтэн сар, нийт 64 ажлын хоногт 3.643.600 төгрөг авсан ба хоногт 56.931 төгрөг * 150 хоног =8.539.687 төгрөг байна.

Иймд тооцооны алдааг залруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 7-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 7-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.501.731 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Оийг Монгол Солонгосын Политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 542 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ний өдрийн 642 дугаар магадлал, Улсын  Дээд  шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 512 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй  байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэг өдөрт ногдох цалин хөлсийг 39.947 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 186 хоногийн олговорт 7.430.251 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.т нийцжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т  зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлснээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Иймд нэхэмжлэгчийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол  үндэслэлгүй.

Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 144 хоногийн олговорт 5.752.453 төгрөг олгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Шүүх дээрх үйл баримтыг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэж, уг хэмжээнээс 1 өдөрт ногдох цалин хөлсийг тооцсоныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1367 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ