Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0617

 

2022.09.22-ны өдөр 221/МА2022/0617

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “О” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г, түүний өмгөөлөгч Д.М, Ө.Э*******-*******, Ш.А*******

Нэхэмжлэгч “О” ХХК

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” A/300 дугаартай захирамжийг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” захиргааны актын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 338 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, Ө.Э*******-*******, Ш.А******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0844/З/Н

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” A/300 дугаартай захирамжийг Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” захиргааны актын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “О” ХХК гүйцэттгэх захирал Г.Г болон Өмгөөлөгч Д.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн болно.

3. Итгэмжлэлгүй этгээдийн тайлбарт үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан:

3.1. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 197-198 дахь талд 2021 онны 12 дугаар сарын 28-ны өдрийн Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.О******* Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргасан байна. Тайлбар нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2260092 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ын талаар байна. Хариуцагч нарын хэн аль нь Б.О******* гэх хүнд итгэмжлэл олгоогүй. Шүүхэд тайлбар гаргах эрхгүй этгээд болно. Б.О******* энэ хэргийн оролцогч биш юм.

3.2. Хариуцагч НБОГ-ын С.Ү*******д олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газраас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр С.Ү*******д олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй “... иргэний нэхэмжлэгч, хохирогчоор хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ү*******г томилж байна.” гэжээ. Энэхүү итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар ч заалт үндэслээгүй төлөөлөгчийн эрх, үүрэг тодорхойлогдоогүйгээс гадна олгосон этгээд нь “даргын үүрэг гүйцэтгэгч М.Н*******” хэмээн гарын үсэг зурсан байх боловч М.Н******* итгэмжлэл олгох эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд хууль бус итгэмжлэлтэй С.Ү*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний хариу тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

3.3. Хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын Ж.А*******д олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй. Нийслэлийн Байгаль орчны газраас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ж.А*******д олгосон итгэмжлэлд “... манай байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгч, хохирогчоор ойн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.А*******г томилж байна” гэжээ. Энэхүү итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар ч заалт үндэслээгүй, төлөөлөгчийн эрх, үүрэг тодорхойлогдоогүйгээс гадна олгосон этгээд нь “даргын үүрэг гүйцэтгэгч М.Н*******” хэмээн гарын үсэг зурсан байх боловч М.Н******* итгэмжлэл олгох эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаас дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөн.

4.1. Учир нь Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, нөхөн тэмдэглэлээр нотлогдоно.” Гэж, 2.3-т “Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ойн сангийн хамаарч байгаа ... гэж дүгнэсэн байна.” гэж, 2.3-т “...Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэжээ.” гэж, 2.5-д “... нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар бөгөөд тус газарт барилга байгууламжийн суурь цутгаж, мод, бут, сөөг, ургамал, хөрсөн бүрхэвчийг устгаж, сүйтгэх үйл ажиллагаа явуулсан болохыг байгаль орчны улсын хяналтын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн мэдэгдэл, Экологийн цагдаагийн албаны томилсон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт болсон.

4.1.1. Энд дурдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь дуусаагүй мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр маргаантай байгаа талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тайлбарласан. Хариуцагч нар уг асуудал шүүх дээр маргаантай байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй үйл баримт дээр маргаагүй. Эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй зөрчлийн хэргийн материалыг шийдвэртээ үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийг зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

4.2. Хариуцагч Нийслэлийн байгаль орчны газар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2260092 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ын талаар тайлбар гаргаагүй, талууд мэтгэлцээгүй байхад уг “Шийтгэлийн хуудас”-ыг шүүхийн шийдвэрийн 2.1-т үндэслэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дах хэсгийг зөрчсөн. Мөн маргаан бүхий захиргааны актын үндэслэлд уг “Шийтгэлийн хуудас”-ыг үндэслээгүй, дурдаагүй. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хүрээнд дүгнэлт хийх ёстой байтал актын үндэслэлүүдээс хальж дүгнэлт хийсэн.

5. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5/-г зөрчсөн.

5.1. Нэхэмжлэгчийн хариуцагчаас тодруулахыг хүссэн эхний асуудал нь маргаан бүхий A/300 дугаар захирамжийн үндэслэлд “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 5 жилийн дотор буруу шийдвэр гаргасан захиргаа өөрийн санаачилгаар хүчингүй болгож байна уу, эсвэл “нэхэмжлэгч хууль зөрчсөн болохоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байна уу” гэх асуудал байсан. Үүнд шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагчийн төлөөлөгч хариулж чадаагүй. Шүүх ч энэ асуудлын ялгаа заагийг гаргаж шийдвэрлэж чадаагүй болно.

5.2. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь ой, ойн сан, ойн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа талаар Засгийн газрын тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараагүй. Харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 25 дугаар тогтоолоор Хандгайтад газар эзэмшүүлж болно гэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзээд Засаг даргын захирамжаар газрыг эзэмшүүлснийг харгалзаж үзээгүй.

5.3. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад “барилга барихыг хориглосон” болохоос “газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах” талаар тусгаагүй. Газрын тухай хууль тогтоомж гэдэгт Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг ойлгох буюу Газрын тухай хууль тогтоомж гэдэгт Ойн тухай хууль хамаарахгүй. Тус тусын зохицуулалт, зорилготой болно. Ойн тухай хуулийн 29.1.10 дах заалтыг хэрэглэх ёсгүй байсан.

5.4. Зуслангийн газарт зуслангийн байшин барихдаа олгогдсон талбайнхаа 70 хувиас илүүгүй талбайд барилга барьж болох талаар газар эзэмших гэрээний 4.16-д заасан. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар 600 м.кв хүртэлх талбайтай, 6 метр хүртэлх өндөртэй барилга барихад тусгай зөвшөөрөл шаарддаггүй болно.

5.5. Нэхэмжлэгчийн эзэмшил газарт рашаан байхгүй учир рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн хэмээсэн нь үндэслэлгүй. Мөн Байгаль орчин нийгэм хамгаалал аялал жуулчлалын сайд, БХБ сайд 2015 оны A/230/127 Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.7-д “Хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй” гэж заасан. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл Байгаль орчин аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэн усны хамгаалалтын бүсийг тогтоодог ч нэхэмжлэгчийн эзэмшил газарт усны хамгаалалтын бүсийн талаар зохицуулалтыг үндэслээгүй харин рашааны хамгаалалтын бүсийн талаар үндэслэсэн байхад шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүй “рашаан” байхгүй газар байгаа мэтээр хий хоосон дүгнэлт хийсэн.

5.7. Шүүхийн шийдвэрт Ойн тухай хуулийн 8.2 дах хэсгийн заалтыг буюу “хамгаалалтын бүсийн ой” гэх агуулгатай хуулийн заалтыг баримталж байгаа нь эерэг нөлөөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон гэх A/300 захирамжийн үндэслэлийг дэмжсэн агуулгатай байна. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийн агуулга зөрчилтэй болж байна.

5.8. Хариуцагч Нийслэлийн Онцгой Байдлын Газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай албан бичгийг захиргааны акт гэж үзсэн агуулгаар шүүхийн шийдвэр бичигджээ. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явагдсан эсэхийг шүүх дүгнэх ёстой байсан. Бодит байдал дээр энэхүү албан бичгийг нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, баримт авах ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй бөгөөд A/300 захирамжийг гарсаны дараа ийм албан бичиг гарсан талаар нэхэмжлэгч мэдсэн байдаг.

6. Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4/-г зөрчсөн.

6.1. Итгэмжлэл хууль бус байсан Нийслэлийн Онцгой Байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******гийн бичгээр гаргасан тайлбарыг үндэслэсэн нь хууль зөрчсөн ба хуралд оролцсон Нийслэлийн Онцгой Байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүхийн хэлэлцүүлэгт өмнө дурдсан “Шийтгэлийн хуудас”-ны талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т дурдагдсан баримтууд нь энэхүү захиргааны хэргийн шууд нотлох баримт биш бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр тусдаа маргаан үүсэж эцэслэн шийдвэрлэгдээгүй байтал шийдвэрийн шууд үндэслэл болгосон нь хуулийн шаардлага хангаагүй ба тухайн зөрчлийн хэрэгтэй холбоотой нэхэмжлэгчийг шийтгэсэн шийтгэлийн хуудас энэ хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй. Шүүх үүнтэй холбоотой баримтыг дутуу бүрдүүлсэн.

7. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7/-г зөрчсөн.

7.1. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актад Захиргаан ерөнхий хуулийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсгийг үндэслэсэн учраас уг газрыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зуслангийн зориулалтаар эзэмшиж ирсэн тул эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гарсан 5 жилийн дотор хүчингүй болгох талаар заасан мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсгийн заалтыг үндэслэж маргасан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ 8 дах талд эхний догол мөрний төгсгөлд “... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.” гэжээ. Ийнхүү бичсэн боловч тухай маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй болно.

7.2. Шүүх Нийслэлийн байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийг захиргааны актын “гадагш чиглэсэн, шууд үр дагавар үүсгэсэн” эсэх асуудалд дүгнэлт өгөөгүй. Шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээсээ өмнө уг албан бичиг “захиргааны акт” мөн эсэх дээр дүгнэлт хийх ёстой байсан. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын маргаан бүхий A/300 дугаар захирамжид Нийслэлийн Байгаль Орчны газрын 03/962, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 02-06/4521, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 02-02/2089 гэсэн гурван албан бичгийг үндэслэсэн. Нэхэмжлэгч энд дурдсан гурван албан бичиг тус бүрт холбогдуулан нэхэмжлэл гаргахад нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар нарын албан бичгийг тус шүүхээс “захиргааны акт” биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн аваагүй байдаг. Үндэслэл нь “шууд үр дагавар үүсээгүй, гадагш чиглээгүй буюу нэхэмжлэгчид чиглээгүй, үр дагавар үүсгээгүй” гэж дүгнэсэн. Энэ тохиолдолд шүүх уг албан бичгийг “захиргааны акт” мөн эсэхийг эхэлж дүгнээд үндэслэлдээ тайлбарлах нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын маргаан бүхий A/300 захирамж үндэслэлтэй эсэхийг дүгнэх ёстой байсан.

7.3. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмших гэрээний 4.16 дах хэсэгт “... барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.” /ХХ-1, 10 дах талд/ гэж заасан буюу газар эзэмшигч эзэмшлийн газартаа барилга барих нь Газрын тухай хууль болон Газар эзэмших гэрээгээр зөвшөөрөгдсөн байна. Энэ хүрээнд газрын хөрсийг хуулж зуслангийн байшин барьсан нь яагаад буруу, хууль зөрчсөн талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

9. Гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******-*******, Ш.А******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

9.1. Шүүх шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

9.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 5 дугаар нүүрт “... нийслэлийн Байгаль орчны газрын 2021.07.06-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 03/962 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд 1-т “нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2021.03.23-ны өдрийн 2260092 дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчийг ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж Зөрчлийн тухай хуулийн 7.9.5-д зааснаар 3,000,000 төгрөгөөр торгож, 2,989,481 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан” гэж тус дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

9.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-г зөрчсөн бөгөөд нотлох баримт хэрэгт хамааралтай байна гэдэгт хариуцагчийн захиргааны шийдвэрийн үндэслэл болсон байх тохиолдолд захиргааны актыг зөвтгөж болно. Гэтэл нийслэлийн Байгаль орчны газрын 2021.07.06-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 03/962 дугаар албан бичигт шийтгэлийн хуудасны талаар огт дурдаагүй, тус үндэслэлээр албан бичгийг гаргаагүй болно.

10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “мөн 2021.07.05-ны өдрийн Экологийн цагдаагийн албанаас олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан “.... Хандгайт аманд мод тайрч, газар ухаж байна” гэх гомдол мэдээллийн дагуу шалгалт хийж, хэргийн газрын үзлэгээр эвдрэлд оруулсан талбайн булангийн цэгүүдийн солбилцолыг тогтоож, барилгын суурь ухсан газар 23, голын урсаж байсныг ... багажаар хэмжиж зуслангийн байшин барих зорилгоор газрын хэвлийд халдаж эвдрэлд оруулсан” нөхцөл байдлыг тогтоосон болох нь хэрэгт авагдсан 2021.07.06-ны өдрийн болон 2021.08.06-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, нөхөн тэмдэглэлээр нотлогдоно” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг зөрчсөн.

10.1. Иймд, зөвхөн шүүхээс хэргийн оролцогчдын байлцуулан үзлэг хийх ажиллагааг явуулж, түүний тэмдэглэлийг үйлдэн баталгаажуулсны үндсэн дээр үзлэгийн тэмдэглэл нотлох баримт болно. Гэтэл шүүх өөрөө үзлэг хийгээгүй атлаа Экологийн цагдаагийн албанаас хийгдсэн үзлэгийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон буруу, энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу өөр хэргийн хүрээнд цугларсан баримтуудад үндэслэж гарсан буюу 2022.03.02-ны өдрийн 0034240 тоот шийтгэлийн хуудастай холбогдуулж гаргасан. Нэхэмжлэгчээс уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байгаа, уг үзлэгийн баримтыг нь үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1, 31.1, 34.3 дахь заасныг тус тус зөрчсөн.

11. Шийдвэрийн 3-т “Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр ...30 см-ийн диаметр бүхий 16,5 метрийн өндөртэй 140 орчим настай шинэс мод, 19 см-ийн диаметр бүхий 10 метрийн өндөртэй 80 орчим настай хуш мод үндсээрээ булгарч налсан, уг солбилцол бүхий талбайд ургаж буй ой модонд ойн нөөцийн болон ойн ус зохицуулах, хөрс хамгаалах нүүрсхүчлийн хийг шингээх, амралт зугаалгын зэрэг шууд болон шууд үр ашгийн хохирол учруулсан, нийт экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 667,354.00 төгрөг болно. Уг солбилцол бүхий талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 46 дугаар зэрэглэлийн 23, 25 дугаар ялгарал, 48 дугаар хэсэглэлийн 15 дугаар ялгарал, 69 дүгээр хэсэглэлийн 9 дүгээр ялгарал тус тус хамаарч байна гээд, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд ...тухайн солбилцол бүхий талбайд хамаарсан 2 мод нь байгалийн жам ёсоор унаагүй, хүний буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газрыг ухаж хөндсөнөөс үүдэж үндсээрээ газраас булгарч унасан, Ориент Инвестмент Пропертиз ХХК-ийн эзэмшлийн талбай нь Монгол улсын ойн санд бүртгэлтэй ойн сангийн хамаарч байгаа” гэжээ.

11.1. Ийнхүү дүгнэснээр уг хэргийн хувьд эргэлзээтэй, хэрэг нь эцэслэн шийдвэрлээгүй нотлох баримтыг үнэлж, нөгөө зөрчлийн хэргийн хувьд нэхэмжлэгчийн шүүхээр шударгаар хэргээ шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан нөхцөлийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-д заасан зарчмын дагуу энэ хэрэгт нэхэмжлэгчийг Ойн тухай хуулийг зөрчсөн зөрчил үйлдсэн хэмжээн шууд дүгнэсэн нь нөгөө зөрчлийн хэрэгт шууд ишлэх нотлох баримт бүрдүүлж байгаа нь шийдвэр хууль бус болох үндэслэлийг бүрдүүлж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудаар нэхэмжлэгч нь барилга байгууламжийн суурь цутгаж, мод бут сөөг, ургамал, хөрсөн бүрхэвчийг устгаж, сүйтгэх үйл ажиллагаа явуулах гэх үйлдлийг тогтоосон талаар нотлох баримт хэрэгт байхгүй, шүүх яаж устгах, сүйтгэх үйл ажиллагаа явагдаж буй болохыг хэрхэн тогтоогдсон тодорхойгүй байна.

11.2. Шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй зөрчлийн хэргийн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн.

12. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 5 дугаар нүүрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/3237 дугаартай албан бичгээс үзвэл маргаан бүхий газрыг Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэжээ.

12.1. Маргаан бүхий 2021 оны 03/962 дугаар албан бичигт усны энгийн хамгаалалтын бүстэй давхцсан тухай ямар ч агуулга байхгүй. Тэнд зөвхөн Ойн тухай хууль тогтоомжийн талаар дурдсан албан бичиг, гэтэл тус албан бичгийг зөвтгөх үндэслэлийг усны тухай асуудлыг татан оруулж үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дахь хэсгийг зөрчсөн.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1-д зааснаар маргаан бүхий актуудыг хянан шийдвэрлэнэ.

13.1. Захиргааны актыг хянан шийдвэрлэнэ гэдэг нь маргаж буй захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны дагуу гаргасан эсэх, актын үндэслэл болгож буй баримтуудаар нөхцөл байдлыг тогтоосон эсэх зэрэг хүрээнд хянан шийдвэрлэгдэнэ. Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актыг хянан шийдвэрлэх бус харин өмнө дурдсан байдлаар захиргааны актын үндэслэл болоогүй, мөн өмнө болон хойно захиргааны байгууллагаас гарч байсан өөр үр дагавар бүхий захиргааны шийдвэрүүдээр нэхэмжлэгчийг буруутгахад бүхэлдээ чиглэгджээ.

13.2. Шүүх өөрөө шинээр захиргааны актад дурдаагүй үндэслэл, үйл баримт гарган ирж, нэрлэн зааж нэхэмжлэгчийг буруутгасан нь зөвхөн захиргааны акт түүний хууль зүйн үндэслэлийг хянах чиг үүргээ хэтрүүлж шүүхийн өмнө эрх тэгш байх мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

14. Нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлийн талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 48.3-д зааснаар гаргасан үндэслэлийн талаар шийдвэрлээгүй болно.

14.1. Маргаан бүхий А/300 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгосон 2021 оны А/117 дугаар “газар эзэмших эрх олгосон” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, 48.2.2-т зааснаар хүчингүй болгосон. Энэ талаар дүгнэлт өгөөгүй.

15. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын талаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шийдвэрлээгүй.

15.1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ маргаан бүхий актын улмаас 3 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байх тухай дурдсан, энэ талаар огт дурдаагүй байна. Тухайн газрыг эзэмших хугацаандаа 3 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, захиргааны үйл ажиллагааны улмаас эдийн буюу мөнгөөр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар бий болсон байхад шүүх энэ талаар огт дүгнээгүй.

16. Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

16.1. Энэ талаар шалгаж тогтоосон зүйл байдаггүй, энэ талаар хуулийг буруу тайлбарласан, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол, Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 19.1, 19.1.3, 20.2, 20.2.6, 58.1, 58.4-д заасан хуулийн заалтуудад үндэслэн Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 191 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам”-ыг батлан мөрдүүлж байна. Газрын тухай хуулийн 40.1.2-т заасан дүгнэлт хийсэн тохиолдолд тухайн заалтыг хэрэглэх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгчийг “газрыг хүн амын эрүүл мэнд байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан” гэх дүгнэлт гаргасан мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй.

17. Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 03/962 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “нийслэлийн Байгаль орчны газарт дүүргийн Засаг даргад аль нэг хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцлах талаар даалгавар, чиглэл өгөх эрх хэмжээ байхгүй” гэж маргасан. Гэтэл шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь талаар нэрлэн заасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

18. Ойн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2 дахь заалтыг шүүх хэрэглэхдээ нэхэмжлэгчид олгосон газар нь ойн санд хамаарах эсэх, ойн санд хамаарах бол ойн сангийн хамгаалалтын бүсэд хамаарах уу, ашиглалтын бүсийн ойд хамаарах уу гэдгийг тогтоосны үндсэн дээрх хамгаалалтын бүсийн ойд хориглох үйл ажиллагааны тухай дээрх заалтыг хэрэглэх ёстой.

18.1. Гэтэл ойн бүх эсэх талаар нэг мөр эцэслэн тогтоосон баримт байхгүй. ХХ 205-253 талд авагдсан баримтууд дундаас шүүх ногоон бүсийн ой гэх агуулга бүхий баримтыг хүлээн авч “ойн сан” гэж эцэслэн шийдвэрлэсн болох нь тодорхойгүй байна.

19. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “О” ХХК-иас шүүхэд хандан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” A/300 дугаартай захирамжийг болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 03/962 дугаартай албан бичгийн “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийг гаргажээ.

 

3. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/300 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2.4, 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.15-д заасныг тус тус үндэслэн, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаар албан бичиг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/4521 дүгээр албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2089 дугаар албан бичгээр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 28963 м.кв газар эзэмшигч “О” ХХК нь ... хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдсон гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Анхан шатны шүүх “... Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2260092 дугаартай шийтгэлийн хуудас, ... Экологийн цагдаагийн албаны 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн болон 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ... Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/3237 дугаартай албан бичиг зэргийг үндэслэн нэхэмжлэгч компанийг 2012 оноос хойш газар эзэмшихдээ 2020 онд Ойн тухай хуулийг зөрчсөн зөрчил үйлдэж, тухайн зөрчлийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон, хууль бус үйлдэлд нь хариуцлага ногдуулж, түүнийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн, ... гэж үзээд Сүбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/300 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий актын үндэслэлд дурдаж буй нотлох баримт болон нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.

 

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч шүүхэд

-Манай компанийн зүгээс зуслангийн зориулалтаар ашигласнаас өөр үйл ажиллагаа явуулаагүй,

-Хандгайт орчимд мод, бут ургамал ихтэй бөгөөд зөвхөн манай компани гэлтгүй бусад иргэн, аж ахуй нэгжүүд тухайн газарт зуслангийн зориулалтаар газар эзэмшиж ирсэн, ... хуулийн дагуу газар эзэмшиж байснаараа нийтийн ашиг сонирхолд ямар сөрөг нөлөө үзүүлсэн талаар захиргааны байгууллага тогтоогоогүй,

-Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д зааснаар захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан тул 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүүргийн Засаг даргын 399 дүгээр захирамжаар уг газрын “зуслан, ой хамгаалах, нөхөн сэргээх” зориулалтаар эзэмшиж ирсэн буюу 11 дэх жилдээ уг газрыг “зуслан”-гийн зориулалтаар эзэмшиж байгаа учир хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн,

-Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасан нөхцөл байдлыг хариуцагч тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй гэх зэргээр тайлбарлан маргасан байхад энэ талаар шүүх холбогдох баримтуудыг цуглуулаагүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт үнэлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй буруутай байна.

 

5. Захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүх нөхцөл байдлыг тогтоож, үнэлэхдээ зөвхөн зохих журмын дагуу авагдсан нотлох баримтуудын үр дүнд бус актын болон оролцогчдын тайлбар, холбогдох бусад мэдээллийн агуулга зэрэгт үндэслэж шийдвэр гаргах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотойгоор шүүхээс аливаа байдлаар дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

6. Тодруулбал, хэргийн оролцогч нараас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2260092 дугаартай шийтгэлийн хуудасны талаар тайлбар гаргаж маргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй байх бөгөөд уг шийтгэлийн хуудастай маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, хэрэв шүүхээс шийтгэлийн хуудсыг үндэслэж байгаа бол тухайн зөрчлийн хэрэгтэй холбоотой бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, маргаан бүхий актуудтай холбоотой гарсан дүгнэлтэд харьцуулах замаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх байжээ.

 

6.1. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий А/300 дугаар захирамжийн үндэслэлд дурдсанаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь тухайн газартаа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулсан эсэх, ойн сан бүхий газар мөн эсэх энэ нь ямар байгууллагын ямар шийдвэрээр тогтоогдсон эсэх, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хамаарсан эсэх, мөн Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн эсэх, эсхүл анхнаасаа захиргааны байгууллагаас өөрийн бураатай үйл ажиллагааны улмаас газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж газар олгосон газраа хүчингүй болгож, тухайн үйлдлийг таслан зогсоож байгаа эсэх, ойн сангийн газарт нэхэмжлэгч барилга байгууламж барьж, аливаа объект байршуулсан эсэх, энэ нь “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.16-д “барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилсан ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70% хувиас илүүгүй байна” гэж заасантай нийцсэн эсэх, усны нөөцийг хамгаалахтай холбоотойгоор рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн эсэх зэргийг хөтөлбөргүй тогтоож, холбогдох эрх бүхий байгууллагаас тайлбар мэдүүлгийг авч дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “нотлох баримт”-ыг заагаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцээгүй, 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

7.1. Үүний зэрэгцээ, “ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчлийг” тогтоосон 22600092 дугаар шийтгэлийн хуудастай шүүхээр маргаж байгаа тохиолдолд эргэлзээгүй, бүрэн хангалттай тогтоогдсон гэж шууд дүгнэх боломжгүй, тухайн зөрчлийн хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн “ойн сан бүхий газар ашиглах” зөрчигдсөн эрхийн талаар шүүх дүгнэж, хэргийг шийдвэрлэх учиртай.

 

8. Түүнчлэн, нэхэмжлэл гаргах эрх, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарт холбогдуулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр заасанд нийцэхгүй байна.

 

8.1. Мөн анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 заасныг зөрчиж томилсон байх бөгөөд С.Ү*******, Ж.А******* нарт итгэмжлэл олгохдоо “... иргэний нэхэмжлэгч, хохирогчоор хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ү*******, ... ойн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.А*******г томилж байна” гэж томилж, итгэмжлэл олгосон “даргын үүрэг гүйцэтгэгч М.Н*******” гэх бөгөөд М.Н******* итгэмжлэл олгох эрхтэй эсэхийг шүүхээс тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэж үзэхээр байна.

 

9. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мгийн давж заалдах журмаар гаргасан “...нотлох баримт дутуу цуглуулсан, ...маргаан бүхий үйл баримтыг тогтоохдоо нэг ч баримтад үндэслээгүй, шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН