Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

    2021        01           26                                  2021/ШЦТ/142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галав тайж овогтой Гантулгын Бд холбогдох эрүүгийн 1906 05233 2930 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх “Урлаг урлан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг, Баянзүрх дүүргийн 14-р хороо Сувдан сондор хотхон 74а байрны 1-р орц 51 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Б,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 2-р байрны орцонд иргэн Т.Баяржаргалын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж түүний халаасанд байсан Самсунг Жи-3 загварын гар утсыг авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Баяржаргалын мэдүүлэг /хх-12-18/, гэрч П.Идэрчулууны мэдүүлэг /хх-21-22/, “Дамно” ХХК-ний үнэлгээ /хх-26-27/, эд зүйл, баримт бичиг хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-62-63/, яллагдагч Г.Бий мэдүүлэг /хх-68-69/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 2-р байрны орцонд иргэн Т.Баяржаргалын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж түүний халаасанд байсан Самсунг Жи-3 загварын гар утсыг авч дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баяржаргалын өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай найзын төрсөн өдөр болсон ба орой 02 цагийн үед гэр рүү гээ харих гээд гарсан. Ганцаараа такси барин Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-р байрны гадна төв зам дээр буусан. Тэгээд би гэр рүү гээ орох гээд хүлээж байтал үл таних 2 залуу цамцнаас боогоод татаж унагасан. Тэгээд намайг цохиж эхэлсэн. Тэгээд би дээрэмдүүлж байна гэдгээ мэдээд эсэргүүцэл үзүүлсэн боловч тухайн залуус намайг цохиж байгаад миний өмдний зүүн талын халаасанд байсан Самсунг Жи-3 маркийн гар утсыг аваад зугтаасан. Тэгээд би араас нь гүйсэн боловч тэр 2 залуу алга болсон байсан...” /хх-12-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Идэрчулууны өгсөн “...Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт явж байсан чинь Б нэг мэдэхэд үл таних хүнтэй маргалдаж бие биенийгээ бариад авахаар нь араас нь очоод үл таних эрэгтэй хүний куртекны малгайнаас хойш нь татсан чинь тухайн хүн хойшоогоо унагахаар нь би Бээг аваад шууд гэр гэр рүүгээ явсан юм. Тухайн үед Б нь надад тэр үл таних хүний гар утас, эд зүйлийг авсан талаар хэлээгүй. Би огт мэдээгүй бөгөөд тэгээд л салсан юм. Би зүгээр л салгах гэж араас нь явж очоод малгайнаас нь татсан юм. Тухайн эрэгтэйг зодож цохисон юм байхгүй. Бид хоёр анхнаасаа хүн дээрэмдэх, хүний эд зүйл авах талаар бодоогүй...” /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ний үнэлгээ 203400 төгрөг /хх-26-27/,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-62-63/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Бий өгсөн “...Согтууруулах ундааны хэрэглэсэн, үл таних 30 орчим насны эрэгтэй хүн гар утсаар чанга яриад явж байхаар нь би тэр эрэгтэй хүнийг чимээгүй явчаач гэж хэлсэн чинь тухайн эрэгтэй хүн сонсоогүй юм шиг яваад өгөхөөр нь би араас нь очоод цамцнаас нь татаад унагаасан чинь тэр хүн босч ирээд надтай зодолдох гэсэн чинь Идэрчулуун хүрч ирээд дээрээс нь дараад байж байхаар нь би өмднийх нь халааснаас гар утсыг нь аваад зугтаасан юм. Тэгээд би Идэрчулуунд хэд хоногийн дараа тухайн эрэгтэй хүний гар утсыг авсан талаараа хэлсэн байх. Үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан байх, тухайн мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан...” /хх-68-69/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 2-р байрны орцонд иргэн Т.Баяржаргалын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж түүний халаасанд байсан Самсунг Жи-3 загварын гар утсыг авч дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо барагдуулж, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан өсвөр насны шүүгдэгч гэж үзэн тусгай журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт: бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:..энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Бий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бд ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бд ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бий тэнссэн хугацаанд тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бий авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд ял оногдуулахыг сануулсугай.

 

          6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд тэнссэн хугацаанд хяналт тавихыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА