| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, иргэдийн төлөөлөгч Д.Энхсайхан, улсын яллагч О.Пүрэвсүрэн, хохирогч Н.Х, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1444 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Д.Н нь Улаанбаатар хотод *** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны *** тоотод ам бүл хоёр, эхийн хамт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Барилгын цэргийн тусгай шүүхийн 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жил, 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 5 жил тус тус хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан 3 жилийн хорих ялаас 1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 123,750 (нэг зуун хорин гурван мянга долоон зуун тавь) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Амины орон сууц *** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нагац дүү Н.Х-ыг цээжин тус газар нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалсны улмаас “биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шуунд шарх, баруун шанаа, баруун нүдний дотор буланд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Д.Н нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц ** тоотод зээ дүү Н.Х-ын цээжинд хутгалж, бие махбодод нь “...цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн гуя, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх...” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, эмнэлэгт хэвтэж байхад нь сахиж байсан...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Н.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Н нь манай нагац ах, гэхдээ бид хамт амьдардаггүй. Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа ирэхдээ 1 шил архи, эмээд 1 сүү аваад орж ирсэн. Манай ах зүрхний өвчтэй архи уудаггүй, шар айраг уудаг тул дэлгүүрээс шар айраг авч өгөөд, би өөрөө архиа уугаад ганцаараа салхинд гарсан. Дэлгүүр явах замдаа автомашинд шүргүүлээд баруун талаараа унаж, нүүрний баруун хэсэгт шалбарсан. Энэ талаар мэдүүлэгт тусгагдаагүй байсан. Тэгээд орж ирээд хэвтэж байхад эмээ хөл бариад өг гэсэн. Би хөлийг нь бариад сууж байхад Н ах босож ирээд чи миний ээжийн хөл дээр суулаа гэж хэлсэн. Тухайн үед Н ах буруу ойлгосон юм шиг байна лээ. Би болсон хэргийн талаар сайн санахгүй байсан, нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гадуур явж байгаад орой 20 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Амины орон сууц ** тоот гэртээ ирэхэд эмээ Ц, ах Н хоёр гэрээ дулаалаад дуусаж байсан. Гэртээ орохдоо 0.75 литрийн шар Чингис нэртэй архи, хайрцагтай сүү аваад орсон. Авсан архинаасаа ганцаараа ууж байгаад дэлгүүр орж эм авчхаад буцаж ирэхдээ Н ахад 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авчирч өгсөн. Би Чингис архиа ганцаараа ууж дуусгаад тасарчихсан. Шөнө дунд эмээ намайг дуудаад хөл бариад өгөөч гэхээр нь би босоод эмээгийн өвдгийг 2 гараараа барьж өгч байтал гэрэл асаж Н ах босож ирээд шүүгээнээс хутга аваад “чи миний ээжийн хөл дээр суудаг хэн бэ” гэж хэлэхээр нь “та юу яриад байгаа юм бэ, буруу ойлгоод байна шүү дээ” гэж хэлсэн чинь ирээд хажууд зогсохоор нь айлгах гэж байгаа юм болов уу гэж бодтол миний зүүн хавирга руу хоёр удаа хатгасан. Би Н ахаа, яаж байгаа юм бэ гэхэд “өө уучлаарай” гэж хэлээд ор луугаа явсан. Тэгтэл миний зүүн хавирганаас цус гарсан. Миний биеийн зүүн суганы доод хэсэгт, хавирганд 2 удаагийн хутганы шарх үүссэн. Ямар хутга байсныг нь сайн анзаарч хараагүй. Миний биеийн байдал одоо маш сайн байгаа. Тухайн үед учирсан гэмтэл эдгэрч байгаа. Би Н ахыг зодож цохисон асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-29-р хуудас);
4. Гэрч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Х /зээ хүү/ гаднаас 1 шил архи, 1 сав пиво авч ирсэн. Тухайн үед манай гэрт том хүү Н, зээ хүү Х бид 3 байсан, өөр хүн байгаагүй. ...Н баруун талын орон дээр хэвтэж байгаад шкафын голын нүднээс хутга аваад шууд Х бид хоёр луу ирээд хутгаараа чичээд байсан. Х “Н ахаа, би эмээгийн хөлийг барьж өгч байна, та яаж байгаа юм” гэсэн. Н-ыг хутгаа бариад хүрээд ирэхээр нь “хутгаар яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь юм хэлээгүй. Миний нүүр лүү хутгаараа чичихээр нь хойш болтол Х-ын араас зүүн тал руу нь хутгаараа чичих шиг болсон. Гэнэт л Х-ын цээжнээс цус гарсан. Н баруун гартаа хутгаа барьсан байсан. Х ганцаараа байдаг аав, ээж нь нас барсан. Өөрөө Таван толгойд ажилладаг ба амрахаараа манайд ирж байдаг. Миний харснаар хүрэн өнгийн модон иштэй хутга байх шиг харагдсан. Д.Н, Н.Х хоёр Чингис нэртэй архи, Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэд хоорондоо миний мэдэхийн дажгүй харилцаатай ах дүү хоёр шиг л байдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-36 дугаар хуудас);
5. Гэрч Л.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн харьяат Н.Х гэх 32 настай, эрэгтэй, зүүн суганы доод орчимд нэг удаа хутгалуулж цус алдсан байдалтай ухаангүй байхаар нь 103 дугаар руу залгаж яаралтай дуудлага өгчхөөд түүнтэй хамт байсан хүмүүстэй уулзахад тус айлын гэрийн эзэн Ц гэх өндөр настай эмэгтэй би өөрийн хүү Д.Н, хамаатны хүүхэд болох Н.Х нартай хамт амьдардаг гэж хэлсэн. Тухайн үед Д.Н Н.Х миний ээжийн хөлөн дээр очоод суухаар нь уур хүрээд хутгалчихсан” гэж хэлсэн. Н.Х ухаангүй шокт орсон, цус алдсан байдалтай хүнтэй харьцах чадваргүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);
6. Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж Ц “Н Х-ыг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь гэрт нь яваад ортол Х-ын зүүн суганы доод хэсгээс цус гарчихсан, Н орон дээр суучихсан “би цагдаа, түргэн дуудчихсан байгаа” гэж хэлсэн. Удалгүй цагдаа, 103-ийн эмч орж ирээд Х-ыг аваад явсан. Харин Н-ыг цагдаа нар аваад явсан. Н, Х хоёрыг юунаас болж маргалдсан талаар хараагүй, ээж “Х-аар өвдгөө бариулж байтал Н манай ээжийн хөлөн дээр суулаа гэж хэлээд хутгалсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас);
7. Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өглөө аавын дүү Ц эгч утсаар яриад “Танай аав чинь Х-ыг хутгалчихсан байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь 07 цаг 30 минутад гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэг дээр очиход Ц эгч Х ахыг сахиж байсан. Аав чинь эрүүлжүүлэх байранд байгаа гэж хэлсэн. Манай аав, ээж хоёр намайг 5 дугаар ангид байхад салсан. Тэрнээс хойш манай аав эмээтэй хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас);
8. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны 11687 дугаартай шинжээчийн: “...Н.Х-ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шуунд шарх, баруун шанаа, баруун нүдний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 47-49 дүгээр хуудас);
9. Шинжээч эмч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл нь дангаараа амь насанд аюултай гэмтлийн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 92-93 дугаар хуудас);
10. Шүүгдэгч Д.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 96 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 115 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 118-123 дугаар хуудас);
11. Шүүгдэгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц ** тоотод ээж Ц-ийн хамт монгол гэрээ дулаалаад байж байхад хамаатны дүү болох Н.Х гаднаас халамцуу, 0.75 литрийн шар Чингис нэртэй нэг шил архи барьчихсан орж ирээд бид хоёрт өгөхөөр нь би амсчхаад буцаагаад өгсөн. Х өөрөө тэр архинаасаа уугаад байсан. Дараа нь Х эмийн сан явлаа гэж гэрээс гараад хэсэг хугацааны дараа 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво барьчихсан орж ирээд надад өгөхөөр нь тухайн пивыг ганцаараа ууж дуусгаад 23 цаг өнгөрч байхад бид гурав унтаж амрахаар хэвтсэн. Унтаж байхад хүн ярьж байгаа чимээ гараад байхаар нь гэрлээ асаагаад хартал Х ээжийн орны хөл дээр оччихсон сууж байхаар нь чи яахаараа манай ээжийн орны хөл дээр сууж байдаг юм гэж хэлээд, уур хүрээд шүүгээнээс хар өнгийн иштэй хутга аваад Х-ын хажууд очиж зогстол ээж чи чинь яаж байна гэхээр нь наадах чинь яахаараа таны орны хөл дээр сууж байдаг юм гэж хэлээд Х-ын зүүн суганы ойролцоо барьж байсан хутгаараа хатгатал хэсэг хугацааны дараа цус гарсан. Ээж хажуугаас чи чинь байна аа гэж хэлээд гэрээс гараад явсан, Х ахаа та дүүгээ яаж байгаа юм бэ, та буруу ойлгосон юм биш үү гэж хэлэхээр нь 102, 103 дугаар луу дуудлага өгсөн. Удалгүй эмч, цагдаа нар хүрч ирсэн. Х манай ээжийн орны хөлд сууж байхаар нь ээжийг оролдох гэж байна гэж буруу ойлгоод шүүгээнээс хутга аваад хатгачихсан. Өөрөөр Х-тай ямар нэгэн өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 148-150, 162-163 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байх тул шүүх эдгээрийг нотлох баримтаар үнэлж, хохирогч Н.Х-ын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч Н.Х-ын биед учирсан баруун шуунд шарх, баруун шанаа, баруун нүдний дотор буланд зулгаралт бүхий гэмтлүүд нь шүүгдэгч Д.Н-ын хутгалсан үйлдлийн улмаас учраагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул хэргийн үйл баримтад өөрчлөлт оруулсан болно.
Шүүгдэгч Д.Н-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Д.Н нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох хутга хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Харин шүүгдэгч Д.Н, хохирогч Н.Х нар өөр хоорондоо нагац ах, зээ дүүгийн харилцаатай төрлийн хүмүүс боловч тэд хамт амьдардаггүй буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс биш болох нь хохирогч Н.Х-ын шүүх хуралдаанд өгсөн “...шүүгдэгч Н нь миний нагац ах, гэхдээ бид хамт амьдардаггүй, би Хэнтийд амьдардаг хаягтай, мөн Өмнөговьд ажилладаг бөгөөд хотод ирсэн үедээ ахындаа ирдэг юм...” гэсэн, гэрч Л.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х ганцаараа байдаг, аав, ээж нь нас барсан. Өөрөө Таван толгойд ажилладаг, амрахаараа манайд ирдэг юм...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүндрүүлэх шинжийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангасан байна. Прокурор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ хоёр ойлголт нь хууль зүйн хувьд ялгаатай бөгөөд давхардуулан зүйчлэхгүй тул үүнийг шүүх хуралдаанаар зөвтгөсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Х нь шүүх хуралдаанд “...Ах маань миний эмнэлэгт хэвтсэн эмчилгээний бүх зардлыг төлсөн, надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Н-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Хохирогч эрүүгийн хариуцлагын талаар: “...Би өөрөө нагац ах Н-д архи, согтууруулах ундааны зүйл авч өгсний улмаас ийм хэрэг гарсан тул гомдол саналгүй. Шүүгдэгч Д.Н нь миний ээжийн төрсөн дүү учраас хүүхдүүдийг нь бодоод түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тухайлбал, хохирогчийг хутгална гэж төлөвлөсөн зүйл байхгүй, ээжийнх нь хөл дээр суусан байсан нь шүүгдэгчид буруу ойлголт төрүүлсэн, улмаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Мөн хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Д.Н нь одоо 60 настай. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Н нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.
Иймд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн эрүүгийн хариуцлагын талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Н-д гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх зорилгыг хангана гэж дүгнэлээ.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Б овгийн Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Н-д гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Шүүгдэгч Д.Н-д оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Н-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
Г.ГАНБААТАР