Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

     2021        01          22                                  2021/ШЦТ/117

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Ганцэцэг

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2006 02605 0063 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, Чулуутын гүүр 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Б,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын автобусны буудлын эцэст таксигаар хүргүүлээд буусан иргэн П.Болор-Эрдэнээс “таксины төлбөр болох 7000 төгрөгөө АТМ-ээс аваад ирэх хүртэлх хугацаандаа гар утсаа барьцаа болгож үлдээ гэж” хэлэн хуурч, улмаар түүний эзэмшлийн самсунг А-71 маркийн гар утсыг залилан авч бусдад 1.119.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                                                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-10/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулгууд /хх-13-17, 75-76/, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-22-23/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-21/, самсунг А-71 маркийн гар утсыг 1.119.200 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-37-38/, 50-62 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн  лавлагаа /хх-72/, юнител ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05-01/7031 тоот албан бичиг /хх-н 55/, мобиком корпораци ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18/7650 дугаартай албан бичиг, хавсралт /хх-56-57/, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-27-32/, гэрч П.Нямцэцэгийн мэдүүлэг /хх-33/, гэрч Н.Энхжаргалын мэдүүлэг /хх-34/, яллагдагч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-47-48/, хохирогч П.Болор-Эрдэнэ, яллагдагч Д.Б нараас гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-73-74/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын автобусны буудлын эцэст таксигаар хүргүүлээд буусан иргэн П.Болор-Эрдэнээс “таксины төлбөр болох 7000 төгрөгөө АТМ-ээс аваад ирэх хүртэлх хугацаандаа гар утсаа барьцаа болгож үлдээ гэж” хэлэн хуурч, улмаар түүний эзэмшлийн самсунг А-71 маркийн гар утсыг залилан авч бусдад 1.119.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-10/,

 

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулгууд /хх-13-17, 75-76/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-22-23/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-21/,

 

Самсунг А-71 маркийн гар утсыг 1.119.200 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-37-38/,

50-62 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн  лавлагаа /хх-72/,

 

Юнител ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05-01/7031 тоот албан бичиг /хх-55/

 

Мобиком корпораци ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18/7650 дугаартай албан бичиг, хавсралт /хх-56-57/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Болор-Эрдэнийн: “...Би Эм Си Эс ХХК-ий газраас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхнэр болох Энх-Учралын хамт гэр лүүгээ харих гээд такси барьсан юм. Тэгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын автобусны буудлын эцэс дээр ирэхэд 7000 төгрөг гарсан байсан ба бид хоёрт бэлэн мөнгө байхгүй байсан учир тус хүнд мөнгө өгөх гээд тус газрын ойролцоо байсан Хаан банкны АТМ рүү ороод мөнгө авах гэхэд тус таксины жолооч би чамд итгэхгүй байна, гар утсаа үлдээгээд явчхаад ир гэж хэлсэн. Би тэр хүнд гар утсаа үлдээгээд АТМ рүү ороод байж байх үед миний араас манай эхнэр орж ирсэн ба мөнгөө авчхаад бид хоёр буцаад гараад ирэх үед тус таксины жолооч явчихсан байсан. Би тэгээд тэр хавийн ойролцоох ААНБ буюу Монос ХХК-ий хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд тус таксины жолооч шууд яваад өгчихсөн байсан...Би тус самсунг А-71 загварын гар утсаа 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сайн электрониксоос 1.499.000 төгрөгөөр худалдаж авсан....тус такси саарал өнгийн тоёота пробокс загварын 5062 УНК улсын дугаартай автомашин байсан ба таксины жолооч 60-65 орчим настай, махлагдуу, шаравтар царайтай, богино халимаг үстэй эрэгтэй байсан...Энх-Учрал бид хоёрт бэлэн мөнгө байхгүй байсан тул би ээж, дүүгээс эхлээд өөрийн гар утсаар таксины мөнгө гуйгаад би АТМ эхлээд орсон, мөнгө шилжүүлээгүй байсан, мөн миний утасны цэнэг дуусаад буцаж АТМ-ээс гарч таксины жолоочийн утсаар ээж рүү яриад би үлдээд Энх-Учралыг АТМ ороод мөнгө аваад ир гээд оруулсан, тэгээд удаад байхаар нь би өөрөө араас нь АТМ орох гэхэд таксины ах юм үлдээ гэхээр нь би өөрийн самсунг А-71 загварын гар утсыг үлдээгээд АТМ ороод гараад ирэхэд тухайн жолооч яваад өгсөн байсан. Би өөрийн гар утсыг таксины жолооч эрэгтэй хүнд гарт нь бүүр үлдээгээд буусан. Камерын бичлэг дээр намайг тухайн машинаас буугаад АТМ-ий хаалга руу орох үед л тухайн жолооч хөдлөөд явсан...АТМ рүү бид хоёр нэг л удаа орсон, Энх-Учрал ороод би араас нь ороод л гарч ирэхэд такси явсан байсан....Энх-Учрал АТМ ороод 4 минут л болсон байх, нөгөө ах яараад байна, яачив гэхээр нь би араас нь утсаа үлдээгээд буусан...” /хх-27-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Нямцэцэгийн “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байхад над руу оройн 19 цаг өнгөрөөд Болор-Эрдэнэ ах залгаад гэрийн гадаа ирсэн чинь таксины мөнгө байхгүй байна, 5000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би өөрийн хаан банкны 5039301779 дугаарын данснаас 19:38 минутад Болор-Эрдэнэ ахын Худалдаа хөгжлийн банкны 470003103 дугаарын данс руу 5000 төгрөг шилжүүлсэн...” /хх-33/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхжаргалын “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр оройн 16-17 цагийн үед өөрийн нөхөр Д.Бат-Эрдэнийн хамт Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын гэрээсээ 5062 УНК улсын дугаартай тоёота пробокс загварын тээврийн хэрэгсэлтэй хот руу дүүгийнхээ гэрт очихоор явсан. Тэгээд зам дагуу буюу Хангамжийн автобусны буудлын ойролцоо нэг эмэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь зам дагуу бол бензиний мөнгө хэрэгтэй юм гэж бодоод тухайн эмэгтэйг машинд авахад гэнэт нэг эрэгтэй согтуу хүн нөгөө эмэгтэй хүнтэй хамт машинд суусан. Тэгээд орж ирээд тэр залуу нь нэг ч дуу гаргаагүй явсан. Би хаашаа явахыг асуухад халдвартын Цагаан хуаран хотхон орно гэж хэлсэн. Тэгээд очих газар нь хүргэж ирээд нэг АТМ-ий гадаа ирэхэд таксины мөнгө 7000 гарсан санагдаж байна. Тэгээд нөгөө эмэгтэй хүн нөгөө залууг машинаас буугаач гэхэд буугаад тэр залуу халаасаа тэмтрээд мөнгөө хайсан. Тэгээд нөгөө залуу манай  хүнд хандаж ярих утас байна уу гэж асуусан. Тэгээд манай нөхөр утсаа өгөхөд нэг дугаар луу залгаад яриад мөнгө хэрэгтэй байна гээд хүнтэй яриад байсан. Тэгээд утсаар ярьж дуусаад манай нөхрийн гар утсыг буцааж өгөөд тухайн залуу банкны АТМ рүү ороод гарч ирэхгүй 15 минут болсон. Нөгөө эмэгтэй би араас нь оръё гэж хэлээд ороод дагуулж гарч ирээд нөгөө согтуу эрэгтэй буцаад дахиад АТМ рүү орсон. Нөгөө эмэгтэй АТМ-ий гадаа хүлээж байхад нь бид хоёр явсан...Бид хоёр тэр хоёр хүнийг мөнгөө өгөхгүй болохоор нь хэзээ болтол хүлээх юм гэж бодоод явсан. Мөнгө өгөх боломжгүй байх шиг байхаар нь явсан. Нөгөө залууг АТМ-рүү орсоны дараа нөгөө эмэгтэй нь АТМ-ий гадна талд хүлээж байхад нь нөхөр бид хоёр 6-7 минут хүлээгээд удаад байхаар нь бид хоёр явсан...” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Бат-Эрдэнийн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...өөрийн эзэмшлийн 50-62 УНК улсын дугаартай пробокс загварын тээврийн хэрэгсэлтэй айлд очихоор явж байхад хангамжийн ойролцоо зам дээр нэг эмэгтэй хүн гар өргөж такси барих гэхэд нь гадаа бороотой байсан тул би тухайн эмэгтэй хүнийг авахаар машинаа зогсоосон. Тухайн эмэгтэй машинд суусны дараа араас нь нэг эрэгтэй согтуу хүн гарч ирээд машинд хамт суугаад халдвартын эцэс орно гээд  тухайн 2 хүнийг аваад явсан. Халдвартын эцэс дээр очоод таксины мөнгө 8000 гарсан байх ба тухайн 2хүн таксины мөнгө байхгүй АТМ рүү дахин дахин орсон, мөнгө өгч чадахгүй болохоор нь би тухайн залууг хамгийн сүүлд АТМ орох үед нь гар утсаа үлдээгээд АТМ ор гэж хэлээд надад гар утсаа тухайн залуу өгөөд АТМ орсны дараа би гар утсыг аваад шууд машинаа хөдөлгөөд явсан. Би тухайн гар утсанд өөрийн 80629735 дугаар мөн Мобикомын 99629735 дугаараа хийж тухайн гар утсыг 1 сар гарны хугацаанд би өөрөө хэрэглэж тухайн гар утсыг барьж байсан. Би тухайн утсыг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гар утас зардаг Тэди худалдааны төв дээр танихгүй гадаа гар утас худалдаж авдаг эрэгтэй хүнд 80.000 төгрөгөөр зарсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-47-48/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын автобусны буудлын эцэст таксигаар хүргүүлээд буусан иргэн П.Болор-Эрдэнээс “таксины төлбөр болох 7000 төгрөгөө АТМ-ээс аваад ирэх хүртэлх хугацаандаа гар утсаа барьцаа болгож үлдээ гэж” хэлэн хуурч, улмаар түүний эзэмшлийн самсунг А-71 маркийн гар утсыг залилан авч бусдад 1.119.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар Д.Бд тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

          5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.Б тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА