| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0081/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 126
2021 01 22 2021/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч Б.м нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Мад холбогдох эрүүгийн 2006 00000 2922 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дизайнар мэргэжилтэй, “Скай хайпермаркет” ХХК-д дизайнерын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16-р хороо 41-70 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.М,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.м нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41-70 тоотод эхнэр болох Ц.Даваасүрэнг хардаж маргалдан улмаар гар руу нь гараараа цохиж хацар руу нь алгадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүү, цээж мөчдөд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.м мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-11-13/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №13205 дугаартай дүгнэлт /хх-18-19/, яллагдагч Б.мын өгсөн мэдүүлэг /хх-26-27/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.м нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41-70 тоотод эхнэр болох Ц.Даваасүрэнг хардаж маргалдан улмаар гар руу нь гараараа цохиж хацар руу нь алгадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүү, цээж мөчдөд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Даваасүрэнгийн “...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө би гэртээ байхдаа ажлынхаа видео хуралд оролцсон. Өмнөх орой нь би хуралд бэлтгэх ажлаа хийж байхад нөхөр намайг шүүмжлээд танай байгууллагаа ийм хорио цээртэй үед ямар хачин хачин юм, яг хэн хийлгэсэн юм гээд байсан. Манай нөхөр ер нь манай захиралтай хардах хандлагатай байдаг юм. Тэгээд өглөө хуралдаа оролцож байх үед нөхөр сэрчихсэн байсан. Би хуралдаа нөгөө өрөөнд ороод 08 цаг 30-аас 10 цаг 20 минут хүртэл болсон. Тэгсэн чинь нөхөр өрөөнөөсөө гарч ирээд хийх юм наана чинь байгаа юм уу, захирлаа сонсоод суугаад байгаа юм уу гэж уурлаж байсан. Цайгаа чанаач би цай уугаад гармаар байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр орчхоод буцаж орж ирээд сэрээсэн чинь нөхөр босож ирээд намайг дагаад гал тогоонд орж ирээд чи эхлээд хэнтэй мэндэлсэн юм. Нэг л хүнд хандаж мэндлээд байсан гэж ярьсан. Чи үргэлжлүүлээд нэг л хүнтэй харьцсан өөр хүмүүс байсан юм уу гээд байсан. Тэгээд тэрнээс болж маргаан эхэлсэн. Би надад итгэхгүй бол манай багийн ахлагч руу залгаад ярихгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр миний 2 бугуйнаас бариад намайг хөргөгчийн булан руу түлхсэн. Тэгээд би газар унасан. Тэгсэн чинь нөхөр миний гар руу гараараа нэлээн олон удаа цохисон. тэгээд би босох гэсэн чинь намайг гараараа буцаагаад дайраад байсан. Мөн миний эрүүнээс гараараа барьж байгаад гэр бүлийн хамааралтай хүн болох орондоо анхаарахгүй байж, ажил болохоор ажил гээд нойр чинь хүрэхгүй байна уу гээд байсан. Нөхөр миний баруун талын хацар руу гараараа хэд хэдэн удаа алгадсан. Нөхөр намайг түлхэх үед би цонхны тавцан толгойгоороо мөргөсөн. Бас нэг удаа гараараа миний хоолойноос багалзуурдсан....” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №13205 дугаартай “...1.Ц.Даваасүрэнгийн биед эрүү, цээж, мөчид цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-18-19/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.мын өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагийн үед эхнэр ажлынхаа онлайн хуралд орчхоод дууссан. Тэгээд би явж хөрөөгөө хийхээр цай ундаа уух санаатай байж байсан. Тэгээд эхнэрийнхээ хурал хийж байх үедээ ганц захирал руугаа хандаж яриад байгааг нь сонсоод тэрийг нь бодоод хардаж уурласан. Тэгээд эхнэр бид 2 гал тогооны өрөөнд ороод маргалдсан. Тэгээд тэр үедээ би эхнэрээсээ яагаад хүмүүстэй ингэж харьцаад өөр хүмүүстэй болохоор ингэж өөр харьцаад байдаг юм бэ гээд асуусан. Тэгсэн чинь эхнэр миний асуултад хариулахгүй өөр юм яриад байсан бас намайг элдвээр доромжлоод байхаар нь би биед нь халдсан. Би тэр үед эхнэрийнхээ эрүүнээс нь баруун гараараа зүүн гараараа шилэн хүзүүнээс нь барьсан. Тэгээд арагш түлхсэн. Намайг түлхэх үед эхнэр арагшаа унасан үгүй эсэхийг нь би одоо сайн санахгүй байна тэр үед арагшаа хий гишгээд нуруугаа цонхны тавцан руу түлхэж зогссон...” /хх-27-28/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.м нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41-70 тоотод эхнэр болох Ц.Даваасүрэнг хардаж маргалдан улмаар гар руу нь гараараа цохиж хацар руу нь алгадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүү, цээж мөчдөд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт баримт өгөөгүй тул шүүгдэгч Б.м нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.мад эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.м нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.м нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.м нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.м нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.м нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА