| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
2021 02 04 2021/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Ц.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108001250110 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 349 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд дарь эхийн 8 дугаар гудамжны 264 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хонгор овогт Цэвэгжавын Ганбаатар (РД:ЖЯ83042597).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.Ганбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23:20 минутад “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Содон хорооллын арын зам дээр иргэн Д.Батхуягийн жолоодон явсан 66-82 УБО улсын дугаартай Приус 20 маркийн машинаар зорчиж явж байхдаа “удаан явлаа, хурдан яваач” гэх зэргээр зүй бус харьцаж хохирогчийг машин дотроо сууж байхад нь нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ганбаатар мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
“...2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 66-82 УБО улсын дугаартай Приус-20 маркийн машинтай эхнэр Отгонбаярын хамт явж байхад үл таних 30 орчим насны залуу гар өргөхөөр нь зогсоход “хүмүүс авахгүй байна, хүйтэн байна, хүргээд өгөөч Нарангийн голд байдаг” гэхээр нь уг хүнийг машиндаа суулгасан. “Содон” авто угаалгын газрын ойролцоо явж байтал уг залуу “ямар удаан явдаг юм, хурдан яваач” гэхэд нь “явж л байна шүү дээ, би чамайг хүргээд өгнө” гэхэд “хурдан яв лалар минь” гэхээр нь би зам дээр зогсоод “буу” гэхэд “яасан их хүн буулгадаг лалар вэ” гэж хэлээд машинаас буугаад жолооч талын хаалгыг гаднаас нь онгойлгоод миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиод, дахин уруул хэсэг рүү гараараа 2 удаа цохиод зугтаасан. Миний зүүн талын нүд хөхөрсөн, уруул язарч хавдсан. Гэмтлийн эмнэлэгт очиж дээд уруулын дотор талд 3 оёдол тавиулсан. Мөн эмчийн бичиж өгсөн жорын дагуу 40.000 төгрөгийн эм авч хэрэглэсэн...шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр нийтдээ 100.000 төгрөгийн зардал гарсан... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 20-21 дүгээр хуудас),
“...манай нөхөр машинаа бариад явж байхад хорооллын “Говь” сауны гадаа согтуу хүн зогсож байсан. Тэр хүнийг хаа хүрэх юм гэхэд “Их наран” орно гэж хэлсэн. Машинд явж байгаад нөгөө залуу “хаана явж байгаа юм” гэж асуухад нь “21 дүгээр хороолол орох гээд явж байна” гэхэд “ямар дуугарч ядсан пизда, чи муу цагдаа юм уу, бичиг баримтаа үзүүл” гэсэн. Тэгэхэд манай нөхөр “явж чадахгүй бол одоо буу” гэж хэлэхэд тэр залуу машины хойд талын хаалганаас бууж ирээд жолооч талын хаалгыг онгойлгон манай нөхрийг машин дотор байхад нь 2, 3 удаа нүүрэн тус газарт нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай: “хэсэг газрын үзлэгт дээд уруулын дотор салстад мэс заслын оёдол бүхий 2,0х0,3 см шархтай, шархны эргэн тойронд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүд бага зэрэг нааш цааш хөдөлнө”
1. Д.Батхуягийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),
- Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23:20 минутад “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Содон хорооллын арын зам дээр согтуу хүн намайг цохиод байна" гэх дуудлага мэдээллийг 99679730 дугаарын утаснаас ирүүлсэн лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),
- Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас),
“... үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи уусан үедээ хүнтэй буруу харьцаж улмаар бие эрх чөлөөнд нь халдсан нь миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогчийн нэхэмжилсэн 100.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ганбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Ганбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23:20 минутад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Содон хорооллын арын зам дээр иргэн Д.Батхуягийн жолоодон явсан 66-82 УБО улсын дугаартай Приус-20 маркийн машинаар зорчиж явж байхдаа “удаан явлаа, хурдан яваач” гэх зэргээр зүй бус харьцаж, хохирогчийг биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
- хохирогч Д.Батхуягийн мэдүүлэг (хх17-18,20-21), гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг (хх-26), Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт (хх44-45), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-10-13) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.Ганбаатар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Д.Батхуягийн биед халдан, биед зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын шарх, цус хуралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч Ц.Ганбаатарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ганбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Д.Батхуяг нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд тэрээр “гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.000 төгрөг бэлнээр авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-75, 80)-ийг гаргасан байх тул шүүгдэгч Ц.Ганбаатарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “шүүгдэгч Ц.Ганбаатарт Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Ц.Ганбаатар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-65) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ганбаатар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-81) гаргасныг прокурор “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх82-83)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл /Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам/-ийн 2 дахь хэсэгт “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг даруй ял оногдуулах шүүх хуралдааныг зарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг тэмдэглэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2108001250110 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонгор овогт Цэвэгжавын Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатарыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн 2108001250110 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР