Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

   2021        02          26                                  2021/ШЦТ/233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

    Иргэдийн төлөөлөгч Б.Байгаль,  

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Н.Э түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А, Н.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ат тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01642 2503 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум 17 дугаар баг, Эрдэнэ гудамж 12 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б.А,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хилчин 89 гудамж 33 тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 10 сарын хугацаагаар хорих оногдуулж 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж 10 сарын хугацаагаар ял шийтгүүлсэн, Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Н.Э,  

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Э нь Б.Атай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн гүүрэн дээр Н.Билгүүний Хувей Пи 20 загварын гар утас, 20.000 төгрөгийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэж 470.000 төгрөгний хохирол учруулсан,

 

Мөн Б.Атай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын орчим иргэн З.Билгүүний нүүр болон цээж рүү цохиж хүч хэрэглэн гар утасны чихэвч, цэнэглэгч зэргийг дээрэмдэн авч 43500 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн Б.А нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улиастай” барааны дэлгүүрийн худалдагч Ц.Мягмарсүрэнд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, гүйлгээ амжилттай боллоо гэж хуурамч мессеж харуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 74000 төгрөгний хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянтохой” дэлгүүрийн худалдагч Ц.Лхагважаваас төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч   гүйлгээ амжилттай боллоо гэж хуурамч мессеж харуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 60.000 төгрөгний хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Зүүн түрүүний Хануй” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Цэцэгээгээс төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, гүйлгээ амжилттай боллоо гэж хуурамч мессеж харуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 46.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 21-ны өдөр гэрээсээ гараад найз Э рүү залгахад сансрын Солонгос хоолны газар найзтайгаа хоол идээд сууж байна гэж хэлсэн. Би Э дээр очиж хамт ууж байгаад тэр хоолны газраас гарч 100 айл ороод пабад пиво уусан. 21 цаг 30 минутын үед Эгийн найз Дашка Хүннү гэх нэртэй буудалд дуудахад нь очиж 1 шил архи 6 лааз пиво хувааж уусан. Дашка тасрахаар нь Э бид 2 манай гэрт очих гээд явж байсан. Би эхнэртэйгээ утсаар яриад түрүүлээд алхаж байхад урдаас нэг залуу гарч ирсэн. Би нокиа загварын гар утастай. Миний утасны цэнэг дуусаад унтраагаад асаах гэхэд асахгүй болохоор нь урдаас ирж байсан залууг айлгаж байгаад утсыг нь авчихъя гэж бодоод тамхи асуусан. Тэр залуу хүрээд ирэхээр нь утастай гараараа хүзүүнд нь тулгаж барьж байгаад зүүн гараараа халаасыг нь ухаж гар утсыг нь 20.000 төгрөгийн хамт авсан. Хутга байгаагүй, хэрэглээгүй. Бид хоёр 13 дугаар хорооллын автобусны буудал дээр очсон. Таксины мөнгөгүй болсон учраас хүнээс дансаар мөнгө авах гээд карт хэрэг болоод хохирогч Билгүүний картыг авах зорилготой  барьцалдаж авсан. Тухайн үед утас байвал авах зорилготой байсан. Тэр залуу надаас хүчээр салаад куртик нь урагдаад зугтсан. Чихэвч цэнэглэгч нь халааснаас нь унахаар нь аваад шууд таксинд суугаад Сапорро ороод цагдаа нарт баригдсан. Хохирогч нараас авсан, биед байсан бүх зүйлээ гаргаж өгсөн. Би утас дээрээ гүйлгээ ажилтай болоо гэсэн скрийн шот хийж түүнийгээ харуулан бараа материал эд зүйлс залилж авсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр найзуудтайгаа ууж байхад А ирж уулзсан. Хүннү буудлаас А бид хоёр цуг гараад явж байхад урдаас нэг залуу ирсэн. Бид 2 согтуу байсан. Тэр залуутай А барьцалдаж байгаад явсан. Тэр үед утас авсан байсныг нь мэдсэн. 13 дугаар хороололд такси авах гэж явж байгаад нэг жоохон залуутай маргалдсан. Газар унасан чихэв, цэнэглэгч хоёрыг нь авсан. Миний биед хутга байгаагүй учраас хутгатай зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад асуудал дээр маргахгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Билгүүний мэдүүлэг /1хх-06-07/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-77-78/, хохирогч З.Билгүүний мэдүүлэг /1хх-109-110/, хохирогч Ц.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /2хх-21-22/, хохирогч Ц.Лхагважавын мэдүүлэг /2хх-26-29/, хохирогч Б.Цэцэгээгийн мэдүүлэг /2хх-30-31/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №200027 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-50-55/, “Далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/02-34 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-58-63/, “Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-59-61/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-112-115/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-72-76/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-126-130/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-12-14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-15-17/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-18-20/, шүүгдэгч нарын урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлсэн байдлыг тооцсон тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А, Н.Э нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн гүүрэн дээр Н.Билгүүний Хуавей Пи 20 загварын гар утас, 20.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж 470.000 төгрөгний хохирол учруулсан, мөн шүүгдэгч нар нь тухайн өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын орчим иргэн З.Билгүүний нүүр болон цээж рүү цохиж хүч хэрэглэн гар утасны чихэвч, цэнэглэгч зэргийг дээрэмдэн авч 43500 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.А нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улиастай” барааны дэлгүүрийн худалдагч Ц.Мягмарсүрэнд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, гүйлгээ амжилттай боллоо гэж хуурамч мессеж харуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 74000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянтохойн” дэлгүүрийн худалдагч Ц.Лхагважаваас төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч гүйлгээ амжилттай боллоо гэж хуурамч мессеж харуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 60.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Зүүн түрүүний Хануй” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Цэцэгээгээс төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, гүйлгээ амжилттай боллоо гэж хуурамч мессеж харуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 46.400 төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Билгүүний “...Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 105 дугаар байрнаас гараад дэлгүүр орно гээд Сэлбийн гүүрэн дээр явж байсан. Миний урдаас хоёр хүн алхаж байсан. Тэр хоёр хүн гэнэт миний хоёр талаас шахаж аваад хар өнгийн савхитай залуу гартаа нэг юм барьчихсан миний хоолойнд тулгаад өмсөж явсан куртикны халаасыг ухсан. Мөн тэр хоёр энэ нөхрийг гүүрнээс шийдчих үү” гээд хоорондоо ярилцаад байсан. Ингээд тэр хоёр хүн 2 лаа миний халаасыг ухаад өмдний зүүн халаасанд байсан. Хувей Пи 20 загварын гар утас, мөн баруун халаасанд байсан 20.000 төгрөг, утастай хамт байсан чихэвчийг авсан. Тэр хоёр миний халааснаас миний эд зүйлийг авснаа намайг тавьсан. Энэ үед нь би гэр рүүгээ зугтаасан. Зугтаагаад байрныхаа ах нарыг дуудаад буцаад гараад ирсэн чинь алга болсон байсан...” /1хх-06-07/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Билгүүний дахин өгсөн “...зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн аль нь барьсан байсныг танихгүй байна. Цаасны хутга юм уу, жижиг тонгорог шиг зүйл байсан. Тухайн үед хар савхи өмссөн байсан залуу буюу Б.А миний хоолойд тулгасан ямар нэгэн гэмтэл учраагүй...” /1хх-06-07/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Билгүүний “...Би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Зүүн дөрвөн замын автобусны буудлын хойно гэр рүүгээ алхаад явж байсан чинь гэнэт нэг ах миний урдаас гарч ирээд карт байна уу? Гэж асуусан. Би тухайн үед байхгүй гэж хэлсэн чинь тэр ах “би чиний данс руу мөнгө хийгээд авах гээд байна” гэж хэлсэн. Тэгтэл хажуугаас нь ах гарч ирснээ миний куртикны баруун халаасанд байсан гар утсыг гаргаад ирэхээр нь би гараараа атгачихаад тавихгүй. Тэр хоёр миний утсыг булааж авах гээд булаацалдаж байгаад миний гар утсыг газар унагасан. Тэр хоёр ах намайг явуулахгүй гээд зуураад байсан. Энэ үед надаас зуураад өмсөж явсан куртикийг урсан. Би зугтаагаад явсан. Эргээд харахад такси барих гээд зогсож байсан. Миний араас “ална араас чинь очиж” гээд орилоод үлдсэн. Халааснаас зуурах үед цэнэглэгч, чихэвч хоёрыг минь аваад үлдсэн...” /1хх-109-110/ гэх мэдүүлэг,

         

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мягмарсүрэнгийн “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Улиастай барааны дэлгүүрт ажилтай байх үед 14 цаг өнгөрч байхад үл таних залуу орж ирээд 6 уут тоди живх, 2 ширхэг салфетка нийт 90700 төгрөгийн бараа аваад гар утсаараа мөнгө шилжүүлэхдээ гэж худал хэлээд гарч явсан юм. Б.А нь хохирлын мөнгө болох 90700 төгрөгийг надад бэлнээр өгсөн учраас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна...” /2хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Лхагважавын “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд 5 дугаар багт оршин суух өөрийн эзэмшлийн Баянтохой гэх дэлгүүрт ажиллаж байхад үл таних залуу надаас ус буцалгагч 15000 төгрөг, эмэгтэй 37 размерийн гутал 45000 төгрөгөөр худалдан аваад нийт 60000 төгрөг болсон. Тэгтэл надад дансаар мөнгөө шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг аваад миний нэрийг гаргаад ирлээ гэж байсан тэгэхээр нь би гар утсанд мэдээлэл ирэхээр яваарай гэтэл хүн орж ирээд юм асууж байх хооронд гараад явсан. Тэгээд араас нь гартал байхгүй болсон байсан...” /2хх-26-29/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цэцэгээгийн “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний “Хануй” хүнсний дэлгүүрт 14 цагийн орчимд үл таних залуу орж ирээд Eclene архи, лапша гоймон, кола ундаа, граммын чихэр нийт 54100 төгрөгийн бараа аваад гар утсаараа мөнгө шилжүүлчихлээ гэж худал хэлээд гарч явсан юм...” /2хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

          “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №200027 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-50-55/,

 

          “Далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/02-34 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-58-63/,

 

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-72-76/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-126-130/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-12-14/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-15-17/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-18-20/ зэрэг болно.

 

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл хэрэглэснийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн засаж, тохируулсан хүйтэн зэвсэг галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно. Хохирогч Н.Билгүүн /1хх-06-03, 1хх-11-78/, хохирогч З.Билгүүн нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Н.Э Б.А нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд хохирогч Н.Билгүүний 2 дахь удаагаа өгсөн мэдүүлгээс өөр бусад байдлаар шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх байдал хангалттай сайн тогтоогдохгүй байна.  

 

Иймд шүүхээс хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд сайтар нягталж харьцуулан бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар: “...Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтад: “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч  Н.Э, Б.А нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б. А, Н.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өөрчлөв.

 

Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

            Шүүгдэгч Н.Э, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.А, Н.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хуульд заасан доод хэмжээнээс хөнгөрүүлэх талаархи санал гаргасан. Шүүгдэгч нар нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусан, прокурорын хяналтаас шүүхэд шилжих шатанд дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх нь зохисгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин нэг төрлийн гэмт хэргийг ойролцоо цаг хугацаанд үйлдэн нэг шийтгэх тогтоолоор биш хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж, нэмж нэгтгэх гэж буй нөхцөл байдал, мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар төдийлөн их биш, хэр хэмжээ бага зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан болон урьд ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас биеэр эдэлсэн ял, шагналын хоног, тухайн хэрэгтээ цагдан хоригдож байсан хоног зэргийг хасаад шүүгдэгч Б.Аын хувьд урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 хоног хорих ял,

шүүгдэгч Н.Эгийн хувьд урьд Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны 171 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 10 /арван/ сар хорих ял байна.

Шүүгдэгч нарыг энэ хэрэгт цагдан хорих тухай шүүгчийн захирамж 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гарч, маргааш нь буюу 1 сарын 21-ны өдөр хорих ангиас цагдан хорих байранд шилжүүлсэн. Шүүгдэгч нарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлсэн байдлыг эрх бүхий албан тушаалтан 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тооцсон байх тул шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ тус бүр 36 хоног цагдан хоригдсон байх бөгөөд уг хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Диг хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.А, Н.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Б.А, Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэж үйлдсэн  гэм буруутайд,

 

            - Шүүгдэгч Бадарчийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.Э нарт тус тус 2 /хоёр/ жил хорих ял,

 

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат 9 /есөн/ сар хорих ял тус тус оногдуулсугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын нийт хэмжээг 2 /хоёр/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 9 /есөн/ сар хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 хоногийн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Аын эдлэх хорих ялын нийт хэмжээг 3 /гурван/ жил 9 /есөн/ сар 1 /нэг/ хоногоор,

          - шүүгдэгч Н.Эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр өмнөх Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны 171 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 10 /арван/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Эгийн эдлэх хорих ялын нийт хэмжээг 4 /дөрвөн/ жил 10 /арван/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 3 /гурван/ жил 9 /есөн/ сар 1 /нэг/ хоног хорих ял, шүүгдэгч Н.Эд оногдуулсан 4 /дөрвөн/ жил 10 /арван/ сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.Э нарын цагдан хоригдсон тус бүр 36 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Н.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А, Н.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА

 

                     ШҮҮГЧ                                          Н.БААСАНБАТ

 

                    ШҮҮГЧ                                           Д.МӨНХТУЯА