| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1379/Э/220/2021/0110 |
| Дугаар | 40 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 40
2021 01 06 2021/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Ч.АлтанГ,
Шүүгдэгч Д.П түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д. П-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд Октъябрын районы шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 449 дүгээр тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Д.П,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах авто засварын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Д.Г-г “муу хулгайч энд юу хийж яваа юм” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: “Энэ хүнийг Шар хадад хүрч ирж агсан тавиад байна гээд дүү маань дуудсан. Би энэ очих замдаа цагдаа дуудаад очсон. Цагдаа ирэхэд энэ хүн нуугдсан байсан. Цагдаа ирсний дараа ахиж гарч ирсэн. Намайг зогсож байтал чи намайг хулгайд гүтгэсэн гээд согтуу хүний ухаанаар над ална гэдэг байдлаар дайраад аргагүй эрхэнд хүлсэн. Энэ хүн согтуу агсан тавьж байснаас биш би хэрүүл хийх гэж очоогүй. Цагдаа ирэхэд нулимахад хиймэл шүд нь үсрээд гарсныг амандаа хийсэн. Энэ хүнд унасан шүд байхгүй цагдаа хүлээж аваад явсан. Маргааш орой нь ахиж ирж цагдаа намайг яах юм гээд агсан тавьсан. Би ахиж цагдаа дуудаад өгөөд явуулсан. Энэ хүний шүдийг цохиж, мөргөж унагасан зүйл байхгүй. Энэ хүн өргөдөл өгсөн зүйл байхгүй. Энэ хүний эхнэр нь өгсөн. Амьдрал ахуйг нь төрсөн дүү гэдэг утгаар дэмжиж цалин мөнгө, ажил төрлийн хувьд хангалттай өгдөг байсан. Энэ хүнийг ажлаас нь хөөж гаргахдаа архи уугаад дийлдэхээ болихоор нь авсан. Хөгшин юм байна. Ажил хийж байвал хүүхдэд нь хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Дараа нь манай эхнэрийн КТМС-д сурч байсан хүүхэд ирээд хамт ажиллаж байхад хулгай хийсэнгүй, хулгай хийлгэсэнгүй гэж хэлсэн байдаг. Найр хурим дээр очиход аавынх нь дүүд нь танай тэр дүүг араас нь хутгалчихмаар амьтан байна лээ юм хулгай хийлгэхгүй дандаа харж байдаг гэх зүйл ярьсан байдаг. Би энэ хүнийг архи уусан үедээ ажилдаа битгий ирж бай гэж гуйдаг байсан. Согтуу ирээд яам руу хүний машин оруулж байсан. Гражид байдаг паарыг мөргөж байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчийн юу яриад байгааг нь ойлгохгүй байна. Хутга шөвөг бариад араас чинь бүлнэ гэх зэрэг яриад байгааг нь ойлгохгүй байна. Шар хадад дүүгийндээ байж байсан. Манай 2 эгч орж ирээд чи юу хулгай хийгээд байгаа юм гэж хэлсэн. Би юу хулгай хийсэн юм гэхэд чи хулгай хийгээд байгаа биз дээ гэж хэлсэн. Би уурлаад юуг чинь хулгай хийсэн юм гээд тэнд маргаан гарсан. Би ухас хийтэл цонхны тавцан дээр байсан ваартай цэцэг унатал намайг шидлээ гээд гараад явсан. Би гражид ороод байж байтал энэ хүн орж ирсэн. Чи юу хийж яваа юм гэхээр нь чамд ямар хамаатай юм гэтэл барьж аваад мөргөсөн. Би хойшоо болоод Г ирээд салгасан. Салгаад байж байтал ахиж ирээд 2 мөргөсөн. Миний доод шүд булгараад, зовхи хагараад цагдаа дуудсан” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Г-ийн мэдүүлэг /хх-12-17/, гэрч Н.Д-н мэдүүлэг /хх-25-26/, гэрч Д.Б-н мэдүүлэг /хх-27-28/, гэрч Ц.Г-ийн мэдүүлэг /хх-29-30/, гэрч О.Ц-н мэдүүлэг /хх-31-32/, эрүүжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хх-37-39/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 14492 дугаартай дүгнэлт /хх-34/, гэрч Д.М-ын мэдүүлэг /хх-120/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-122/, яллагдагч Д.П-ын мэдүүлэг /хх-73-74/, хохирлын баримт /хх-104-105/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *** нутаг дэвсгэр, шар хадны 02-р буудлын ойлролцоо байрлаж үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт дүү Д.Г-г нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би *** Шархадны 2 буудлын ертөнцийн зүгээр засмал замын урд байрлах засварын грашид байж байсан. Тухайн граш дотор манай төрсөн эгчийн хүүхэд болох Г машин янзлаад байж байсан. Манай төрсөн ах П гаднаас орж ирээд “муу хулгайч энд юу хийж яваа юм” гэж хэлсэн тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд П хүрч ирээд миний шүд рүү 2 удаа хөмсөг рүү нэг удаа мөргөсөн. Зодуулсандаа гомдолтой байна...” /хх-12-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Д-н өгсөн “...Тухайн өдөр 16 цагийн үед Г ах гаднаас согтуу орж ирсэн. Харин 17 цагийн үед П ах гаднаас эрүүл ирсэн. Төд удалгүй П ах Г ахтай маргалдаж эхэлсэн тухайн маргаан юунаас болсныг би сайн мэдэхгүй байна. П ах, Г ахтай барьцалдаж аваад бие биенийгээ цамцнаасаа заамдаад барьчихсан байсан. Тэгээд байж байхад Г ах ирээд салгасан. Г ах Г ахыг барьчихсан харин П ах олс авчираад хүлэх гээд байж байсан. Тэгэхэд гаднаас цагдаа нар орж ирээд Г ахыг аваад явсан...” /хх-25-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Д-н “...Миний нүдэнд бол өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Харин хүмүүс маргалддаг гэж байсан. Г П нар архинаас болж маргалдсан. Г ажлаа хийхгүй архи уугаад тэгээд ажлаасаа халагдчихсан юм шиг байсан. Миний хувьд нүдээр харсан нь тэр өдөр л байсан. Байнга архи нэхэж намайг хүртэл ална хядна гээд би ч ойртохгүй холуур явдаг байсан. П-ыг ална л гээд байдаг байсан. Тэгээд тухайн өдөр Г хашаанд орж ирсэн. Их согтсон байсан ба архи авч өг та нар бол бүгдээрээ гуйлгачингууд, та нар хэзээ ийм байсан юм бэ гээд таарсан хүн болгон руу дайрч давшилж байсан. Энэ үеэр П ах ирж тааралдсан ба тэгэхэд Г би чамайг ална гээд дайрсан. П тэгэхэд болиулах гэж оролдсон ба өөрийгөө хамгаалсан Г дайраад зодох гээд байсан. Тэгээд П Гийг унагаах гээд ноцолдож дээр доороо орсон ба тэгээд надтай хамт ажилладаг байсан. Г П ахад тусалж хамжиж байгаад хүлээд цагдаа дуудсан...” /хх-25-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б-н “...2019.12.02-ны өдөр манай ах Г манай гэрч ирчихсэн байж байсан. Тэгээд надад том ах намайг хулгай хийсэн гээд байна гэж ярьж байсан тэгтэл гаднаас манай эгч М, Т нар орж ирээд М эгч Г ах руу ах чамайг хулгай хийсэн юм очиж камерыг шүүлгэнэ гэсэн тэгэхээр нь би яах гэсэн юм согтуу байж гэсэн тэгээд байж байгаад манай хүүхэд гаднаас орж ирээд цагдаа ирсэн байна гэхээр нь гараад харсан чинь цагдаа ирсэн Г ахыг машиндаа суулгачихсан байсан тэгээд аваад явсан...” /хх-28-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би шар хадны 02-н буудал дээр байдаг хувийн авто засвар дээр ажлаа хийгээд байж байсан. Өдрийн 13 цагийн үед хоолондоо ороход манай ээжийн төрсөн дүү болох Г ах согтуу агсараад явж байсан. Цайндаа орчихоод машины доогуур ороод засварын ажлаа хийж байхад 16 цагийн үед ээжийн төрсөн ах П ажил дээр ирчихсэн Г ахтай маргалдаж байсан. Би машин доороос гарч ирээд харахад П Г ах 2 бие биенийхээ цамцнаас хоолойгоо боолцсон байдалтай байсан. Тэгээд би голоор нь ороод салгаад байж байхад цагдаа нар орж ирээд Г ахыг аваад явсан...” /хх-30-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ц-н “...Хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14-15 цагийн үед *** буудал дээр байх авто засвар дээр очиж засвар дээр өгсөн байсан машинаа шалгах гээд очсон. Тэгэхэд Г засвар дотроо согтуу, хүмүүстэй юм яриад зогсож байсан. Би засвараас орж гарч байгаад нэг харахад засвар дотор П ах Г ахыг газар унагаачихсан хүлж байсан. Харин шалан дээр цус болчихсон байсан. Тэгээд зарим нэг хүмүүс нь Г ахыг өмөөрөөд харин зарим нэг хамаатны хүмүүс нь П ахыг өмөөрөөд маргалдаад хэрүүл болоод байж байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд Г ахыг аваад явсан...” /хх-32-33/ гэх мэдүүлэг,
Эрүүжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хх-37-39/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №14492 дугаартай шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Д.Г-ийн биед нэг шүдний булгарал, зүүн хөмсөгт зулгаралт, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” /хх-35-36/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М-ын “...Манай дүү Г 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай авто засварын хажууд байдаг дүү Б-н гэрт архи уугаад сууж байхад би гаднаас орсон чинь Г согтуу танай ах П намайг хулгай шаасан. Би ах П руу залгаад энд Г ирээд агсам тавиад байна гэж хэлээд цагдаа дуудчихаад гэрээс гараад гадаа юм хийж байхад цагдаа ирээд Гийг олоогүй буцсан. Г цагдаагаас тухайн үед нуугдсан. Цагдаа явсны дараа гарч ирээд хэн цагдаа дуудсан бэ ална гэж агсраад граж руу орсон. Тэр үед П ах ирээд Г-тэй граж дотор зодолдсон гэсэн гэхдээ би хараагүй. Манайх хяналтын камераа 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шинэчилсэн. Харин өмнөх хэрэг гарсан гэх граж дотор хяналтын камер байдаггүй...” /хх-120/ гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Хохирогчийн биед үүссэн гэх гэмтэл нь хохирогчийн өөдөөс мөргөхөд үүсэх боломжтой гэмтэл мөн. Дүгнэлт дээр нэг шүдний булгарал буюу унасан талаар тодорхой заасан байгаа мөн зүүн хөмсгөнд зулгаралт гарсан нь тухайн үйлдлээс учирсан гэмтэл мөн. Хохирогчийн унасан шүд өөрийн шүд байсан. Гадна хүч үйлчлэхэд хиймэл шүдэнд нөлөөлөхгүй...” /хх-122/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн архи ууж согтуурсан үедээ ахдаа агсан тавьсан зүй бус үйлдэл байсан нь гэрч Н.Д, Д.Б, Ц.Г, О.Ц, Д.М нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс болон тухайн өдөр хохирогч Д.Г нь эрүүжүүлэгдсэн байдал /хх-37-39/ зэргээс тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах авто засварын газарт дүү Д.Г-г нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Д.П нь дүү Г-ийг “архи ууж согтуурсан үедээ агсан тавих байдал гаргах аа боль, эндээс яв” гэж шаардаж түүнийг тухайн газраас явуулах гэх үедээ түүнтэй ноцолдож улмаар идэвхитэй үйлдлээр нүүрэн тус газар нь мөргөн гэмтээсэн болох нь хууль сануулж мэдүүлэг авсан хохирогчийн “...миний нүүр рүү мөргөсөн, хиймэл шүд унасан, авах гээд тонгойх үед дахин мөргөсөн...”, гэрч нарын “Г тухайн өдөр орж ирэхдээ нүүр нь ил харагдах гэмтэл шархгүй зүгээр байсан... П-той маргалдаж ноцолдсоны дараа нүүр нь цус болсон байсан, ... газар цус болсон байсан” гэх зэрэг мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсгийн ... баруун доод 2 дахь шүд булгарсан ..., гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт хэсэг, мөн шинжээч эмчийг асууж тодруулсан тэмдэглэл, эрүүлжигдэх этгээдийг хүлээж авах үеийн тэмдэглэлд дурдагдсан хохирогчийн биед харагдах гэмтэл, шархны байдал зэргээр нотлогдож байх ба хэрэг учирал болох үед шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хийх, гарцаагүй байдалд орсон нөхцөл байдал үүсээгүй байсан болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй гэх байдлыг уг дүгнэлтийг гаргасан эмчийг хууль сануулж асуусан тэмдэглэлээр арилгасан. Эрүүгийн хэрэг бүрт хэргийн газрын үзлэг заавал хийсэн байх, түүнийг шүүх зайлшгүй харгалзан үзэхийг шаардсан хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэг болох үед тухайн гаражид бичлэг хийж хадгалах боломжтой хяналтын камер байгаагүй талаар гэрч Д.М мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн: П нь болгоомжгүйгээр, гэм буруугүйгээр Г-д гэмтэл учруулсан гэх байдал нь дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул тэдний “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.П нь хохирогч Д.Г-д нурууны зураг авахуулсан 120000 төгрөг, шүд эмчлүүлэхэд шаардлагатай 205000 төгрөгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн нь хэрэг гарсан цаг хугацаанаас хойш байх ба тамга, тэмдэг бүхий, хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхээр байх тул нийт 325.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзэв. Харин хохирогчийн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хохирогчийн ахдаа агсан тавьсан зүй бус үйлдэл байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Д.П нь өөрийн дүүдээ зүй ёсны шаардлага тавихдаа хэтрүүлэн түүний биед гэмтэл учруулсан байдал буюу гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар бага, шүүгдэгчийн 57 настай хувийн байдал, дэлхий нийтээр тархаад буй COVID-19 цар тахал бүхий нөхцөл байдалд орлого олох боломж зэргийг харгалзан улсын яллагчаас санал гаргасан 1 сая төгрөгөөр торгох ялыг 2 дахин багасган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Пт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-оос 325000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-д олгуулж, хохирогч нь энэ гэмт хэргийн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА