Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/179

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Түмэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Түмэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1911021791502 дугаартай нэг хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, Дандаа овогт Батаагийн Түмэнбаяр (РД:УУ88121578).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гүнтийн давааны орчим Б.Алтангэрэлийн өмчлөлийн молдокийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түмэнбаяр мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гүнтийн даваан дээр суурийн ажил хийхээр экскаватороо авч очиж газар ухаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр экскаватороо хүнд зарахаар болж зарсан. Уг газар нь хад ихтэй болохоор дараачийн ажил хийх экскаваторт молдокоо ашиглуулна гэж бодоод тухайн газраа үлдээсэн. Тухайн үед экскаваторын оператор Түмэнбаярт “экскаватороо зарсан юм чинь уг молдокийг авах хүн байна уу мэдэж байгаарай” гэж хэлж байсан. Би өөрөө фейсбүүкийн зар дээр молдок зарна гэж зар тавьсан. Түмэнбаяр над руу “... урьдчилгаа мөнгөө өгнө тэгээд үлдсэн мөнгийг хэд хоногоос өгнө” гэж утсаар ярихаар нь “...за яг өгч авах болохоороо би өөрөө Портер машинаар очиж ачиж хүргэж өгнө шүү...” гэж хэлсэн. Уг өдрөөс хойш чимээгүй болчихоор нь Түмэнбаяр луу дахиад утсаар яриад “юу болсон бэ нөгөө авах хүн чинь” гэсэн чинь “өнөөдөр бороо их орсон, уул руу машин гарахгүй байна, больчихлоо” гэсэн. Би суурь ажлаа дутуу орхиод экскаватороо зарсан болохоор уг ажлыг хийхийн тулд 32-н автобусны буудлаас 91024040 гэх утасны дугаартай хүнтэй ярьж экскаваторыг хөлслөөд ажиллуулж байсан болохоор уг жолоочоос асуухад нэг ачааны машин ирээд надаас гуйгаад уг молдокийг ачаан дээрээ тавиулаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би 91024040 гэх дугаар руу залгаад жолоочийнхоо дугаарыг өгчих би юм асуух гэсэн юм гээд жолоочтой нь утсаар ярихад “...Түмэнбаяр гэх таны жолооч ирээд надаар өргүүлээд аваад явсан...” гэж хэлсэн. Тэгээд би хаана зарсан талаар асууж сураглаж яваад 86061098 гэх дугаартай Батсүх гэдэг хүнд зарсан талаар мэдсэн. Уг хүнтэй утсаар яриад молдокоо авъя гэхэд Түмэнбаяр гэх хүнээс худалдаж авсан. Урьдчилгаа 3.000.000 төгрөгийг өгсөн гэж надад хэлэхээр нь би цагдаад хандсан. Би Түмэнбаярыг зарж борлуул гэж хэлээгүй, харин авах хүн байвал надад хэлээрэй гэж хэлсэн. Намайг цагдаад өргөдөл өгсний дараа 86061098 гэх дугаараас над руу залгаад “...над руу цагдаагаас яриад байна, та дансаа өгчих, би үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг шилжүүлнэ...” гэхээр би өөрийнхөө дансыг өгөөд 2.000.000 төгрөгийг уг молдок худалдаж авсан гэх хүнээс авсан. Түмэнбаяр надад молдокийг зарсан гэдгээ хэлээгүй. Би молдокийг авхуулахаар крантай машин явуулахад байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 74, 157 дугаар хуудас),

 

  • Гэрч С.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны зун молдок авах гээд хэдэн таньдаг хүмүүст мэдэж байгаарай гэж хэлж байсан. Тэгсэн 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Алтангэрэл гэдэг фейсбүүк хаягаас механизмын грүпп хуудсанд молдок зарна гэсэн зар байршуулсан байхаар нь би утас руу нь залгаад “хэдэд өгөх бэ гэхэд 5.000.000 төгрөгт зарна” гэсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа миний танил Түмэнбаяр над руу яриад “чи молдок авах уу миний барьдаг экскаваторын эзэн Алтангэрэл молдокоо зарна” гэж байна гэсэн. Тэгэхээр нь “надад одоо бэлэн 3.000.000 төгрөг байна, үлдсэнийг нь 15 хоногийн дотор өгч болох уу” гэсэн чинь асуугаад өгье гэсэн. Тэгээд 08 дугаар сарын 05-ны өдөр Түмэнбаяр над руу яриад “чи молдокоо авах уу, би аваад очих уу. Машин хөлслөөд аваад очъё” гэхээр нь “тэг” гэсэн. Тэгээд тухайн өдрөө хөлсний ачааны машин дээр нөгөө молдокоо ачаад миний ажил хийж байсан хуучин 22-ын товчооны ойролцоо авч ирсэн. Би молдокоо тэнд нь буулгаж аваад ачааны машиных нь мөнгийг өгсөн. Түмэнбаяр “мөнгөө миний данс руу хийчих, би Алтангэрэлээс цалингаа аваагүй байгаа. Энэ мөнгөнөөс нь авах ёстой” юм гэсэн. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны 5077016573 тоот данснаас Түмэнбаярын 5029816974 тоот данс руу 1 саяар хоёр удаа гүйлгээ хийж, 08 дугаар сарын 06-ны өдөр мөн данс руу 1 сая төгрөг хийсэн. Тухайн өдрөөс 10 гаруй хоногийн дараа Алтангэрэл гэдэг хүн над руу яриад “чи Түмэнбаярт мөнгөө яагаад өгөхгүй байгаа юм. Би Түмэнбаяраас асуухаар чамайг өгөхгүй байна” гэхээр нь “үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөх ёстой” гэхэд “тэгвэл ядаж үлдэгдэл 2.000.000 төгрөгөө над руу шилжүүлчих. Би өөрөө Түмэнбаяртай учраа олохоос” гэхээр нь би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны данснаас Алтангэрэлийн 5315157096 гэсэн данс руу “Молдокны үлдэгдэл үнэ” гэсэн утгатайгаар 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Фейсбүүкээр харсан молдок Түмэнбаяраас худалдан авсан молдок мөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

 

  • Шүүгдэгч Б.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... Би 2019 оны 03 дугаар сараас 08 cap хүртэл Алтангэрэл гэх хүний экскаваторыг барьж цалин авч байсан...Алтангэрэл молдокоо зарна, авах хүн мэдэж байгаарай гээд өөрөө фейсбүүкт зар байрлуулсан байсан. Би таньдаг Батсүх рүү яриад “зарах молдок байна. 5.500.000 төгрөгөөр зарна” гэхэд “очиж үзэж байгаад авах эсэхээ шийдье” гэсэн. Тэгэхээр нь би “асуудалгүй шинэ молдок байгаа” гэхэд “за, би үзэх шаардлагагүй юм байна хэд хоногоос байгаа газарт нь очиж авна” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр машин явуулсан. Би молдок байсан гэх газарт хүлээж байгаад машинд ачуулаад 22-н товчоон дээр Батсүхэд молдокийг хүлээлгэж өгөөд өөрийн 502986974 тоот дансанд 2.000.000 төгрөгийг Батсүхээс шилжүүлж авсан. Маргааш нь 1.000.000 төгрөгийг өөрийнхөө дансанд дахин шилжүүлж авсан. Үлдэгдлийг төлбөрийг 10 хоногийн дараа авахаар тохирсон. Алтангэрэлийн эзэмшлийн молдок байсан. Би молдокийг зарахдаа Алтангэрэл гэх хүнд хэлээгүй, шууд зарчихсан. Би Алтангэрэлд 1.500.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг барагдуулж өгнө гэж ярьж тохиролцсон байгаа...Улсын дугаарыг нь санахгүй байна. Цагаан өнгөтэй 1999 оны ачааны “Тоёота Кантер” маркийн автомашин байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152, 167 дугаар хуудас),

 

- С.Батсүхийн Хаан банкны 5077016573 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),

- Б.Алтангэрэлийн Хаан банкны 5315157096 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

- П.Наранчимэгийн Хаан банкны 5014125270 тоот данснаас 1.500.000 төгрөгийг хохирогч Б.Алтангэрэлийн 5315157096 тоот дансанд шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

- "Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн  2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2750 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Молдок 5.500.000 төгрөг” гэх тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 18 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Тоёота Кантер” маркийн автомашин 2.500.000 төгрөг” гэх тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас),

- Фейсбүүк зарын хуулбар (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

 

            - Шүүгдэгч Б.Түмэнбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 98 дугаар тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 162 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.        

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Түмэнбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”-д тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гүнтийн давааны орчим Б.Алтангэрэлийн өмчлөлийн молдокийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Алтангэрэлийн “2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гүнтийн даваан дээр суурийн ажил хийхээр экскаватороо авч очиж газар ухаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр экскаватороо хүнд зарахаар болж зарсан. Уг газар нь хад ихтэй болохоор дараачийн ажил хийх экскаваторт молдокоо ашиглуулна гэж бодоод тухайн газраа үлдээсэн. Тухайн үед экскаваторын оператор Түмэнбаярт ...молдокийг авах хүн байна уу мэдэж байгаарай гэж хэлсэн...Түмэнбаяр руу утсаар яриад “юу болсон бэ нөгөө авах хүн чинь” гэсэн чинь “өнөөдөр бороо их орсон, уул руу машин гарахгүй байна, больчихлоо” гэсэн. Би суурь ажлаа дутуу орхиод экскаватороо зарсан болохоор уг ажлыг хийхийн тулд ...экскаватор хөлслөөд ажиллуулж байсан жолоочоос асуухад нэг ачааны машин ирээд молдокийг ачаан дээрээ тавиулаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би хаана зарсан талаар асууж сураглаж яваад 86061098 гэх дугаартай хүнд зарсан талаар мэдсэн. Уг хүнтэй утсаар яриад молдокоо авъя гэхэд Түмэнбаяр гэх хүнээс худалдаж авсан. Урьдчилгаа 3.000.000 төгрөгийг өгсөн гэж надад хэлсэн. Би Түмэнбаярыг зарж борлуул гэж хэлээгүй, харин авах хүн байвал надад хэлээрэй гэж хэлсэн. Түмэнбаяр надад молдок зарсан гэдгээ хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-22, 74, 157),

- гэрч С.Батсүхийн “...Түмэнбаяр над руу яриад молдок авах уу миний барьдаг экскаваторын эзэн Алтангэрэл молдокоо зарна гэсэн. Тэгэхээр нь “надад одоо бэлэн 3.000.000 төгрөг байна, үлдсэнийг нь 15 хоногийн дотор өгч болох уу” гэсэн чинь асуугаад өгье гэсэн. Тэгээд 08 дугаар сарын 05-ны өдөр Түмэнбаяр над руу  яриад “чи молдокоо авах уу, би машин хөлслөөд аваад очъё” гэхээр нь “тэг” гэсэн. Тухайн өдрөө нөгөө молдокоо ачаад хуучин 22-ын товчооны ойролцоо авч ирсэн. Би молдокоо тэнд нь буулгаж аваад ачааны машиных нь мөнгийг өгсөн...” гэсэн  мэдүүлэг (хх-67),

- шүүгдэгч Б.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би молдокийг зарахдаа Алтангэрэл гэх хүнд хэлээгүй, шууд зарчихсан... Улсын дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан цагаан өнгөтэй 1999 оны ачааны “Тоёота Кантер” маркийн автомашин байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-152, 167),

- Фейсбүүк зарын хуулбар (хх-25-26), Хаан банкны 5077016573 дугаар /С.Батсүх/, 5315157096 дугаар /Б.Алтангэрэл/-тай дансны дэлгэрэнгүй хуулга (хх69-71) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Түмэнбаяр нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.Алтангэрэлийн эзэмшлийн газар ухах зориулалттай “Молдок”-ийг хөлсөөр тээвэрлэлт хийдэг иргэнд хандаж, машин механизмыг нь ашиглан хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн шинжийг бүрэн хангажээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм нь зайлшгүй шүүгдэгчийн эзэмшлийн хөрөнгө байхыг шаарддаггүй бөгөөд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, биеэр авч явах боломжгүй эд зүйлийг тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан болно.

Иймд шүүгдэгч Б.Түмэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Алтангэрэлд “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн  2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2750 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх140-140)-ээр 5.500.000 төгрөгийн хохирол учирсан. Тус тайлан, дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч хэн аль нь маргаагүй болно.

Хохирогч Б.Алтангэрэлд 5.500.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгчийн ээж болох П.Наранчимэг нь Хаан банкны дансаар 1.500.000 төгрөгийг түүнд шилжүүлсэн  болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-82)-аар, хохирогчид хурлын тов шүүхээс мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, хохиролд 1.500.000 төгрөгийг авсан, Б.Түмэнбаяраас 500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, үлдэгдэл 1.500.000 төгрөгийн (хх-173) нэхэмжилнэ” гэсэн тайлбар гаргасны дагуу нийт хохирлын үнийн дүнг 5.000.000 төгрөгөөр тогтоож, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнбаяраас гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Түмэнбаяраас хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг Шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Алтангэрэлийн Хаан банкны 5315157096 тоот дансанд шилжүүлж, баримтыг шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч Б.Түмэнбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлогоос гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хамааруулан ойлгохоор“ тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Кантер” маркийн автомашин үнэ буюу “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх170-171)-ээр тогтоогдон,  үнэлсэн 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Түмэнбаяраас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зориулалтын техник, тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тухайлан заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан нь бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Түмэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан болно. 

Шүүгдэгч Б.Түмэнбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” талаар хуульчилсан бөгөөд дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эх, дүүгийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Түмэнбаярыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдлын харгалзан үзэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Түмэнбаяр нь шүүхийн шатанд 2021 оны 02 дугаар сарын 03-наас 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1911021791502 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч Б.Түмэнбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дандаа овогт Батаагийн Түмэнбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Түмэнбаярыг 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнбаярт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнбаярын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Түмэнбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Кантер” маркийн автомашины үнэ 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн 1911021791502 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч Б.Түмэнбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Түмэнбаярын эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Түмэнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР