Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 329

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                       

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Сд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Анхбаяр,

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.Бын гаргасан давж заалдах гомдлоор Б.Сд холбогдох эрүүгийн 1803000010024 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баасандоржийн Б.С, 1967 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хорооллын 0дугаар байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ГД671000020567/,

  

   Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд талын замд “Хьюндэй Портер” маркийн 13-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Р.Быг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Баасандоржийн Б.Сг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Сгийн 250279 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.022.737 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Р.Бд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Р.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Р.Б /РД:99101600/ нь “Монос” анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр курст сурдаг. 2017 оны 11 сарын 3-нд Сонгинохайрхан дүүргийн “Энхжин” худалдааны төвийн явган хүний гарцан дээр Портер 13-34 УНЦ дугаартай машинд мөргүүлж хүнд гэмтэл авсны улмаас хичээлд суух чадваргүй болж 3 сар хэвтэрийн дэглэмтэй эмчлүүлсэн. Анхан шатны шүүх хурал 2018 оны 2 сарын 6-нд болж хохирлын мөнгө нь 3.220.000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс 1.980.000 төгрөг нь хичээлд суугаагүй кредит цагийн мөнгөн төлбөр болно. 3 сарын 10-наас өмнө дахин шалгалтаа өгөх гэж байгаа тул кредит цагийн мөнгийг энэ хугацаанаас өмнө барагдуулахыг тухайн машины жолооч иргэн Б.С гэх эмэгтэйгээс хүсэж байна...” гэжээ.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Хохирлыг төлүүлэхдээ гурван жил хүртэл хугацаагаар тогтоож өгөөч гэсэн хүсэлт шүүхэд гаргасан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүхээс хохирол төлүүлэх хугацааг нь 2 жилээр тогтоосон. Хугацаа тогтоож хохирол төлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд талын замд “Хьюндэй Портер” загварын 13-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Р.Быг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Р.Бын “...2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 20 минутын үед би “Энхжин” худалдааны төвийн замын урд талд замынхаа урд талаас хойд тал руу нь зам хөндлөн гарч байгаад замын зүүн талаас баруун тал руу явж байсан машинд мөргүүлсэн. ...Замын голд очоод замын зүүн тийш харахад замын 3 дугаар эгнээгээр нэг машин ойртон ирж байгаа харагдахаар нь тэр машиныг хүлээж өнгөрүүлээд өөр ойрхон машин байхгүй болохоор нь зам руу ороод замын дунд хэсэгт явж байтал замын зүүн талаас “Портер” маркийн машин зогсолгүй ирээд машиныхаа урд талаар намайг мөргөсөн. Би тухайн үед зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарсан. Би тухайн үед Мөнхзаяа гэх нэг өрөөнд хамт байдаг охинтой цуг явж байсан. Тэр миний ард явж байсан.Тухайн үед машины хөдөлгөөн дунд зэрэг, гадаа бүрэнхий, замын гэрэлтүүлэг асаагүй байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Зам дээр халтиргаа гулгаа байхгүй, цаг агаар тогтуун байсан. Тэр эгч надад 600.000 төгрөг өгсөн байгаа. Би бүх зардлаа нэхэмжилнэ...” /хх-19-22/,

Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 55 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн “Хьюндай Портер” загварын 13-34 УНЦ улсын дугаартай автомашинаа бариад “Хар хорин” захаас “Эмээлт” зах орохоор явж байсан. Тэгээд “Энхжин” худалдааны төвийн урд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 10-20 км/цаг-ийн хурдтай явж байтал гэнэт замын урд талаас нэг эмэгтэй хүүхэд зам хөндлөн гүйгээд гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд машиныхаа урд хэсгээр мөргөж зогссон. Тэгэнгүүт нь би машинаасаа гарч ирээд машиныхаа урд талд гараад хартал машинд мөргүүлсэн хүн газар хэвтэж байхаар нь тэр хүнийг өргөж босгох гэтэл би босохгүй түргэн иртэл байж байна гэж хэлэхээр нь би түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн...” /хх-97-98/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14008 дугаар дүгнэлтийн “...Р.Бын биед умдаг, баруун суудал яс, ууцны 1, 2 дугаар нугалмын хугарал, тархи доргилт, баруун тохой, баруун бугалга, баруун гуя, умдагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-44/,

Замын Цагдаагийн албаны мөрдөгчийн 23 дугаартай магадлагаанд “...“Хьюндай Портер” загварын 13-34 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Б.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. /Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Р.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх-54/,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 78046 дугаар шинжээчийн дүгнэлтийн “...“Хьюндай Портер” маркийн 13-34 УНЦ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг автомашины урд салхины шил гол хэсгээрээ цацарч хагарсан, дуут дохио ажиллахгүй, баруун талын тоормосны гэрэл, ухрах арааны гэрэл, оврын гэрэл, дугаарын гэрэл, асахгүй мөн 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зогсохгүй байгаа нь, стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил гол хэсгээрээ цацарч хагарсан байгаа нь зам тээврийн ослын үед үүссэн байх магадлалтай. Харин 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй болно. Хэрэв нөлөөлсөн бол тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. Уг автомашин нь энгийн, шингэн тоормосны системтэй. 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд энэ эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн ослоос өмнө ашиглалтын явцад үүсэн байх ба хэдийд эвдэрсэнийг тодорхойлох боломжгүй болно...” /хх-58-60/ гэх дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх-7-12/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Р.Б нь “...2018 оны 3 сарын 10-наас өмнө дахин шалгалтаа өгөх гэж байгаа тул хичээлд суугаагүй кредит цагийн мөнгөн төлбөр болох 1.980.000 төгрөгийг кредит цагийн мөнгийг энэ хугацаанаас өмнө барагдуулахыг Б.С гэх эмэгтэйгээс хүсэж байна...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруутай эдгээдээс хохирогчид төлбөр гаргуулахад хугацааг заавал тогтоох талаар хуульчлаагүй байхад шүүгдэгч Б.Сгаас 3.022.737 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байхад шүүх энэ заалтыг хэрэглэсэн нь буруу байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.022.737 /гурван сая, хорин хоёр мянга, долоон зуун гучин долоо/ төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Р.Бд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.022.737 /гурван сая, хорин хоёр мянга, долоон зуун гучин долоо/ төгрөг гаргуулж хохирогч Р.Бд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ