Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Ж.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Өлзийд холбогдох

“Гэм хорын хохирол 2.365.384 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Ж.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 07 сарын 13-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт О.Өлзий нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад Ж.Эрдэнэбаяр намайг мөргөж хүнд гэмтэл учруулсан энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж 2016 оны 10 сарын 24-нд Орхон аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Шүүхээр О.Өлзийг гэм буруутай гэж тогтоосон бөгөөд намайг эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлого, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж тогтоосон. Өлзий 200 000 төгрөгний эм тариа эмнэлэгт өгсөн, шүүх хуралдааны өдөр 850 000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй эргэж тойроогүй гомдолтой байна. Иймд эмчилгээний зардал 2016 оны 11 сарын 14-нөөс 2016 оны 12 сарын 30 хүртлэх нийт 2,365,384 төгрөгийн нэхэмжлэл гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 161 тоот шийдвэрт тодорхой тусгасан байгаа. Би хохирогчид баримтгүй нотлох баримтанд 10905000 төгрөгийг төлсөн. Дээрх төлбөрийг төлөхдөө ирээдүйд төлөх төлбөрийг нэхэмжилж байсан бөгөөд нийтдээ 29.361.430 төгрөг нэхэмжилснээс 10.905.000 төгрөгний хохирлыг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн осол болоход хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь нөлөөлсөн гэж үзэж байсан бөгөөд түүний эмчилгээний зардлаас багасгаж тооцох, Иргэний хуулийн 514-р заалтыг хэрэглэх үндэслэлтэй байгаа билээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.Өлзийгөөс 2 098 858 гаргуулан Ж.Эрдэнэбаярт олгож, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 266 526 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагаас 48 531 төгрөг гаргуулан төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр нь 2.365.384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2016 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх цалин хөлсийг анхан шатны шүүх гаргасан. Гэтэл хэдэн төгрөгийн цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байсан ба 2016.11.14-нөөс 2016.12.30-н хүртэлх хугацааны гэм хор нэхэмжилснийг шүүх анхаарсангүй. Мөн шүүх дүгнэлт хийхдээ цалингийн тодорхойлолт ажил олгогчоос гаргасан цалингийг зөрүүний тооцоо гэх баримтыг үндэслэсэн. Гэвч нэхэмжлэгчийн сард авдаг гэх цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын зөрүүтэй байдлыг анхаарч үзсэнгүй.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөнтэй холбоотой эмнэлгийн хуудас олгогдсон эсэх, эмнэлгийн хуудсаар олговор олгогдсон бол цалингийн зөрүү хэд байгаа, хуудсаар олговор олгогдоогүй болохоо нотлоогүй байхад цалин хөлс гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх 1.182.237 төгрөгийн цалин гаргахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч өмнө нь 1.090.500 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч осол гарахад буруутай байсан нь нотлогдсон. Баримтгүйгээр 1.090.500 төгрөг төлсөн байдлыг шүүх анхаарч үзэлгүй дахин төлбөр гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Өлзий нь гэм хорын хохиролд 2.365.384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт хариуцагч О.Өлзий нь 44-96 УНП улсын дугаартай приус маркийн машин жолоодож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Эрдэнэбаярыг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч О.Өлзий нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Их залуу багийн нутаг дэвсгэрт 44-96 УНП улсын дугаартай тоёота приус маркийн машин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Эрдэнэбаярыг мөргөж бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, шийтгэх тогтоол бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр нь бие махбодид учирсан хүнд гэмтлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй цалин тэтгэмжийн зөрүү эмчилгээний зардалд төлсөн нийт 2.365.384 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх амь нас эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолвол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай болно.

Анхан шатны шүүх тухайн осол болоход хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь нөлөөлсөн гэж үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10 хувь бууруулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сараас хойш хийлгэсэн гэмтэл согог судлалын үндэсний төвийн болон улсын 1 дүгээр төв эмнэлгийн шинжилгээний хуудсууд, reflexs эмнэлгийн үзлэгийн баримт, үзлэгийн магадлагаа, эмийн зарлагын баримт, зорчих тасалбар, кассын орлогын ордер, нийгмийн даатгалын дэвтэр цалингийн тодорхойлолт, цалингийн зөрүү тооцсон баримт зэргийг үнэлэн О.Өлзийгөөс 2.098.858 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч О.Өлзий нь эрүүгийн хэрэг шийдэгдэхийн өмнө 1.090.500 төгрөг хохирогч Ж.Эрдэнэбаярт төлсөн нь тогтоогдсон байх боловч энэ нь осолд орсон эхний үед хийлгэсэн эмчилгээний төлбөрт төлсөн байх тул 2016 оны 09 дүгээр сараас хойш хийлгэсэн эмчилгээний төлбөрөөс хасч тооцох боломжгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч цалин листний зөрүү гэх баримт нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингаас зөрүүтэй байгаа гэсэн гомдол гаргаж байх ба нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр нь осолд орж гэмтэл авснаас хойш ажлаа хийгээгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан болох нь тогтоогдсон байх тул цалин листний зөрүүг тооцож гаргасан ХАА-н МСҮТ-ийн нягтлан бодогчийн тодорхойлолтыг буруутгах боломжгүй хариуцагч үүнийг няцаасан нотлох баримт гаргаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч О.Өлзийгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.531 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ