Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0637

 

2022.09.30-ны өдөр 221/МА2022/0637

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 517 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, М.Г, Н.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч З.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2022/0307/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнд холбогдуулан “... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалттай холбоотойгоор тус яамны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгох, тендерийг дахин хянаж, үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд даалгуулах”-аар нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 517 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын 3 дугаар хавсралтын 9, 69, 90-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийн “А” ХХК болон “Х” ХХК-д холбогдох хэсгийг болон тус яамны CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, М.Г, Н.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнд холбогдуулаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалттай холбоотойгоор тус яамны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгох, тендерийг дахин хянаж, үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд даалгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

3.1.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй, хэвээр байгаа гэдгээ нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо илэрхийлж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.1.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж бичихдээ 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгох талаар бичсэн байдаг бөгөөд ийнхүү бичихдээ тус мэдэгдлийг дотор нь агуулгаар нь ялгаж салган, ялгамжтай байдлаар хүчингүй болгуулахаар тодорхойлж бичээгүй байхад шүүх тус мэдэгдлээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.2. Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаарлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх журмаа тус тус зөрчсөн, мөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам буюу захиалагч нь тус тендер шалгаруулалтын үнэлгээг хийх эрх бүхий субьект биш юм. Учир нь Тендер шалгаруулалтын үнэлгээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А-33 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо захиалагчаас хараат бусаар, Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн болно.

4.1. Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын Оршил хэсгийн 1.26-д заасны дагуу тус тендерийн үнэлгээ, үнэлгээний тайлан, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тендерт оролцогч компаниудаас ирүүлсэн тендерийн материал, тендэрийн холбогдох бусад бүх баримт бичгүүдийг Монгол улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар тухай бүрт нь хянаж, зөвшөөрөл өгч ажилласан байна. Дээрх зөвшөөрөл буюу эрх олгогдсоны үндсэн дээр захиалагч болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 01/2818 дугаартай мэдэгдэл албан бичгийг гаргасан. Мөн Азийн хөгжлийн банкны мэдэгдэлд зориулсан худалдан авах ажиллагааны журмын Оргил хэсгийн 1.26, Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан 2020.05.20-ны өдөр байгуулсан 3896-МОН дугаартай Төслийн санхүүжүүлэх зорилго бүхий зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.1, Зээлийн гэрээний хавсралт 4, 3 дугаар зүйлийн b-д заасны дагуу тендер шалгаруулалтын үе шат бүрийг Азийн хөгжлийн банкнаас тухай бүрт нь хянаж, холбогдох зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын дараа, дараагийн үе шатууд үргэлжлэн явагдах эрх үүссэн байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүх тус үйл баримтуудад үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр захиалагчийг үнэлгээ хийсэн мэтээр буруу ташаа ойлгож, тендерт дахин үнэлгээ хийхийг захиалагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Тодруулбал, тендерт үнэлгээ хийх субьект нь захиалагч биш тендерийн үнэлгээний хороо юм. Шүүх Азийн хөгжлийн банкны суурийн төлөөлөгчийн газраас тухайн тендер шалгаруулалтын үе шат бүрийг хянаж, гэрээ байгуулах эрх олгохыг зөвшөөрсөн, зөвшөөрөл олгосон бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, тус үйл баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

 

5. Тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 4.8-д БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2-д Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, эсвэл БА 2.1-д эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2-д Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил” гэж тусгай зөвшөөрлийг шаардсан.

5.1. Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн материалд БА 6.1, БА 6.2, БА 6.3, БА 6.4, БА 8.1 болон БА 4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил” тусгай зөвшөөрлийн ирүүлсэн.

5.2. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 2.2-т “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал дээшлэхэд өмнөх ангиллын холбогдох төрлийн барилга байгууламжууд тухайн ангилалд шууд хамаарна” гэж заасан учир БА 4.1 тусгай зөвшөөрлийн ажлын хамрах хүрээнд БА 2.1 тусгай зөвшөөрөл нь багтаж байгаа бөгөөд БА 4.1 тусгай зөвшөөрөл нь төвөгшлийн ангиллаараа илүү өндөр учир БА 2.1 тусгай зөвшөөрлийг бүрэн орлох чадвартай юм. Гэтэл шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхад үүнийг шүүх харгалзан үзээгүй, тус баримтыг бүрэн дүүрэн судлан үзээгүй, үнэлэлт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

5.2.1 Мөн дээрх тусгай зөвшөөрлийн асуудал Барилга хот байгуулалтын яамны 9*915 тоот хариу, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн 22/74/ТЗ албан тоот хариу зэрэгт тодорхой дурдсан байсныг шүүх мөн судлан үзэж дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

 

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ТОӨЗ 7.4 “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн бүх зааварчилгаа, маягт, нөхцөл ба тодорхойлолтыг нягталж үзэх нь зүйтэй. Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл, баримт материалыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болж болно” гэж бичжээ.

6.1. Гуравдагч этгээд нь тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл, баримт материалыг бүрэн ирүүлсэн бөгөөд харин тендерийн баримт бичиг шаардаагүй илүү зүйл ирүүлсэн байсан. Тендерт оролцогч бусад 5 компани нь услалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ гэж тендерийн үнэд тусгаж ирүүлээгүй юм.

6.2. Том эсхүл жижиг зөрүү биш харин алдаа гэж үзэхээр байсан. Учир нь том зөрүү гэдгийг ТОӨЗ-ийн 30.3 дугаар зүйлийн а/-д “Гэрээнд дурдсан ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үлэмж нөгөө үзүүлэхээр бол” гэж заасан. Энэхүү илүү ирүүлсэн тоног төхөөрөмж нь ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд нөлөө үзүүлэхээргүй байсан.

6.3. Иймд гуравдагч этгээд “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТОӨЗ-ийн 30.1, 30.2 дугаар зүйлийн дагуу шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн. Шаардлагад нийцсэн тендер тул ТОӨЗ 31.3-т “Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүү, алдааг засаж залруулна. Үүний үр дүнд орхигдуулсан эсхүл нийцээгүй зүйл эсхүл бүрэлдэхүүн хэсгийн үнийг тусгахын тулд зөвхөн харьцуулах зорилгоор тендерийн үнэд залруулга хийнэ. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэгт заасан үнэлгээний ба чадварын шалгуурт тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ гэж заасны дагуу тендерийг шударгаар харьцуулах, нөхцөлийг хангах зорилгоор гуравдагч этгээдийн компанийн үнийн саналаас хийж гүйцэтгэх ажилд шаардлагагүй, илүү ирүүлсэн тоног төхөөрөмжийн үнэд залруулга хийж үнэлсэн байна.

 

7. Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт дор хаяж усны барилгын мэргэшсэн эсхүл зөвлөх инженерийн зэрэгтэй байх ба түүний нийт ажилласан жил 10, үүнээс 5 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх ёстой гэж заасан байдаг.

7.1. Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичигт санал болгосон Н.С нь шаардлагыг бүрэн хангаж байгаа. Гэтэл шүүх нотлох баримтуудыг судалж үзэлгүйгээр буруу дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Хэргийн материалд гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичиг Н.С-ын бүхий л нотлох баримтууд авагдсан байгаа.

 

8. Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олон улсын гэрээ байгуулагдсан.

8.1. Энэ гэрээгээр захиалагч яамны эрх үүргийг тодорхой заасан. Захиалагч яам буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний томилсон үнэлгээний хороо нь зөвхөн дангаараа, дур мэдэн шийдвэр гаргаагүй бөгөөд Азийн хөгжлийн банк бүрэн эрхийнхээ хүрээнд бүхий л үнэлгээ, тайланг хянаж нэмэлт тодруулга авах, залруулга хийх заавар зөвлөгөөг өгч эцсийн шийдвэрийг гаргаж ажилласан. Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл буюу эрх олгогдсоны үндсэн дээр захиалагч болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл албан бичгийг гаргасан.

8.2. Энэхүү Азиын хөгжлийн банкны зөвшөөрлийг орчуулгын хамт шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн боловч шүүх эдгээр нотлох баримтыг судлаагүй, шүүхийн шийдвэртээ огт дурьдаагүй дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

9. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал З.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

10.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Шүүхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийн “А” ХХК болон “Х” ХХК-д холбогдох хэсгийг болон тус яамны тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хэвээрээ гэж хэлсээр байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн сайн дураар өөрчлөн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагад тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцох шаардлага байхгүй байхад шүүх өөрийн санаачилгаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлэхийг яаманд даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг зөрчсөн. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/33 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хороо тендерийг үнэлж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дүгнэлт гаргасан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тендер шалгаруулалтыг дахин үнэлэх эрх хэмжээ байхгүй тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй.

 

11. Мөн шүүхээс 2021 оны 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг захиргааны акт гэж үзсэн нь Захиргааны ерөнхий 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ талаар Монгол Улсын 5149:2002 тоот баримт бичгийн төрөл, тодорхойлолтыг баталсан стандартын 5.3.11 “мэдэгдэл гэж тодорхой үйл ажиллагаа, асуудал, сэдвийн талаар үзэл бодол, байр сууриа нийтэд танилцуулах зорилгоор гаргасан бичиг баримт” гэж томъёолсон. Тус мэдэгдэл нь захирамжилсан шинжгүй, тендерт шалгараагүй талаар үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулсан зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг юм.

11.1. Худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын 87-р заалтын тайлбарт заасны дагуу маргаан бүхий 01/2818 тоот “Гэрээ байгуулах эрх олгох илэрхийлэл бүхий мэдэгдэл” гэж гаргасан. Ингээд мөн журмын 91-т заасны дагуу тухайн мэдэгдлийг хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр СW-6 дугаартай Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ногоо хашаа дэд төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь журмын дагуу мэдэгдлүүдийг өгч зохих ёсоор гэрээ байгуулагдсан байна.

11.2. Өнөөдрийн байдлаар манай компани тендер шалгаруулалтад шалгараад ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан Азийн хөгжлийн банкнаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 172 сая төгрөгийн эхний ээлжийн урьдчилгаагаа аваад, төлөвлөгөөний дагуу одоогийн байдлаар 11 аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй ажил гүйцэтгэх болон худалдаан авах, түрээсийн гэрээ байгуулан төлбөрүүд хийгдсэн, үндсэн далангийн ажлын 8000 ш хавтанг орон нутагт цутгах ажил хийгдээд эхэлчихсэн, төмөр торон хашаа болон мод тарих гээд гүйцэтгэх ажлынхаа 30%-ийг гүйцэтгэсэн байдалтай ажиллаж байна.

 

12. Шүүхээс тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин үнэлэхийг даалгаж шийдвэрлэсэн шийдвэр нь биелэгдэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны гараагүй. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хорооны үнэлгээ дүгнэлтээ гаргаад Азийн хөгжлийн банкаар хянуулаад, Азийн хөгжлийн банкнаас үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хүчин төгөлдөр, мөн тус хорооны дүгнэлтийн дагуу шалгарсан компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу үүргээ биелүүлсэн байхад тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна.

12.1. Худалдан авах ажиллагааны журмын 1.31, 1.32-т заасны дагуу Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банкнаас нэхэмжлэгчид удаа дараа тендер шалгаруулалт үндэслэлтэй болох талаар хариу өгсөн байдаг. Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн яамнаас гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж байгаа тул тус мэдэгдлийн тодорхой хэсгийг хүчингүй болголоо гээд тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болох боломжгүй. Нөгөө талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тендер шалгаруулалтыг хүчингүй болгох талаар байдаггүй.

 

13. Анхан шатны шүүх тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ “тогтмол үнэ” байхаар ТОӨЗ 15.8-д заасан байхад хариуцагч нь ийнхүү үнийн санал ирүүлснээс хасч үнэлсэн нь Тендерийн бичиг баримтын 28.1-т заасныг зөрчсөн гэсэн нь тухайн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ТОӨЗ 15.8-д тендерийн үнийг тогтмол байхаар эсхүл тохируулга хийх боломжтойгоор тогтоох талаар заажээ. Энэ нь гэрээ хэрэгжүүлэх хугацаанд үнэ тогтмол байх, аливаа нэг өөрчлөлт оруулахгүй, тохируулгатай үнийг зөвшөөрсөн бол гэрээний нөхцөлд заасны дагуу ажиллах хүчин, түүхий эд материал, тээвэр болон гүйцэтгэгчийн тоног төхөөрөмж зэрэг зардлын зүйлд өөрчлөлт оруулж тохируулга хийх боломжтой талаарх гэрээ байгуулснаас хойшх үнэ учраас тус үнэ үндэслэлээр ирүүлсэн үнийн саналаас хасч үнэлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

13.1. Мөн шүүхээс гуравдагч этгээдийн тендерийн үнээс 256,818,182 төгрөгийг хассан асуудал нь тендерийн баримт бичигт заасан “жижиг зөрүү” биш бөгөөд тендерийн үнэд нөлөөлж тус компанийг шалгаруулах үндэслэл болсон агуулгаараа ТОӨЗ 30.3 в-д заасан “том зөрүү”-д хамаарч байх тул шаардлагад нийцсэн гэж үзэхээргүй байгаа ба энэ нь Худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын 9-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Тендерийн баримт бичгийн 31.3 болон залруулга хийхдээ 3 дугаар бүлэгт тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ гэж зохицуулсан нь Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт заасан журам болон эрхийнхээ дагуу тендерийг тэгш шударгаар харьцуулах зорилгоор өөрийн гэсэн үнэлгээг хийсэн нь Тендерийн баримт бичигтээ нийцэж байгааг шүүх анхаарсангүй.

13.2. Шүүх гуравдагч этгээд нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн. ТОӨЗ 4.8-д БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2, БА 2.1, 2.1.2-д заасан. Манай компани 2016 онд тусгай зөвшөөрлөө 5 жилийн хугацаатайгаар авсан ба хугацаа дууссан тул сунгуулахаар материалаа өгсөн. Тендерийн баримт бичигт заасан шаардлагын холбогдох байгууллагын шийдвэрийг ирүүлнэ гэсний дагуу Барилгын Үндэсний Ассоциацын 2021 оны 21/554/ТЗ албан тоотыг, улсын бүртгэлийн гэрчилгээний хамт өгсөн бөгөөд Барилга угсралтын 2.1.2-т заасан ажлын зөвшөөрөл байсан, харин сунгуулахаар өгсөн баримтын дагуу дээрх албан тоотын дагуу БА 4.1-ээр зөвшөөрөл олгох асуудал дэмжигдэж улмаар тусгай зөвшөөрлөө авсан нь нотлогдсон байна.

 

14. Тендерийн баримт бичгийн дагуу бүхий л нотлох баримтуудыг хангаж тендерт шалгарсан нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн.

14.1. Шүүх хуралдааны үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О нь нотлох баримтуудаа судлуулж байхад шүүгч “наад уншаад хэлээд байгаа зүйлийг чинь ойлгохгүй байна, олохгүй байна, наад хараад уншаад байгаа бичгээ өгчих” гээд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс бичиг бүхий цаас авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4, 96 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг шүүх хуралдаан товлохоос өмнө болон хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх хуралдаан дээр нотлох баримт нэмж авч улмаар талуудад танилцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим, шүүхийн өмнө эрх тэгш байх, хуульд захирагдах зарчмууд зөрчигдөн нэхэмжлэгч талд давуу байдлыг бий болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

14.2. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдаагүй байсан тул шүүх хуралдааны тэмдэглэлд нэмж тусгуулахаар хүсэлт гаргасан болно.

 

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Азийн хөгжлийн банк болон Япон улсын “Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр хийгдэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНҮБУХААТ/202102007/01/01 тоот тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, Азийн хөгжлийн банкны “Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу үнэлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ээр гуравдагч этгээд “Х” ХХК нь нээлтийн үед зарлагдсан тендерийн үнэ 2.150.919.554 төгрөг, тендерийн үнэлэгдсэн үнэ 1.894.101.372 төгрөгөөр шалгарсан, бусад оролцогчдын тендерийн нээлтийн үнэ болон тендерийн үнэлэгдсэн үнэ ижил ... нэхэмжлэгч “А” ХХК 2.083.487.179 төгрөг гэж тендерт шалгарсан оролцогчоос 189.385.807 төгрөгөөр өндөр үнийн дүнтэй тендер ирүүлсэн...” гэж мэдэгдсэн байна.

2.1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд хандан “... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалттай холбоотойгоор тус яамны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгох, тендерийг дахин хянаж, үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд даалгуулах”-аар нэхэмжлэл гаргаж маргасан, энэ хүрээнд шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд “А” ХХК-иас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендер шалгаруулалт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй болох нь тогтоогджээ.

2.2. Нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан “... Тендерийн үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн ТОӨЗ 7.4, 31.3, 34.3, 2 дугаар бүлгийн ТОӨЗ 4.8, 12.1, ж, 3 дугаар бүлгийн үнэлгээний ба чадварын шалгуурын 1.5-д заасан заалтуудыг зөрчиж шалгаруулалтыг явуулсан” гэх агуулгаар маргасан.

2.3. Дээрхээс үзвэл, маргаж буй “... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалттай холбоотойгоор гаргасан яамны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг даалгах...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

2.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

2.5. Гэтэл нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэхээр, шүүхээс тухайн мэдэгдлийг хүчингүй болгох агуулгаар шийдвэр гаргасан тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд тендер шалгаруулалтын ялагч болох эсэх, тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаан байгаа эсэх, уг шаардлагаас улбаалж гарсан тендерийг дахин хянаж үнэлэхийг даалгах агуулга бүхий шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болохыг анхаараагүй алдаа гаргасан байна. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... хүчингүй болгуулах, ... захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ёстой байжээ.

3.1. Түүнээс биш, “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах” нэхэмжлэгчийн эрх, үүргийн хүрээнд шүүхээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл Улиастай Завхан ХНҮБУХААТ/202105007/01/01 тоот тендер шалгаруулалт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийг тодруулах, нэмэгдүүлэх агуулгаар анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

4. Түүнчлэн гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “... захиргааны акт биш, ... захирамжилсан шинжийг агуулаагүй, ... зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Энэхүү маргаан нь тендерт оролцогч нэхэмжлэгч “А” ХХК-иас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар зарласан тендерт гуравдагч этгээд “Х” ХХК-ийг шалгаруулсныг эс зөвшөөрч, уг үйл ажиллагааны явцад гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах болон даалгах агуулгаар маргасан буюу нийтийн эрх зүйн субъектээс гарсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхтэй холбоотой маргаан юм.

4.1. Мөн нэхэмжлэгч “А” ХХК нь “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-тэй маргаж байгаагаас гадна уг мэдэгдлийг ямар Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэн гаргасан болох нь тодорхойгүй, хариуцагчаас “... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам буюу захиалагч нь тус тендер шалгаруулалтын үнэлгээг хийх эрх бүхий субъект биш,... Тендер шалгаруулалтын үнэлгээг ... тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А-33 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо захиалагчаас хараат бусаар, Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн” гэж маргах бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих, хэрэв нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна гэж зохицуулсанаар анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хэрхэн хөндөгдсөн болохыг дүгнэж, хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

5. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН