| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/178 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/178
2021 02 10 2021/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч Р.Очирсүрэн
шүүгдэгч Б.Шийрав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Шийравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000000188 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Топ пассат” ХХКомпанид гагнуурчин ажилтай, ам бүл-9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 9 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Саарал овогт Бат-Эрдэнийн Шийрав (РД:ИТ95122014).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Шийрав нь 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 9 дүгээр гудамж 03 тоот хашааны гадна Х.Хүрэлсүхийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд “дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэлэнд язрал, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун доод 1, зүүн доод 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шийрав “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Хохирогч Х.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой манай төрсөн дүү Хүрэл-Эрдэнэ өөрийн Приус-20 маркийн машинаа хашааны гадаа гудамжинд тавьсан байсан. Тэгсэн орой 24:00 цаг өнгөрч байхад манай нохой хашааны үүд рүү хараад хуцаад байхаар нь байшингийнхаа цонхоор харахад манай ээж Махбал, дүү Хүрэл-Эрдэнэ нар хашааны хаалгаар гараад явж байгаа харагдахаар нь би араас нь гэрээсээ гараад очсон. Манай дүү үл таних хоёр согтуу залууд “та нар машины куперийн будаг халцлаад хаячихсан байна” гэсэн чинь нэг залуу нь “бид хоёр төлөөд өгчихнө” гэсэн. Тэгсэн нэг цэнхэр дээлтэй залуу нь манай дүүг барьж аваад газар хавсарч унагаад дээр нь гарсан. Нөгөө нэг залуу нь тэр хоёр дээр явж очоод манай дүүг дээрээс нь нийлж дарахаар нь би сүүлд очсон хар цамцтай залууг дүүгийнхээ дээрээс авах гээд хойноос татсан. Тэгсэн нөгөө залуу над руу эргэж хараад нүүр хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн. Миний хамар, амнаас цус гарахаар нь би нөгөө залууд хандаж “чи миний шүд, хамрыг гэмтээчихлээ” гэж хэлээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
- Гэрч Ч.Баттуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 24 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 9-03 тоотод гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байсан. Нохой хуцаад байсан. Энэ үед манай нөхөр Хүрэлсүх гэрээсээ гараад яваад хэсэг хугацааны дараа гэртээ орж ирээд Хүрэл-Эрдэнийн машины куперийг хагалчихсан байна, цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгчхөөд хашааны гадна гарч ирэх үед хоёр согтуу залуу манай нөхөр Хүрэлсүх, түүний дүү Хүрэл-Эрдэнэ нарын хамт зогсож байсан. Би Хүрэл-Эрдэнээс машины дугаарыг нь асуухад надад машиныхаа дугаарыг хэлсэн. Тэгсэн цэнхэр дээлтэй согтуу залуу Хүрэл-Эрдэнийг “би яахаараа машины дугаараа хэлдэг юм” гэж хэлээд газар хавсраад унагаасан. Гэтэл цаана зогсож байсан бас нэг залуу тэр хоёр дээр яваад очих үед манай нөхөр Хүрэлсүх сүүлд очсон хар цамцтай залуугийн араас татсан чинь манай нөхрийг эргэж хараад нүүр хэсэгт нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгсэн манай нөхрийн хамраас цус гараад “миний шүд уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Нөхөр бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
- Гэрч С.Махбалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 9-03 тоот гэртээ хүү Хүрэл-Эрдэнийн хамт байж байгаад орой 24 цагийн үед би үнсээ асгах гээд гэрээсээ гартал хашааны үүдэнд байсан хүмүүс манай хүүгийн машины руу нэг зүйлээр цохчихсон. Тэгэхээр нь би хашаанаас гараад очтол нэг машин хөдөлж яваад, хоёр залуу хашааны гадаа үлдсэн. Би хоёр залууд “та нар юу болоод байгаа юм” гэж хэлээд, хүү Хүрэл-Эрдэнийг дуудсан. Манай хүү гарч ирэхэд цэнхэр дээлтэй залуу нь Хүрэл-Эрдэнэ рүү “юун сүртэй юм, зүгээр л байна ш дээ” гэж дайраад, барьж аваад газарт унагаасан. Тэгсэн нөгөө нэг залуу нь тэр хоёр руу очиж дээрээс нь давхралдсан. Тэр үед манай хүү Хүрэлсүх хашаанаас гарч ирээд дүү Хүрэл-Эрдэнийн дээрээс дарсан хүмүүсийг салгах гээд татсан чинь Хүрэлсүхийг нэг залуу нүүр хэсэгт нь мөргөсөн. Тэгсэн Хүрэлсүхийн хамар, амнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),
- Гэрч Х.Хүрэл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...манай ах Хүрэлсүх хашаанаас гарч ирээд миний дээрээс нөгөө хоёр залууг авах гээд сүүлд ирсэн залууг хойноос нь татсан чинь манай ахыг тэр залуу толгойгоороо мөргөсөн. Гэтэл манай ах Хүрэлсүхийн хамар, амнаас цус гарсан... Х.Хүрэлсүх ахын дээд талын урд 1 шүд унасан. Доод 3 шүд хөдөлсөн. Дээд уруулын дотор хэсэгт язарч хавдсан байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 986 дугаартай: “ Хэсэг газрын үзлэгт ...доод уруулын дунд хэсэгт 1х0см, 0,4х0,2см хүрэн улаан өнгийн зулгаралттай, орчны эдээс овойж хавдсан. Зүүн дээд 1 дүгээр шүд үгүй, буйл хонхор, цус хурсан. Бараан дээд 1 дүгээр шүд үгүй, буйл мөлгөр, Баруун доод 1, Зүүн доод 1 дүгээр шүд урагш хойш 2 чиглэлд хөдөлгөөн орсон. Хэлний үзүүр хэсэгт 0,4х0,1см салст язарч, цайвар цагаан өнгийн өнгөр тогтсон...,
1. Х.Хүрэлсүхийн биед дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэлэнд язрал, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун доод 1, зүүн доод 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)
- Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00:2:19 цагт “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 9-03 тоотоос хажуу айлын залуу манай нөхрийг зодчихлоо" гэх дуудлага мэдээллийг 90119620 дугаарын утаснаас ирүүлсэн лавлагаа (хавтаст хэргийн 2 дүгээр хуудас),
“...би босох үедээ санаандгүй нөгөө залуугийн нүүр хэсэгт толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 65-74 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Шийравт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Шийравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Шийрав нь 2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 9 дүгээр гудамж 03 тоот хашааны гадна иргэн Х.Хүрэлсүхийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
- хохирогч Х.Хүрэлсүхийн “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 24:00 цаг өнгөрч байхад...ээж Махбал, дүү Хүрэл-Эрдэнэ нар хашааны хаалгаар гараад явж харагдахаар нь би араас нь очсон...цэнхэр дээлтэй залуу нь манай дүүг барьж аваад газар хавсарч унагаад дээр нь гарсан. Нөгөө нэг залуу нь тэр хоёр дээр явж очоод дарахаар нь би сүүлд очсон залууг дүүгийнхээ дээрээс авах гээд хойноос нь татсан. Тэгсэн нөгөө залуу над руу эргэж хараад нүүр хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хх13-14),
- гэрч Ч.Баттуулын “...нөхөр Хүрэлсүх гэрээс гараад хэсэг хугацааны дараа орж ирээд Хүрэл-Эрдэнийн машины куперийг хагалчихсан байна, цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгчхөөд хашааны гадна гарсан...тэгсэн цэнхэр дээлтэй залуу Хүрэл-Эрдэнийг...газар хавсраад унагаасан. Гэтэл цаана зогсож байсан нэг залуу тэр хоёр дээр очих үед Хүрэлсүх сүүлд очсон залуугийн араас татсан чинь эргэж хараад нүүр хэсэгт нь нэг удаа толгойгоороо мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хх16-17),
- гэрч С.Махбалийн “...орой 24 цагийн үед үнсээ асгах гээд гэрээсээ гартал хашааны үүдэнд хүмүүс манай хүүгийн машины руу нэг зүйлээр цохчихсон. Тэгэхээр нь би...хүү Хүрэл-Эрдэнийг дуудсан. Хүрэл-Эрдэнэ гарч ирэхэд цэнхэр дээлтэй залуу нь манай хүү рүү ...дайраад, барьж аваад газарт унагаасан. Нөгөө нэг залуу нь дээрээс нь давхралдсан. Тэр үед хүү Хүрэлсүх гарч ирээд Хүрэл-Эрдэнийн дээрээс дарсан хүмүүсийг салгах гээд татсан чинь нэг залуу Хүрэлсүхийн нүүр хэсэгт мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хх25-26),
- гэрч Х.Хүрэл-Эрдэнийн “...ах Хүрэлсүх хашаанаас гарч ирээд ...сүүлд ирсэн залууг хойноос нь татсан чинь манай ахыг тэр залуу толгойгоороо мөргөсөн. Гэтэл ах Хүрэлсүхийн хамар, амнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-28),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 986 дугаартай дүгнэлт (хх35-36) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Шийрав нь хохирогч Х.Хүрэлсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Шийрав нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, иргэн Х.Хүрэлсүхийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд “дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэлэнд язрал, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун доод 1, зүүн доод 1-р шүдний сулрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч Б.Шийравыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Шийрав нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Х.Хүрэлсүх нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд тэрээр “хохиролд 1.500.000 төгрөг бэлнээр авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-76)-ийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Шийравыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Шийравт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Шийрав нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-49) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Шийрав нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-75) гаргасныг прокурор “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр тогтоол (хх81-82)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүх шүүгдэгч Б.Шийравыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /“Топ пассат” ХХКомпанид гагнуурчин ажилтай, тодорхой орлого олдог, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан/-ыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шийравт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 150 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2108000000188 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Шийрав нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Саарал овогт Бат-Эрдэнийн Шийравыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шийравыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Шийравт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 150 (нэг зуун тавин) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн 2108000000188 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Шийрав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шийравт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР