Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        01           12                                  2021/ШЦТ/65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн 2006 00000 2756 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эх 1853 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар Э.О эдлээгүй үлдсэн 9 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн,  

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Э.О нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эрдэнэсувдтай маргалдаж үснээс нь зулгааж гараараа цохиж зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал хоёр шууны цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн алганы зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Цолмонтуяагийн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Цолмонтуяагийн мэдүүлэг /хх-17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №11892 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24-25/, яллагдагч Э.О мэдүүлэг /хх-52-53/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эрдэнэсувдтай маргалдаж үснээс нь зулгааж гараараа цохиж зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал хоёр шууны цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн алганы зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эрдэнэсувдын “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14:00 цагийн үед надтай хамт хоригдож байсан О гэх охин над руу залгаад хүрээд ирээч уулзъя гэж байсан. Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу-Эрдэнийн найз гэх айлд хүргүүлсэн. Тэнд О түүний найз Маралаа, мөн хосууд гэх хоёр хүн байсан. Мөн манай найз Цолмонхүү намайг авахаар ирсэн байсан. Тэнд байсан хоёр хос хоорондоо хэрэлдээд байсан бөгөөд би салгахаар оролдож байсан. Энэ үед О нь намайг хосуудын хооронд орлоо гээд байсан. Үүнээс болж О бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд тэнд байсан хүмүүс салгаад байсан. Намайг явах гэхэд “Би тэнсэнтэй байгаа, наадхаа битгий гаргаарай, гай болно, нэгийг хутгалж болсон юм чинь чамайг хутгална” гээд хутга хайгаад байсан. Харин тэнд байсан найзынх нь нөхөр гэх залуу хориглоод байсан. О нь намайг үстээд унахад би ахар сүүлээрээ буйдан дээр маш эвгүй унасан. Миний хөл гар биеийн бүх хэсэгт маш их цохиж зодсон. Би тэндээс гараад зугтал араас найзынх нөхөр гэх эрэгтэй хөөгөөд байсан бөгөөд би такси зогсоотол тэр залуу нь эргээд зугтсан. Би тэр таксины жолоочтой хамт цагдаад дуудлага өгөөд ээж рүүгээ залгаад гэртээ харихаар явсан. Миний гар утас болон аваад тавьсан байсан ээмэг, зүүлт, харааны нүдний шил зэрэг тэнд байгаа...” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цолмонтуяагийн “...Тэгээд Оюу-Эрдэнийн ахыг архичин гэж доромжлоод эхэлсэн юм. Өөрийгөө байрны айлын хүүхэд манай аав ээж нар баян ийм газарт өсгөөгүй гэсэн. Тэгээд Оюу-Эрдэнийн ахыг архичин гээд доромжлоод байхаар нь О уурлаад босож ирээд Эрдэнэсувдыг үснээс нь зулгаагаад авсан. Тэгээд тэр хоёр газар унаад Оюу-Эрдэнийг боль гэсэн чинь Эрдэнэсувдыг үстэж байгаа больсон...” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №11892 дугаартай “...Э.Эрдэнэсувдын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр шууны цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн алганы зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-24-25/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.О “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өглөө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь-эх 3-1853 тоотод гэртээ сэрэхэд Эрдэнэсувд над руу чат бичээд Маралаа чам дээр очиж байна гэнээ, очсон уу гэсэн байсан. Тэгэхээр нь би ирчихсэн байна аа гэж хэлсэн чинь Эрдэнэсувд нь би ч гэсэн яваад очих уу гээд бичсэн. Тэгэхээр нь би өөрөө л мэд, хүрээд ирвэл ирэхгүй юу гэж хэлсэн. Тухайн үед би 21 дүгээр хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм. Тэгээд ажлаа хийх гээд Маралаатай хамт гадуур айлуудаар явж юм тараасан. Өдөр 16 цаг өнгөрч байхад бид хоёрын ажил дуусаад Маралаатай хамт Цолмонтуяагийн гэрт очсон. Гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан 21-р хороо Жамсран уулын өвөрт байдаг. Гэрт нь ирэхэд Цолмонтуяа, түүний нөхөр Ганхуяг нар байж байсан. Тэгээд дөнгөж орж ирээд байж байгаад 20 минутын дараа гаднаас Эрдэнэсувд орж ирсэн. Тухайн үед Эрдэнэсувд тэдний гэрт орж ирэхээсээ өмнө над руу чат бичиж байсан. Юу гэсэн бэ гэвэл уух юм уу яах юм, ууна гэвэл би найз залуугаас мөнгө авах гээд байна аа гэж бичиж байсан. Тэгэхээр нь би тэгвэл тэгээ л гэсэн. Манай найз Цолмонтуяа нь орой 20 цагаас ажилтай байсан. Харин бид хэд ганц удаа ажлаасаа чөлөө авчих гээд ятгаж байгаад чөлөө авхуулсан. Тэгээд Эрдэнэсувд бид хоёр гарч дэлгүүр ороод 3 том пиво, 1 шил архи, ундаа, гоймон аваад орсон. Гэрт нь ороод Цолмонтуяа, Ганхуяг, Эрдэнэсувд, Маралаа бид нар тойрч суугаад уугаад, тоглоом тоглож эхэлсэн. Нээх удахгүй 23 цагийн үед Эрдэнэсувдын хуучин найз залуу Цолмонхүү нь гадаа машинтай ирсэн. Тэгээд Эрдэнэсувд бид хоёр гарч Цолмонхүүтэй уулзсан. Цолмонхүү нь бид нарт цэнэг авчирсан байсан. Тэр юмыг нь авчхаад Эрдэнэсувд нь одоо яв гээд хэлсэн. Би тэгэхээр нь ядаж орчхоод гарахгүй юу гэж хэлсэн. Тэгээд Цолмонхүү нь машинаас буугаад Цолмонтуяагийн гэрт орсон. Тэгээд бөөндөө юм яриад сууцгааж байгаад байгаад Цолмонхүү нь Цолмонтуяатай хамт дэлгүүр гараад дахиад 2 том пиво авч орж ирсэн. Тэгээд бөөндөө ууж сууж байгаад би өнгөрсөн талийгаач эгчийгээ яриад байсан чинь Эрдэнэсувд нь ядаргаатай юм. Дандаа наадхаа яриад байдаг гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэсувд бид хоёр маргалдсан. Маргалдаад Эрдэнэсувд намайг түрүүлээд алгадсан. Тэгээд би зөрүүлээд алгадсан. Тэгээд байж байсан чинь Эрдэнэсувд намайг түлхэж унагаад дээр гараад подвалкнаас чирээд, подвалк урж хаяад өшиглөөд хүзүү амнаас маажаад байсан. Тухайн үед Цолмонтуяа, Ганхуяг нар Эрдэнэсувдыг надаас салгасан. Тэгээд Эрдэнэсувд бид хоёр буцаад эвлэрсэн. Тэгээд Эрдэнэсувд нь Ганхуягийг тайвшруулаад харин би Цолмонтуяатай тайвшруулаад боль гээд сууж байсан юм. Тэгээд тэр хоёрыг хэрүүл дууссан. Тэгсэн чинь Эрдэнэсувд учир зүггүй агсраад гэр бүлийн хамааралтай хүн болох  хорооллын халтар юмнууд ахыгаа дэлгүүрээс архи авч байхад болиулж чаддаггүй гээд гэнэт агсраад эхэлсэн. Тэгэхээр нь би очоод Эрдэнэсувдыг үстэж аваад бид хоёр газар унаад өгсөн. Тэгээд л үстэж байгаад тавьчихсан. Тэгээд байж байсан чинь Эрдэнэсувд би явлаа гээд байхаар нь наадхаа зайлуул гэж хэлсэн тэгээд Ганхуяг, Маралаа нар Эрдэнэсувдыг аргадаад үлд гээд байсан. Тэгээд байж байтал би унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Эрдэнэсувд явчихсан байсан. Тэгээд унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Эрдэнэсувд явчихсан байсан. Ийм л зүйл болсон...” /хх-52-53/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.О нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эрдэнэсувдтай маргалдаж үснээс нь зулгааж гараараа цохиж зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал хоёр шууны цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн алганы зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт баримт өгөөгүй тул шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Оюу-Эрдэний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн өмнө нь ял шийтгүүлж байсан хувийн байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүлйин 1 дэх заалтад зааснаар “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар  “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.О нь урьд Сүхбаатар дүүргийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар Э.О эдлээгүй үлдсэн 9 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа “...1. Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. “...2.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. “2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...” гэж заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж шүүгдэгч Э.О ялыг 40 хоногоор хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу “...Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэнэ...” гэж заасны дагуу уг ял дээр урьд Сүхбаатар дүүргийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 29 хоногийг ялыг нэмж нэгтгэн 11 /арван нэг/ сар 09 /ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюу-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж 40 хоног хорих ял болгон дээр нь урьд Сүхбаатар дүүргийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 29 хоногийг ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 11 /арван нэг/ сар 09 /ес/ хоногоор тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан 11 сар 09 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч      Э.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА