Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 155

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 27А байрны 12 тоотод оршин суух /РД:ЛИ67050769, утасны дугаар 99839648/, Пяранлай овогт Ухнын Мөнгөнцэцэгийн

 

 “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн даргаар     Н.Бат-Очир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч У.Мөнгөнцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989-1990 оныг хүртэл аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороонд пионерийн байгууллагын зөвлөлийн пионерийн ажил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан. Миний анх ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал архиваас олдохгүй байна. Би тухайн үед 1989-1990 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бөглөлт хийлгүй хоосон байна. Иймд намайг аймгийн ХЗЭ-ийн хороонд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч Пяранлай овогт Ухнын Мөнгөнцэцэг нь  1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл  Сүхбаатар аймгийн ХЗЭ-ийн хороонд пионерийн байгууллагын зөвлөлийн пионерийн ажил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

У.Мөнгөнцэцэгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

Хүсэлт гаргагч Пяранлай овогт Ухнын Мөнгөнцэцэг нь нь  1989 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 он хүртэл  Сүхбаатар аймгийн ХЗЭ-ийн хороонд пионерийн байгууллагын зөвлөлийн пионерийн ажил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан болох нь  аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын 1989 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай зөвөлгөөний тогтоол, фото зураг, иргэний үнэмлэхний хуулбар,

 

  -гэрч, Ойд овогт Жамбын Буд /РД:ЛЮ62020704/-ын “Би 1983 оны 7 дугаар сард Улсын багшийн дээд сургууль төгсөж ирээд аймгийн МХЗЭ-ийн хорооны               2 дугаар 8-н жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар томилогдон 1989-1990 оныг хүртэл бага сургуулийн пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан. Энэ үед У.Мөнгөнцэцэг аймгийн пионерийн ажил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан.  Бид нар бол ажил төрлийн байнгийн холбоотойгоос гадна аймгийн МХЗЭ-ийн хорооноос цалинждаг байсан.  Энэ үеэс эхлэн Мөнгөнцэцэгийг таньдаг болсон. Фото зурган дээр дээд эгнээний хамгийн эхний зурагны доод талд сууж байгаа эмэгтэй нь Мөнгөнцэцэг байна. Дээд эгнээний 2 дахь зураг буюу 3 эмэгтэйгийн дундах У.Мөнгөнцэцэг байна. Доод эгнээний эхний зурган дээр У.Мөнгөнцэцэг зүүн гар талд нь зогсож байна. Сүүлийн гурвуулаа авахуулсан зурган дээр зүүн гар талд зогсож байна” гэх мэдүүлэг, 

 

 -гэрч Дарь овогт Далайбаярын Баяраа /РД:ЛЮ59030110/-ын “У.Мөнгөнцэцэг нь аймгийн МХЗЭ-ийн хорооны зохион байгуулагчаар 1989-1990 он хүртэл ажиллаж байсан. Аймгийн МХЗЭ-ийн хороо нь 1990 оны 1дүгээр сарын 16-нд тараад МЗХолбоо болсон. Фото зурган дээр дээд эгнээний хамгийн эхний зурагны баруун гар талаас 2 дахь эгнээнд байгаа би байна. Энэ зурагны доод талд сууж байгаа эмэгтэй нь Мөнгөнцэцэг мөн байна. Дээд эгнээний 2 дахь зураг буюу 3 эмэгтэйгийн дундах нь У.Мөнгөнцэцэг байна. Доод эгнээний эхний зурган дээр У.Мөнгөнцэцэг зүүн гар талд нь зогсож байна. Сүүлийн гурвуулаа авахуулсан зурган дээр зүүн гар талд зогсож байна.Энэ зурагнууд 1989 оны зурагнууд байна” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Учир нь хүсэлт гаргагч У.Мөнгөнцэцэгийг аймгийн ХЗЭ-ийн хороонд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн ажиллаж байсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ. 

 

Хүсэлт гаргагч У.Мөнгөнцэцэг нь 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн нотлох баримтаа цуглуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Мөнгөнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Пяранлай овогт Ухнын Мөнгөнцэцэг нь  1989 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 он хүртэл  Сүхбаатар аймгийн ХЗЭ-ийн хороонд пионерийн байгууллагын зөвлөлийн пионерийн ажил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Хүсэлт гаргагч У.Мөнгөнцэцэг нь 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн нотлох баримтаа цуглуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Мөнгөнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ