Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

     2021        01           29                                  2021/ШЦТ/155

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Чимэдцэеэ /цахимаар/,

Хохирогч Д.Ган-Оюун,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Гэд холбогдох эрүүгийн 2006 00000 2894 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувцасны дизайнер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, охин, хадам ээжийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо алтай хотхоны 52г байрны 85 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х.Г,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 721 дүгээр байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Ган-Оюуны баруун гарыг хутгаар зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ган-Оюун мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал байхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ган-Оюуны мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12260 дугаартай дүгнэлт /хх-23-24/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 721 дүгээр байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Ган-Оюуны баруун гарыг хутгаар зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ган-Оюуны “...Тухайн өдөр би гэртээ шөнө унтаж байхад хамтран амьдрагч Х.Г нь шөнийн 03-04 цагийн хооронд гэрт халамцуу орж ирсэн. Тэгээд тухайн үед манай ээж манай гэрт байсан бөгөөд манай нөхөр ээж хоёр манайд Гийн аавын дүүгийн 8 настай хүүхэд нь манайхаас 3 дугаар ангид сургуульд явах гэж байгаа бөгөөд төрсөн ааваас нь Г бид хоёрт хүүхдээ хариуцуулан манай асрамжид байлгахыг зөвшөөрч байгаа болохыг гараараа бичээд явуулах ёстой байсан бөгөөд тухайн бичиг нь ирээгүй байхад тухайн хүүхдийг сургуульд нь оруулсан байсан. Тэгээд манай ээж Гэд хүүхдийн бүх бичиг баримтыг авч байж сургуульд оруулахгүй яасан юм гэж хэлснийг Г буруугаар мушгиад ээжийг та хүүхэд ад үзлээ гэж гүтгэсэн. Тэгээд ээжтэй маргалдаад эвхсэн хөнжил ээж рүү шидсэн. Тэгээд би ээжийг хамгаалаад өрөөнөөс гаргасан. Г тэгээд гэрт шүүгээ нь дээр байсан бурхныг газарт шидээд сервантанд байсан өөрийн олон эвхэгддэг улаан хүрэн өнгийн жижиг тонгорог хутгыг аваад ээжийг ална гээд ээжийн өрөө рүү явахаар нь би замд нь хөндөлсөөд оруулахгүй гэж ноцолдоод байж байхад цаанаас ээж гарч ирээд ээж рүү дайраад би ээжийг хамгаалаад ээж миний ард нуугдсан байхад хутгаар ээжийг хутгалах гээд чичээд байсан. Би хутгыг нь болиулах гээд ноцолдож байхад миний гарыг зүссэн. Тэр үед Гийн хамаатны дүү Б.Чинболд тусалж Гийн хутгатай гараас зуурч татах үед Г миний гараас цус гараад Г тухайн цусыг хараад гэрээс гараад зугтаасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12260 дугаартай “...Д.Ган-Отгоны биед баруун гарын  дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-23-24/ гэх дүгнэлт гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 721 дүгээр байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Ган-Оюуны баруун гарыг хутгаар зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт баримт өгөөгүй тул шүүгдэгч Х.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.Гэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Г нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Х.Гэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА