| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч П.С нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С-д холбогдох эрүүгийн 2025004140001 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.С
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч П.С-ыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт иргэн Д.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С-ын мэдүүлсэн, яллах дүгнэлт үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...хамгийн наана зогсож байсан хүнээс очоод тамхи байна уу, нэг тамхи өгчих” гэсэн тамхи байхгүй гэсэн, тэгэхээр нь би гар утсаараа нэг яриулчих гэсэн, тэр залуу намайг “чи ямар ядаргаатай пизда вэ” гэж хэлсэн. Тэгээд би өөдөөс нь чи намайг пизда байхыг хаана харав гэсэн. Намайг гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохисон Тэгэхэд би газарт унасан.Босоод ирэхэд намайг цохисон хүн байхгүй болсон байсан...Би тухайн үед согтуу явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-Гэрч В.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 9 цагийн үед ажилчдын хувцас солих подвалын үүдэнд Сүхболдын хамт зогсож байтал дээгүүрээ шалдан, цагаан өнгийн фудволк гартаа барьсан согтуу залуу уруулаас нь цус гарч хатсан байдалтай бид 2 дээр ирээд Сүхболдоос гар утсаараа нэг яриул гэж байсан. Гэтэл Сүхболд нэгж байхгүй гэж хэлсэн чинь Сүхболд руу утсаараа яриулсангүй пизда гээд дайраад байсан. Гэтэл Сүхболд нэг удаа шанаа руу нь шанаадсан тэгэхээр нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 03-ны 580 дугаартай ... Д.О-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Уг гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хуучин гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар 16-ны 1183 дугаартай... Д.О-н биед тухайн үед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал хуучин гэмтэл буюу 2020 оны 07 сарын 16-наас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 580 дугаартай дүгнэлтийн 2-р хариултын түүнээс дээш удаагийн гэсэн нь, 5-р хариултууд үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,
-Эд зүйл, баримт, бичиг хүлээн авсан тухай тэмдэглэлээр хүлээн авсан хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 30-46-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.С нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ны ажилчдын хувцас солих байрны гадаа зогсож байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж утсаараа яриулчих гэж зүй зохисгүй үгээр өдөөн хатгасан Д.О-г нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгчийн П.С-ын үйлдлийн улмаас Д.О-н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 03-ны 580 дугаартай ... Д.Очбаярын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт... үүсчээ... гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар 16-ны 1183 дугаартай... Д.Очбаярын биед тухайн үед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал хуучин гэмтэл буюу 2020 оны 07 сарын 16-наас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 580 дугаартай дүгнэлтийн 2-р хариултын түүнээс дээш удаагийн гэсэн нь, 5-р хариултууд үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/ гэрчийн мэдүүлэг зэргээр бүрэн тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 03-ны 580 дугаартай ... Д.О-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал үүссэн...” болохыг тогтоосон боловч баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь П.С-ын үйлдлээр үүсээгүй, хуучин гэмтэл болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээгээр “...Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал хуучин гэмтэл буюу 2020 оны 07 сарын 16-наас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 580 дугаартай дүгнэлтийн 2-р хариултын түүнээс дээш удаагийн гэсэн нь, 5-р хариултууд үндэслэлгүй байна” гэж тогтоож дүгнэжээ.
Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч П.С нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт иргэн Д.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, өөрийгөө өмгөөлөх зүйл байхгүй. Түргэн зангаас боллоо гэж бодож байна. Хохиролд 1,500,000 төгрөг төлсөн гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг төлж барагдуулсан байдал зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Д.О нь хэрэгт 1,511,500 төгрөгийн эмчилгээний баримт хавсаргасан ба шүүгдэгчээс түүнд 1.500.000 төгрөгийг бэлнээр нөхөн төлсөн, хохирогч шүүх хуралдаанд ирээгүй, гомдолгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ