Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 138

 

           Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  9-р баг, Хайлаастын 23-2328 тоотод оршин суух /РД:ЛЮ88093078, утасны дугаар 99518086/ Авга овогт Сайнбилэгийн Баянмөнхийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, ШШГА-ны байрны 7 тоотол оршин суух /РД: ЦЕ78081514, утасны дугаар 99084665/ Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг төлөөлж даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хишигбадрах холбогдох 

 

 “Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин гаргуулах” тухай  гомдлыг  2017.02.14-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баянмөнх, хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг төлөөлж даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хишигбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  С.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэхгүй. Би 2016.01.01-нээс 2017.01.01-ны өдрийг хүртэл ГХБХБ газарт жолоочоор ажиллаж байсан. 2016.08.26-наас 2016.10.26-ныг хүртэл 2 сарын хугацаанд цалингүй чөлөө авсан. 2016.11.03-ны өдөр ажилдаа орох гэж очсон боловч дарга өөрөө байгаагүй, дараа нь 11 дүгээр сарын 14-нд очиход сургалт хийж байгаа гээд уулзах боломжгүй хүлээж бай гэсэн гээд ажилд оруулахгүй байсаар байгаад 2017.01.16-нд халагдах тушаал гаргаж надад өгсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв 

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг төлөөлж дарга Х.Хишигбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчтэй эвлэрэхгүй. Би 2016.08.30-ны өдөр ажилд томилогдсон. Намайг ажил авахад жолооч 2016.08.25-ны өдөр эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай учир тодорхойгүй хугацаагаар Улаанбаатар хотод онош тодруулах эмчилгээ хийлгэх чөлөө олгож өгөхийг хүссэн өргөдөл гаргасны дагуу 2 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон байсан. Тэгээд манай байгууллага 2 машинтай жолоочгүй байх боломжгүй болохоор 2016.09.13-ны өдөр Гантулга гэдэг хүнийг Баянмөнхийг өвчтэй байх хугацаанд авч ажиллуулсан.      Үүнээс хойш надтай ажилдаа орох талаар нэг ч удаа уулзаагүй байж байгаад 2016.11.14-нд ирж уулзахад нь чи чөлөө авахдаа өргөдлөөр чөлөө авсан байсан орохдоо мөн өргөдлөө авчирдаггүй юм уу гээд олон хоногоор ажил тасалсан гэдгийг хэлээд явуулсан. Тэгээд Баянмөнх нь 2016.12.21-нд,  2017.01.01-нээс ажилдаа орох хүсэлтээ өгсөн. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3-т зааснаар ажлаас халсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянмөнх нь эрүүл мэндийн байдлаас болж 2016.08.26-аас хугацаагүй чөлөө олгож өгнө үү гэсэн албан ёсны хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийг үндэслэж чөлөө өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар ажлын байрыг хэвээр үлдээсэн. Албан байгууллагын даргын хувьд жолооч хэрэгтэй байсан учир Гантулга гэж хүнийг түр ажилд авсан. Үүнийг нотлох тушаалыг нотлох баримтаар өгсөн. Мөн Уянга гэж хүнийг нарийн бичгээр авсан. Өмнө нь ажиллаж байсан Болормаа гэдэг хүн жирэмсний амралтаар чөлөөтэй байгаа. Хишигбадрахыг ажилдаа ирээгүй гэдэг. Ажилдаа ирж байсан гэдэг нь цагийн бүртгэлд бичигдсэн учраас нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тушаал бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж гаргасан. Түр чөлөө олгох асуудлыг байгууллагын дотоод журмын 9-р зүйлд заасан байгаа. Мөн энэ журмын 11-р зүйлийн 11.2.9-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бол газрын даргад мэдэгдэж, эмнэлэгт үзүүлсэн бол холбогдох баримтыг хавсарган өгсөн тохиолдолд тасалсанд тооцохгүй гэсэн байгаа. Гэтэл 2 сарын дараа ажилдаа орох өргөдөл гаргасан байдаг. 2016.12.21-нд ажилд орох тухай хүсэлтээ өгөхдөө 2017.01.01-ээс ажилдаа орох хүсэлтэй байна гэсэн байдаг. Батмөнхөд 8 хоногийн дараа ажилдаа орох хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан тул тасалсан гэж үзсэн. Мөн цалингийн асуудал нэхэмжилж байгаа. Байгууллагын дотоод журмын 8-р зүйлийн 8.1-т зааснаар ажлын цагийг дотоод ажилтанд бүртгүүлж, ажлын цагийн бүртгэл нь цалин олгох үндэслэл болно гэж заасан байдаг. Байгууллагын дотоод журмаар цалин хөлс, тэтгэмж олгох асуудлыг бүрэн зааж өгсөн. Гэтэл танд ямар нэгэн асуудал үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс байгууллагын дотоод журмын 7-р зүйлийн 7.1-т зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн. Мөн дотоод журмын 11-р зүйлийн 11.7-т зааснаар хүлээх эрх, үүрэг гэж байгаа. Үүнд өөрийн хийсэн ажилд тохирсон цалин хөлс авна гэж байгаа. Байгууллагын дотоод журмын 2-р зүйлийн  2.2-т чөлөө олгох үндэслэлийг зааж өгсөн. Өнөөдөр нэхэмжлэгчийн өвдсөн эсэхийг мэдэх баримт байхгүй байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Чөлөө олгоход ажил олгогчийн зөвшөөрөлтэй олгож болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалт бол байгууллагын даргад хуулиар олгогдсон эрх үүрэг. Та ажилдаа удаа дараагүй ирэхгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Баянмөнх Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж маргаж, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Баянмөнх нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2017.01.16-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж 2017.02.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ. 

 

С.Баянмөнхийг Сүхбаатар аймгийн Барилга хот байгуулалтын газрын даргын 2017.01.16-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1, 10 дугаар зүйлийн 10.4.1-Б дэх заалтуудыг баримтлан 2016.10.26-наас шалтгаангүйгээр олон хоногоор ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /хх 3х/

 

С.Баянмөнх нь  2016.08.26-аас 2016.10.26-ыг хүртэл 2 сарын чөлөө авч 2016.10.26-нд ажилдаа орох хугацаандаа ороогүй. Ажлын 6 хоног ажил тасалж 2016.11.04-нд ажил дээгүүрээ очиж даргыгаа сураглаад явсан, 10 хонгийн дараа 1 удаа очсон боловч даргатайгаа уулзаж чадаагүй гэснээс гадна 2016.12.21-нд гаргасан хүсэлтдээ 2017.01.01-нээс ажилдаа ирүүлж өгнө үү гэсэн зэргээс үзэхэд 2016.10.26-наас хойш шалтгаангүйгээр ажиллаагүй нь нотлогдож байх ба энэ талаар  зохигчид маргаагүй тул үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхээр байна.

 

С.Баямөнхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан зөрчил гаргасан гэдэг нь байгууллагын 2016.10.26-аас 2016.12.28-ныг хүртэлх хугацааны цагийн бүртгэлд С.Баянмөнхийг тасалснаар бүртгэсэн байдал, 2016.12.21-нд 2017.01.01-ээс ажилдаа орохоор гаргасан хүсэлт, зохигчдын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар заажээ. 

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ... “ажилтан хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан тул С.Баянмөнх нь газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй гэжээ.

 

Ажил олгогч нь С.Баянмөнхийг жолоочийн ажлаас халахдаа газрын хаилцаа барилга хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1, 10 дугаар зүйлийн 10.4.1, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсгийн б-г тус тус үндэслэсэн ба “хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхөөр, “..ажилтан дараах нотцой зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд байгууллагын санаачлагаар ажлаас халахаар, “...ажлын байраа хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоногоор орхисон тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэхээр тус тус заасан байна. С.Баянмөнх нь 2016.10.26-аас эхлэн ажлын байраа 3-аас дээш хоногоор орхисон, ажлаа олон хоногоор тасалсан болох нь нотлогдсон байх тул ажил олгогчийн 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/01 дугаар тушаалын үндэслэл тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар заасныг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Гомдлоор хэлэлцэх иргэний хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Авга овогт Сайнбилэгийн Баянмөнхийн “ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хугацааны цалин” гаргуулахаар Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан  нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

4. Иргэний хэргэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ш.ОЮУНГЭРЭЛ