Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

   2021        02           01                                  2021/ШЦТ/165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Хохирогч А.Дарамбазар,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 2006 04479 3016 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 31 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхон 501 байр 41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Т,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт таксины мөнгөний улмаас А.Дарамсүрэнтэй маргалдаж, түүний нүүрэнд гараараа цохиж, баруун хөмсөг шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дарамбазар мэдүүлэхдээ: “Би хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Дарамбазарын мэдүүлэг /хх-9-12/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №12900 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-15-16/, яллагдагч Б.Тгийн мэдүүлэг /хх-34-35/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт таксины мөнгөний улмаас А.Дарамсүрэнтэй маргалдаж, түүний нүүрэнд гараараа цохиж, баруун хөмсөг шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Дарамбазарын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө өөрийн 1134 УНР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлээр таксинд явж байгаад Салам гэх газрын орчмоос бор өнгийн курткатай, 30-35 орчим насны согтуу эрэгтэй хүнийг автал тухайн хүн миний машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Чингис зочид буудал руу явна гэхээр нь би дунд замаар явж байтал тухайн үйлчлүүлэгч өөрөө замаа заагаад Энэрэлт хотхоны хойд талд очсон. 2000 төгрөг болсон гэж хэлтэл тухайн хүн интернет банкаа блоколсон байсан, тэгэхээр нь АТМ ороод авчих гэж хэлтэл тухайн хүн АТМ орохгүй гэж байна гээд эхнэртэйгээ утсаар яриад данс руу мөнгө хий гэж хэлсэн. Эхнэр нь би одоо хийхгүй маргааш хийнэ гэхээр нь би надад тэгэх боломж байхгүй, та АТМ ороод аваад өгчих би 2000 төгрөгний төлөө энд 10 гаруй орчим минут болмооргүй байна. Дараагийн хүнээ авмаар байна гэж хэлтэл тухайн хүн би АТМ орохгүй гэж хэлээд надтай ам мурийж, намайг ямар сүртэй бацаан бэ, 2 лаа бууж зодолдох уу гээд машины хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би, та надтай 2000 төгрөгний төлөө зодолдох гээд байгаа юм уу гэхэд тэр АТМ чинь хаана байгаа юм гэж асуухаар нь би мэдэхгүй ойрхон байгаа байх гэж хэлтэл тухайн хүн би АТМ хайгаад явж байх уу гээд над руу уурласан. Тэгж байхдаа над руу далайгаад байхаар нь би зөрүүлээд тухайн хүн рүү далайсан. Тухайн хүн зүүн гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа нэг удаа цохисон. миний баруун хөмсөг сэтэрсэн байсан...” /хх-9-12/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №12900 дугаартай “1.А.Дарамбазарын биед баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-16-17/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Тгийн “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчим гэртэй /Баянзүрх дүүрэг 3-р хороо Энэрэл хотхоны 24б байрны 60 тоот/ 0.5 литрийн савалгаатай Сэнгүр пивоноос 4 лаазийг ганцаараа уугаад байж байхад найз Баттуул намайг хүрээд ирээч гэсэн. Тэгээд 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн газар нутагт буюу 5-р сургуулийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг лоунжид найз Баттуул /89004001/ Сэлэнгэ /88290909/ нартай хамт 0.5 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пивоноос 2 ширхэгийг уусан. Тэгээд 02 цагийн орчим тус лоунжаас гарч гэр рүү харихаар таксинд гараа өргөхөд цагаан өнгийн Приус маркийн /улсын дугаар, машины маркийг сайн санахгүй байна/ зогссон. Таксигаар гэр рүүгээ хүргүүлэхэд тооцоо нь 2000 төгрөг болсон ба би тухайн үед уусан пивондоо согтсон байсан учир Интернэт банкныхаа нууц үгийг буруу хийгээд блоколчихсон. Би таксины жолооч болох залууд учир байдлаа хэлээд гэр рүүгээ орж таксины мөнгөө аваад гараад ирье гэж хэлээд эхнэр рүүгээ ярьж байхад таксины жолооч залуу надад хандаж “чи мөнгөндөө тааруулаад зодчих юм уу” гэж хэлээд надтай маргалдсан. Таксины жолооч бид 2 маргалдаж байхад цагдаа нар ирээд намайг эрүүжүүлэх рүү аваад явсан...” /хх-34-35/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт таксины мөнгөний улмаас А.Дарамсүрэнтэй маргалдаж, түүний нүүрэнд гараараа цохиж, баруун хөмсөг шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь хохирогч А.Дарамбазарт 128.000 төгрөгийг төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулан хохирогч А.Дарамбазарт олгосугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА