Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Н.Гантуяагийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00181 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Гантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Алтанцэцэгт холбогдох

“Гэм хорын хохирол 23.236.400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М.Алтанцэцэгийн буруутай үйлдлээс болж миний биед хүндэвтэр гэмтэл учирсны улмаас дараах гэм хорын хохирлыг М.Алтанцэцэгээс нэхэмжилж байна. Би эрүүгийн хэргийн хохирогчийн хувиар өмгөөлөгч П.Ган-Очирыг авч эрх зүйн туслалцаа авсан бөгөөд үүний хөлсөнд нийтдээ 1 000 000 төгрөг төлсөн. 2016.03.18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ албан ёсны баримт бичиг үйлдээгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд дахин нотлох баримтаа бүрдүүлэн 1 000 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрхи Эрүүгийн шүүх хуралдааны үед хуулбар хувь байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэлэлцээгүй орхисон 236 400 төгрөгийн нэхэмжлэлийг үндсэн эх баримтыг үндэслэн нэхэмжилж байна. Тухайн үед уг зардлыг нэхэмжлэхдээ эх хувиас нь хуулбарласан байсан бөгөөд одоо эх хувиа гаргаж байна. Хуулбар хувьтай нь тулган үзэж баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдэх байх гэж найдаж байна. Хүүхдийн цэцэрлэгт жимс орлогодуулан өгч байсаныг нотлох баримт болох цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, мөнгө төлсөн баримт зэргийг үндэслэн 400 000 төгрөгийг нэхэмжилнэ. Би өөрөө Сүүдэр царам хүнсний захын гадна талын лангууг түрээслэн жимс, самар зардаг бөгөөд өдрийн орлого нь зун, намартаа бол 60-80 мянга, хавар өвөлдөө бол 50-70 мянган төгрөгийн орлоготой байсан бөгөөд салхи шуургатай, бороо цастай гэх мэт гараагүй үеийнхээ орлогыг хасч, дунджаар тооцоход ийм хэмжээний орлого олсон байх ёстой байсан гэсэн үүднээс нэхэмжлэлийг тооцон гаргав. Энэ байдал нь гэрч нарын тайлбар, захын эзний тодорхойлолт зэргээр нотлогдож байгааг нь харгалзан үзэж 21 600 000 нэхэмжилж байна. Дотор орохоор жимс муудчих гээд байдаг учир зөвхөн гадаа зардаг байсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 505.2 гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч М.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Гантуяад шүүхийн шийдвэрийн дагуу болон шүүхээс өмнөх шатанд нийтдээ 4 532 200 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Түүний нэхэмжилж байгаа Булган аймгийн Сүүдэр царам хүнсний зах дээр самар, жимс зарж жилдээ 21 600 000 төгрөгийн орлого олдог гэх нэхэмжлэл үндэслэлгүй болохыг шүүх удаа дараа дүгнэж байсан боловч нэг мөр шийдээгүй орхиж байсан нь дахин нэхэмжлэл гаргах үндэс болжээ гэж үзэж байна. Иймд энэ байдлыг иргэний хэргийн шүүхийн шатанд дахин нарийвчлан тодруулж нотлох баримт цуглуулах шаардлагатай байна. Өмнө нь өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн хөлс гэж 2 000 000 төгрөг, нэхэмжлэн авсан ба одоо өмгөөлөгч П.Ган-Очирын хөлс гэж 1 000 000 төгрөг нэхэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй гэж үзэж эдгээр өмгөөлөгчийн энэ орлого татварт тайлагнагдсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Н.Гантуяа эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас авах ёстой тэтгэврийн хүн мөн тул 2015.02.10-аас хойш түүний ЭМД-ын сангаас авсан эм, тариа, эмчилгээний хөнгөлөлтийг гаргуулах шаардлагатай гэж үзнэ. Иймд миний бие Н.Гантуяагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00181 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.Алтанцэцэгээс 236 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гантуяад олгож, нэхэмжлэлээс үлдэх 23 000 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаад, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д зааснаар нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2 ширхэг дэвтэрийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Н.Гантуяа нь хариуцагч М.Алтанцэцэгийн буруугаас болж эрүүл мэндээрээ хохирсны улмаас олох ёстой байсан орлогоо алдсан гэдгийг нь гэрч нараар нотлуулсаар атал ямар нэгэн орлогогүй байсан мэтээр үзэж хэрэгжсэхгүй болгосныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндээрээ хохирчихоод одоо зөвхөн эмчилгээний зардалд гаргасан 234 600 төгрөгийг л авахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэм хор хариуцагчийн гэм буруугийн хооронд шалтгаант холбоо байгаа төдийгүй олох ёстой байсан орлогоо алдсан гэдэг нь тодорхой байсан. Гэтэл лангуу түрээслэх гэрээ байхгүй, мөнгөө яаж төлдөг нь тодорхой бус байна гэж шалтаглан хэрэгсэхгүй болгосныг нь зөвшөөрөхгүй байна.

Байгаль орчны газраас авсан зөвшөөрлийн баримт бичгүүд, гэрчийн мэдүүлэг зэрэг нь ямар хэмжээний орлого олдог байсныг нотлох баримт болохгүй байгааг гайхаж байна. Хүнсний захын эзэнтэй гэрээ байгуулаагүй, төлбөрөө баримттай төлж байгаагүйн төлөө олох ёстой байсан орлогыг нь хасч тооцож болохгүй гэж үзэж байна. Иймд зохих хэмжээний орлоготой байсан байна гэж үзээд тодорхйо хэмжээгээр алдсан байна гэж үзэж хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд үйл ажиллагаа эрхэлж орлого олох болмжгүй болгосон 2015 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны орлогыг тооцож олгох ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Гантуяа нь М.Алтанцэцэгээс гэм хорын хохирол 23.236.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч М.Алтанцэцэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас Н.Гантуяагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд үндэслэн учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмийн болон эмчилгээний зардал, ажил хөдөлмөр, хувийн бизнесээ эрхэлж чадаагүйгээс учирсан хохирол гаргуулах тухай баримтуудад үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч М.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Гантуяа нь гэм хорын хохиролд 23.236.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа боловч зарим шаардлага нь тодорхой бус тухайлбал Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан нөхөн төлбөрт хэдий хугацааны, хэр хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, шаардлагаа тодруулаагүй байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисон байх ба баримтаар нотлогдож буй эм тарианы зардалд 236.400 төгрөгийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого 21.600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Булган аймгийн хүнсний захад гадаа лангуу түрээсэлж жимс зардаг зун намарт 60.000-80.000 төгрөг өвөл хаварт 50.000-70.000 төгрөгийн орлоготой ажилладаг гэж тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Гантуяагийн өдрийн болон сарын орлогыг тодорхойлуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлтээр орлогыг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Нөгөө талаар хүүхдийн цэцэрлэгт 400.000 төгрөгийн жимс худалдсан нэг удаагийн баримт хэрэгт авагдсан байгаа боловч тухайн баримтаар Н.Гантуяа жил бүр хүүхдийн цэцэрлэгт жимс нийлүүлдэг байсан гэж үзэх боломжгүй бусад нотлох баримтаар шаардлагаа нотолж чадаагүй байна.

Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрх үүсэх ба нэхэмжлэгч Н.Гантуяа нь гэм хор учрах үед Булган аймгийн хүнсний захад гадаа лангуу түрээслэн жимс зардаг тодорхой орлоготой байсан талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн, олох ёстой байсан орлого 21.600.000 төгрөг нэхэмжилж байгаагаас үзэхэд нөхөн төлбөр шаардах эрх нь үүсэхгүй гэж үзэх боломжтой энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлж үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00181 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ