Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-д холбогдох эрүүгийн 2125000000002 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.М

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.М-г 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 17а-01 тоотод оршин суух Г.С-н гэрт хамтран амьдрагч Э.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М-н мэдүүлсэн, тэр өдөр найзынд нь очиж пиво уусан. Тэр үед ээж залгахад О ээжийг доромжлоод байсан ба эрэгтэй хүн рүү залгаад ирж ав гээд байсан. Тэрнээс болж хэрүүл гарсан. Би үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээ байна гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Э.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... Мөнхбат, Сонинцэцэг бид 3 пиво уусан. Би их ядраад хурдан тасарсан байсан. Тэр үед Мөнхбаттай маргалдаж байснаа санаж байна...Мөнхбат намайг 2 удаа хацар руу алгадаж, багалзуурдаж, газар чирсэн, түлхэж унагасан. Тэгээд гэрийн үүдэнд намайг түлхэхэд довжоог толгойгоороо мөргөж унасан. Миний толгой байнга өвдөж, тонгойх огцом хөдлөх үед толгой эргэж нүд харанхуйлж байна. Мөн хүчтэй алхах үед толгойны оёдол таталдаж өвдөж байгаа би эмнэлэг дээр очоод толгойны ар хэсэгтээ 5 оёдол тавиулсан...нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/

 

-Гэрч Г.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Мөнхбат манай гэрт  хүрээд ирсэн. Тэгээд Одончимэг Мөнхбат бид гурав пиво ууж байсан чинь Одончимэг рүү түүний хадам ээж нь залгаад архичин гээд байсан. Тэр үед Одончимэг нөхөр Мөнхбат руу чи намайг хэзээ нэг өмөөрч хамгаалдаг байсан юм гэж хэлээд уурласан чинь Одончимэгийг хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгээд намайг нойл орчихоод эргээд ирэхэд Мөнхбат Одончимэгийн утасны дэлгэцийг хагалсан байсан. Одончимэг найз нь бие засмаар байна гэхээр нь би аваад гарч байтал Мөнхбат араас гарч ирээд Одончимэгийг 2-уулаа явъя гээд байсан. Тэгээд Мөнхбат Одончимэгийг довжоо руу түлхээд унагаасан, тэрнээс болж толгойноос нь цус гарч ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

 

-Гэрч М.Нямсүрэнгийн: “...О нь М-н ээжийг элдэв янзаар хэлээд байсан. Тэр үед Мөнхбат Одончимэгийн хацар руу алгадаж авсан. Гадаа болсон асуудлыг би хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16-р хуудас/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №08 дугаартай ... Э.О-н биед хуйханд 1 тооны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь 2020-12-12-нд үүссэн байж болон..." гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №08 дугаартай “... Э.Одончимэгийн биенээс авсан гэх цусанд 1.25 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн "...дээд бетонон тавцан дээр 90 x 70 см талбайд олон тооны цус мэт зүйл байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Шатны тавцан дээр 40 см талбайд дуссан болон урссан цус мэт зүйл байсан гэх тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/ зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 17а-01 тоот Г.С-н гэрт хамтран амьдрагч Э.Одончимэгийн хамт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.О-г алгадаж улмаар хаалганы гадна довжоо руу түлхэн унагаж хуйханд нь 1 тооны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгчийн Т.М-н үйлдлийн улмаас Э.О-н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №08 дугаартай “.. Э.О-н биед хуйханд 1 тооны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь Т.М нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 17а-01 тоотод хамтран амьдрагч Э.Одончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна. Би өндөр настай ээж, 5 настай хүүгийн хамт амьдардаг. Торгуулийн хэмжээг багаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Э.О нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 11-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ