Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

    2021        02           01                                   2021/ШЦТ/159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Б.Чинзориг /цахимаар/,

Шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Бод холбогдох эрүүгийн 2103 00002 0023 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, “Мах маркет” ХХК хангамжийн инженер ажилтай, ам бүл 3 найз охин хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90а-22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Б

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч С.Б нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо КТМС-ийн автобусны буудлын замд Тоёота Приүс маркийн 81-76 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” мөн дүрмийн 18.3 дахь заалт “ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” 3.4 дэх хэсэг “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Дэлгэрмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-05-11/, хохирогч Д.Дэлгэрмаагийн мэдүүлэг, /хх-17-19/, гэрч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг, /хх-42/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №13415 дугаартай дүгнэлт /хх-32-33/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-48-52/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн   магадлагаа /хх-55/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо КТМС-ийн автобусны буудлын замд Тоёота Приүс маркийн 81-76 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” мөн дүрмийн 18.3 дахь заалт “ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” 3.4 дэх хэсэг “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Дэлгэрмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-05-11/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дэлгэрмаагийн өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 05-ны орой 19:50 цагийн үед би ганцаараа ажлаасаа Халдвартын орчмоос автобусанд суугаад Сансарын туннелийн буудалд буугаад харихаар КТМС-ийн явган хүний гэрлэн дохиогүй гарцаар урдаасаа хойшоо чигт зам хөндлөн гараад нэг урсгалаа гарсан , нөгөө урсгал руугаа ороод явж байтал машинууд зогссон харагдсан. Тэгээд хэсэг юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн зам дээр баруун хажуугаараа харсан байрлалтай хэвтэж байсан, босох гэтэл цагдаа та босож болохгүй, машинд дайруулсан гэж хэлж байсан...” /хх-17-19/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдан шалгах ажиллагаанд гэрч Б.Ган-Эрдэнийн өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 05-ны орой 19:50 цагийн үед би найз залуу Бийн хамт 2-уулаа Тоёота Приүс маркийн машинтай би жолоочийн хажууд урд суудалд суугаад зүүнээс баруун чигт Их Засаг өнгөрөөд мянган оюутны байр орчимд явж байгаад гар утсаараа оролдоод тонгойгоод явж байтал гэнэт түс хийх чимээ гараад урд салхины шил хагарах үед би урагшаа хартал миний сууж явсан машины урд салхины шил дагаад нэг хүн өнхөрч буугаад машин зогсох үед зам дээр машины урд талд унаж харагдсан  ...” /хх-42/ гэх мэдүүлэг

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №13415 дугаартай: “1. Д.Дэлгэрмаагийн биед баруун сүүж ясны дэлбэн, умдагны баруун дээд, доод салаа, баруун тахилзуур ясны хугарал, баруун чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зүүн хажуу хэсэг, зүүн хөмсөгний гадна үзүүр, нүдний гадна доод хэсэгт зулгаралт, зүүн өвдөгний дотор доод хэсэг, дотор хажуу хэсэг, шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-32-33/ гэх дүгнэлт,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Тоёота Приүс маркийн 81-76 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байгаа нь жолоодлого алдагдах байдлаар нөлөөлөх боломжтой... “/хх-48-52/ гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн  магадлагаа дахь /хх-55/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч С.Б нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо КТМС-ийн автобусны буудлын замд Тоёота Приүс маркийн 81-76 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” мөн дүрмийн 18.3 дахь заалт “ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” 3.4 дэх хэсэг “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Дэлгэрмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн аюулгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Яллагдагч С.Б нь хохирогч Д.Дэлгэрмаатай хохирол төлбөрийг харилцан тохиролцож цаашид гарах эмчилгээний зардалд нийт 10.652.400 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн тул шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж хуульчилжээ.

 

          Шүүхээс шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.        

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар С.Бын тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Бод тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бийн жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллага хүргүүлсүгэй.

 

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА