| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн 2125000000019 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Д
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч А.Д нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 21-23 тоотод иргэн О.Х-н нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-н мэдүүлсэн, яллах дүгнэлт зөв байна. Дахин мэдүүлэх зүйл байхгүй. Архины шилээр цохисон нь үнэн. Эмчилгээнд нь 2 сая төгрөг өгсөн. Талын булаг эмнэлэгт 5 хоног хэвтүүлсэн. 35,000 төгрөгөөр сорвины тос авч өгсөн, оёдлын зардал 50,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
-Хохирогч О.Х-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...эхнэр нь болох А.Д нь нөхрийнхөө толгой руу цохиод байсан, би тухайн үед түүнийг болиоч тасарчихсан байна шүү дээ гээд түлхэхэд А.Д хойшоо унасан. А.Д босч ирээд надтай маргалдсан. Гаднаас түүний хүүхэд нь орж ирээд ээжийгээ өмөөрөөд надтай маргалдсан. Тухайн үед би хүүхэдтэй нь маргалдаж байхад А.Д хажуунаас миний нүүрний зүүн талын хэсэг рүү цохих шиг болсон, нүүрний зүүн талаар халуу дүүгээд явчихсан. Тэгээд толинд харахад миний нүүрний зүүн талын хэсэг тэр чигтээ зүсэгдчихсэн байсан, би тухайн үед нэлээн их согтуу байсан. Гэхдээ тухайн үед болсон үйл явдлыг тодорхой санаж байна. А.Д намайг цохих үед түүний хүү байсан, найз нь байсан... Одоогийн байдлаар миний нүүрний зүүн тал тэр чигээрээ өвчтэй, зовуурьтай байна, олигтой хоол унд идэж чадахгүй байна, би нүүрэндээ нийт 4 оёдол тавиулсан. А.Д нь надад бэлнээр 2.000.000 төгрөгийг өгч намайг ямар нэгэн гомдол санал, хохиролгүй болгосон юм. Цаашид гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 –р хуудас/
-Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...тэгээд байж байхад Х нь Даваажаргалыг цохиод байсан, Хадбаатар архи уухаараа ер нь тавьтиргүй юм байна лээ. Тэгээд Даваажаргалын хүү нь ээжийгээ өмөөрөөд Хадбаатарыг цохиод авсан юм. Тэгээд нэг мэдэхэд л Хадбаатарын нүүрнээс цус гарчихсан зүсэгдчихсэн байсан юм. Даваажаргал нь Хадбаатарын нүүрний хэсэгт архины шилний хагархайгаар цохиж гэмтээсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
-Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...гэрийнхээ цонхоор хартал манай гэрт нэг эрэгтэй хүн ээжтэй маргалдаад ээжийг цохих гээд байхаар нь би гэр рүүгээ ороод салгасан. Салгах үед ээж хажуунаас архины шилээр тэр ахын нүүрний хэсэг рүү цохиод авсан, архины шилээр цохих үед нь архины шил нь хагарсан, хагараад тэр ахын нүүрийг зүсчихсэн юм, нүүрнээс нь их цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15- р хуудас/
-Гэрч С.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Намайг унтаж байхад манай хүү болох Д.Чойхүү намайг сэрээсэн, ээж энэ ахтай муудалцаад нүүр рүү нь архины шил шидчихлээ гэж хэлсэн, тэгэхээр нь босоод хартал Хадбаатарын нүүрний зүүн тал нь зүсэгдчихсэн, цус гарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №35 дугаартай “...О.Х-н биед нүүрэнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт хүзүү, цээжинд зулгаралт үүсчээ. Нүүрэнд шарх нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүрэнд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..." гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Д нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 21-23 тоот өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ хамт архи уусан О.Хадбаатарын нүүрэн тус газар архины шилээр цохиж нүүрэнд нь зүүн хацраас дээд уруулын гол хүртэл зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгчийн А.Д-н үйлдлийн улмаас О.Х-н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №35 дугаартай “...О.Х-н биед нүүрэнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт хүзүү, цээжинд зулгаралт үүсчээ. Нүүрэнд шарх нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүрэнд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч,хохирогч,гэрчүүдийн мэдүүлэг,хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч А.Д нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 21-23 тоотод иргэн О.Х-н нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугийн маргаан байгүй.Гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч О.Х нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 10-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ