| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/23 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2125000000020 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Б-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт “Пинк” дэлгүүрийн орчим 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Т.М-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-н мэдүүлсэн, 12 дугаар сарын 11-нд айлд 2ш пиво уусан. 20 цагийн үед харихаар гараад явж байхад харанхуй гудамжинд 1 согтуу залуу тамхи асууж маргалдсан. Би 1 түлхэж нүүр рүү нь гараараа цохисон. Тэр залуу салахгүй байсан тул найз Э-г дуудсан. Эмчилгээнд нь 50,000 төгрөг өгсөн.Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Хохирогч Т.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Пинк хүнсний дэлгүүрийн ойролцоох газарт гэр лүүгээ харих гээд явж байтал урдаас танихгүй нэг залуу гарч ирсэн. Би тэр залуугаас тамхи асуусан, тэр залуу надад тамхи байхгүй гэхээр нь маргалдаж муудалцаж эхэлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас ганц нэг зүйлийг санахгүй байна, ямартай ч архи уучихсан согтуу явж байсан болохоор маргалдаж муудалцаж улмаар нэгийгээ цохисон юм шиг байгаа юм. Тухайн үед намайг харих гээд явж байхад намайг зодсон Бат-Эрдэнэ гэх залуу эхлээд ганцаараа байсан, удалгүй хаанаас ч юм нэг залуу гарч ирсэн. Мөн тэр үед Батаа гэх миний танил ах гараад ирчихсэн байсан, Бат-Эрдэнэтэй маргалдаж дууссан байхад Батаа болон танихгүй залуу гарч ирсэн байсан. Би 2020 оны 12 дугаар сарын 12-ний шөнө 2 хүн л байх шиг санагдаад 2 хүнд зодуулсан гэж мэдүүлэг өгсөн. Гэхдээ нэг залуутай нь маргалдаад түүний араас нэг нь гарч ирсэн юм байна лээ. тухайн үедээ зодуулчихсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, цохиулсандаа бүр манараад 2 хүнд зодуулсан гэж худал мэдүүлсэн байна. Тухайн үед миний хамраас цус гарсан байсан, хамар хавдчихсан байсан, одоогийн байдлаар миний биед ямар нэгэн зовуурь байхгүй байна. Бат-Эрдэнэ миний нүүр лүү гараараа цохих шиг болсон, би ч түүнийг цохисон гэж бодож байна. Би зодуулсныхаа дараа гэртээ оччихоод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай хүлээн авах төв дээр очиж үзүүлсэн, үзүүлээд хамар ясны зургийг авхуулсан, тэр зургийг хэрэгт хавсаргахаар өгч болно...надад цаашид гаргах гомдол санал байхгүй...О.Б нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8-9-р хуудас/
-Гэрч Я.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Миний хүү Т.М нь 2020.12.11-ний өдрийн 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 26-6-9 тоот хаягт намайг гэртээ байж байхад бусдад зодуулсан байдалтай, хамраас нь цус гарсан, биеийн байдал нь муу орж ирсэн. Хаана юу болсон бэ гэж асуухад Пинк дэлгүүрийн ойролцоо гэр рүүгээ алхаад явж байтал үл таних 2 залуу ирээд зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-Гэрч Ц.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...харих гэсэн чинь танай гудамжны ойролцоо танихгүй согтуу хүн намайг явуулахгүй байна гэхээр нь би араас нь гараад очиход гудамжинд О.Б болон нэг танихгүй согтуу залуу зогсож байсан. Тэр хоёрын нүүр ам нь цус болчихсон байсан. ..зодуулсан гэх залуутай хамт Батаа гэх миний зүс таних ах байсан, намайг харснаа өө ахын дүү байсан юм уу энэ манай эхнэрийн дүү байгаа юм аваад харилаа, та хоёр гэр рүүгээ яв яв гэхээр нь би Бат-Эрдэнийг гэр рүү нь дөхүүлж өгөөд гэр рүүгээ орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №3 дугаартай “...Т.М-ын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун өвдөгт 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-16-17-р хуудас/зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг “Пинк” дэлгүүрийн орчим тааралдаж тамхи асууж маргалдсан Т.Мын нүүрэн тус газар нь цохиж хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун өвдөгт 1 тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгчийн О.Б-н үйлдлийн улмаас Т.М-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №3 дугаартай “...Т.М-ын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун өвдөгт 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч О.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Пинк” дэлгүүрийн орчим 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Т.М-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна. Торгуулийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна. Ажилгүй байгаа, улирлын чанартай ажил хийдэг гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Т.М нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 8-9-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн рентген зургийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б.-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сард 62.500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хохирогчийн рентген зургийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ