Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Хохирогч Ц.А

Хохирогчийн өмгөөлөгч О.С

Гэрч Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

Шүүгдэгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь найз Д.М-ийг 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт 2 айлын газар нийлж худалдаж авъя гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 16.251.309 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 13-наас 05 сарын 24-ний хооронд М-ээс бага, багаар нийт 16.251.309 төгрөг миний данс руу орсон. Өмнө би М-тэй найз нөхдийн холбоотой дотно найзалж байсан. Би Солонгос явсан үед нь 4 сая төгрөг зээлж хоолны газартаа зарцуулсан. Өмнө нь зээлсэн 4 сая, сүүлийн 16.251.309 төгрөг нийт 20.251.309 төгрөг авсан. Хэсэг хугацааны дараа зээлсэн мөнгөө өгч чадаагүй учир байдлаа хэлсэн. Газар авах 16.251.309 төгрөгийг ашигласан нь үнэн. Цар тахал гэж хоолны газар хааснаас мөнгийг нь өгч чадаагүй юм.Найзаасаа зээлсэн 4 саяыг нь хоолны салбарын үйл ажиллагаандаа зарцуулсан. Үлдсэн 16.251.309 төгрөгийг газар авах гэж надад шилжүүлсэн нь үнэн. Сүүлд хэлэхдээ Монголд байдаг хүмүүст мөнгө зээлдэг үүнийгээ бага, багаар чиний данс руу шилжүүлээд хуримтлуулаад байгаа шүү  гэж хэлсэн. Эхлээд би хоолны газар түрээслүүлээд ажиллаж байсан. Дараа нь Амарсугийн доод давхарт хоолны газар ажиллуулсан. Энэ нь цар тахал гээд орлогогүй зогссон. М-ээс газар авна гэж шилжүүлсэн мөнгийг нь өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан учир сүүлд ээжид нь 850.000 төгрөг шилжүүлсэн. Найзынхаа итгэлийг эвдэж, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлсэндээ гэмшиж  уучлалт гуйж байна, хохирлыг төлнө гэв.

-Хохирогч Ц.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хүүгийнхээ найз Э-ыг хүүтэйгээ адилхан сайн хүмүүжилтэй байх гэж бодсон. Миний хүү ээж ааваасаа нуугаад 11 дүгээр хороололд газар авахаар найздаа 16.251.309 төгрөг шилжүүлснийг Э газрыг нь ч авалгүй өөрийнхөө хоолны газарт зарцуулаад дууссан юм билээ. Хүү маань найздаа хугацаа өгсөн ч төлөхгүй болохоор нь аав, ээждээ хэлсэн юм билээ. Хүү маань Солонгос улсад ажиллахаар удаан хугацаагаар явсан ба гэрээнийхээ дагуу эх орондоо ирж энэ мөнгөө хөөцөлдөж чадахгүй учир надад ЭСЯ-аар дамжуулан итгэмжлэл явуулж би энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон юм. Хохирогчоор тогтоогдсоны дараа хүү ээж та Э-тай холбоо бариач гэхээр нь залгахад утасаа авахгүй байсан учир очиж уулзсан.Урдаас баахан зовлон яриад, короно гээд хоолны газарт маань орлого орохгүй байна, хаагдсан гээд зовлон тоочдог.Сүүлдээ өмгөөлөгч авахгүй бол болохгүй юм байна гэж бодсон.Сүүлд надад  400.000 төгрөг дансаар авсан, бага багаар бүгд 850.000 төгрөг өгсөн. Харин хүү Солонгосоос гэрчээр асуугдсан. Хүүгийнхээ найз болохоор итгээд бид жил явлаа,найзынхаа итгэлийг алдаж байгаад энэ хүүд гомдолтой байна. Хүү минь хүний нутагт бие нь сайнгүй эрүүл мэндээрээ хохирч байна.Одоо 16.251.309 төгрөг шүүгдэгчээс гаргуулна, гэхдээ би энэ хүүхдийг ялламааргүй байна. Хөнгөн ял оногдуулж ажилаа хийж мөнгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

-Гэрч Д.М шүүх хуралдаанд өгсөн: 2019 оны 03 сарын 17-ноос Э-т би гуйсны дагуу мөнгө шилжүүлж эхэлсэн. Хоолны газраа засвар хийж байгаа надад 1.000.000 төгрөг байвал өгөөч гэхэд нь хэрэгтэй үед нь найздаа тусалчихъя гэж бодоод өгсөн. Хэсэг хугацааны дараа буцааж өгье гэхэд нь чамд байж байг удахгүй газар авах гэж байгаа гэж хэлсэн.Тэгтэл Э ойр ойрхон мөнгө асууж эхэлсэн ба би боломжоороо өгч байсан. Миний бүх байдлыг мэдэж байсан болохоор итгэж өгсөн. Газар авах мөнгө шүү гэдгийг хэлж байсан. Ингээд  16.251.309 төгрөг өмнөх зээлсэн мөнгөн дээрээ нэмж шилжүүлсэн. Энэ нь нийт 20.203.742 төгрөг болсон. Тэгээд газраа авах болсон чинь мөнгийг ХААН банк өрөнд татчихлаа чи миний машиныг авчих гэхээр нь би машин авахгүй гэж хэлсэн.Машинаа зарчихаад мөнгийг чинь өгье гэхээр нь хүлээж байсан. Гэтэл машинаа зарсан ч миний мөнгийг өгөөгүй. Зээл аваад өгье гэсэн ч зээл нь бүтээгүй. Би 8 сард шүдний хагалгаанд орох болж боломжоороо мөнгө өгөөч гэсэн ч өгөөгүй. Би 10 саяар хагалгаанд орсон. Э холбогдохгүй, хааяа холбогдохоороо зовлон яриад байдаг. 2020 оны 12 сард аав, ээжийн 20 саяыг авч газар авсан. Тэгээд ер нь намайг доромжилж эхэлсэн л дээ. Э газар авах хүнтэй холбогдоогүй байж байгаад Элдэв-Очиртой холбогдуулсны дараа чимээгүй байж байснаа над руу яриад Хаан банк мөнгийг чинь миний зээлэнд татчихлаа гэж худлаа хэлсэн. Би Э+-ыг 2020 оны 03 сар хүртэл хүлээсэн. Мөнгийг маань өгөөгүй учир цагдаад хандсан гэсэн мэдүүлэг, 

        -Б.Э-ийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 14-19-р хуудас/

        -Хохирогч Ц.А “...Манай хүү М Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар яваад 3 жил болж байгаа, Монгол Улсад ирэх болоогүй газар авъя гэж 4 удаагийн гүйлгээгээр 16.251.309 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 227-р хуудас/

-Гэрч З.Д“ ...миний хүү М нь 2017 оны 10 сарын 23- ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу ажиллаж, амьдрахаар явсан юм. Тэгтэл 2019 оны 10 сард хүү маань надтай утсаар холбогдож би Э гэж залууд 20.000.000 төгрөг өгчихсөн чинь авч чадахгүй байна, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаа ч авахгүй алга болчихлоо гэж хэлсэн. Ингээд хүүгийн хэлснээр Э гэж залууг хайж, хайж олж уулзахад М-ээс мөнгө авсан нь үнэн удахгүй өгнө гэж хэлээд алга болсон. Хүүгийн яриагаар бол Э нь 2 айлын газрыг хамт худалдаж авъя гэж хэлээд мөнгө шилжүүлж авсан боловч газрыг нь авалгүйгээр өөрийнхөө өр ширэнд өгсөн гэж хэлсэн. Иймд Э гэж залуугаас 20 сая төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

- Гэрч Б.Э “ ...М-ийг би багаасаа мэднэ, бага байхдаа нэг дор хамт тоглож өссөн. Харин Э гэж залууг бол зүс мэдэхээс ойр дотно харилцаа байхгүй. 2019 оны 3 юм уу 4 сард Солонгос улсаас М над руу залгаж 11-р хороололд зарах газар байна уу, судлаад өгөөрэй гэж ярьсан. Би “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллахаас гадна хувиараа кадастрын зураглал хийдэг “Лэндлэйр” ХХК-нд ажилдаг юм, ажлынхаа хажуугаар компаны ажлаар 4 сард 11-р хорооллын иргэдийн газрын кадастрын зураглалыг хийж байхад 11-Б хэсэгт нэг 240 метр.кв айлын газар, нөгөө газар нь хуучин 11 хорооллын В хэсэгт байрлах мөн 270 метр.кв газрыг эзэд нь зарна гэдгийг мэдээд М-д утсаар хэлсэн. Тэгтэл 2019 оны 05 сард М над руу залгаж “чам руу Э гэж залуу холбогдож уулзах байх, түүнтэй хамт яваад нөгөө газруудаа үзүүлээдхээч гэж хэлсэн. М-ийг залгаснаас 10 гаран хоногийн дараа байх Э гэж залуу залгахаар нь түүнтэй хамт дээрх 2 газарт очиж үзүүлсэн. Тэрнээс хойш Э болон М нартай холбоо бариагүй. Тухайн үед М-ийг өөр газарт газар авсан юм уу, эсхүл газар авахаа больсон байх гэж бодоод лавлаж асуугаагүй. Тэгж байтал 2020 оны 02 сард М над руу залгаж нөгөө Э гэж залууд газар авна гээд мөнгө өгтөл алга болчихлоо. Цагдаад өргөдөл өгсөн байгаа гэж хэлсэн. Э гэж залууг би дээрх хоёр газарт өөрийн биеэр нь дагуулж очиж үзүүлсэн. Тухайн үед М бид 2 нийлж газар авах гэж байгаа гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Газрын эздийн гар утасны дугаар, гэрийн хаягийг надаас асууж, лавлаагүй. Нэг айлын газар ямар үнэтэй вэ? гэж асуухад нь эзэдтэй холбоо барьж асуусан нь дээр байх би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Ямар ч байсан надаас газрын эздийн утасны дугааруудыг аваагүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуудас/

- Гэрч Ч.У “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охиныхоо үсийг авах гээд мөнгөний хэрэг байна гэдгээ нөхөртөө хэлтэл тэр өдөр Э-аас 500.000 төгрөг миний Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжиж орж ирсэн. Үүний дараа 2019 оны 09 сард мөнгөний хэрэг гараад нөхөр лүүгээ ярьтал Э-аас очоод авчих гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн дүүгээ явуулж бэлнээр 200.000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, миний мэдэж байгаагаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр над руу 2.200.000 төгрөг шилжүүлээд энэ мөнгөнөөс 2 сая төгрөгийг нь Э руу шилжүүлээрэй гэхээр нь тэр өдөрт нь 2 сая төгрөгийг нь Э-н данс руу шилжүүлж байсан. Миний нөхөр М, Э гэж залуутай найз нөхдийн харилцаатай юм. Миний нөхөр газар авах гэж Э руу мөнгө шилжүүлсэн, яг хэдэн төгрөг шилжүүлснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-р хуудас/

- Гэрч Т.Б “...11-р хорооллын 11-В хэсэгт нэг айлын 270 метр кв газар миний өмчлөлд байдаг. Одоо ч байгаа энэ газрыг би хэн нэгэн хүнд зараагүй. Надаас газар худалдаж авахаар Э гэж хүн надтай ирж уулзаагүй. 2019 оны 04 сард байх танил Э гэж найзаараа би кадастрын зураглал хийлгэсэн. Тэр үед Э газраа зарах уу гэж асуухад нь үнэ тохирвол зарсан ч яах вэ гэж хэлж байсан ч надтай дахиж газрын талаар яриагүй. Би залгаж асуугаагүй. Э гэж хүнийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

- Яллагдагч Б.Э хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 91-92-р хуудас/

-Шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн: М надтай холбогдоод 11-р хороололд амьдрах газар байна уу миний найз хайгаад өгөөч гэж хэлэхээр нь тэрнийх нь дагуу хэсэг хайж явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа М над руу Э гэж залуугийн утасны дугаарыг өгч манай найзтай уулзаад нэг газар үзээдхээч гэж хэлэхээр нь тэр газар дээр Э хамт очиж үзээд тухайн газар дээр амьдрах гэхээс илүү үйлдвэр, үйлчилгээний газар баривал зүгээр юм байна гэж бодоод тэрийгээ М-д хэлсэн. Э-той хамт очиж үзсэн газар нь  эмнэлгийн залгаа доод талд буюу төв замын баруун талын зам дагуу нэг айлын газар байсан. М-ээс бага, багаар мөнгө ирсэн байсан. Сүүлд нь 10 сая төгрөг миний данс руу шилжиж ирснийг өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаа, өр зээлэндээ төлснөө хэлээгүй нь үнэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/

-Б.Э-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-28, 29-30 хуудас/

      -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Б.Э нь найз Д.М-ийг  11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт 2 айлын газар нийлж худалдаж авъя гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 16.251.309 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, хохирол 15.401.309 төгрөг гаргуулж, хохирогчид олгох, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй гэжээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э нь Д.М-ээс нийт 8 удаагийн гүйлгээгээр 20.203.742 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Анх Цагдаагийн газарт Д гэх хүн өргөдөл гаргасан байдаг. Дээрх мөнгийг Э М-ээс зээлсэн гэж үзэх үндэслэл байна. Анх Э хоолны газар ажиллуулж үйл ажиллагаандаа зарцуулахаар найзаасаа бага багаар мөнгө зээлж 4 сая шахам төгрөг болсон. Ингээд сүүлд цувуулж 16.251.309 төгрөг шилжүүлсэн ба 11 хороололд газар авахаар ярилцсан. М зарим мөнгө нь чиний дансанд цугларч байг гэдгийг Э-т хэлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор прокурор хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.Үүнд М гомдол гаргаж дахин хэрэг нээсэн. Ингээд М ээжийгээ Гадаад явдлын яамаар дамжуулан итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлд шүүх, цагдаад нэхэмжлэл гаргах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Иймд иргэний журмаар ээж нь нэхэмжлэх эрхтэй байна. Э 16.251.309 төгрөгөө төлнө гэж хүлээн зөвшөөрдөг ба гол орлого нь хоол  цайны газар ажиллуулж олдог байсан ч энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж хаагдсан,орлого нь зогссон байдлаас болж төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Энэ хэрэг иргэний хэрэг үү, эрүүгийн хэрэг үү гэдэгт эргэлзэж байна. Мөн хохирсон хүн өнөөдөр гэрчээр асуугдаж байгаа нь хуульд нийцэж байна уу, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон уу гэх мэт асуудал байна. Гэхдээ Э хохирлыг төлнө гэдэг ч хоолны газрыг үйл ажиллагааг нь цар тахал гээд түр зогсоогоод байгаа юм. Цар тахал гайгүй болж нийтийг хамарсан үйл ажиллагаа хэвийн явагдахаар хохирлоо төлөх боломжтой. Иймд нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү  гэв.

           Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын 24-нийг хүртэл шүүгдэгч Б.Э М-тэй хамтран газар авна гэх байдлаар мөнгийг нь өөрийнхөө ашиг сонирхол буюу цайны газарт зарцуулсан нь нотлогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирч байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ залилах гэмт хэрэг биш энэ хоёр хүний хоорондын асуудал зээл гэж үзэж байх шиг байна. Шүүгдэгч авсан мөнгөө төлж чадахгүй байгаа нь цар тахалтай холбоотой юм гэсэн тайлбар хийж байна. Өмгөөлүүлж байгаа хүн нь гэм буруугаа хүлээж хохирлоо төлнө гэж байхад өмгөөлөгч нь гэм буруутай биш юмаа цар тахлаас л болоод мөнгөө төлж чадаагүй гэх асуудал ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед М Солонгос улсад гэрээтэй ажиллаж байгаа учир ирэх боломжгүй учир өөрийгөө төлөөлүүлэн ээждээ итгэмжлэл олгосон нь хууль зөрчөөгүй.Өөрөө ирэх боломжгүй учир ээж нь итгэмжлэлийн дагуу хохирогчоор тогтоогдож мөнгийг нь нэхэмжилж байна. Энэ болсон үйл явдал нь Б.Э М-тэй урдын харилцааны явцад бий болсон өөрт нь итгэсэн итгэлийг урвуулан ашиглаж, газар авахаар шилжүүлсэн мөнгийг нь аваад өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэснээ хэлэхгүй байгаа энэ гэмт хэргийн объктив талын шинжийг хангаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар жилийн дараа 850.000 төгрөг л цувуулж өгсөн харагдаж байна.Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Бид хохирлоо л гаргуулж авах нь чухал байна. Иймд нийгмээс тусгаарлахгүйгээр хохирол төлөх боломжийг хангаж өгөөч гэж хэлмээр байна гэв.

   Шүүгдэгч Б.Э нь найз Д.М-ийг 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт 2 айлын газар нийлж худалдаж авъя гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 16.251.309 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2019 оны 05 сарын 13-наас 05 сарын 24-ний хооронд М-с бага, багаар нийт 16.251.309 төгрөг миний данс руу орсон. Би Солонгос явсан үед нь 4 сая төгрөг зээлж хоолны газартаа зарцуулсан. Өмнө нь зээлсэн 4 сая, сүүлийн 16.251.309 төгрөг нийт 20.251.309 төгрөг авсан. М-ээс газар авна гэж шилжүүлсэн мөнгийг нь өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ хүү маань 11 дүгээр хороололд газар авахаар найз Э-д 16.251.309 төгрөг шилжүүлснийг Э газрыг нь ч авалгүй өөрийнхөө хоолны газарт зарцуулсан юм билээ. Хүү маань найздаа хугацаа өгсөн ч төлөхгүй болохоор нь аав, ээждээ хэлсэн юм билээ. 400.000 төгрөг дансаар авсан, бага багаар бүгд 850.000 төгрөг өгсөн. Одоо 16.251.309 төгрөг шүүгдэгчээс бүтнээр нь гаргуулна” гэсэн мэдүүлэг, гэрч З.Д, Б.Э, Ч.У, Т.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-ын Хаан банкны дансны хуулга болон дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэргийн улмаас хохирогчид 16.251.309 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт 850.000 төгрөг авсан гэж байх тул шүүгдэгчээс 15.401.309 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоосоо 850.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч ,хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан нийгмээс тусгаарлахгүйгээр хохирол төлөх боломжийг харгалзан ял оногдуулна уу гэх санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан ялын биелэлтэнд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 15.401.309 төгрөг гаргуулан хохирогч Ц.А-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.М-ээс мэдүүлэг авах ажиллагааг дуу дүрсний аргаар бэхжүүлэн авсан 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ш.Э