Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэлгүй, Д.Ө

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Оюут баг 2-7-р байрны 1-р орцонд Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ч-ийн мэдүүлсэн “Д.Ө-г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд албадан эмчлүүлэх саналыг дэмжиж байна” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... “Би Оюут багийн 2-7 дугаар байрны 1 дүгээр орцыг цэвэрлэж байгаад орцонд унтаж байсан Д.Ө-г орцноос гаргасан. Гэтэл 2 цагийн дараа манай дарга миний гар утас руу залгаж Ө-г орцноос гарга айлууд хэл ам хийгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахиад 2-7 дугаар байрны 1 дүгээр орцонд очиж гар гэж хэлтэл намайг үстэж миний шалны модыг булаан авч багалзуурдаж газарт унагааж миний цээжин тус газарт хэд хэдэн удаа өшиглөсөн. Ө нь сэтгэцийн өвчтэй оршин суугчдыг байнга элдэж хөөж зодож цохиж, шаардлага тавихаар үүдэнд нь бие засдаг. Гудамжаар явахдаа ч хүн цохидог.Өмнө намайг бол цохиж байгаагүй. Намайг ажлаа хийгээд явж байхад байнга орцонд хонодог очих газаргүй. Миний бие одоо толгой өвдөж байна. Хавиргаар хатгаж байгаа. Намайг Д.Ө Оюут багийн 2-7 дугаар байрны 1 дүгээр орцны 3-4 давхар луу гарах заагт зодсон. Эдгээр гэмтлүүдийг Ө миний биед учруулсан. Д.Ө архи уудаггүй байх, сэтгэцийн өвчтэй эрүүл согтуу нь мэдэгддэггүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-р хуудас/

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 дүгээр сарын 11-ний өдрийн №401 дугаартай:…Д.Г-н биед баруун талын 5-р хавирганы далд хугарал үүсч байжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 29-нд үүсч болно” гэсэн дүгнэлт /хх-н 26-27-р хуудас/

-Гэрч П.О-ийн мэдүүлсэн ...Д.Ө нь сэтгэцийн өвчтэй, гэр орондоо очдоггүй, байнга орцоор хонодог. Орцны код эвдээд орчихно. Хөөж барихаар барьж аваад зодно. Нийгэмд аюултай хүн байгаа юм. Д.Г миний утас руу залгаж Д.Ө намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд БОЭТ ороход хавирга нь хугарсан байсан. Оршин суугчдаас байнга гомдол ирдэг, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл бололцоог алдагдуулж байна. Д.Ө-ыг холбогдох эмнэлэг, асаргаанд нь өгч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/

-Гэрч Т.Т мэдүүлсэн... Бид 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тэнэмэл иргэдийн судалгааг гаргахад манай багт амьдарч байсан. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй 10 жил болсон иргэн байсан. Би энэ хүнийг шат дараалан судлаад жил дараалан шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Нийгмийн халамжийн бүх чиглэлийн тусламжийг үзүүлсэн. Д.Ө нь 1996 оноос шизофрения буюу хий үзэгдэл дэмийрэл гэсэн онош тодорч түүнээс хойш харж үзэх хүн байхгүй гэр оронгүй хаягдсан орцоор хоноглодог болсон. Наран багийн 43-03 тоотод бүртгэлтэй гэж регистрийн дугаар бүртгэлийг нь сэргээхэд гарч ирсэн. Одоо энэ хаяган дээр нь хүн амьдардаггүй хүн амьдрах боломжгүй хашаа байшин байдаг. Д.Ө нь хоёр хүүхэдтэй.1996 онд эх байх эрхийг нь хасаж улс хоёр хүүхдийг нь асрамжинд авсан. Төрсөн нэг дүү байгаа. Би нэрийг нь санахгүй байна. Дүү нь 8 жилийн хорих ял авч одоо эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа. Д.Ө хоёр хүүхэд нэг нь гадаад улсад байдаг нөгөө нь С гэр бүлтэй бага насны хүүхэдтэй амьдардаг, Д.Ө-тай холбоо барьдаггүй. Д.Ө-д манай багаас сэтгэц наркологийн эмнэлэгт 3 удаа хэвтүүлсэн групп тогтоолгож өгсөн бичиг баримттай болгож өгсөн. Нийтийн тээврийн үнэмлэх олгож байсан. Д.Ө ер нь байнга гудамжаар явж байгаа хүмүүс рүү шууд дайрч хэл амаар доромжилж, цохиж зоддог. Энэ талаар фэйсбүүкээр олон удаа нийтлэгдэж байсан. Оюут багийн СӨХ-ийн ажилчин 2,3 хүнийг зодож байсан. Г-ийн биед гэмтэл учруулж байсан. Тухайн үед олон удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Д.Ө нь ямар ч бичиг баримт байхгүй хэрэг хариуцах чадваргүй гэснээр шийдэж чадаагүй. Д.Ө гэх хүнийг шизофрения буюу хий үзэгдэл дэмийрэл гэсэн онош тодорч ар гэрээс нь харж хандах хүн байхгүй бүгд харж хандаж чадахгүй гэсэн өргөдөлөө өгсөн байгаа учир миний хувьд цаашид энэ хүнд Сэтгэцийн үндэсний хүрээлэнд явуулж эмчлүүлэх хүсэлтэй байна... гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай: үндсэн онош: Магадлуулагч Д.Ө нь сэтгэцийн хувьд: “Дэмийрэх хэлбэрийн ухаан задрах өвчтэй. ХЧТА-ын 2-5-6 заалтаар 70%. Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Дэмийрэх хэлбэрийн ухаан задрах өвчтэй хүн өвчин сэдэрсэн үед өөртөө, бусдад, нийгэмд аюултай үйлдэл хийх боломжтой. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 31-р хуудас/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай: 1. ...Магадлуулагч Д.Ө нь DS: Сэтгэцийн нэгдмэл үл задрах өвчин үлдэц хэлбэр. Энэ өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй. 2. ...Магадлуулагч Д.Ө нь өвчин нь сэдэрсэн тохиолдолд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Д.Ө энэ өвчин нь сэдрэлийн үе удаан, даамжрах засрал сайжралын үе богино байдалтай үргэлжилдэг. 3. ...Магадлуулагч Д.Ө нь өвчин сэдэрсэн үед хүнтэй харилцах чадваргүй нийгэм хамт олны дунд өөрийгөө удирдан жолоодох боломжгүй... “ гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-н 33-34-р хуудас/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 сарын 15-ны өдрийн нэмэлт: 1. Д.Ө нь сэтгэцийн хувьд DS: F20.0 дэмийрэх хэлбэрийн ухаан задрах өвчтэй. ...албадан эмчилгээ шаардлагатай. Албадан эмчилгээг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 жилийн хугацаатай авах нь зүйтэй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 185-186-р хуудас/

-Хууль ёсны төлөөлөгч Л.Ч мэдүүлсэн...Д.Ө манай аймгийн иргэн, сэтгэцийн өвчтэй маш олон жил явж байгаа. Бид нар жилд нэг удаа Сэтгэц наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Нийгэмд аюул учруулахаар гудамжинд яваа иргэдийг дээрэмдэнэ, зодно, цохино, байнга орцонд хононо. Иргэдээс маш их гомдол ирдэг зодлоо цохилоо, хүүхэд айлгалаа гэрийн үүдэн дээр бие зассан байна гээд их гомдол ирдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/

-Гэрч Ө.С мэдүүлсэн ...Д.Ө миний ээж байгаа юм. Ээж маань үнэн зөв ярьж чадахгүй, дэмийрэл ихтэй, догшин ширүүн ааштай гэнэт хувирдаг. Өөрийгөө хянах чадваргүй. Гэр бүлийн орчинд байх чадваргүй. Ээж маань шизофрени гэдэг өвчтэй 70%-ийн группт байдаг. Ээж маань бусдад бол аюул учруулна зодно цохино. Би дүүгийн хамт 6 нас хүртлээ ээжтэйгээ байсан. Тэгээд дүүгийн хамт асрамжийн газарт өссөн. Ээж маань хамт байхад хэцүү, гэнэт гэнэт орилж хашгирч зодно. Ээж гэр бүлийн хүрээнд байж чаддаггүй. Өөрөө гараад л яваад өгдөг. Ээж Д.Ө-ыг Сэтгэцийн үндэсний хүрээлэнд явуулж эмчлүүлэх хүсэлтэй” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/

-Гэрч Д.Н ....Д.Ө нь миний төрсөн эгч. Гэр бүлийн орчинд байж чадахгүй. Нэг өвчин нь хөдлөхөөрөө хэнд ч дийлддэггүй. Гэрийн бүх эд хогшил эвдэлж ээж, дүү нарыг хамаагүй цохиж зодно. Д.Ө эгчийг Сэтгэцийн үндэсний хүрээлэнд явуулж эмчлүүлэх хүсэлтэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Оюут баг 2-7-р байрны 1-р орцонд Д.Г-г шалны модоор цохиж унаган цээжин тус газарт нь өшиглөж баруун талын 5-р хавирганы далд хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан ба сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр Д.Ө нь сэтгэцийн нэгдмэл үл задрах өвчин үлдэц хэлбэр,хөдөлмөрийн чадвар алдалт 70%,сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Д.Г-ийн биед баруун талын 5-р хавирганы далд хугарал үүсч байжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 29-нд үүссэн байж болно...” гэж дүгнэсэн байна.

 Д.Ө нь дээрхи гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийх үедээ сэтгэцийн нэгдмэл үл задрах өвчний үлдэц хэлбэрийн улмаас өөрийн хийж буй үйлдлийн бодит шинж, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй байсан ба хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээч эмч нарын дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх боломжгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Д.Ө гэм буруутай үйлдэл тогтоогдсон. Нийгэмд аюултай этгээд тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн энгийн дэглэмд нэг жилийн хугацаагаар албадан эмчлүүлэх нь зүйтэй байна. Д.Ө одоо Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хэвтэж байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: шүүгдэгч Д.Ө-ыг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож ,Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн энгийн дэглэмд нэг жилийн хугацаагаар албадан эмчлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Ө хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг хэрэг хариуцах чадваргүйд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Д.Г нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.Ө өвчний талаар гаргасан шинжээч эмч нарын дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн Д.Ө-г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн дэглэмд 1 жилийн хугацаагаар эмчлүүлэхээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гөрөөчин овгийн Д.Ө-г хэрэг хариуцах чадваргүйд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар Д.Ө-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 2, 7 дахь хэсэгт зааснаар Д.Ө-г Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн энгийн дэглэмд 1 /нэг/ жилийн хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Д.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.Э