Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

   2021          01            25                                      2021/ШЦТ/75

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Б.Б,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А-ын Бд холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ...../ Д овогт А-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудлын 09 тоот өрөөнд хохирогч Б.Бийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ:“...Би найзтайгаа хороололд байрлах караокед ороод 4 пиво уусан. Тэгээд найзтайгаа 0.75 литрийн архи аваад буудал руу орсон. Би архи уугаад хувцастайгаа унтсан юм. Өрөөнд хүн орж ирсэн талаар мэдээгүй... Би 200.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилж байна. Хохирлын талаарх баримт байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед хорооллын эцэст байрлах нийтийн караокед найз М-тай хамт ороод дуулж байтал 22 цагийн үед гаднаас хоёр залуу орж ирээд ширээ байхгүй тул хамт суухаар болсон. Тэгээд караоке нь хаахаар болоод 23 цаг 45 минутад М- бид хоёр гарсан. Гэтэл нөгөө хоёр залуу гарч ирээд дөрвүүлээ нэг газар орж ууя гээд байхаар нь манай найз М- бид хоёр зөвшөөрөөд нэг шил архи авч хорооллын эцэст байрлах зочид буудлын 2 дугаар давхарт орсон юм. Бид нар юм ярьж байхдаа нэг шил архиа хувааж уучихаад шөнийн 02 цаг 30 минутын үед унтсан. Өрөөнд ямар нэгэн хүн орж ирсэн талаар мэдээгүй. Унтахаасаа өмнө буудлын өрөөний хаалгыг хартал гүйцэт хаагаагүй байсан. Намайг унтаж байтал гэнэт нэг хүн орон дээр гарч ирээд ам таглаад дуугарвал ална шүү гэж хэлээд өмд, дотуур хувцасыг хүчээр тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би босож өмдөө татах гээд өндийх гэтэл дээрээс цээжээрээ хүчтэй дараад ам таглаад хөдлөх боломж олгоогүй. Тэр залуу байж бай би тавьмаар байна, чамайг алчихна шүү гэж хэлээд 40-50 минут надтай хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Би биеэ харахад гараараа хүчтэй дарж байсан хэсэгт нь буюу миний гарын дээд булчин хэсгээр нилээд хөхөрсөн, цээжний гол, хүзүү хэсгээр хумсны жижиг ором, зүүн гуяны дотор талд нилээн том хөхрөлт үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/,

 

гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би найз Ц, дүү Б нартай хорооллын эцэст байрлах зочид буудлын 2 давхрын 08 тоот өрөөнд орж пиво уусан. Дэлгүүрээс авсан пивоо ууж дуусгаад дүү Быг гэр рүүгээ яв гэж хэлээд явуулсан... Тэгээд гадаа байж байтал Б зочид буудлаас гараад ирсэн ба дээгүүрээ нүцгэн байсан. Тэгэхээр нь хувцасаа яасан бэ гэж асуухад зочид буудалд байгаа гэхээр нь хамтдаа буудал руу ортол ресепшин нь юу болсон талаар хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-рт/,

 

гэрч Г.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр найз С-тай хамт караокед ортол суух газар байгаагүй тул зөөгч нь биднийг хоёр эмэгтэйн хажууд суулгасан юм. ...Намайг унтаж байтал М эгч сэрээгээд юун улаан үстэй хүн өрөөгөөр яваад байна гэхэд нөгөө эмэгтэй чармай нүцгэн хүрээд ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуутал намайг хүчиндчихлээ гээд уйлаад байсан... Тэгээд ресепшинг дуудахад баруун талын өрөөний залуучууд манай өрөөгөөр орж гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн-20-рт/,

 

Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр найз Бийн хамт хорооллын эцэст байрлах караокед орсон. ...бид буудалд ороод шөнийн 01 цагийн үед унтсан. Баруун орон дээр Б ганцаараа унтсан ба үүрийн 05 цагийн үед Б гэнэт намайг хүн оролдоод байна гэхээр нь би босоод гэрэл асаах гэтэл манай өрөөнөөс нэг улаан үстэй залуу гараад зугтаасан. Тэгээд би гэрлээ асаагаад Баярааг сэрээгээд манай өрөөнд хүн ороод ирсэн байна гэж хэлтэл Б уйлаад доогуураа шалдан босоод ирсэн. Тэгээд хэн чамайг ингэсэн юм бэ гэж асуутал би мэдэхгүй байна, үл таних хүн орж ирээд ингэчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Б.Бийн биед эрүү, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, үтрээний үүдэвч хэсэгт цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх үтрээний үүдэвч хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх эрүү, баруун бугалга, зүүн гуя, үтрээний үүдэвч хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Б.Бийн үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.

6. Б.Б бэлгийн замын халдварт тэмбүү өвчний архаг халдвартай байна. /хх-ийн 30-32-рт/ гэжээ.

 

шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Ц, У нар намайг хорооллын эцэст байрлах зочид буудалд хүрээд ир гэж хэлсэн. Би тэр хоёртой хамт 2 том пиво хувааж уусан. Би тухайн үед нилээн халсан байсан. Ц нь намайг одоо чи гэртээ харь, маргааш өглөө бэлтгэлтэй биз дээ гэж хэлэхээр нь би буудлын өрөөнөөс гарсан. Тэгээд гарах хаалга онгойллоо гэж бодоод нэг хаалга түлхээд ортол нэг өрөө байсан ба тухайн өрөөнд нэг эмэгтэй унтаж байсан. Би хажуугаар нь ороод хэвтээд түүнийг оролдож байгаад өмдийг нь тайлаад амыг нь дараад шууд бэлгийн харьцаанд орсон. Би нилээн хөдөлсөн. Би ерөөсөө тавихгүй байсан. 30-40 минут орчим болоод тавихгүй болохоор нь босоод өрөөнөөс гарсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудлын 09 тоот өрөөнд хохирогч Б.Бийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бийн “...намайг унтаж байтал гэнэт нэг хүн орон дээр гарч ирээд ам таглаад дуугарвал ална шүү гэж хэлээд өмд, дотуур хувцасыг минь  хүчээр тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би босож өмдөө татах гээд өндийх гэтэл дээрээс цээжээрээ хүчтэй дараад ам таглаад хөдлөх боломж  олгоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.У-ын “...гадаа байж байтал дүү Б зочид буудлаас гараад ирсэн ба дээгүүрээ нүцгэн байсан. Тэгэхээр нь хувцасаа яасан бэ гэж асуухад зочид буудалд байгаа гэхээр нь хамтдаа буудал руу хувцасыг нь авахаар ортол ресепшин юу болсон талаар хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Батбаярын “...намайг унтаж байтал Б чармай нүцгэн хүрээд ирсэн. Тэгээд миний аман дээр хүн дэрээр дарж байгаад хүчиндчихлээ гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.М-ын “...үүрийн 05 цагийн үед Б намайг хүн оролдоод байна гэхээр нь би босоод гэрэл асаах гэтэл манай өрөөнөөс нэг улаан үстэй залуу гараад зугтаасан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Б нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Баас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн санал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-142 тоотод Н.Билгүүндалайг ширээн дээр байсан аяга хагаллаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн баримт /хх-ийн 69-70-рт/ хэрэгт авагджээ.  

 

Гэвч тэрээр шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн нь нотлогдсон тул тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Д овогт А-ын Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Быг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 374  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3, 6.9 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг журамлан,  шүүгдэгч  А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, А.Бын биечлэн эдлэх ялыг нийт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ