Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 349

 

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Мд холбогдох эрүүгийн 201701000061 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.М нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс болох Конгконгд байхдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт 45,41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт,

Мөн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Конгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аяллын онгоцоор Буянт-Ухаа нисэх буудалд бууж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрэх боомтоор орж ирэхдээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 45,51 грамм бодисыг өөрийн хүүхдийн тэрэгний суудал завсар нууж, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Ц.Мыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD, 2 ширхэг DVD зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хадгалж, №10 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн гадаад паспорт, №11 гэж дугаарласан Ц.Мын гадаад паспортуудыг Ц.Амарзаяа, Ц.М нарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар №0 гэж дугаарласан From MIAT Mongolian Airlines, Sent 2017/03/17 19:39 гэсэн толгой бүхий бичиглэлтэй, доод хэсэгт-MIAT MONGOLIAN AIRLINES Name: TSERENDASH/AMARZAYA MR, E-TICKET NUMBER 2892101913469, DATE FLIGHT 19 МAR OM 297 ULN-ULAANBAATAR, MONGO TIME-0755 HKG-HONG KONG 26 MAR OM 298 HKG-HONG KONG ТIME-1205 ULAANBAATAR гэсэн бичиглэл бүхий билет, №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйл нийт 44,9 грамм, №2 гэж дугаарласан Цэрэндашийн Амарзаяагийн DEPARTURE CARD, №3 гэж дугаарласан Air Trans орлогын баримт, 2017.03.17-ны өдөр Tserendash/Amarzaya ms нэрээр 1.383.600 төгрөг бэлнээр тушаасан баримт, №4 гэж дугаарласан AIR TRANS билет худалдан авсан тухай 2098253 дугаартай баримт, НӨАТ-ын хамт, №5 гэж дугаарласан Econоmy class Boardingpass name 2892101913469c1 TSERENDASH/AMARZAYA HKG OM 297 19МAR, 07:25, SEAT-25C гэсэн тасалбар, хойд хэсэгт нь OM 946702 tserendash/amarzaya гэсэн ачааны барааны тасалбар наасан, №6 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/amarzaya HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2891101913469/2, OM298, 26 MAR, TIME-1205, 25C гэсэн ачааны барааны тасалбар наасан, №7 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн тээшинд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ809408, TSERENDASH/AMARZAYA гэх бичиглэлүүдтэй, №8 гэж дугаарласан Ц.Мын тээшинд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ251576 TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй, №12 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915480/1, OM298, 26 MAR, TIME-1205, 26F гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь ОМ311649, ОМ311650, ОМ251576, ОМ058293 tserendash/amarzaya om0298 гэсэн ачааны барааны тасалбар наасан, №13 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munkhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915481/1, OM298, 26 MAR, TIME-1205, INF гэсэн бичиглэлтэй тасалбар, ар хэсэгт нь tserendash: munkhzul E1047961 08-08-2016 гэсэн бичиглэл бүхий тасалбар наасан, №14 гэж дугаарласан Ц.Мын авч явсан хүүхдийн тэрэгний суудал /дотроос нь сэтгэцэд нөлөөт мөс гэх бодис хураагдсан/-д зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311650 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй, №15 гэж дугаарласан Ц.Мын авч явсан хүүхдийн тэргэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311649 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/ MUNKHZUL  гэх бичиглэлүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 тоот тушаалаар томилогдсон “Эд мөрийн баримт устгах” ажлын хэсэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Эх минь үе мөчний өвчтэй, 66 настай, том охин минь 3 настай, бага хүү минь хөхүүл, 8 сартай, бөөрний дутагдалтай, 11 дүгээр сард яаралтай хагалгаанд орох ёстой байгаа. Эх минь өндөр настай, хүнд өвчтэй тул 3 настай охин, 8 сартай хүүг минь ганцаараа харж хандаж өсгөхөд маш хүндрэлтэй байна. Миний амьдрал тухайн үед маш их хүнд байсан. Миний нөхөр охиноо 2 настай, хүүгээ гэдсэнд 2 сартай байхад салж, өөр хүнтэй суусан. Ингээд амьдрал тогтворгүй болж, 2 хүүхдээ асран хамгаалж, тэжээж өсгөх үүрэг надад оногдсон тул Конгконгод очсон юм. Очмогцоо ажилд орж, ажил хийж байгаад Конгконгод бага хүүгээ төрүүлсэн. Монгол Улс руугаа буцахаар болоод билет хүлээж байхдаа өөрийн сониуч зангаасаа болж, хар тамхийг нэг удаа хэрэглэж үзсэн юм. Өөрийн хайнга, санамсар болгоомжгүйгээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би дахин нийгэмд хор хөнөөлтэй, муу үр дагавар үүсгэх зүйлийг хийхгүй байж чадахаа амлаж байна. Өөрийн хийсэн гэмт хэргийн хор уршгийг гүнээ ухамсарлаж, маш сайн ойлгож ухаарсан. Миний амьдралд хүнд өвчтэй, өндөр настай эх минь 3 настай балчир охин, хөхүүл 8 сартай, хүнд өвчтэй хүү хоёрыг минь харж хандах боломжгүй хүнд байдалд байгааг харгалзан үзэж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь Ц.М нь 0-3 насны 2 хүүхэдтэй ба 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар оногдуулсан ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Иймд Ц.Мын ар гэрийн байдал, бага насны хүүхдүүдийг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ц.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Ц.М нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс болох Конгконгд байхдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт 45,41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Мөн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Конгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аяллын онгоцоор Буянт-Ухаа нисэх буудалд бууж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрэх боомтоор орж ирэхдээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 45,51 грамм бодисыг өөрийн хүүхдийн тэрэгний суудал завсар нууж, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Ц.Амарзаяагийн сэжигтнээр өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Чингис хаан нисэх онгоцны буудалд штамбаа даруулаад ачаа авах хэсгээс ачаагаа авсан чинь гаалийн ажилчид хүний дайварт авч явсан гар утаснуудыг “хэний утас юм бэ” гэж шалгаад рентген аппаратаар ачаа бараа шалгасан. Гэтэл дүүгийн ачаа буюу хүүхдийн тэрэгнээс мөс гэх бодис гарч ирсэн. Тэгээд бид хоёрын биед үзлэг хийсэн. ...Би юу ч мэдэхгүй. Ц.М надад мөсний талаар огт хэлээгүй. Харин Ц.Мыг зочид буудалд байхад янз бүрийн олон хүн орж, гарч  байсан. ...” /1 дүгээр хавтас, 209-210 дугаар хуудас/,

Ц.Мын сэжигтнээр өгсөн: “...НЖ эгч хэлэхдээ “эгчийн дүү явах гэж байгаа юм чинь нэг хэрэглээд үзэхгүй юу” гэхээр нь би хэрэглэж үзсэн. ...Тэгээд НЖ эгч надад хилээр оруулж ирсэн гэх мөсийг бэлэг гээд өгч байсан. Би уг нь уг мөсийг үлдээе гэж бодож байсан боловч мартчихсан байсан. Мөс хэрэглэсний дараа ухаан санаа тогтворгүй болсон байсан. Би уг мөсийг яагаад тэрэгний завсар хийснээ санахгүй байна. ...Монголд ирээд Нисэх буудалд буугаад гаалийн алба хаагчид шалгаад надад НЖ-гийн өгсөн мөсийг илрүүлж хураан авсан. ...НЖ эгч л өөрөө надад “мөс гэх бодис байгаа юм” гэж хэлж байсан. ...НЖ эгч надад “өөрөө хэрэглээрэй” гэж өгсөн. Би уг нь тэр мөсийг нь тэнд нь үлдээе гэж бодож байсан боловч мөс хэрэглэсэндээ болоод ухаан санаа тогтворгүй болоод хүүхдийн тэргэндээ хийчихсэн байсан. ...” /1 дүгээр хавтас, 202-204 дүгээр хуудас/,

Ц.Мын яллагдагчаар өгсөн “...Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1 дүгээр хавтас, 206 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас,5-7 дугаар хуудас/,

Ц.Мын биед үзлэг хийж, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1 дүгээр хавтас, 9-10 дугаар хуудас/,

эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 47-48 дугаар хуудас/,

Буянт-Ухаа дахь гаалийн газраас ирүүлсэн СиДи-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, 52-59 дүгээр хуудас/,

шинжилгээнд ирүүлсэн бодисыг хүлээн авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас,128-131 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3220 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. ... “Цэрэндашийн Ц.М 2017” гэж хаяглаж авсан шээсний дээжинд метамфетамин /МАМР/-ын агууламж илрэв. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 156 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3225 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1-1, 1-2, 1-3 гэж хаягласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1-1, 1-2, 1-3 гэж хаягласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь метамфетамин /methamphetamine/-ын агууламж илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 158 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ц.М нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс болох Конгконгд байхдаа 45,41 грамм жинтэй, метафетамины агууламжтай “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж, улмаар 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Конгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аяллын онгоцоор Буянт-Ухаа нисэх буудалд бууж, хилийн шалган нэвтрэх боомтоор орж ирэхдээ уг бодисыг өөрийн хүүхдийн тэрэгний суудал завсар нууж, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Ц.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Ц.Мын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул түүний дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Ц.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон байна.

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр Ц.Мд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2 дугаар хавтасны 3, 4 дүгээр хуудсуудад Ц.Мын хүүхдүүд болох М.Мөнхтөгс, М.Мөнхзаяа нарын төрсний гэрчилгээ авагдсан байх бөгөөд шүүх Ц.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийгмээс тусгаарласнаар түүний насанд хүрээгүй хүүхдүүд хэний асран хамгаалалтад байгаа нь тодорхойгүй, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж, эрхээ хэрэгжүүлэх чадваргүй нөхцөл байдал үүсч байгаад дүгнэлт хийж, цаашид анхан шатны шүүх насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлүүлэхийг зохих эрх бүхий албан тушаалтанд даалгаж байх нь төрөөс хүүхдийн ашиг сонирхол, эрхийг хамгаалах бодлогод нийцэхийг анхааран үзэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх Ц.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мансууруулах бодисыг устгахаар шийдвэрлэсэн байгааг дурьдаж байна.