Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

   2021          01           25                                    2021/ШЦТ/76

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шинжээч Т.С /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Л-гийн Эт холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт ___/ С овогт Л-гийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г цохиж эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доторх ялтаслаг цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ:

“...Би хохирогч Д.Б-д хүнд гэмтэл учруулаагүй. Энэ талаар олон гэрч харж байсан. Гэрч нарыг мөрдөн байцаалтын шатанд дуудаж мэдүүлэг аваагүй. Хохирогч өөрөө цагдаа дагуулан очиж гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Надад Д.Б-г чулуугаар цохисон зүйл байхгүй. Би хохирогч Д.Б-г нэг удаа цээж рүү нь түлхсэн. Намайг түлхэхэд Д.Б- булан тойроод явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.С мэдүүлэхдээ: “...Хохирогч Д.Б-гийн тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доторх ялтаслаг цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл бүхий хүнд гэмтэл тогтоогдсон. Энэ нь амь насанд аюултай хүнд гэмтэл. Хохирогчид учирсан гэмтэл нь унах болон цохиулахад нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мөн нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дүгнэлт гаргахдаа хохирогчийн үзүүлсэн эмнэлгүүдийн баримтуудыг үндэслэж дүгнэлт гаргасан. Тухайн гэмтлийг авснаас хойш хагалгаанд оруулах уу эсхүл эмээр эмчлэгдэх үү гэдэг шинж тэмдгийг хардаг. Хохирогч Д.Б-гийн хувьд 7 дугаар сарын 17-ны өдөр тархиндаа гэмтэл авсан мөртлөө 7 дугаар сарын 31-ний өдөр ирж  надад үзүүлсэн... Ам муруйх нь тархинд учирсан гэмтэлтэй холбоотой...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Дархан руу явдаг жижиг машинуудын зогсдог зогсоолын ойролцоо ирэхэд хуучин таньдаг байсан Э- гэгчтэй таарсан. Э- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ууж байсан архи нь бараг дуусаж байсан. Тэгээд намайг уух уу гэхээр нь би үгүй гэж хэлээд маанаг минь архи уучихаад машинаа барьж болохгүй шүү, чи тэнэг байхаа гэхэд газраас нэг юм аваад миний зүүн чих, толгой руу цохисон. Миний чих, толгой орчимоос их цус гарсан. Тэр үед цаана байсан хүмүүс харсан юм шиг байна лээ. Э- надад ус авчирч өгөөд миний цус гарч байгаа хэсгийг угааж өгөөд зам гараад зугтаасан. Араас нь гэрт нь очиход байрныхаа гадаа эгчтэйгээ байж байсан. Эгч нь намайг эмнэлэгт очиж үзүүл гэж хэлэхэд Э- над руу согтуурхаад байхаар нь би гэртээ харьсан. Маргааш нь би Э-тэй төмөр замд таарахад надад 20,000 төгрөг өгөөд эрүүл мэндийн даатгалаа сунгуулаад эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Мөн дахиад уулзана гэж хэлчихээд уулзаагүй, эмчилгээ хийлгэж өгөхгүй болохоор нь цагдаагийн газарт хандсан. Эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний нийт зардал гараагүй байна. Одоо эмчилгээ хийлгэж байгаа зардал 400 гаруй мянган төгрөг болсон байх. Миний зүүн чих юм сонсохгүй байгаа. Би эмчилгээ хийлгэж байгаа. Эаас эмчилгээний зардалаа авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15-рт/, Э миний араас зүүн талын чих рүү чулуугаар цохиж гэмтэл учруулсан. Одоо болохоор намайг цохиогүй чи өргөдлөө авчих эмчилгээг чинь хийж өгнө гэж гуйгаад байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 15-рт/,

            Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2020 оны 06 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 23 дугаар байрны орчимд Б-, Э бид нар байж байхад Б- Э хоёр хоорондоо мөнгө, утас алга болсон байна гэж маргалдаад Б-гийн араас Э цохих шиг болоход Б- газарт уначихсан. Гэхдээ юугаар цохисныг мэдэхгүй байна. Б- газарт уначихаад босохгүй хэсэг удаж байхад Болдоо гээд нэг залуу Б-г босгож зүүн чихнээс нь цус гарчихсан байхад угааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-рт/,

 

            Шинжээч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Хохирогчид учирсан гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Харин нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рт/,

 

  • “Интермэд” эмнэлгийн тархины соронзон резонанст томографийн шинжилгээний хариу /хх-ийн 30-32-рт/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжилгээний үнэ 8.000

төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн26-рт/,

  • “Интермед” эмнэлгийн эмчилгээний 320.000 төгрөг төлсөн талаарх баримт /хх-36-рт/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай

1. Д.Б-гийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доор ялтаслаг цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 28-29-рт/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-рт/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44, 99-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г цохиж эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доторх ялтаслаг цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б-гийн “...чи маанаг минь архи уучихаад машинаа барьж болохгүй шүү, тэнэг байхаа гэж хэлтэл Э- газраас нэг юм аваад араас миний зүүн чих, толгой руу цохисон. Миний чих, толгой орчимоос их цус гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Н-ын “...Б-, Э хоёр хоорондоо мөнгө, утас алга болсон гэж маргалдаад Б-гийн араас Э юугаар цохисныг мэдэхгүй байна цохих шиг болоход Б- газарт уначихсан.  Б- газарт уначихаад босохгүй хэсэг удаж байхад Болдоо гээд нэг залуу Б-г босгож зүүн чихнээс нь цус гарчихсан байхад угааж өгсөн...” гэх мэдүүлэг, шинжээч Т.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчид учирсан гэмтэл нь унах болон цохиулахад нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирогчид учирсан гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Харин нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтууд, гэмт хэрэг гарсан байдал,  хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж, байдал, цаг хугацаа, хэргийн талаар нотлогдсон үйл баримтад нийцсэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой, эх сурвалж нь тодохой байна.

 

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг мэдсэн, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э би хохирогч Д.Б-д хүнд гэмтэл учруулаагүй, цээжрүү нь нэг удаа түлхсэн гэж мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх  хуульд заасан эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжилгээний үнэ 8.000 төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 26-рт/, “Интермед” эмнэлгийн эмчилгээний 320.000 төгрөг төлсөн талаарх баримт /хх-36-рт/ авагдсан байх ба шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт нийт 328.000 төгрөгийг тус шүүхэд хүлээлгэн өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хохирогч Д.Б-гийн “...эмчилгээний нийт зардал гараагүй байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-рт/ авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Эаас жич нэхэмжлэх эрхтэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял ононгдуулах санал гаргасныг харгалзан мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С овогт Л-гийн Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Эт 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Эт оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ