Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/шцт/18

 

 

 

 

 

 

 

   2020          12            28                                      2021/ШЦТ/18

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч М.Анхбаяр,

хохирогч Б.Х,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Ст холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Очир релакс” эмнэлэгт мэдрэлийн эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ___/ Б овогт М-ын С.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.С нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын ... тоотод Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж зүүн мөр, бугалга, тохой, шууны гадна хэсэг, цээжний зүүн тал, хэвлий, нуруу, далны цус хуралт, нурууны язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ:  “...Тухайн үед гэртээ амарч байтал салсан эхнэр Л.С хүүхдүүдтэйгээ уулзах гээд ирсэн байсан. Энэ мөчид Б.Х ирээгүй байсан болохоор хүүхдүүдтэйгээ уулзаж байгаад яв гэж хэлээд байж байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад Б.Х гаднаас орж ирсэн. Би Б.Хэс яагаад оройтож байгаа юм бэ гэж асуухад Х “би найзуудтайгаа уулзаж байгаад ирлээ” гэж хэлсэн. Б.Х том өрөө рүү ороод Л.Стэй маргалдаж хэрэлдсэн. Тухайн үед хүүхдүүд сэрсэн. Би Б.Х, Л.С хоёрыг жижиг өрөө рүү оруултал бие биетэйгээ барьцалдаад маргалдаад салахгүй байсан. Тэгэхээр нь би тэднийг салгахын тулд гартаа таарсан зүйлээрээ Б.Х-ийг 2-3 удаа цохисон. Тэгээд удалгүй Л.С хувцасаа аваад явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х мэдүүлэхдээ:  “...Би 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө найзуудтайгаа уулзаж байгаад гэртээ иртэл манай гэрт Л.С ирсэн байсан. Миний хувьд Л.Стэй өдрийн цагаар хүүхдүүдтэйгээ уулзаж байх талаар ярилцаж тохиролцсон байсан. Гэтэл тухайн орой Л.С ирчихсэн байсан болохоор уур хүрээд түүнтэй маргалдсан. Бид хоёр маргалдаж зууралдаж байгаад салахад Л.С хувцасаа аваад гэрээс гарсан. Намайг Л.Стэй маргалдаж байх явцад М.С намайг ороолгосон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр найзуудтайгаа уулзаж нэг газар суух гэсэн боловч орсон газруудад хүн ихтэй байсан болохоор найзуудтайгаа ярьж байгаад 10 дугаар хороололд байдаг манай гэр рүү явахаар болсон. ...би шөнө 01 цаг 50 минутын үед гэртээ иртэл хүүхдүүд унтчихсан байсан ба М.Сын хуучин эхнэр Л.С ирчихсэн байсан. Би жаахан уучихсан байсан болохоор уур хүрээд М.Ст хандан Л.С хэзээ ирсэн юм, яагаад намайг байхгүй байхад ирчихсэн байгаа юм, чи ер нь урьдах амьдралаа цэгцэлнэ гэж хэлчихээд чадахгүй байна гэж хэлээд маргасан. Тэгээд Л.Сд чи өөрөө энэ амьдралаас явна гэж хэлээд явсан байж яагаад ирээд байгаа юм, намайг байхгүй үед ирээд байхдаа яадаг юм гэж хэлтэл Л.С надад би хүүхдүүд дээрээ ирж байна, чамд ямар хамаатай юм гэж хэлээд уурласан. Тэгээд би Л.Стэй маргаж байгаад бид хоёр бие биетэйгээ барьцалдаад автал хүүхдүүд уйлсан. Тэр үед М.С уурлаад бид хоёрыг жижиг өрөө рүү түлхээд оруулахаар нь би Л.С-ийг багалзуурдаад хойш нь түлхэх үед М.С уурлаад чи одоо болилдоо гэж хэлээд гэрт байсан цахилгааны утсаар намайг нэг удаа маш чанга ороолгосон. Тэгээд бид хоёр салахад Л.С хувцасаа аваад гэрээс гараад явсан. Тэр үед М.С миний нуруу зүүн тал орчим гартаа барьсан цахилгааны утсаар дахиад 2-3 удаа ороолгосон. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Б.Х-ийн биед зүүн мөр, бугалга, тохой, шууны гадна хэсэг, цээжний зүүн тал, хэвлий, нуруу, далны цус хуралт, нурууны язарсан шарх, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 30-31-рт/,

 

Шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр Б.Х, Л.С нар бие, биетэйгээ маргаад Б.Х, Л.С-ийн хоолойг шахаад байсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор аргагүй эрхэнд цахилгааны утсаар 2-3 удаа цохиж салгахаас өөр арга байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39-рт/,

- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 41-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.С нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын ... тоотод Б.Хтэй маргалдаж, улмаар биед нь халдаж зүүн мөр, бугалга, тохой, шууны гадна хэсэг, цээжний зүүн тал, хэвлий, нуруу, далны цус хуралт, нурууны язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Х-ийн “...би Л.С-ийг багалзуурдаад хойш нь түлхэх үед М.С намайг цахилгааны утсаар нэг удаа маш чанга ороолгосон. Тэр үед М.С миний нуруу зүүн тал орчим гартаа барьсан цахилгааны утсаар дахиад 2-3 удаа ороолгосон...”  гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Сын “...Б.Х, Л.С-ийн хоолойг шахаад байсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор аргагүй эрхэнд цахилгааны утсаар 2-3 удаа цохиж салгахаас өөр арга байгаагүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт “...Миний хувьд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан.      Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэж мэтгэлцэв.

 

            Гэвч шүүгдэгч М.Сын хохирогч Б.Х Л.С нарын маргааныг таслан зогсоох зорилгоор хохирогч Б.Х-ийг цахилгааны утсаар 2-3 удаа ороолгож, хохирогчийн биед халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1-д заасанд хамаарахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт М-ын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ст 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Ст оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ст авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ