Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

 

 

 

    2021          01            25                         2021/ШЦТ/74

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-ын Дд холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, хүүхэд, дүү нарын хамт ___/, Х овогт П-ын Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Аялгуу” төвд хохирогч Э.М-ын толгой, цээж, хөлөн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний бие дух, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун шанаа, зүүн шанаа, хүзүү, зүүн чихний дэлбэнд хүрэн улаан өнгийн зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн шанаанд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө найз Х-гийн хамт ажил дээрээ байж байтал шөнө 02 цагийн үед танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирээд өрөө захиалаад тооцоогоо өгчихөөд буцаад гараад явсан. Ингээд 4 цагийн орчимд орж ирэхдээ 2 эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн. 2 эмэгтэй хамтдаа бууж ирээд архи зарчих гэж хэлсэн. Тухайн үед манай найз Х- бид хоёр нэг шил архи авч уугаад сууж байсан. Би архи  зарахгүй гэж хэлсэн боловч надаас гуйгаад байхаар нь 0.75 граммын архи, нэг уут чипстэй зарсан, нийт 54.000 төгрөг болсон. Тооцоогоо хийж дуусчихаад пабдаа юм яриад сууж байтал тэд гармаар байна гэж хэлэхээр нь би гаргахгүй, буудлын хаалга ард талдаа байдаг гэж хэлсэн. Гэтэл урд талын хаалгаар гарна гээд байсан. Манайх хаалгаа 04 цагт барих ёстой байсан. Тэднийг буудалд байсан болохоор буудлын хаалгаар гарах ёстой гэдгийг хэлсэн. Тэгээд бидний дунд маргаан үүссэн. Гэтэл бүдүүн биетэй охин надад  “би насанд хүрээгүй, чи насанд хүрээгүй хүнд архи зарсан, би одоо цагдаа дуудна” гээд байсан. Хаалган дээр очоод гарах гээд байхаар нь би хаалганы хажууд зогсоод бид нар хоорондоо маргалдсан. Гэтэл махлаг биетэй эмэгтэй намайг 2-3 удаа хойш нь түлхсэн. Нөгөө эмэгтэй миний үснээс татаад газар унагаасан. Энэ хооронд 304 тоот өрөөнд орсон нөгөө охин шууд газар унаснаа би татдаг өвчтэй гээд байсан. Тэгээд намайг үсдэж унагаасан эмэгтэй намайг газар хэвтэж байхад гар хөлөөрөө миний нүүр, хэвлий, гуя, толгой хэсэгт цохиж зодсон. Намайг нэг сэртэл буйдан дээр сууж байсан. Тэр эмэгтэй намайг юм хэлэхээр л миний нүүр рүү маажиж байсан ба би дахиад ухаан алдсан. Би сорвио арилгуулах хүсэлтэй байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12-рт/,  

 

гэрч О.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би найз Дгийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 01 цагийн үед “Аялгуу” нэртэй буудалд орж үйлчлүүлж байгаад гарах гэтэл тухайн буудлыг ажиллуулдаг нэг согтуу эмэгтэй хаалганыхаа хажууд зогсчихоод та нарыг гаргахгүй гэж хэлтэл Д “та нар аятайхан харьц, та нар ажил хийж байж яагаад согтуу байгаа юм бэ” гэж хэлсэн. Дд зордуулсан гэх эгч Д бид хоёрыг тэвэрч аваад байсан. Тэгээд Дгийн үснээс зулгаасан. Д тухайн эмэгтэйг зохисгүй авирлаад байхаар нь утсаараа бичлэг хийсэн. Гэтэл чи муу үхсэндээ бичлэг хийгээд байгаа юм бэ гэж хэлээд гар утсыг нь булааж аваад Дг үсдээд гараараа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр хамтдаа газар унасан. Д босч ирээд тэр эгчийг хэд хэдэн удаа өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-рт/,

 

гэрч Г.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...том биетэй охин /П.Д/ М-ын нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиод үсдээд байсан. Гэтэл М- ухаан алдаж унахад нүүрэн дээр нь дэвсээд мөн цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байсан. М-ыг ухаан алдаад сэргэсний дараа нүүрийг нь самардаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Э.М-ын биед дух, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун шанаа, хүзүү, зүүн чихний дэлбэнд хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун, зүүн, нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 20-21-рт/ гэжээ.

 

  • хохирлын баримтууд /хх-ийн 26-27-рт/,
  • хохирол хүлээлгэн өгсөн талаарх баримт /хх-ийн 67-рт/,

 

шүүгдэгч П.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дэн буудалд орж архи, пиво уусан, гэхдээ би согтууруулах ундаанаас их хэмжээгээр хэрэглээгүй. Н- бид хоёр буудлаас гарах гэтэл буудлын ажилтан биднийг гаргахгүй гээд байхаар нь би нялх хүүхэдтэй харихгүй бол болохгүй гэж хэлтэл тухайн буудлын ажилтан гаргаагүй. Ингээд бидний дунд маргаан үүссэн. Тэгээд миний үснээс зулгаасан. Намайг хараалын үгээр хараагаад байхаар нь миний уур хүрээд түүний нүүр хэсэгт нь гараараа цохисон. Мөн түүнийг самардсан, намайг үсдээд тавихгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч П.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Аялгуу” төвд хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.М-ын “...бидний дунд маргаан үүссэн. Тэгээд Д гэх эмэгтэй намайг үсдэж унагаасан ба намайг газар хэвтэж байтал хөлөөрөө миний нүүр, хэвлий, гуя, толгой хэсэгт цохисон. Тэр эмэгтэй намайг юм хэлэхээр л миний нүүр рүү маажиж байсан.. ” гэх мэдүүлэг, гэрч О.Н-ы “...Д тухайн эмэгтэйг зохисгүй авирлаад байхаар нь утсаараа бичлэг хийхэд тэр эгч гар утсыг нь булааж аваад Дг үсдээд гараараа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр хамтдаа газар унасан. Д босч ирээд тэр эгчийг хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Х-гийн “...том биетэй охин /П.Д/ М-ын нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиод үсдээд байсан. Гэтэл М- ухаан алдаж унахад нүүрэн дээр нь дэвсээд байсан. Тэгээд цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байсан. Мөн М-ыг ухаан алдаад сэргэсний дараа нүүрийг нь самардаад байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Шүүгдэгч П.Д нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нийт 483.660 төгрөгийг шүүх хэлэлцүүлэгт шүүхэд бэлнээр хүлээлгэн өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Э.М- нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч П.Дгоос жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

- Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

- Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

- Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

- Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

- Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Иймд шүүгдэгч П.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг дээр дурдсанчлан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Дгийн үйлдэлд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Х овогт П-ын Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Дд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2-д зааснаар П.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж тогтоосугай.

 

4. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.Дд тайлбарласугай.   

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ