| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0115/И |
| Дугаар | 148 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 148
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монкорд Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 64-39 тоотод оршин суух, Самгарьд овогт Болдбаатарын Бат-Эрдэнэд /РД: ДС81121418/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 99,522,783 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монкорд хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хоршооны гишүүн Б.Бат-Эрдэнэ нь хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, БГД, 12-р хороо 6-р бичил хороолол 24-р байрны 126 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан 2011 оны 12-р сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2015 оны 12 сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг нэмж шуурхай зээлийг 3 сарын хугацаатай 3,69 хувийн хүүтэй тус тус авсан болно. Гэрээг 6 сараар сунгасан. Энэ хугацаанд зээлийн гэрээний үндсэн зээлээс 0 төгрөг, хүүнд 15,498,000 төгрөг, 2011 оны 12 сарын 22-ны нэмэлт гэрээний үндсэн зээлээс 1,093,437 төгрөг, хүүнд 15,379,150 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй байна. Зээл хүүгээ төлж дуусгахыг байнга шаардахад хугацаа өгөөч, төлж дуусгана гэсэн тайлбар хүсэлт гаргасаар хугацаа алдсан билээ. Иймд одоо үндсэн зээл 30,000,000 төгрөг, 2015 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 37,010,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,402,140 төгрөг нийт 74,412,480 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 13,906,563 төгрөг 2015 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 9,336,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,867,230 төгрөг, нийт 25,109,943 төгрөг 2 гэрээний тооцооны нийлбэр 99,522,783 төгрөгийг Иргэний хуулийн 451-453-р зүйлд заасны дагуу иргэн Б.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эвлэрсэн, энэ талаараа эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 19,522,783 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Бат-Эрдэнэ 80,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар дээр нэмж хэлэх тайлбар байхгүй байна. 80,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан болно гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, хариуцагч Б.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “ Монкорд ” хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 19,522,783 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь 2 сарын хугацаанд 80,000,000 төгрөгийг дараах байдлаар 2017 оны 04 сарын 25-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 05-нд 3,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 10-нд 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 20-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 06-нд 65,000,000 төгрөгийг төлөхөөр хуваарь гаргаж эвлэрлийн гэрээ байгуулав. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхэд татгалзахгүй болно. Төлбөрийг төлж дуустал хугацаанд барьцааны үл хөдлөх хөрөнгийг шилжилт хөдөлгөөнд оруулахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэгч Монкорд хадгаламж зээлийн хоршоотой 2011 оны 12-р сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, мөн 2015 оны 12 сарын 22-ны өдөр зээл, барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг нэмж шуурхай зээлийг 3 сарын хугацаатай 3,69 хувийн хүүтэй зээлж авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болох нь зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 19,522,783 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь 80,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч, энэ талаараа бичгээр гэрээ байгуулж шүүхэд өгсөн болно. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Монкорд Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бат-Эрдэнэд /РД: ДС81121418/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 99,522,783 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 19,522,783 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бат-Эрдэнэ 80,000,000 төгрөг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 655,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД