Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б-ын Мд холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, АПУ ХХК-д аюулгүй байдлын ахлах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ___/, Х овогт Б-ын М.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““Б-”” нэртэй бааранд хохирогч Э.Б-ын толгой тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд дух, зулайн хуйханд шарх, баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хохирогчид 350.000 төгрөгийн үнэ бүхий пүүз өгсөн. Би цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна.” гэв.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““Б-”” баарны үүдэнд хохирогч Э.Б-тай маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” нэртэй бааранд ажилдаа ирсэн. Тэгээд ажлаа хийгээд  байж байхад 03 цаг 40 минутын орчимд тус баарнаас бөөнөөрөө хүмүүс гаргаж ирсэн. Би тэр хүмүүсийн маргааныг зогсоох гэхэд хоорондоо түлхэлцээд эхэлсэн. Тэгээд би М гэх залууг хүн түлхэхээр нь хүн зодох гэж байна гэж бодоод түүнийг цаашаа бай гэж хэлээд түлхэхэд хаалганы хэсэг рүү намайг түлхээд орсон. Нэг мэдэхэд толгойноос цус гарсан. Би гал тогооны өрөөнд цусаа угаагаад гараад ирэхэд нөгөө хүмүүс маргаж л байсан. Удалгүй 2 цагдаа ирээд М гэх залуу бид хоёрыг цагдаа руу авч явсан. Тухайн үед намайг М шилээр цохисон гэж бодож байхад манай хамгаалагч Б- тэр М гэх залуу гартаа утас барьсан байсан түүгээр цохьчихсон гэж хэлсэн. 

Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цаг 30  минутын орчимд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж цагдаагийн ажилтанд гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн үед М гэх залуу бид хоёр хэн хэнийхээ ажлыг уяад яахав дээ ажилтай хүмүүс гэр бүлээ тэжээх гэж байгаа гэж харилцан тохироод М надад бэлнээр 70,000 төгрөг өгсөн болохоор би хальтарч унаад духаа гэмтээсэн гэж мэдүүлэг өгсөн юм.

Шинжээчийн дүгнэлтэд гарсан миний биед учирсан гэмтлүүдийг М гэдэг залуу 2020 оны 11 дүгээр сарын 08-нд “Б-” баарны үүдэнд Эл Жи маркийн саарал өнгөтэй гар утсаараа толгой руу 2, 3 удаа цохиж учруулсан гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18-рт/,

 

Гэрч Ц.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Б-” бааранд 5 жил ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед ажилдаа ирсэн. Тухайн өдөр хүн нилээн их байсан бөгөөд 03 цагийн үед манай баарны гадна хаалган дээр манай зохион байгуулагч С, хамгаалагч Хуншагай, Б-, Лхагва-Очир, Б- нар үл таних 4, 5 залуутай маргалдаад байсан. Тэгээд маргаан болоод байхаар нь баарны үүд рүү очиж байтал манай хамгаалагч Б-ыг нэг танихгүй залуу гартаа нэг юм барьчихсан толгой руу нь цохиод байсан. Тэгтэл Б-ын толгойноос цус гараад гал тогооны өрөө рүү цусаа гоожуулаад орсон. М гэх залуу Б-ын толгойн тус газарт нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Э.Б-ын биед дух, зулайн хуйханд шарх, баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд язралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 39-40-рт/ гэжээ.

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-11/,

 

Шүүгдэгч Б.М-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52/,

- нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 54-рт/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Х овогт Б-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Мд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ