Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

   2021          01            11                                      2021/ШЦТ/35

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л-ын М-д холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Минт” диско бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ___/, Х овогт Л-ын М-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-4 дүгээр гудамжны 65 тоотод Г.Э-гийн толгой, нүүр хэсэгт цохиж тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд, шулуун синус, тенториумд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М- мэдүүлэхдээ:

“...2019 оны 10 дугаар сард цалин буусан талаар Э- над руу залгасан. Би ажил дээрээ очоод цалингаа аваад хамгаалалтын албаны ахлагчаас чөлөө аваад Э-тай хамт гарсан. Бид хоёр гараад “Стелла” гэх бааранд орж нэг шил виски авсан. Би виски ууснаас хойш юу ч санахгүй байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байх үед “Минт” нэртэй бааранд очиж цалингаа авсан. Тэгээд байж байтал М- миний араас ирж цалингаа авсан бөгөөд бид хоёр цалингаа авсан даруй М-гийн гэр лүү явсан. Тэгээд бид хоёр М-гийн гэрт очтол М- цалингаа эхнэртээ өгсөн. Тэгээд бид хоёр шоудахаар гарсан. Бид хоёр М-гийн гэрээс гараад “Кастель” нэртэй бааранд ороод нэг шил “Жонни волкер” нэртэй виски авч хуваан уугаад тэндээс гарч “Хүүхдийн зуу”-д байдаг тусгай үзүүлбэртэй “Пок” нэртэй бааранд орсон. Тухайн бааранд пиво ууж байгаад М-гийн танил үзүүлбэр үзүүлдэг бүтэн нэрийг мэдэхгүй “Бэнби” билүү “Бэби” билүү нэртэй охиныг авч гарсан. Тухайн баарнаас гарахад М-гийн танил тайчдаг охин Сансараас нэг найзыгаа авна гээд байхаар нь Сансарын “Шөлөндөө” хоолны газрын ойролцоогоос нэг охиныг очиж авсан. Тэгээд бид дөрөв Сансараас такситай яваад “Таац” нэртэй газрын гаднаас шагаар “Эдэн” нэртэй 750 граммын нэг шил архи, 2,5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво хоёр ширхэгийг аваад 28 дугаар сургууль орчимд нэг зочид буудалд орсон. Бид дөрөв гаднаас шагаар авсан архи, пивонуудаа уусан. М- архины тал хүртэл ууж байгаад дахиж уугаагүй учраас үлдсэн архи, пивонуудыг би нөгөө хоёр охинтой хуваан уусан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө нөгөө хоёр охинтой ууж байгаад буудлаас М-гийн хамтаар гарч гэр лүүгээ явсан. Тэгээд М-гийн гэрийн ойролцоо ирээд байж байтал М- надад ....хөгшөөн мах өгсөнд баярласан шүү, найз нь нэг юм авч өгье.... гээд дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,5 литрийн нэг шил архи, 2,5 литрийн хэмжээтэй пиво нэг ширхэгийг авч өгсөн бөгөөд би тэр архи, пиво зэргийг М-гийн гэрт орж хадам аавтай нь хувааж уусан. Харин М- авч өгсөн архи, пивоноосоо уухгүйгээр унтсан. Би нөгөө архи, пивийг М-гийн хадам аавтай хувааж уугаад сууж байтал нөгөө ах над руу ....чи манай хоёр хүүхдэд мах өгсөн байсан, манай хүүхдүүдийг гуйлгачин гэж бодоо юу... гэх зэргээр сонин юм яриад байхаар нь би тэр ахад ...би М-, Э- болон Б нарт тус болъё л гэж бодсон юм... гэж хэлтэл М-гийн эхнэр нь над руу аавыгаа өмөөрч ....чи дуугүй бай, согтуу юм байж, муу архичин.... гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Тухайн өдрөөс өмнө би М-гийн эхнэртэй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст М-гийн асуудлаас болж маргасан байсан бөгөөд тэр асуудлыг нь би хэлээд ....чи дээр бас нэг сонин юм яриад байсан, би М-гийн цонх хагалсан асуудалд ямар ч хамаагүй, чи зүгээр хүнээрээ байгаарай.... гэж хэлсэн. Тэр үед М- унтаж байгаад босч гэрээсээ гарсан. Тэгэхэд нь би М-г ариун цэврийн өрөө орох гэж байгаа юм байх гэж бодоод сууж байтал гаднаас М- ямар ч байсан орж ирж байсан бөгөөд орж ирээд удаагүй байхдаа миний араас толгойн зүүн тал руу хатуу зүйлээр нэг удаа цохисон. Тэр үед миний харснаар М- хар бор өнгөтэй гэмээр зэвэрчихсэн трубагаар цохиж байсан. Ямар ч байсан намайг хоёр удаа цохисны дараа би газар уначихсан. Тэр үед М- гартаа барьсан трубагаар миний нуруу орчим нэг удаа цохиод толгой дээрээс аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй 4-5 удаа дэвсээд байсан. Тэгээд би газраас босч ирээд М-тэй зодолдох гэж нэг удаа барилцаж аваад больчихсон. Тэр үед М-гийн хадам аав нь миний араас хоёр гараар тэврээд авсан тул би ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Тэр үед М- баруун гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Харин тэр үед М-гийн эхнэр Э- болон хадам аав нар нь одоо боль гээд салгах шиг болоход М- болиод би шууд тэднийхээс гараад замаас такси бариад “Содон” хороололд байдаг найз охин С-ын гэр лүү явсан. Би толгойруугаа нилээн их цохиулж зодуулсан болохоор манай найз охины амьдардаг байрны орцны жижүүрийг дуудахад тэр жижүүр намайг таньсан учраас орц руу оруулж өгсөн. Тэгээд би найз охиныхоо гэрт хоёр хоног хэвтсэн бөгөөд миний толгой хавдаад зүгээр болохгүй байсан тул найз охиныхоо байрны нэг давхарт байдаг бариа заслын эмнэлэгт бариулах гээд орсон боловч барих боломжгүй, чи гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэхээр нь би тэр өдрөө гэмтлийн эмнэлэг явалгүй гэртээ орж амарсан. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр билүү 15-ны өдөр толгой зүгээр болохгүй байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, тэгэхгүй бол чи үхэх гэж байна гээд намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт 13-14 хоног хэвтээд гарсан бөгөөд намайг хэд хоног хэвтрийн дэглэм барьж гам барих хэрэгтэй гээд гэрээр хийлгэх эм тариа бичиж өгсөн. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа М-д болсон зүйлийн талаар хэлсэн боловч М- надад туслах биш намайг гэмтлийн эмнэлгийн гадаа гараад ир хоёулаа зодолдъё гэж яриад байсан. Яг хэрэг болох өдөр миний гар утас алга болсон бөгөөд би М-гээс гуйж байж гар утсаа олж авсан. Эмнэлэг дээр байхад нэг удаа миний гар утсыг өгөх гэж ирсэн, ахиж ирээгүй, миний биед учирсан гэмтлээс болоод маш их зардал гарч байсан тул арга буюу цагдаагийн байгууллагад хандсан юм.

Миний биед учирсан гэмтэлд барагцаагаар 1,100,000 төгрөгийн зардал гараад байгаа. Би баримт цуглуулаагүй. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл гэвэл одоогоор гараад байгаа эмчилгээний зардал болон тухайн хэрэг болох үед миний биед байсан 200,000 төгрөгийг М- авсан учраас тэр мөнгөө гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-рт/,

Мөн ....би толгойдоо хүйтэн жин тавьж байгаад гайгүй болох байх гэж бодсон бас М-тэй найзууд юм чинь жаахан юман дээр асуудал болгоод яах вэ гэж бодоод шууд найз охиныхоо гэр лүү явсан. Тэгээд найз охиныхоо гэрт очоод байж байтал улам их өвдөөд байхаар нь эмнэлэг явсан. Гэтэл Гэмтлийн эмнэлгийн эмч нь надад яагаад удаж байж эмнэлэгт үзүүлж байгаа юм бэ, эрт ирэхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2-3 хоногийн өмнө зодуулсан гээд худлаа хэлчихсэн юм. Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байхад М- миний биеийн байдлын талаар асуухгүй, тоосон шинжгүй байгаад байсан мөртлөө эмнэлгийн гадаа ирчихсэн байна, хоёулаа зодолдъё гараад ир гээд сонин юм яриад байхаар нь эмнэлгээс гараад цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-рт/,

 

Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Л.М- найз Г.Э-гийн хамт нэг шөнө гэртээ ирээд цалингаа өгчихөөд дахиад ажилдаа явлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр шөнө манай нөхөр ирээгүй бөгөөд өглөө нь Г.Э-гийн хамтаар согтуу, нэг жижигхэн шилтэй архи, том савтай пиво барьчихсан согтуу ороод ирхээр нь огт архи уудаггүй хүн гэж гайхаад шууд нөхрөө унт гэж хэлэхэд унтсан. Манай нөхрийг унтсаны дараа Э- архи, пивоо ганцаараа ууж байгаад агсрах шинжтэй байгаад байсан ба гар утас өгч бай гэхээр нь өгтөл эхнэр лүүгээ залгаад чамайг ална, одоо сургууль дээр очиж ална гэх зэргээр агсраад байсан. Тэгж байгаад Э- манай нөхрийг сэрээгээд тэр хоёр маргасан бөгөөд эхлээд би нэг удаа Э-г гэрээсээ хөөн гаргасан. Тэр үед Э- намайг түлхээд буцаад манай гэр рүү ороод манай нөхөртэй маргаад тэр хоёр дух, духаа нийлүүлсэн байхаар нь би айгаад хүүгээ нөхрөөсөө автал Э- манай нөхрийн шанаа орчимд нь нэг удаа цохисон. Тэр үед манай хүү уйлаад байсан тул би айгаад хүүгээ нөхөртөө өгөөд Э-г гэрээсээ гаргасан. Тэр үед Э- зүгээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-рт/,

Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн охин О.Э-, зээ хүү М.Б нарын хамтаар гэртээ байж байтал манай хүргэн нэг танихгүй залуутай согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд манай хүргэн  ааваа хүү нь архи уучихлаа гэхээр нь би “чи яагаад архи ууж байгаа юм бэ” гэж асуухад “уучлаарай аав, би ингээд унтлаа” гэж хэлээд унтсан. Манай хүргэнтэй хамт орж ирсэн залуу гаднаас ирэхдээ авчирсан архи, пивоо ганцаараа сууж байгаад уусан. Надад хийж өгөхөөр нь би уухгүй гэдгээ хэлээд уугаагүй. Тэр залуу авч ирсэн архи, пивоо ганцаараа ууж дуусгасан. Мөн тэр залуу манай хүргэнийг унтаж байхад нь “бос, архи авч өг” гэхэд нь манай хүргэн “үгүй, чадахгүй” гэж хэлсэн. Тэр үед би хажуунаас нь тэр залууд “манай хүү унтаж байна” гэж хэлтэл манай хүргэнийг “одоо бос, хоёулаа одоо Зайсан явна” гээд байхаар нь “хүү маань унтаж байна”  гэж хэлэхэд “чи босоод ир гэж хэлээд манай хүргэний шанаа орчимд нэг удаа цохиход манай охин хүргэнийг салгаж авсан, би нөгөө залууг салгаад гэрээс гаргаад гэрийн араар тойрсон. Тэр үед нөгөө залуу гэрийн гадаа гарчихаад танай гэрийг шатаана би шатаачихаад та нарт 10 гэр авч өгсөн ч чадна гээд орилоод байсан бөгөөд би тэр залууд “миний дүү чи айлд ирээд ингэж болохгүй” гэж хэлээд хашаанаас гаргасан. Гэтэл нөгөө залуу манайхаас гарч явахдаа “би та нарыг ална” гээд орилоод явсан. Би гэртээ ороод байж байтал манай хүргэн, охин, зээ гурав айл руу явна гээд явсан. Тэр хойгуур орой 22 цагийн үед манай гадна хашааны хаалга маш хүчтэй нүдэхээр нь гараад очтол манай хүргэнтэй хамт ирээд архи ууж байгаад агсраад байсан залуу өөр нэг залуугийн хамтаар манай гадаа ирчихсэн байсан. Тэгээд тэр залуу нөгөө хамт ирсэн залуутайгаа гэрт орж ирээд “М-г ална” гээд хайгаад байсан. Тэр үед би М- байхгүй, эхнэр хүүхэдтэйгээ айл руу явсан” гэж хэлээд тэр залууг явуулах гэхэд намайг нэг удаа мангасдахаар нь би тэр залууд “ахын дүү чи тэгж болохгүй шүү, ах нь нурууны хагалгаатай, чамайг нэг түлхээд унагаахад л ах нь өнгөрч магадгүй шүү” гэж хэлэхэд тэр залуу хамт ирсэн залуутайгаа манайхаас гараад явсан. М-, Э- хоёр хоорондоо зууралдаад барилцаж аваад ноцолдож байхад нь би салгасан. Тэр хоёрыг салгах үед тэр хоёрын биед ямар нэгэн гэмтэл шарх гээд байх юм харагдаагүй. Тэр залуу манай гэрээс гарч байхад нь ямар нэгэн гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг /95-96-рт/,

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- 2019 оны 10 дугаар сарын эхээр манайд ирэхдээ хүнд зодуулсан байдалтай ирсэн. Тэр үед би юу болсон талаар асуухад “Минт” бааранд хамт ажилладаг байсан М- гээд залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэр өдрөө эмнэлэг явалгүй манай гэрт хэвтэж байгаад бие нь бүр их өвдөөд байсан тул яах аргагүй гэмтлийн эмнэлэг явсан. Тэр үед нэг эрэгтэй найз нь хүргэж өгсөн бөгөөд гэмтэл дээр очиж үзүүлтэл хэвтэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед Э-гийн толгой нүүрэнд маш их гэмтэл байсан бөгөөд хоёр нүд нь хөхөрсөн, нүүр толгой орчимд нь маш их хаван хавдар үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-рт/,

Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Содон” хорооллын 106 дугаар байрны 2 дугаар орцны жижүүрээр 2019 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Би тухайн өдрийг яг 2019 оны 10 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, ямар ч байсан харанхуй шөнө байсан, 124 тоотод орж гараад яваад байдаг залуу “хүнд зодуулчихлаа таны гар утсаар яриад өгье” гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэр залуу миний гар утсаар гадаа гарч яриад байсан. Би хэнтэй ярьсныг нь мэдэхгүй байна. Тэр залуу толгой өвдөөд байна гээд толгойныхоо дагз хэсгээр илээд бариад байсан. Хамар ам болон нүүр хэсгээр нь ил харагдах цус шарх байгаагүй. Тухайн үед харанхуй болчихсон байсан болохоор улайлт, хавдалт, зулгаралт зэрэг гэмтэл нүүр толгойд нь байсан эсэхийг анзаараагүй. Маргааш өглөө нь би 1 давхрын цэвэрлэгээ хийгээд явж байхад нөгөө залуу орцны толинд нүүрээ хараад зогсож байхаар нь хартал нэг талын нүд нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-рт/,

Гэрч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний санаж байгаагаар 10 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед Г.Э- над руу өөрийнхөө биш сууж явсан таксины жолоочийн гар утаснаас залгаад “хүнд зодуулчихлаа, одоо ажил руу чинь явж байна” гэж хэлээд тасалсан. Тэгээд цаг гаруйн дараа нөгөө залгасан дугаараа дахин залгаад ирчихлээ гэхээр нь гараад тосч авсан. Намайг тосч авахад аль нүд нь билээ хөхрөөд хавдчихсан, бас аль билээ нэг шанаа орчим нь хавдаад хүзүү нь зулгарсан байдалтай байсан бөгөөд надад хэлэхдээ толгойныхоо араас юмаар цохиулчихлаа, миний толгой их өвдөөд байна гэж хэлж байсан. Тэр үед би Э-гаас хаана, хэнд зодуулсан талаар асуухад М- гэх залуутай архи ууж байгаад маргаад зодуулсан гэж хэлсэн. Тухайн үед М- гэх залуугийн эхнэр нь байсан гэж яриад байсан. Би 15 цагийн үед ажлаасаа чөлөө авч гараад Э-г өөрийнхөө машинаар 21 дүгээр хороололд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Э- над руу залгаад бие өвдөөд бүр болохгүй байна, ирээд намайг эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь би машинтайгаа очиж гэрээс нь аваад Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд Э-г толгойд чинь энд тэндээ маш их цус хурсан байна, яаралтай хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Э- надтай уулзахдаа таксины мөнгөнөөс гадна барагцаагаар 100 орчим мянган төгрөгтэй байсан байх. Харин ямар нэгэн гар утас байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 181-182-рт/,  

 

Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч Г.Э-гийн биед үүсгэгдсэн гэмтэл нь гараар болох трубагаар цохих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн дээрх гэмтэл нь хэрэг болсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Г.Э-гийн биед хоёр тал бөмбөлгийн таславч хооронд, шулуун синус, тенториумд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 26-27-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Урьд гаргасан ... дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Г.Э-гийн биед тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд, шулуун синус, тентериумд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хоншоор ясны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд, шулуун синус, тенториумд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Зүүн хоншоор ясны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байх бөгөөд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6.7. Дээрх шинэ гэмтлүүд нь амь тэнссэн байдалд хүргээгүй, эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 48-49-рт/,

 

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 36-47-рт/,

Хохирлын баримтууд /хх-ийн 69-рт/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 80-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

         Тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М-г 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-4 дүгээр гудамжны 65 тоотод Г.Э-гийн толгой, нүүр хэсэгт цохиж тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд, шулуун синус, тенториумд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-4 дүгээр гудамжны 65 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.Э-г эхнэр болон хадам эцэгт агсам тавьлаа гэх шалтгаанаар түүний толгой болон нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27-рт/, шинжээчийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49-рт/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 36-47-рт/, хохирогч, шинжээч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

            Түүний гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна. Мөн хохирогч болон гэрчүүдийн хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн эх сурвалж нь тодорхой байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.М- нь хохирогч Г.Э-гийн толгой, нүүр хэсэгт цохисон үйлдлийн улмаас тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд, шулуун синус, тенториумд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тухайн цаг хугацаанд үүссэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Болсон үйл баримтын талаар авч үзвэл; шүүгдэгч Л.М-, тухайн хэргийг харсан гэх гэрч Ж.О-, О.Э- нарын мэдүүлэг хохирогчийн мэдүүлгээс зөрүүтэй тодруулбал:

гэрч О.Э- “Г.Э- агсам тавиад, эхлээд манай нөхөртэй маргаад тэр хоёр дух, духаа нийлүүлсэн байхаар нь би айгаад хүүгээ нөхрөөсөө автал Э- манай нөхрийн шанаа орчимд нь нэг удаа цохисон, тэр үед Э- зүгээр явсан.” гэж, гэрч Ж.О- Г.Э-д “хүү маань унтаж байна” гэж хэлэхэд “чи босоод ир гэж хэлээд манай хүргэний шанаа орчимд нэг удаа цохиход манай охин хүргэнийг салгаж авсан, би нөгөө залууг салгаад гэрээс гаргаад гэрийн араар тойрсон. Тэр үед нөгөө залуу гэрийн гадаа гарчихаад танай гэрийг шатаана би шатаачихаад та нарт 10 гэр авч өгсөн ч чадна гээд орилоод явсан” гэж, харин хохирогч Г.Э- “М- орж ирээд удаагүй байхдаа миний араас толгойн зүүн тал руу хатуу зүйлээр нэг удаа цохисон. Тэр үед миний харснаар М- хар бор өнгөтэй гэмээр зэвэрчихсэн трубагаар цохиж байсан. Ямар ч байсан намайг хоёр удаа цохисны дараа би газар уначихсан. Тэр үед М- гартаа барьсан трубагаар миний нуруу орчим нэг удаа цохиод толгой дээрээс аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй 4-5 удаа дэвсээд байсан. Тэгээд би газраас босч ирээд М-тэй зодолдох гэж нэг удаа барилцаж аваад больчихсон. Тэр үед М-гийн хадам аав нь миний араас хоёр гараар тэврээд авсан тул би ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Тэр үед М- баруун гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Харин тэр үед М-гийн эхнэр Э- болон хадам аав нар нь одоо боль гээд салгах шиг болсон гэж тус тус мэдүүлжээ. 

Үүнээс үзэхэд шүүгдэгч Л.М-гийн эхнэр нь гэрч О.Э-, хадам эцэг нь гэрч Ж.О- болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “миний эхнэр О.Э-, хадам аав Ж.О-” /1-р хх-ийн 106/ гэх мэдүүлгээр тогтоогддог бөгөөд эдгээр гэрч нар хэрэг учрал болсон газарт байсан агуулгаараа тэдний мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой байх нотлох баримт мөн юм.

 

Гэвч эдгээр гэрч нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг эдлэх буюу эдлэхгүй байх эрхтэй бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгчийн ашиг сонирхол хохирогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдалд байгааг үгүйсгэхгүй юм.

           Мөн хохирогч Г.Э- өөрийг нь цохиж гэмтээсэн хүнийг шүүгдэгч Л.М- мөн гэж нэр заан мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, бусад гэрч Б.С-, С.М-, Р.М-э нарын мэдүүлгээр нотлогдож байх тул гэрч О.Э-, Ж.О- нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан судлахад тухайлбал: Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- 2019 оны 10 дугаар сарын эхээр манайд ирэхдээ хүнд зодуулсан байдалтай ирсэн. Тэр үед би юу болсон талаар асуухад “Минт” бааранд хамт ажилладаг байсан М- гээд залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэр өдрөө эмнэлэг явалгүй манай гэрт хэвтэж байгаад бие нь бүр их өвдөөд байсан тул яах аргагүй гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед Э-гийн толгой нүүрэнд маш их гэмтэл байсан бөгөөд хоёр нүд нь хөхөрсөн, нүүр толгой орчимд нь маш их хаван хавдар үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-рт/,

Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 124 тоотод орж гараад яваад байдаг залуу “хүнд зодуулчихлаа таны гар утсаар яриад өгье” гэхээр нь би гар утсаа өгсөн. ...Тэр залуу толгой өвдөөд байна гээд толгойныхоо дагз хэсгээр илээд бариад байсан. ...Маргааш өглөө нь би 1 давхрын цэвэрлэгээ хийгээд явж байхад нөгөө залуу орцны толинд нүүрээ хараад зогсож байхаар нь хартал нэг талын нүд нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-рт/,

Гэрч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний санаж байгаагаар 10 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед ...намайг тосч авахад аль нүд нь билээ хөхрөөд хавдчихсан, бас аль билээ нэг шанаа орчим нь хавдаад хүзүү нь зулгарсан байдалтай байсан бөгөөд надад хэлэхдээ толгойныхоо араас юмаар цохиулчихлаа, миний толгой их өвдөөд байна гэж хэлж байсан. Тэр үед би Э-гаас хаана, хэнд зодуулсан талаар асуухад М- гэх залуутай архи ууж байгаад маргаад зодуулсан гэж хэлсэн. Тухайн үед М- гэх залуугийн эхнэр нь байсан гэж яриад байсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Э- над руу залгаад бие өвдөөд бүр болохгүй байна, ирээд намайг эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь би машинтайгаа очиж гэрээс нь аваад Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд Э-г толгойд чинь энд тэндээ маш их цус хурсан байна, яаралтай хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Э- надтай уулзахдаа таксины мөнгөнөөс гадна барагцаагаар 100 орчим мянган төгрөгтэй байсан байх. Харин ямар нэгэн гар утас байгаагүй...” /хх-ийн 181-182-рт/ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Г.Э- шүүгдэгч Л.М-гийн гэрээс гараад гэрч Б.С-ын гэрт очих хүртэлх зарим үйл баримтын талаар мэдүүлэг хоорондоо болон мөн тухайн үйл явдлын талаарх мэдүүлэг нь зөрөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Г.Э- “намайг Л.М- цохиж, зодсон” гэж тогтвортой мэдүүлжээ.

Мөн шинжээч Ц.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд “...Г.Э-гийн биед үүсгэгдсэн гэмтэл нь гараар болох трубагаар цохих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн дээрх гэмтэл нь хэрэг болсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой...” /хх-ийн 106-107-рт/ гэж мэдүүлснээр шүүгдэгч болон гэрч О.Э-, Ж.О- нарын дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Иймд шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч Л.М- нь хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

            Хэрэгт хийгдсэн шинжилгээнүүд хуульд заасан журмын дагуу явагдсан, эхний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг дараагийн дүгнэлт батлан нотолсон, хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий мэргэжлийн дадлага туршлагатай шинжээч дүгнэлт гаргажээ.

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч Л.М-гээс 417.370 /дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д олгож, хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.М-гээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Х овогт Л-ын М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.М-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.М-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.М- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.   

 

5. Шүүгдэгч Л.М-гээс 417.370 /дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.М-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д  авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ