Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 47

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                             Хэргийн индекс: 156/2016/00717/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Л23-0 тоотод оршин суух, Жаахүүгийн Золжаргал /РД:СЮ86112123/-ын нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Тэмүүжингийн 48Б-16 тоотод оршин суух, Батдэлгэрийн Гансэлэм /РД:ЕЙ82122317/-д холбогдох
      25 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч  Ж.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
      “Ж.Золжаргал миний нөхөр болох Баатар овогтой Батчулуун 2012 оны 03 дугаар сард Б.Гансэлэмээр зуучлуулан 25 000 000 төгрөгөөр БНСУ-аас экскэватор оруулж ирүүлэхээр тохиролцон  2012 оны 03 дугаар сарын 16-ний өдөр 24 540 000 төгрөгийг дансаар шилжүүлэн, үлдэгдэл 460 000 төгрөгийн дүнд сангийн турба тооцож өгсөн. Тухайн үед Б.Гансэлэм нь экскэватор оруулж ирвэл сарын 4-5 сая төгрөгөөр түрээслүүлнэ, ажлыг нь олж өгнө, их ашигтай гэхчилэн Б.Батчулууныг худал үгээр ятган биднийг залилсан. Өнөөг хүртэл эксккэватор авчирч өгөөгүй бөгөөд ямар ч мөнгөн төлбөр өгөлгүй хохироож байна. Ж.Золжаргал би нөхрийн хамт цалингийн зээл авч, өөрийн төрсөн эгч болон хадам эгчийнхээ хадгаламжийг гаргуулан, ээжийгээ тэтгэврийн зээл хийлгэн байж 25 000 000 төгрөгийг бүрдүүлэн өгсөн учраас 4 жилийн турш банкны хүүгийн болон зээлийн төлбөр нэмэгдсээр байна. Иймээс шилжүүлэн өгсөн 25 000 000 төгрөгийг хариуцагч Б.Гансэлэмээс гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Б:Гансэлэм шүүхэд гаргасан тайлбартаа:..миний бие 2012 онд Ж.Золжаргалын нөхөр болох Б.Батчулуунтай ярилцаж DAWОO-55 маркийн жижиг экскэватор БНСУ-аас авчирч өгч  2012 онд  8 сая төгрөг дансаар өгсөн. Тэгээд би хэдэн хятадуудтай хамтарч Дорноговь аймгийн Айраг суманд жоншны уурхайд ажиллах болоод Б.Батчулуунаас зөвшөөрөл авч экскэг зарж Хьюндай-280 гэдэг экскэваторын урьдчилгаанд 18 сая төгрөг өгсөн. Тус экскэг 60 саяар авна гэж гэрээ хийсэн байсан юм.  Би Батчулууны экскэг 18 саяар зарлаа гэдгээ хэлж зөвшөөрөл авсан. Хятадуудтай хамтарч ажил гайгүй болох байх гэж бодсон боловч хятадууд шатаж би бас тэр үед 75 саяар шатаж хамаг юмаа зарж банкны барьцаанд тавьж тэр үеийн өрнөөс гарсан. Одоо банкны бас бус өрнөөсөө гарч чадахгүй байгаа тул найз Батчулууныхаа мөнгийг өгч чадалгүй өдийг хүрсэн. 2016 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын жоншны баяжуулахад жоншны шороо өгч Батчулууны өрийг дарах гэсэн боловч тус газрыг Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хааж лацадсан. Ингээд дараа нь цас орж баяжуулах зогссон. Би Галшар суманд жоншы уурхайтай энэ маань бас өвөл болж ажил зогссон. 2017 оны 04 дүгээр сард ажил эхлэхээр найзынхаа мөнгийг өгч барагдуулна гэсэн бодолтой байна. Эхнэр Ж.Золжаргал нь миний Төрийн банкны 250000329138 тоот дансыг хамтран эзэмшиж байгаа тийм болохоор мөнгө орвол наана нь ч хамаагүй төлж бага багаар төлж дуусгана” гэжээ.
 
       Нэхэмжлэгч Ж.Золжаргал, хариуцагч Б.Гансэлэм нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Харицагч Б.Гансэлэм нь нэхэмжлэлийн шаарлага 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

         Шүүх талуудын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Ж.Золжаргал нь хариуцагч Б.Гансэлэмд холбогдуулан экскэваторын үнэ 25 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
      
      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гансэлэм нь нэхэмжлэлийн шаардлага болох экскэваторын үнэ 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
 
      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Ж.Золжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гансэлэмээс  экскэваторын үнэ           25 000 000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Гансэлэм нь нэхэмжлэлийн шаардлага болох экскэваторын үнэ 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Ж.Золжаргалын  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 282 950 төгрөгийн тал хувь болох 141 147,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 141 147.5 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Золжаргалд, хариуцагч Б.Гансэлэмээс 141 147.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Золжаргалд олгосугай.  
     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             

 

ШҮҮГЧ                                 Ж. БОЛДБААТАР