Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

   2021          01            29                                      2021/ШТ/93

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М,

шүүгдэгч Э.О-, түүний өмгөөлөгч Ч.Бадмаанямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:               

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э-ын О-т холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт ____/, Ш овогт Э-ын О-.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.О- нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын хойд талын замын автобусны буудлын орчимд “Тоёота Приус-20” маркийн ... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч М.О-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

              Холбогдсон хэргийн талаар:

шүүгдэгч Э.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ангийнхантайгаа уулзахаар гэрээсээ гарсан. Найзууд дээрээ очоод дэлгүүрээс нэг шил архи авч өгсөн. Сүүлд нь Баярхүү нэг шил архи авч ирэхээр нь би тухайн архинаас 2-3 хундага уучихаад хоол идсэн. Ингээд би найзынхаа гэрээс гарч яваад зорчих зөвшөөрлийн гэрлэн дохиогоор гарч байгаад хүн мөргөсөн. Би машинаа зогсоогоод тухайн хүн дээр очиход цус гарсан байдалтай байхаар нь айсандаа машиндаа суугаад найз охиныхоо гэрт очиж юу болсон талаар хэлсэн. Тэгээд маргааш нь өөрөө Цагдаагийн байгууллагад очсон...” гэв.

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд гомдолтой байна. Би эхээс долуулаа юм. Манай ээж жилийн өмнө нас барсан. Би дээрээ хоёр ахтай. Талийгаач ах маань над руу утсаар холбоо бариад “хотод ирэхээр чинь уулзана” гэж хэлж байсан.... Хэрэв 40 киллометрийн хурдтай явж байхдаа хүн мөргөсөн бол ядаж хөл нь хугараад үлдэх байсан шүү дээ. Талийгаачийн ажил явдалд 780.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байтал Замын цагдаагаас залгаад “Хархорин захын ойролцоо явган хүний гарц дээр нэг хүн нас барчихсан байна, таньж олуулах ажиллагаа хийх гэсэн юм” гэхээр нь яваад очтол зураг үзүүлсэн ба тухай зураг нь миний төрсөн ах О- байсан. Би О- ахыг нас барсныг нь тэр үед мэдсэн. Манай ах О- 1972 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Чех улсад ажил хийж байгаад 2018 онд Монгол Улсад буцаж ирээд эхнэр аваагүй ганцаараа амьдардаг байсан. Ихэвчлэн хөдөө орон нутаг руу явж харуул манааны ажил хийж амьдардаг байсан. Өөрийн гэсэн гэр оронгүй бөгөөд манай дунд эгч М.У-гийн гэрт түр амьдарч байсан... өвчин зовлон ярьдаггүй, бие нь эрүүл хүн байсан. Манай ахыг мөргөсөн жолооч нь хэргийн газраас зугатааж, анхны тусламж үзүүлээгүйд гомдолтой байна. Хэрэв ах минь эмнэлгийн тусламж авсан бол амьд гарах боломжтой байсан гэж бодож байна... Оршуулгын зардал 6.000.000 төгрөг ба жолооч талаас 5.400.000 төгрөгийн зардал төлсөн.... Оршуулгын зардлыг бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-рт/, 

 

гэрч Г.Г-ийн “...Талийгаач О- гэдэг хүнийг танихгүй, машинд мөргүүлэхийг хараагүй. Зам бөглөрөөд байхаар нь очиж хартал хүн машинд дайруулчихсан байсан. Тэр машинд мөргүүлсэн хүн Хархорин захын хашаанд 20 цагийн үед унтаж байсан. Тэгээд 21 цаг 30 орчим минутын үед би хашааны хаалга түгжчихээд буцаад ирж байхад хашаан дотор гарах газраа олохгүй байгаа бололтой алхаж байхаар нь хашаанаас гаргаж өгсөн. 22 цаг өнгөрч байхад камер харахад нөгөө хашааны гадаа унтаж байхаар нь хамт гарч байсан хамгаалагч Б”-этэй очиж сэрээгээд “та явж чадах уу” гэж асуухад “одоо явчихна” гэж хэлээд босоод явсан. Тэгж яваад барагцаагаар 30 орчим минутын дараа зам түгжрээд байхаар нь очоод харахад бид хоёрыг босгож явуулсан хүн машинд дайруулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-рт/,

 

гэрч С.Б”-ийн “...Талийгаачийг машинд мөргүүлэхийг хараагүй. Цагдаа нар орж ирээд камер шүүхэд нь мэдсэн. 22 цагийн үед байх би санахгүй байна. Хархорин худалдааны төвийн машин гардаг хаалганы гадаа унтаж байхад нь Г- гэдэг хамгаалагчтай хамт очиж босгоод “та явж чадах уу” гэж асуухад “одоо зүгээр явчихна” гэж хэлээд босоод зүүн тийш чиглэлтэй явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-рт/,

 

гэрч Ц.Б”-ын “...Би эгч Б”-тай хамт явж байсан. Хархорин захын гүүр өнгөрөөд явж байхад явган хүний гарцны цаана эрэгтэй хүн хэвтэж байсан, би босгоё гээд очоод “ахаа босоорой” гэхэд их цус болсон байсан. Машин руугаа буцаж гүйгээд 102 руу хоёр удаа залгасан боловч амжилтгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-рт/,

 

гэрч А.Б”-гийн “...Би гэрээсээ гараад дүү Б”-тай хамт явж байсан ба Хархорин захын гүүр өнгөрөөд явж байхад явган хүний гарцны цаана эрэгтэй хүн хэвтэж байсан. Анх хараад согтуу хүн хэвтэж байна гэж харсан. Дөхөөд хартал гутал нь үсэрсэн, цүнх нь шидэгдсэн хувцас нь цус болж, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхэд гарцаар явж байсан нэг ах бид хоёрыг хүн дайрсан юм биш үү гэж хэлэхээр нь үгүй цагдаад дуудлага өгөх гэж байна гэж хэлээд машинаа холдуулж тавьсан. Тэгээд тэр ах зам дээр хэвтэж байсан хүний гүрээний судсан дээр дарж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-рт/,

 

гэрч Б.Д-гийн “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... О- ирэхгүй болохоор нь 21 цаг 30 минутын орчимд би утас руу нь залгаад хурдан ир, маргааш ажилтай биз дээ гэж уурласан. Түүнээс хойш 22 цаг 30 минутын орчимд би О-ын утас руу дохиход О- эргэж залгаад “би одоо Зүүн салаанаас гарах гэж байна, замаараа нэг найзыгаа 10 дугаар хороололд буулгаад шууд очно” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиад залгаад яасан гэхэд “би 100 айл орчим явж байна гэж хэлснээ жаахан байж байгаад 10 дугаар хороололд явж байна гээд сүүлдээ би хаана яваагаа мэдэхгүй байна гээд сонин юм яриад эхэлсэн. Сүүлдээ яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй О- над руу нэг танихгүй дугаараас залгаад би ТҮЦ-нээс ярьж байна, би такси бариад яваад очъё, чи таксины мөнгө бэлдээд байж бай, өнөөдөр надтай хамт байгаач чамд хэлэх юм байна гэж хэлсэн. Би хувцсаа өмсөөд буугаад ирэхэд О- цагаан өнгийн приус машинтай эмэгтэй жолоочтой ирсэн гадаа зогсож байсан. Тэгээд би О-оос юу болсон юм бэ юу хэлэх гэсэн юм гэхэд хэсэг хэлэхгүй байж байснаа би 10 дугаар хороолол орчимд хүн дайрчихсан, балмагдаад шууд явчихсан гэж хэлсэн. О- одоо цагдаа нар над руу залгах байх би өнөөдөр чамтай хамт байж байгаад өглөө өөрөө цагдаа дээр очно гэж хэлсэн. Тэр машиныг О- байнга унадаг, миний мэдэхийн О-оос өөр хүн унадаггүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай:

1. Талийгаач М.О-ын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зулай ясны шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзавчийн доорх цус харвалт, баруун талд олон хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын олон хавирганы шууд бус хугарал, хоёр уушгины няцрал, урагдал, элэгний эдийн няцрал, толгой, нүүр, их бие, мөчдийн олон шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь хэвтээ босоо аль ч байрлалд дайрагдах, мөргөгдөх үед үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Талийгаач нь авто ослын улмаас дээрх хавсарсан гэмтлийг авч шууд нас баржээ.

7. Цогцосны байрлал өөрчилсөн, зөөвөрлөсөн, эсэхийг хэргийн газрын үзлэгийн явцад тогтоох боломжтой.

8. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

9. Талийгаач нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02 цаг 40 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байжээ.

10. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.

11. Талийгаачийн ходоодонд хоолны агууламж байхгүй байна.

12. Талийгаачийн цусанд 3.9 промилли, шээсэнд 3.6 промилли спитрийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

13. Талийгаачийн цогцос 164 см урттай байна...” гэх дүгнэлт /хх-ийн  166-171-рт/,

 

2020 оны 10 дугаар сарын 28-ны 177 дугаартай Мөрдөгчийн магадлагаа:

 “Тоёота приус-20” маркийн ... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э. О- нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.О-ыг мөргөн түүний амь нас хохирсон, мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг.../согтууруулах ундаа, .../...хэрэглэсэн, .../...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...” гэснийг зөрчин осолд өртсөн явган зорчигч М.О-ыг мөргөн түүний амь нас хохирсон гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Мишиг овогт О- нь Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.9 г/ улаан гэрэл  дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 181-рт/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хх-ийн 8-17-рт/,

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн

үзүүлэлтүүд /хх-ийн 18-24-рт/,

  • Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн

25-30-рт/,

  • Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 35-38-рт/,
  • Хохирлын баримтууд /хх-ийн 40-42-рт/,
  • “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 772

дугаартай үнэлгээ /хх-ийн 88-рт/,

  • Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 023

дугаартай үнэлгээ /хх-ийн 92-рт/,

 

шүүгдэгч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр найз охин Д-гийн гэр болох Цайз 16-ийн ойролцоо байх Газарчин дээд сургуулийн оюутаны байранд байж байтал Эрдэнэбаатар залгаад Баруун салаанд хүрээд ир, ангийнхан уулзаж байна гэхээр нь “Тоёота Приус-20” маркийн ... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баруун салаанд 17-18 цагийн орчимд Одболдын гэрт очиход Эрдэнэбаатар, Галмандах, Одболд гурав нэг шил 0,75 литрийн архийг уугаад талд нь орчихсон сууж байсан. Бид дөрөв архийг хүн бүрт нэг хундага уухаар аягалаад хувааж уусан. Би “Тоёота Приус-20” маркийн ... ОРО улсын дугаартай автомашиныг жолоодоод, Эрдэнэбаатарын хамт худагаас 20 литрийн ус авах замдаа дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн архи, том ундаатай аваад гэрт очсон. Би тэр архинаас 2 хундага уусан. Би автомашин барьж байгаа гээд их уугаагүй. 19-20 цагийн орчимд Баярхүүг автобусны буудал дээр ирчихсэн байна гэхээр нь би “Тоёота Приус-20” маркийн ... ОРО улсын дугаартай автомашиныг жолоодоод, Эрдэнэбаатар, Одболдын хамт гурвуулаа Баярхүүг тосож аваад ирэх замдаа Баярхүү дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи, ундаа аваад Одболдын гэрт очоод тавуулаа архи хувааж уусан. Би тэр архинаас 2 хундага татсан. Дуудлагын жолооч дуудах гэсэн чинь найзууд жаахан юм ярьж байгаад яв гээд байхаар нь дуудлагын жолооч дуудахаа хойшлуулсан. Би найз охин Д-тэй утсаар ярих гэж гараад хэсэг утсаар ярьж байгаад өглөө ажилтай байсан тул яараад найз Одболдын гаднаас “Тоёота Приус-20” маркийн ... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баруун салаанаас гараад, Баянхошууны гэрлэн дохиогоор хойноосоо, урагшаа чиглэлтэй явж байгаад 21-ийн гэрлэн дохиотой уулзвараар буюу лабориторийн гэрлэн дохиотой уулзвараар зүүн эргээд төв замаар ороод 32-ын гүүрэн дээр нэгдүгээр эгнээнд ороод Хархорин захын автобусны буудал дөхөөд ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд нэгдүгээр эгнээнд ороод явж байхад явган хүний урд талын гарцан дээр 4-5 хүн зогсож байгаа харагдсан. Би ногоон гэрлээр явж байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлж явж байтал явган зорчигч эрэгтэй явган хүний гарцны ертөнцийн зүгээр зүүн ирмэгээр гэнэт гүйгээд ороод ирсэн. Надад автомашины тоормос гишгэх завдал болоогүй. Явган зорчигч эрэгтэй автомашинд мөргүүлээд 1, 2 дугаар эгнээний гол хэсэгт унасан. Би автомашины ослын гэрлээ асаагаад нэгдүгээр эгнээнд зогсоод, явган зорчигч эрэгтэй дээр очиход нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон, амьсгалахгүй байхаар нь айсандаа автомашинаа унаад хаагуур явснаа мэдэхгүй нэг мэдэхэд таксинд суучихсан Цайз 16-д байрлах найз охин Д-гийн байрны гадаа очсон. Д-д автомашинаараа хүн дайрсан, автомашинаа Нарны хороолол ойролцоо үлдээчихсэн гэж хэлээд найз охин Д-гийнд хоночихоод өглөө 6 цаг өнгөрч байхад ...осол гаргасан талаараа бүгдийг Төв замын цагдаад мэдэгдсэн Би цагдаа нартай автомашинаа хаана тавьснаа санахгүй хайж байгаад Саруул тэнгэр хотхоны зогсоол дээр тавьчихсан байхад маргааш орой нь олсон. Би В, С, Д ангилалын үнэмлэхтэй, 2012 онд жолооч болсон. Оршуулгын зардлалд 6.800.000 төгрөг өгсөн. Ажил явдлын хоол хүнсэнд ямааны мах гулуузаар өгсөн.  Хүнээс морь худалдаж авч сэтэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 191-193-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2221-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 212-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 209-рт/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 207-рт/, болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.О- нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын хойд талын замын автобусны буудлын орчимд “Тоёота Приус-20” маркийн ... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч М.О-ыг мөргөсний улмаас  түүний амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор тодорхойлсон байдаг.

Үүнээс үзэхэд шүүгдэгчийн үйлдэл нь зам тээврийн осолд багтаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг авто тээврийн хэрэгслийн жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.О-ын дээрх үйлдэлтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч М.О-ын амь нас шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.О- нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.О-ыг мөргөн түүний амь нас хохирсон, мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг.../согтууруулах ундаа, .../...хэрэглэсэн, .../...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...” гэснийг зөрчин осолд нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах...” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх мөрдөгчийн магадлагаа хэрэгт авагджээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх заалтуудыг зөрчиж, явган зорчигч М.О-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин тухайн гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдээгүй гэж марган мэтгэлцэж байна.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А131 дугаартай тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дугаар зүйлд жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль,  цусан дахь агууламж 0.5 промиль буюу түүнээс илэрсэн тохиолдолд ...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ гэж заажээ.

Дээрх тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын дагуу Драгер багажаар үлээлгэж шалгахад шүүгдэгч Э.О-ын амьсгалаас спиртийн агууламж илрээгүй, шүүх химийн шинжилгээгээр цусан дахь агууламжид промиль мөн илрээгүй байна.

Прокуророос шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэхүү гэмт хэрэг нь “..согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” байх шинжийг шаарддаг.

 

Гэвч хавтаст хэрэгт шүүгдэгч Э.О-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх баримт авагдаагүй байх тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэв.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а-д осол гаргасан жолооч “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” үүрэгтэй гэж заажээ.

 

            Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан даруйд тээврийн хэрэгслийг зогсоох, улмаар тухайн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөхгүй байх үүрэгтэй байхад айж, сандарсан гэх шалтгаанаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж, тээврийн хэрэгслийг ослын газраас өөр газар аваачин байрлуулж, улмаар тээврийн хэрэгслээ хэрэг гарсан газраас өөр газарт байрлуулан найз охиныдоо очсон мөн хэргийн газрыг орхин явсан жолоочийг эрэн сурвалжлаагүй, цагдаагийн байгууллагад өөрөө очсон зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм. Өөрөөр хэлбэл, жолооч хохирогчийг мөргөснөө зам тээврийн осол гаргаснаа мэдсэн атлаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэлгүй, амь хохирогчид эрүүл мэндийн анхан шатны туслалцаа үзүүлэлгүй хэргийн газрыг орхин явсныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Э.О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.О-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Э.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 7.600.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 3 жилийн 6 сарын хорих ял оногдуулах санлыг мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэм хорын хохирол бүрэн арилаагүй болон хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй буюу тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болох хуулийн заалт хамаарахгүй юм. Иймд шүүгдэгч Э.О-т оногдуулсан хорих ялыг тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Ш овогт Э-ын О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

 2. Ш овогт Э-ын О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,

хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 3-д тус тус заасныг журамлан шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт шилжүүлэн тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 нэг/ жил/, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан 1 /нэг/ жил/, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.О-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.О-ын 813706 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шүүгдэгч Э.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ