Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1153

 

А.Сүхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00916 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Сүхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

сэлбэгийн үнэ 195 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг

Хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн

Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Түвшинбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Сүхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн тайлбарт: А.Сүхжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Дөлгөөн, Г.Ганзориг нартай автомашин түрээслэх гэрээг байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусахад нийт төлбөр 24 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг төлж, үлдэх 20 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаа Ц.Дөлгөөн, Г.Ганзориг нар нь хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Иймд Ц.Дөлгөөн, Г.Ганзориг нараас түрээсийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарын шүүхэд гаргасан тайлбарт: Ц.Дөлгөөн нь 2016 оны 7 дугаар сард А.Сүхжаргалтай 24 000 000 төгрөгийн автомашин түрээслэх гэрээ байгуулсан боловч А.Сүхжаргал нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний үнийн дүнд ногдохоор ажил үйлчилгээг авч чадаагүйн улмаас алдагдалд орсон. Ашигласан үйлчилгээний хөлс болох 4 000 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Иймд илүү төлбөр төлөх үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: А.Сүхжаргал нь Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нартай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр автомашин түрээслэх гэрээг байгуүлсан. Уг гэрээний дагуу Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нар нь А.Сүхжаргалын эзэмшлийн 94-03 УНЯ улсын дугаартай, Норд вейвэн маркийн ачааны автомашиныг түрээсээр эзэмшиж, ашиглах эрх үүссэн. Бид гэрээний дагуу уг автомашиныг ашиглах явцад буюу 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр уг автомашинд нум 1 дүгээр өнгө 1 ширхэгийг 105 000 төгрөгөөр, шил арчигчийн мотор 1 ширхэгийг 90 000 төгрөгөөр тус тус худалдан авч А.Сүхжаргалын жолооч С.Болор-Эрдэнэд өгч солиулж хийлгэсэн. Иймд А.Сүхжаргалын өмчлөлийн 94-03 УНЯ улсын дугаартай, Норд вейвэн маркийн автомашинд хийсэн сэлбэгийн төлбөр 195 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч А.Сүхжаргал, хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэгч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нар нь автомашиныг ашиглах явцад гарах зардал, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан зохицуулах үүргийг хүлээсэн. Иймд хариуцагч нарын буюу түрээслэгч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарын сэлбэгийн зардал 195 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нараас 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сүхжаргалд олгож, хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарын сэлбэгийн үнэ 195 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Сүхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572 950 төгрөгөөс илүү төлсөн 315 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болох 257 950 төгрөгийг болон хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нараас 257 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Сүхжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн болон тэдний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг "Түрээсийн гэрээний үүрэг" гэж тодорхойлсон атлаа дээрх төлбөрийг хариуцагч Ц.Дөлгөөн, Г.Ганзориг нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Автомашин түрээслэх гэрээг нэхэмжлэгч А.Сүхжаргал, хариуцагч Ц.Дөлгөөн нарын хооронд байгуулсан байдаг бөгөөд энэ гэрээнд Г.Ганзоригийн нэр, гарын үсэг байдаггүй болно. /хх- 6/  Шүүх энэ хэрэгт хариуцагч Г.Ганзориг ямар хамааралтай, хэргийн оролцогч мөн эсэх тал дээр дүгнэлт хийлгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулж, Г.Ганзоригоос төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс судалж, нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэлгүй, нэг талыг барьсан шийдвэр болжээ.

Хэрвээ түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд Г.Ганзориг нь уг гэрээний харилцаанд хамааралгүй этгээд байх тул түүнээс гаргуулан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Мөн шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд буруу дүгнэлт хийсэн. Автомашин түрээслэх  гэрээний 5 дугаар зүйлийн 2-т “энэ гэрээ нотариатчаар гэрчлэгдэн, гэрээнд заасан түрээсийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно" гэснийг анхаарч үзээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалан, хариуцагчийн эрх ашгийг хөндөж шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан Автомашин түрээслэх гэрээ нь нотариатчаар батлагдаагүй, гарын үсэг л зурсан байдаг./хх-6/

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй зүйл байдаггүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу уг түрээсийн эд хөрөнгийг ашиглаагүй хугацааны төлбөр 8 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасны дагуу өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлыг нотлохын тулд Э.Пунцаг, С.Болор-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх гэрч нарын мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн нь шийдвэрт тодорхой бус байна.

Мөн хариуцагч нар болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй тул өөрсдийн тус шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу гэрч нараас нотлуулахыг хүссэн зүйлийг асуух, тодруулах боломж бүрдээгүй бөгөөд энэ талаар мэдэх боломжгүй байдалд хүргэсэн байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй /түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл үү, эсвэл хэлцлийн дагуу 20 000 000 төгрөгийг гаргуулж байна уу/, хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн эсэх талаар тодруулж дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас мөн өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмчийн магадлагаа буюу нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхийн зүгээс хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч нар өмгөөлөгчиин шүүхэд гаргасан хүсэлтииг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан тул шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагч нарын хүсэлтийг шийдвэрлэх хүртэл буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсанг. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон шүүх хуралдааны товыг хариуцагч нарын өмгөөлөгчид мэдэгдэлгүй, шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад товлож хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон шүүх хуралдааны товыг хариуцагч нарын өмгөөлөгчид мэдэгдээгүй. хариуцагч нарын өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн.  Шүүхийн ажлын эхлэх цаг 08 цаг 30 минут байдаг хариуцагч Ц.Дөлгөөн, Г.Ганзориг нар нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 30 минутад шүүх хуралдааны танхимд очиход шүүх хуралдаан эхэлсэн гэсэн хариуг өгсөн байдаг ба хариуцагч Ц.Дөлгөөн, Г.Ганзориг нар нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 30 минутад шүүх хуралдааны танхимд очиход шүүх хуралдаан эхэлсэн гэсэн хариуг өгсөн байна. Гэтэл шүүхийн аюулгүй байдал хариуцсан цагдаагийн алба хаагч мөн цагаас өмнө шүүхийн байр руу нэвтрүүлэхгүй гэсэн бөгөөд шүүхийн байр руу нэвтрэн ороход 08 цаг 32 минут болж байсан ба шүүх хуралдаан эхэлсэн гэдэг тайлбар хэлсэн. Анхан шатны шүүхэд шүүгч товлосон цагаасаа хэдэн цаг, минут хоцорч болдог, түүнд ямар ч хариуцлага ухамсар гэж байдаггүй гэтэл хэргийн оролцогч тэр дундаа хариуцагч нэг секунд ч хоцорч болохгүй гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна.

Энэ талаарх нотлох баримтыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн үүдний камерийн бичлэгээс харах боломжтой. Энэ мэтчилэн анхан шатны шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэйгөөр хэргийг шийдвэрлэж байгаа талаар давж заалдах шатны шүүхийн зүгээс анхаарч, хэргийн оролцогчийн эрхийг сэргээж өгнө гэдэгт найдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дэх зохицуулалт энэ хэрэгт үйлчилсэнгүй. Мөн хуулийн 89.2 дах зохицуулалт ч мөн адил үйлчлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх иргэн Ц.Дөлгөөн, Г.Ганзориг нарыг хариуцагчаар татсан, мөн хариуцагч нарын өмгөөлөгч Э.Түвшинбаярыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч нарын тайлбар татгалзлыг сонсолгүйгээр, талуудын мэтгэлцээнгүйгээр, хэргийн материалыг ч бүрэн судлалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор хөндсөн асуудал юм.

Шүүгчийг хариуцагч нарын өмгөөлөгч нэг удаа, хариуцагч нар хоёр удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байсан боловч тус шүүхийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэйгөөр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байсан болно. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгт тодорхой тусгагдсан байгаа болно. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/00916 дугаар шийдвэрийг үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэн, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Сүхжаргал нь хариуцагч Г.Ганзориг, Ц.Дөлгөөн нарт холбогдуулан түрээсийн төлбөр 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч, сэлбэгийн үнэ 195 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргажээ.

 

Шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16:30 минутад шүүх хуралдааныг товлосон ба хариуцагчийн өмгөөлөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, уг шүүх хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар /шүүгчийг татгалзан гаргасан хүсэлтийг шийдвэрлэтэл/ хойшлуулсан байна. /хх-61-62, 73-74/ 

 

Хэргийн 76 дугаар тал дахь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн баримтаас үзвэл уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад товлосон боловч энэ талаар буюу шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдсэн баримт авагдаагүй болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ...”, 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын  оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдснээ баримтжуулсан байна” гэж заасан.

 

            Шүүх хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй,/хх-76/ түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа түүний эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

                     

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                                                     Б.НАРМАНДАХ