Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01756

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00832 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1398 дугаар магадлалтай,

Г.М-ын нэхэмжлэлтэй,

З.О-д холбогдох,

8.000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хоролдуламын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Г.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.О- надаас 2012 оны 12 сарын 12-ны өдөр 8000 ам.доллар зээлсэн. Тэрээр авсан зээлээ эргүүлэн төлөөгүй, 2015 оны 9 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд З.О-ээс 8000 ам.доллар гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч З.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Г.М-аас 2012 оны 12 сарын 12-ны өдөр 8000 ам.долларыг хүү, алданги, торгууль тооцох нөхцөлгүйгээр зээлсэн. Уг төлбөрийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээрх Төрийн банкны 102100184442 тоот дансанд 2013 оны 1 сарын 22-ны өдөр 8200 ам.доллар болгож төлсөн. Г.М-т ямар нэг өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00832 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан хариуцагч З.О-ээс 8,000 ам доллар буюу 19,640,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.М-аас 2017 оны 8 сарын 7-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,200 төгрөгийн 256,197 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч З.О-ээс 256,197 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1398 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 152 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хоролдулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1398 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэрээр хариуцагч З.О-ээс 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 2.280.000 төгрөгийг Д.Оюун болон З.О- /2012 оны 05 дугаар сард зээлсэн/ нарын Г.М-аас зээлсэн зээлийн төлбөр мөн гэж дүгнээгүй атал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, хариуцагчийн Г.М-аас 2012 оны 12 дугаар сарын 12 өдөр зээлсэн 8.000 ам.долларын төлөлтөд дээрх төлбөрийг хамааралгүй мэтээр дүгнэсэн нь буруу. Хариуцагч З.О- нь дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуугдахдаа “2012 оны 05 дугаар сард Г.М-, Д.Оюун нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зүйл болох 10.000.000 төгрөгийг Г.М-аас авсан, зээлийн төлбөрийг 2009 оны 02 сараас 2013 оны 12 дугаар саруудад төлсөн” гэсэн мэдүүлгийг үндэслэн Г.М-ын дансанд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 2.280.000 төгрөг нь дээрх 10.000.000 төгрөгийн эргэн төлөлт мөн гэж шууд дүгнэх боломжгүй.

Харин хариуцагч З.О-ийн зүгээс дээрх 2.280.000 төгрөг нь Г.М-аас 2012 оны 05 дугаар авч Д.Оюунд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн эргэн төлөлт бус 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 8.000 ам.долларын эргэн төлөлт мөн гэж тайлбарлаж буйг харгалзан шүүхээс уг төлөлтийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох үндэслэлтэй болно.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1398 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2.280.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч З.О-д холбогдуулан 8000 ам доллар гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2012 оны 12 дугаар сарын 12-ний өдөр 8000 ам доллар зээлснээ хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй байна.

Харин уг зээлийг буцаан төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь зээлийг буцаан төлснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой дурдаж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасантай нийцжээ.

Хариуцагчаас 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 2.280.000 төгрөгийг энэхүү зээлийн төлбөрт тооцохгүй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00832 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1398 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хоролдуламын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 51.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ