Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/шцт/86

 

 

 

 

 

 

   2021          01            27                                      2021/ШЦТ/86

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогч О.П, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж,

гэрч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн ____/, Б- овогт Ц-ийн Б-.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Ц.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” нэртэй автомашины төвд хохирогч О.Пийн зарж борлуулах зорилгоор байрлуулсан байсан 2019 оны 11 дүгээр сард 170.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 2017 онд үйлдвэрлэгдсэн, Лексус 450 маркийн, Монгол улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй, автомашиныг “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдан авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” хэмээн уг төвийн зогсоолын талбайд автомашин борлуулдаг Д.Э-аас түлхүүрийг нь авч явж бусдад 140.000.000 төгрөгийн барьцаанд тавьж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар О.Пийг төөрөгдөлд оруулж, 270.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ:

“...Би О.Пийн машиныг авч С.Б- гэх хүнд барьцаанд тавьсан. Би анхнаасаа О.Пийг залилна гэж                    бодож байгаагүй. Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гадаад руу гарчихаад буцаж ирсэн. Тэгээд О.Пид мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би үнэхээр залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн бол Монгол улсад ирэхгүй байсан. Би авсан мөнгөөрөө бараа авч Турк улсад худалдан борлуулах байсан. 3 дугаар сарын 11-ний өдөр Казакстанаас хүмүүс ирэх ёстой байтал цар тахалтай холбоотойгоор гадаадаас ирэх нислэг зогссон. Бизнесээс үүдэн ийм байдалтай болсон. Миний бараа материал Казакстан улсад байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.П мэдүүлэхдээ:

“...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Казакстан улсаас машин оруулж ирээд “Уран ган” зах дээр машинаа байрлуулсан. Шүүгдэгч Ц.Б- ирээд машиныг чинь хүнд үзүүлнэ гэж хэлээд алга болсон. Би Ц.Б-ийг хорионд орсон байхад нь очиж аваад гэрт нь хүргэж өгсөн. Цагдаагийн газраас миний машиныг ерөөсөө олж өгдөггүй... Ц.Б- надад “Хятад хүн машиныг чинь үзье гэж байна” гэж хэлсэн. Намайг байхгүй байхад Ц.Б- Э-аас машины түлхүүр авсан байсан. Би Б-ийг миний машиныг зарж борлуулах гэж байна гэж ойлгосон. Ц.Б-ийн хувьд Хятадуудын мөнгө орж ирэхгүй байна гэж байгаад алга болсон. Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн хэлтэст өргөдөл өгөх гэж очиход цагдаагаас наад хүн чинь гадаад улсад байгаа юм бол хайх боломжгүй, харин Монгол улсад ирсэн хойно нь манайд гомдол гарга гэж хэлсэн. Би машинаа биет байдлаар нь олж авмаар байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Б- мэдүүлэхдээ:

“...Би Ц.Б-д 140.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед Ц.Б- надад машин худалдаж авсан гэрээ болон гаалийн бүрдүүлэлт хийсэн материалаа үзүүлж байсан. Тэгээд машиныг 2 сар дулаан грашид хадгалж байгаад зээлийн гэрээ нь дууссан тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд 140.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би тухайн машиныг худалдан борлуулахдаа баримт бичиг нь байгаагүй тул гэрээ байгуулахгүйгээр 2 залууд зарж борлуулсан. Би машины баримт бичгийг хуурамч гэдгийг цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн. Би тухайн машиныг зарах гэж байгаагаа Ц.Б-д хэлсэн. Ц.Б- нь өмнө 70.000.000 төгрөгийн гаалийн бичиггүй машиныг надад барьцаанд тавьж байсан ба машины хүүг төлж байсан болохоор итгэж болох хүн байна гэж бодоод ашиг олох сонирхолтой байсан юм. Гэхдээ энэ тохиолдолд ашиг олоогүй, алдагдалд орсон...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч О.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Орос улсын иргэнээс Баян-Өлгий аймгийн Улаан байшинт буюу Цагаан нуурын боомтоор дамжуулан оруулж ирсэн Лексус /Lexus lx 450d/ маркийн хар хөх өнгийн автомашиныг 56.000 ам.доллараар буюу 170.000.000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх автомашиныг худалдан авсан даруйдаа Баян-Өлгий аймгаас өөрөө жолоодож Улаанбаатар хотод ирсэн. Надтай хамт Ц.Б-, Н.М- нар явж байсан. Автомашиныг худалдан авах бүх мөнгийг би өөрөө гаргасан. Ингээд дээрх машиныг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зарж борлуулах зорилгоор Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Уранган” нэртэй автомашин худалдааны төв дээр байрлуулсан боловч зарагдахгүй хэсэг болсон. Харин 2019 оны 12 дугаар сарын 24-ний 18 цагийн орчимд надтай хамтран автомашины бизнес эрхэлдэг Ц.Б- таны Лексус /Lexus lx 450d/ машиныг Хятад улсын иргэнд үзүүлье, таны автомашиныг сонирхоод байна гэж утсаар ярихаар нь миний автомашины түлхүүр Э-ад байгаа, түлхүүрийг нь аваад машин сонирхоод байгаа хүндээ үзүүлчихээд аваад ир гэж хэлсэн. Би тухайн үед Ц.Б-ийг машиныг сонирхож байсан хүнд үзүүлээд буцаагаад авчирна гэж бодож байсан, харин ингээд алга болно гэж бодоогүй. Үүнээс хойш автомашинаа авмаар байна гэж хэлэхэд Ц.Б- машиныг чинь зарчихсан, мөнгийг нь одоо шилжүүлэх гэж байна гэх мэтээр өдөр хоног өнгөрөөдөг байсан. Ингэж явсаар байгаад сүүлдээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орчимд Орос улс руу явчихаад 10 гаруй хоногийн дараа ирээд одоо мөнгийг чинь шилжүүлэх гэж байна гэж хэлдэг байсан. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тусгай үүргийн онгоцоор Монгол улсад ирээд тусгаарлалтад байж байгаад дахин тусгаарлагдаж байсан. Би түүнийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 дүгээр хороололд байрлах “Титэм” зочид буудалд байхад нь олж авч, машинаа хаана байгаа талаар асуухад 2020  оны 03 дугаар сар хүртэл “зарчихсан, мөнгө нь орж ирэхгүй байна” гэж хэлдэг байсан бөгөөд “би наймаа хийх гээд барьцаанд тавьчихсан юм, удахгүй барьцаанаас авч өгнө” гэж хэлсэн. Би уг машиныг 230.000.000 төгрөгөөр зарж борлуулахаар автомашины зах дээр байрлуулсан байсан, гаалийн татвар төлөөгүй байгаа бөгөөд Монгол улсын автомашины дугаар аваагүй Орос улсын дугаартай байгаа. Монгол улсын автомашины дугаар авахын тулд хэрэг болох бүх баримт бичиг нь надад байгаа. Маш их гомдолтой байна. Би машинаа биет байдлаар авах хүсэлтэй байна. Эсвэл 230.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-9-рт/,

 

Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сард О.П Орос улсын хилээр 2017 онд үйлдвэрлэгдсэн Лексус /Lexus lx 450d/ маркийн хар хөх өнгөтэй автомашиныг Орос улсын иргэнээс 56.000 ам.доллараар буюу 170.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн машин нь Орос улсын дугаартай машин байсан. Ингээд худалдаж авсан машинаа Улаанбаатар хотод оруулж ирээд зарж борлуулах гээд “Соёолж” нэртэй автомашин худалдааны төв дээр байрлуулсан боловч худалдаж чадахгүй байсан тул Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган“ нэртэй авто машин худалдааны төв дээр 2019 оны 12 дугаар сараас эхлэн байрлуулсан. 2020 оны 01 дүгээр сард О.П надтай ярихдаа Баян-Өлгий аймгаас авчирсан машиныг Уран ган төв дээр байрлуулсан, гэтэл Ц.Б- Хятад улсын иргэнд үзүүлээд ирье гээд аваад алга болсон, Ц.Б-ийг хаана байгааг мэдэх үү гээд хайгаад байсан. Гэтэл Ц.Б- гадаад гарчихсан байсан. О.П бид хоёр хамт явж байгаад Ц.Б-ийг олж аваад шууд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-рт/,

 

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ц.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр над дээр ирээд 2-3 автомашин Орос улсын хил дээрээс оруулж ирэх гээд байна, гаалийн бүрдүүлэлт болон Орос иргэдэд өгөх мөнгө хэрэгтэй байна, надад улсын дугаар аваагүй гаалийн бичигтэй 570 маркийн автомашин байна, танд барьцаалъя, яаралтай надад 140.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би бичиг баримтаа аваад ир, чи нотариат ороод зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж бай, би удахгүй орлоо гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг аваад ортол зээлийн гэрээ, барьцааны гэрээг хийж хоёр талаасаа гарын үсгийг зурж би Ц.Б-д 140.000.000 төгрөг гаргаж өгөөд Зайсан орчимоос очиж машиныг нь авсан. Машин хүлээж авсны дараа хүнд үзүүлж харуулахад хямд үнэтэй машин гэхээр нь Б-тэй утсаар ярьж байгаад уулзаж би үнэтэй барьцаанд авсан байна, хэрэв чи алга болсон тохиолдолд хүү алданги нь нэмэгдээд ямар ч ашиггүй, би алдагдалд орох учраас зарж чадахгүй тул надад зарж борлуулах эрхтэй итгэмжлэл хийж өг гэж хэлсэн. Ингээд дахин нотариат орж гэрээ байгуулж, зээлийг 3 сарын хугацаанд эргэн төлөхгүй бол зарж борлуулах эрхтэй итгэмжлэл хийж авсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сард 140.000.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-рт/,

 

Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сард билүү 12 дугаар сард байсан юм. Миний танил автомашин зарж борлуулдаг ажилтай Б- гэдэг залуу над руу яриад наана чинь автомашин тавьчих зогсоол байна уу гэж асуухаар нь би хүнээс асуухад миний эсрэг талд нэг зогсоол байсан ба сараар түрээслүүлнэ гэж хэлсэн. Ингээд би Б-д нэг зогсоол байгаа талаар хэлээд сарын 248.000 төгрөгөөр түрээсэлсэн байх, хар өнгийн Лексус 570 маркийн улсын дугааргүй автомашиныг О.Пийн хамтаар авч ирж тавьсан. Ингэж тавиад миний санаж байгаагаар 15-16 хоног тэнд зогсоод хүн үзэж хараад явж байсан ба О.П надад та машин үзэхээр хүн ирвэл үзүүлчихээрэй дүү нь ажилтай байна гээд автомашины түлхүүрийг үлдээгээд явсан. Энэ үед Ц.Б- ирээд автомашиныг хүнд үзүүлэхээр болсон гэхээр нь О.П руу утасдаж Ц.Б- машиныг чинь авч яваад хүнд үзүүлнэ гээд байна түлхүүрийг нь өгч болох юм уу гэж асуухад болно, түлхүүрийг нь өгчих хүнд үзүүлж зарах гээд байгаа юм гэхээр нь би хэлснээр нь автомашины түлхүүрийг Ц.Б-д өгсөн. Үүнээс хойш дахин тухайн автомашиныг авчраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/,

 

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 5019833345 тоот дансыг эзэмшдэг боловч миний найз Ц.Б- нь 2019 оны хавар 2-3 сарын хавьцаа байх надтай ирж уулзаад шүүхийн шийдвэрээс найзынх нь дансыг хаачихсан байна, ашиглуулах ХААН банкны данс байна уу гэхээр нь найздаа дээрх тоот дансны картыг, нууц дугаарын хамт хэлж өгч байсан. Миний ойлгосноор өр төлбөрт ороод л шүүхээр шалгагдаж, шүүхийн шийдвэрээс дансаа хаалгасан юм шиг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 5077198518 тоот данснаас “Б-д зээл олгов, машин барьцаалсан” гэсэн утгатай 36.500.000 төгрөг шилжин орж ирж, гүйлгээ хийгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-рт/,

 

Гэрч Т.М-шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Хишиг” төвийн 3 дугаар давхарт нотариатын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 264 дугаартай үйл ажиллагаа явуулдаг юм. Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийт 12 гэрээг гэрчилсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн 2211-2222 дугаартай 12 гэрээг шүүж үзэхэд 3477 дугаартай гэрээг гэрчлээгүй байна. Тус гэрээн дээр дарагдсан баталгаанаас харахад миний ашиглаж буй тамга, тэмдэг биш бөгөөд гарын үсэг, гэрээний дугаар, гэрээний маягт биш байна. 2019 оны 04 дүгээр сараас эхлэн нотариатын гэрчлэх үйл ажиллагаа цахим программ дээр хийж үйлчлүүлэгчийн хурууны хээг уншуулан гэрчлэх үйл ажиллагааг хийсэн. Харин тус гэрээн дээр цахим бүртгэлд бүртгэгдээгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/,

 

гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 88 тоот зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн. Тухайн үед С.Б-, Ц.Б- нар нь хоёулаа ирж С.Б-аас Ц.Б- нь мөнгө зээлж байгаа гэж хэлсэн. Ингээд зээлийн гэрээ байгуулсан. Харин зээлийн барьцаа болгож Lexus-LX 450D загварын автомашиныг барьцаалсан тул 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 88 дугаартай барьцаат гэрээ байгуулсан. Тухайн барьцаалж буй автомашины бичиг баримт буюу 07-2141003-19-I30477R дугаар бүхий гаалийн бичгийн хамт хувийн байдлыг тогтоох баримт бичигтэй байсан учраас талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн. Тухайн үед С.Б- нь Ц.Б-д зээлийн гэрээ байгуулагдсаны дараа зээлээ өгнө гэж байсан тул бэлэн мөнгө өгсөн тухай бичгээр баримт үйлдээрэй гэж хэлээд гаргасан. Би итгэмжлэл хийж өгөөгүй. Учир нь гаалийн бичиг баримт нь Ц.Б-ийн нэр дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рт/,

 

гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд урьд нь үйлчлүүлж байсан С.Б- нь Ц.Б- гэх хүний хамт орж ирээд автомашиныг худалдан борлуулах итгэмжлэлийг хийлгэсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 88 дугаартай итгэмжлэл хийгдсэн. Итгэмжлэл өгч буй Ц.Б-, итгэмжлэлийг авч буй нь С.Б- байсан. Тэд өөрсдөө гаалийн мэдүүлгийн хуудастай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-рт/,

 

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08 дугаар сарын 13-ны өдрийн №01/135 дугаартай Lexus LX 450D маркийн автомашиныг 270.000.000 төгрөгөөр үнэлэв. гэх дүгнэлт /хх-ийн 31-рт/,

 

шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...О.П нь надтай манай нутгийн хуурай дүүгээр дамжуулж 2019 онд танилцсан. Би Казакстан улсын иргэн Булат гэж дууддаг хүнтэй автомашины наймаа хийдэг учраас 2019 оны 11 дүгээр сард О.Пид худалдаж авах талаар санал болгоход зөвшөөрсөн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын сүүлд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомт руу онгоцоор нислэг хийж очиж Лексус Lx 450d загварын автомашиныг 56.000-57.000 орчим ам.доллараар худалдаж авсан. Бид нар автомашиныг худалдаж аваад зарж борлуулсан гадаад иргэний хамт автомашиныг Улаанбаатар хотод авч үлдэгдэл мөнгийг өгөөд гадаад иргэн төлбөрийг аваад нэг хоногийн дараа Орос улс руу нислэгээр явсан. Ингээд П нь автомашинаа аваад засвар хийгээд зарж борлуулах гэж замын цагдаагийн урд Соёолж нэртэй автомашин худалдах зогсоол дээр байрлуулж борлуулах гэсэн боловч зарж борлуулаагүй байсан.

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний бие Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Уран ган” нэртэй автомашины зогсоол дээр байх үедээ П руу утсаар яриад хаана байгаа талаар асуухад өөр газар явж байсан. Чиний зарах машиныг Хятад улсын иргэн худалдаж авах гээд байна, машиныг чинь үзүүлж болох уу, түлхүүр нь хаана байгаа вэ гэж асуухад Э- гэх хүнд байгаа гэж хэлсэн. Ингээд би Э-тай уулзаж автомашины түлхүүрийг аваад автомашиныг асаагаад Хятад улсын иргэнд үзүүлэхэд 270.000.000 төгрөгөөр худалдаж авах талаар ярьсан боловч худалдаж авахаа больсон. Тэгээд надад мөнгө хэрэгтэй байсан учраас эргэлтэд оруулаад буцаагаад авчихна гэж тооцоолсон учир автомашиныг С.Б-д 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ нотариат дээр очиж байгуулж 140.000.000 төгрөгийг авч барьцаа болгож Пийн Лексус Lx 450d загварын автомашиныг барьцаалсан. Харин С.Б- нь автомашиныг итгэмжлэлээр шилжүүлж авах, зарж борлуулах эрхтэйгээр итгэмжлэл хийлгэх шаардлагатай гэсэн учир дахин уулзаж итгэмжлэл хийж өгсөн. Ингээд би С.Б-аас 140.000.000 төгрөгийн автомашиныг барьцаалж 2 сарын хугацаатай сарын 9 хувийн хүүтэй зээлж авсан.  2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би Казакстан улс руу онгоцоор явсан бөгөөд 140.000.000 төгрөгөөр шашны энергийн барааг авч Казакстан улсын Алмата хотод зарж борлуулахаар очсон боловч цар тахлын улмаас наймаа бүтээгүй. Ингээд би Монгол улсад ирж чадахгүй байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр Монгол улсад ирсэн юм. Одоо Пийн автомашиныг С.Б-аас аваад буцааж өгөх гэхээр С.Б- нь надаас 140.000.000 төгрөг нэхдэг бөгөөд уг мөнгийг нь өгч чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 94-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           

Шүүх шүүгдэгч Ц.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” нэртэй автомашины төвд хохирогч О.Пийн зарж борлуулах зорилгоор байрлуулсан байсан 2019 оны 11 дүгээр сард 170.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 2017 онд үйлдвэрлэгдсэн, Лексус 450 маркийн, Монгол улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй, автомашиныг “Хятад улсын иргэн худалдан авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хэлж авч, уг автомашиныг бусдад 140.000.000 төгрөгийн барьцаанд тавьж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар О.Пийг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчөөс гаргасан ...гэрч С.Б-ын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, уг автомашиныг олж битүүмжлэх хүсэлтэй байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх санал, хүсэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг. Мөн бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн арга нь хуурах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Мөн дээрх гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч Ц.Б-ийн “...Намайг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна... О.П Лексус Lx 450d загварын автомашиныг 56.000-57.000 орчим ам.доллараар худалдаж авсан. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Уран ган нэртэй автомашины зогсоол дээр байх үедээ П руу утсаар яриад хаана байгаа талаар асуухад өөр газар явж байсан, чиний зарах машиныг Хятад улсын иргэн худалдаж авах гээд байна, машиныг чинь үзүүлж болох уу, түлхүүр нь хаана байгаа вэ гэж асуухад Э- гэх хүнд байгаа гэж хэлсэн. Ингээд би Э-тай уулзаж автомашины түлхүүрийг аваад автомашиныг авч яваад Хятад улсын иргэнд үзүүлж, 270.000.000 төгрөгөөр худалдах талаар ярьсан боловч худалдаж авахаа больсон. Тэгээд надад мөнгө хэрэгтэй байсан учраас эргэлтэд оруулаад буцаагаад авчихна гэж тооцоолсон учир С.Б-аас 140.000.000 төгрөг авч тухайн машиныг барьцаалсан...” гэх  мэдүүлгээр, хохирогч О.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Казакстан улсаас машин оруулж ирээд “Уран ган” зах дээр машинаа байрлуулсан байтал Ц.Б- ирээд машиныг чинь хүнд үзүүлнэ гэж хэлээд алга болсон. Ц.Б- надад “Хятад хүн машиныг чинь үзье гэж байна” гэж хэлсэн. Намайг байхгүй байхад Ц.Б- Э-аас машины түлхүүр авсан байсан. Би Б-ийг миний машиныг зарж борлуулах гэж байна гэж ойлгосон. Ц.Б-ийн хувьд Хятадуудын мөнгө орж ирэхгүй байна гэж байгаад алга болсон. Би машинаа биет байдлаар нь олж авмаар байна... Гомдолтой байна. Би 230.000.000 төрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр, гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.П 2017 онд үйлдвэрлэгдсэн Лексус /Lexus lx 450d/ маркийн хар хөх өнгөтэй автомашиныг Орос улсын иргэнээс  56.000 ам.доллараар буюу 170.000.000 төгрөгөөр худалдаж авсан... Тухайн машиныг Ц.Б- Хятад улсын иргэн үзүүлчихээд ирье гээд аваад алга болсон гэж байсан. Тэгээд О.П бид хоёр хамт явж байгаад Ц.Б-ийг олж аваад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр над дээр ирээд Орос иргэдэд өгөх мөнгө хэрэгтэй байна, надад улсын дугаар аваагүй гаалийн бичигтэй 570 маркийн автомашин байна, яаралтай 140.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ  хийгээд би Ц.Б-д 140.000.000 төгрөг гаргаж өгөөд Зайсан орчимоос очиж машиныг нь авсан. Тухайн машиныг  2020 оны 05 дугаар сард 140.000.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Б- автомашиныг хүнд үзүүлэхээр болсон гэхээр нь О.П руу утасдаж Ц.Б- машиныг чинь авч яваад хүнд үзүүлнэ гээд байна түлхүүрийг нь өгч болох юм уу гэж асуухад болно, түлхүүрийг нь өгчих хүнд үзүүлж зарах гээд байгаа юм гэхээр нь автомашины түлхүүрийг Ц.Б-д өгөхөд машиныг нь унаад гараад явсан. Үүнээс хойш дахин тухайн автомашиныг авчраагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед С.Б-, Ц.Б- нар нь хоёулаа ирж С.Б-аас Ц.Б- нь мөнгө зээлж байгаа гэж хэлсэн. Ингээд зээлийн гэрээ байгуулсан. Харин зээлийн барьцаа болгож Lexus-LX 450D загварын автомашиныг барьцаалсан тул 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 88 дугаартай барьцаат гэрээ байгуулсан. Тухайн барьцаалж буй автомашины бичиг баримт буюу 07-2141003-19-I30477R дугаар бүхий гаалийн бичгийн хамт хувийн байдлыг тогтоох баримт бичигтэй байсан учраас талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд С.Б- нь Ц.Б- гэх хүний хамт орж ирээд автомашиныг худалдан борлуулах итгэмжлэлийг хийлгэсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 88 дугаартай итгэмжлэл хийгдсэн. Итгэмжлэл өгч буй Ц.Б-, итгэмжлэлийг авч буй нь С.Б- байсан. Тэд өөрсдөө гаалийн мэдүүлгийн хуудастай байсан...” гэх мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-ийн гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

 

Хавтас хэрэгт “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/135 дугаартай дүгнэлтэд Lexus LX 450D маркийн автомашиныг 270.000.000 төгрөгөөр үнэлэв гэх баримт /хх-ийн 31-рт/ авагдсан байх боловч хохирогч О.Пийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 230.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-рт/-ийг үндэслэн шүүгдэгчээс 230.000.000 төгрөг /хоёр зуун гучин сая/ төгрөг гаргуулж хохирогч О.Пид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 25.000 /хорин таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 365 /гурван зуун жаран таван/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б- овогт Ц-ийн Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д 25.000 /хорин таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Б-д оногдуулсан 25.000 /хорин таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-эс 230.000.000 /хоёр зуун гучин сая/ төгрөг гаргуулж, хохирогч О.Пид олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б- авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ

 

 

 

17.