Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний  шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Х-18 байрны 27 тоотод оршин суух Наран-Эх овогт Дагвасүрэнгийн Хулан /РД:ЙЮ93021905/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Кабелийн байранд оршин суух Гүен овогт Туяадэлгэрийн Хишигжаргал /РД:ТЖ90040295/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хандсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Содончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Хишигжаргалтай 2009 онд танилцаж 2012 оны 05 дугаар сарын 24-нд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 06 сард охин Урангоо Улаанбаатар хотод төрсөн. Бидний хоорондын зан харилцааны таарамжгүй байдлын  улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. 2013 оны 06 дугаар сард охиныхоо 1  насны төрсөн өдрөөр эргэн нийлэхээр тохиролцож би охиноо аван Эрээн хотод очиж амьдрах болсон. Гэвч Эрээн хотод амьдрах 1 жилийн хугацаанд Т.Хишигжаргал нь жинхэнэ төрхөө гаргаж, хүний нутагт таниж мэдэх хүнгүй надад удаа дараа гар хүрч эхлэх болсон. Т.Хишигжаргал нь эцэс төгсгөлгүй зугаа цэнгэлийг шүүмжилж хэлэхээр урдаас уцаарлаж хэрэлддэг. Сүүлдээ надад гар хүрдэг болж, хэт уурлахаараа охиндоо ч гар хүрдэг болсон. Мөн хэтэрхий хувиа хичээж охин бид хоёрыг ч ойшоохгүй  байхаас залхаж охиноо аван Улаанбаатар хотод аавындаа амьдрах  болсон. Үүнээс хойш эргэн нийлэх тухай дахиж ярих байтугай холбоогоо ч бүр тасалсан юм. Охиныг маань төрснөөс хойш өдий хүртэл мөнгөн тэтгэмж өгөөгүйгээс гадна охиндоо зориулж нэг ширхэг хувцас ч авч өгөөгүй. Охиндоо хэзээ ч эцэг шиг нь байгаагүйгээс гадна өдийг хүртэл өөрийн охиноо хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс энэ хүнээс гэрлэлтийн баталгаагаа салгуулах энэ оны 02 дугаар сард уулзаж Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд өөрөө өргөдөл өгсөн мөртлөө удаа дараа шүүх хуралд ирэлгүй зугтсан билээ. Мөн гэрлэлтээ цуцлуулахаар ярилцах үед охин Урангоод маань эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ гэсэн. Энэ мэтээр энэ хүнд доромжлуулахаас залхаж гэрлэлтийн баталгаагаа салгуулах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Охин Урангоо миний асрамжид байгаа тул хэвээр үлээж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж эвлэрэх боломжгүйг тодорхойлж өгсөн болно. Мөн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Д.Хулан нь Хишигжаргалтай 2009 онд танилцан  2012 онд гэр бүл болж, охин Х.Урангоо 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Хүүхдүүд маань зан харилцааны улмаас бие биетэйгээ таарч тохирохоо больсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Х.Урангоог эх Д.Хулангийн асрамжид үлдээж өгнө үү. Х.Урангоо охин маань багаасаа ээжийнхээ асрамжид байсан тул бид охиноо өөрсдийн асрамжидаа авч эцэг Т.Хишигжаргалаас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж авах хүсэлт байна гэв.

Хариуцагч Т.Хишигжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Содончимэг миний бие өөрийн хүү Т.Хишигжаргалыг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Д.Хулангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, охин Х.Урангоог өөрийн асрамждаа авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Д.Хулан, Т.Хишигжаргал нарын хооронд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Хулан нь хариуцагч Т.Хишигжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Зохигчид нь 2009 онд танилцан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж,  2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Х.Урангоог төрүүлсэн болох нь хүүхүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Зохигчид нь хувийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэг, эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлахаар тогтов.

Хариуцагч Т.Хишигжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Содончимэг нь 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин  Х.Урангоогийн асрамжийн тал дээр маргаан үүсгээгүй ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Х.Урангоог эх Д.Хулангийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр эцэг Т.Хишигжаргалаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Охины Х.Урангоог эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч энэ хэргийн зохигчид нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Гүен овогт Туяадэлгэрийн Хишигжаргал, Наран-Эх овогт Дагвасүрэнгийн Хулан нарын гэрлэлтийг цуцалсугай

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Хишигжаргалын Урангоог эх Д.Хулангийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин Хишигжаргалын Урангоог 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.Хишигжаргалаар /РД: ТЖ90040295/ тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэг жил төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс хамаарч 28,209 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргааны нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Цэрэндуламд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ