Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/шцт/12

 

 

 

 

 

 

    2020         12           25                                      2021/ШЦТ/12

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Л.М, Л.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ы Над холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ____/, С овгийн Б-ы Н.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хотхоны граж дотор хохирогч Л.М, Л.М нартай маргалдаж улмаар иргэн Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Мгийн тохой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ:

“...Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр осолд ороод гэрийнхээ урд байрлах авто засварын газарт машинаа засуулахаар өгсөн. Машинаа өгөхдөө засварын газрын хүнтэй 1.100.000 төгрөгөөр засуулахаар тохиролцсон. Миний машиныг 4 хоногийн дотор янзалж дуусгахаар тохиролцоод урьдчилгаанд 500.000 төгрөг өгсөн. Тухайн хүмүүс намайг хаана амьдардаг талаар мэддэг ба Л.М над руу утсаар ярихаар нь гараад очсон. Тэгтэл Л.М гартаа барьж байсан үзүүртэй зүйлээр миний машины будгийг хатгаж байсан. Би очиж машины булангаас Л.Мийг татаж гаргасан ба энэ нь камерын бичлэгт дүрс муу бичигдсэн байсан тул үсдэж байгаа мэт харагдаж байсан. Л.М гар утсан дээрээ бичлэг хийж байсан. Тухайн бичлэг дээр юу болсон нь тодорхой харагдаж байгаа. Бид нар маргалдаж байгаад би эхнэрээ дуудсан. Манай эхнэр гарч ирээд “та хэд яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Л.М дахин миний машины ар талын гуперийг өшиглөсөн. Ингээд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэтэл Л.М гражнаас гарч яваад нөхрийгөө болон вьетнам залуу дагуулж ирээд тэд нараар намайг зодуулсан. Намайг зодож байгаа бичлэгийг хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн хорооны цагдаа намайг дуудаж 100.000 төгрөгөөр торгоод чи хохирогч нарынхаа хохирол төлбөрийг төлж барагдуулаарай гэж хэлсэн. Би хорооны  цагдаад “гэртээ зүгээр сууж байхад намайг дуудаж гаргаж ирээд зодож байхад яагаад 100.000 төгрөгөөр торгуулах ёстой юм бэ” гэж хэлсэн. Тэгээд тухайн цагдаатай маргалдаад гомдол гаргасан байдаг. Би мөн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаарх гомдлоо гаргасан. Гэтэл миний гаргасан гомдлыг шийдвэрлээгүй. Иймд миний гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Санаатайгаар Л.Мийн биед халдсан зүйл байхгүй. Л.М гэх хохирогч гэнэт гараад ирсэн, би энэ хохирогч гээд байгаа хүнд гар хүрээгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М мэдүүлэхдээ:

“...Б.Н өмнө нь манай засварын газарт машинаа засуулж байсан. Машинаа засуулчихаад гарахдаа дандаа хэрүүл хийж маргалддаг. Мөн манай ажилчидыг дандаа хэл амаар доромжилдог. Бас машиныхаа сэлбэгийг авчирч өгөөгүй байж миний машиныг яагаад янзлуулахгүй байна гэж дандаа хэл амаар доромжилдог юм. Б.Н тухайн үед машинаа засуулчихаад гарахдаа дугуйгаа янзлуулчихаад мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь итгэсэн. Гэтэл мөнгө өгөхгүйгээр яваад өгсөн. Би та машин засуулсан мөнгө өгөөрэй гэж хэлсэн боловч том хүний нэр хэлээд би “чамд салаавч өгөөд явж чадна” чи чаддаг юм бол гомдол гаргаад яваарай гэж хэлсэн. Б.Нын хувьд миний ар дагз руу цохиод миний нүүрээр машины хамар мөргүүлсэн. Миний хөл хоёр машины завсараар ороод гацчихсан байхад шууд намайг татсан. Мөн миний хамар одоо хугархай. Б.Н нь ер нь удаа дараа дарамталдаг. Би одоогоор унаж татдаг өвчтэй болсон. Мөн толгой өвчтэй байгаа тул хамрын хагалгаанд орох боломжгүй гэж хэлсэн. Би 100 хувь амьсгалж чадахгүй байгаа. Иймд гомдолтой байна, Б.Наас 4.432.160 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М мэдүүлэхдээ:

 “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай дүү намайг дуудсан. Б.Н гэдэг хүн машин засуулсан мөнгөө өгөхгүй байна, хоёулаа хамт очиж уулзъя гэж хэлэхээр нь бид хоёр очиж уулзсан. Б.Ныг дуудахад гарч ирээд л бид хоёрыг хэл амаар доромжилсон. Мөнгө авъя гэж хэлэхэд мөнгийг чинь өгөхгүй, чи өөрөө будгаа хуулаад ав гэж хэлсэн. Гэтэл  манай дүү машины хажуу талын нарийн зайгаар ороод машины будгийг хуулах гэж байтал Б.Н манай дүүг шууд цохиж унагаасан. Мөн манай казакууд та хоёр шиг хүүхнийг алдаг гээд хэл амаар доромжилсон. Манай дүүг ингэж аймаар зодчихоод араас нэг ч удаа утсаар ярьж биеийн байдлыг нь асууж байгаагүй. Тухайн үед хэрүүл маргаан хийж байхад эхнэр нь байгаагүй, эхнэр нь хамгийн сүүлд гарч ирсэн. Миний баруун шанаа руу гараа зангидаж байгаад цохисон, миний гарыг хойш нь өчиж дарсан. Тухайн үед манай дүү Б.Ныг надаас салгасан боловч Б.Н манай дүүг хойш нь цохиж унагаасан. Би нийт 1.950.480 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

хохирогч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай дүү М над руу залгаад засварын газраас мөнгөө өгөхгүй зугтаасан хүнээ олчихлоо, тэр хүний машин Өнөр хотхоны машины зогсоолд байна гэж хэлэхээр нь би Өнөр хотхоны граж руу ороод автомашины шилэн дээр байсан утасны дугаар руу залгаад дуудтал нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Түүнд та машинаа засуулчихаад тооцоогоо хийлгүй зугтаалаа гэж хэлтэл зассан ажлынхаа будгийг хуулаад ав гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү М тэгвэл одоо хуулаад авъя гээд машиныг нь зурсан. Гэтэл тэр залуу манай дүүг толгойноос нь барьж байгаад автомашиныхаа копудыг мөргүүлээд боогоод газар унагаасан. Тэгэхээр нь би салгах гээд эмэгтэй хүн зодож болохгүй гээд яваад очиход миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Би газар уначихаад босоод иртэл тэр хавийн харуул бололтой нэг ах, хоёр эгч ирж тэр залууг надаас салгасан. Би 2.823.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-рт/,  

 

хохирогч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 35-40 орчим насны Б.Н гэх залуу манай авто засварын газар “Тоёота камри” маркийн машинаа засуулахаар өгсөн юм. Б.Н урьдчилгаа мөнгө, солих сэлбэгээ авчирч өгөөгүй бөгөөд  арав гаруй хоногийн дараа машинаа асууж ирэхээр нь манай ажилчин сэлбэг болон урьдчилгаагаа өг, тэгэхгүй бол машинд чинь засвар хийж чадахгүй байна гэж шаардлага тавьсан. Үүний дараа удаа дараа нэхэмжилсний үндсэн дээр 500.000 төгрөг өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 10-ны орой бүх үйлчилгээг бүрэн хийж дууссан. Гэтэл Н дугуйныхаа аморжин, гар гэх мэт зүйлийг янзлуулах гэсэн юм, граж дотор байхаар янзалж чадахгүй байна гаргаад тавьчих гэж над руу залгасан. Тэгэхээр нь би болохгүй ээ, үлдэгдэл тооцоогоо хийж байж гаргана гэж хэлсэн... гэтэл Б.Н машинаа хашааны буланд тавьчихаад авч явах гээд машинаа огцом асаагаад хөдөлгөөд манаач, ажилчин хоёрыг дайрчих гээд байсан гэсэн. Тэр үед нь би ирсэн. Би машинаа буланд тавьж болохгүй байгаа бол зогсоолынх нь журмын дагуу зогсоолд нь тавьчих гэж хэлэхэд Н дугуйгаа засчихаад үлдсэн мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Үлдэгдэл мөнгө нь 1.100.000 төгрөг байсан. Тэгээд маргааш өглөө нь ... манаач эгч дэлгүүр орчихоод иртэл машинаа аваад явчихсан байсан. Б.Н 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр залгаад би машинаа аваад явчихлаа, засварын газар засуулахаар боллоо, машинаа аваад явж байна гэж хэлэхээр нь би яаж байгаа юм бэ, төлбөр тооцоогоо хийчихээд машинаа авахгүй яасан юм бэ, ядаж надад мэдэгдэхгүй яасан юм гэж хэлсэн. Гэтэл Н би одоо машин барих боломжгүй байгаа, дугуйныхаа аморжин, гараа засуулчихаад орой аваачаад тавьчихна гэж хэлсэн. Гэтэл орой машинаа авчирч тавиагүй болохоор нь залгаад машинаа авчирч тавихгүй яасан юм бэ гэхэд Н шалтаг тоочоод би согтуу байна, архи ууж байна, дараа яръя гэж хэлсэн. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин надруу залгаад өчигдөр согтуу байсан, машинаа аваачиж тавьж амжсангүй, машинаа зарж байгаад үлдсэн мөнгөө өгнө гэж хэлэхээр нь би зардал тооцоогоо авмаар байна гэж хэлсэн. Гэтэл Н тэгвэл би машиныхаа шилийг сольчихоод машинаа ломбарданд тавиад өөрийн чинь мөнгийг өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш би 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүлээсэн. Тэр өдөр би Н руу залгаад машиныхаа тооцоог хийчих гэж хэлэхэд хэн бэ, нөгөө вьетнамын бүсгүй юу, би машинаа явдаг ломбарданд тавьж мөнгөө өгнө, одоо болтол шилээ янзлуулж чадаагүй л байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 16-наас 26-ны хооронд залгахад утсаа авахгүй байсан ба утсаа байн байн таслаад, унтраагаад байсан. Өмнө нь Өнөр хороололд байдаг гэж хэлснийг нь санаад граж дотор хайж очиход машин нь байж байсан. Ингээд мөнгөө төлөхгүй бол би будаг замаскаа хуулж авч болох уу гэж ярихад Б.Н болно, би одоо буугаад очлоо гэж хэлсэн. Ныг бууж иртэл нь би машинд нь огт хүрээгүй. Б.Над тооцоогоо хэзээ хийх вэ, өөрөө будаг, замаскаа хуулаад ав гэж хэлж байсан байхаа гээд би машиныг чинь тойроод зассан юмнуудаа харъя гэж хэлээд мөн эгч Л.Мд утсан дээрээ бичлэгээ сайн хийгээрэй гээд зассан талынхаа хэсгийг очиж хараад Нтай юм ярих гэтэл ар дагз руу гараараа хүчтэй цохьсон. Тэр үед би ухаан алдсан. Намайг машинаас шидэхэд нь ухаан орсон. Камерын бичлэгийг үзэхэд миний ар дагз руу цохиод нүүрээр копуд мөргүүлж, хоолой боогоод, машинаасаа хол шидсэн байсан. Гэтэл манай эгч М чи хүн зодоод байна гэж хэлээд Н руу очиход би эгчийгээ бас зодуулчих байх гэж бодоод араас нь татсан. Тухайн үед Н эгчийн баруун талын шанаа хэсэг рүү хүчтэй цохьсон. Тэр үед харуул орж ирсэн. Харуул ах бид нарыг Наас холдуулсан. Үүний дараа Н дахиж ирээд миний хамар тус газарт хүчтэй цохиж би хойш савж унасан, би гомдолтой байна, хоол идэж чадахгүй, дотор муухайрдаг, хамрын таславч өвддөг, хамрын зүүн талын заадсаар цууралттай, хугарсан. Мэдрэлийн эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэсэн, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх ёстой гэж хэлсэн. Наймдугаар сард дахин хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн 2.181.235 төгрөгийг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-28-рт/,

 

гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим “Өнөр” хотхоны цэцгийг усалж байтал менежер Байгалмаа, лифтчин Баярмаа нар над дээр ирээд гражид зодоон болоод байна гэж хэлэхээр нь граж руу ороход үл таних хоёр эмэгтэй, үл таних эрэгтэй нар хоорондоо маргалдаад орилж байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд тэр хүмүүс салаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-рт/,

 

гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Б.Н 2020 оны 04 дүгээр сард дахин машинаа мөргүүлсэн гээд ирж уулзаад засварт оруулсан. Машиныг засчихаад байхад авахгүй байсан ба манайхаас мөнгөө өгөөд машинаа ав, гражаа суллаж авмаар байна гэж хэлэхэд би мөнгөө өгнө, та нар машиныг маань гражнаасаа гаргаад хашаандаа тавьчих гэхээр нь хашаандаа гаргаад тавьсан. Гэтэл манай байгууллагын манаачийг загнасаар байгаад машинаа хашаанаас аваад явсан байсан. Дараа нь машин зассан мөнгөө өг гэж хэлэхээр өөдөөс нь жоохон байж байгаад өгнө гээд маргалдаад байсан. ... би хамт граж руу нь явж орсон. Гэтэл М, М хоёр Над зодуулчихсан байсан. Тэгээд бид нар орж маргалдаж байтал М цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-рт/,

 

гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд М-этэй хамт машинтай явж байсан. ...граж руу ортол М-ийн төрсөн эгч, дүү болох М, М нар нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан ба эрэгтэй нь машиндаа суучихсан хэрэлдэж байсан. Тухайн үед М-э эгч, дүү хоёрыгоо зодуулсан байдалтай байхыг харчихаад уурлаад тэр залуу руу дайрахаар нь боль гэж хориглоод болиулсан. Ингээд хэрэлдээд зогсож байтал М нь цагдаа дуудсан гээд хүлээж байхад цагдаагийн албаны машин ирээд бид нарыг аваад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний хувьд энэ маргаанд оролцоогүй хөндлөнгийн хүн учир хөндлөнгөөс хараад зогсож байсан. Намайг харж байхад ямар нэгэн зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-рт/,

 

гэрч Ф мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр 15 цагийн үед над руу залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ... Тэгээд граж руу ортол хэрүүл болж байсан. Гадаад хүн хэрэггүй гээд манай эхнэр намайг гаргачихсан. Би очоод хэрүүл болж байсныг хараад буцаад гараад явсан. Өөр юу болсныг цааш нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-рт/,

 

хохирлын баримтууд /хх-ийн 31-34, 37-45, 54-58-рт/,

Гар утсаар хийсэн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 48-50, 54-58-рт/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 51-53-рт/,

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 89-рт/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 6376 дугаартай дүгнэлтэд:

  1. Л.Мгийн биед баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн

няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн

үйлдлээр үүсэх боломжтой.

  1. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй.
  2. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна гэжээ. /хх-ийн 86-87-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Л.Мийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3, 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 92-93-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Л.М, Л.М нар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хотхоны гражд байх шүүгдэгч Б.Нын “Тоёота камри” маркийн машиныг эрж олон, уг машиныг засварын газраараа засаж өгсний хөлсөө авах зорилгоор Б.Ныг дуудан уулзаж улмаар хоорондоо маргалдан шүүгдэгч Б.Нын машиныг хохирогч Л.М ир үзүүртэй зүйлээр зурж эхэлсний улмаас шүүгдэгч Б.Н Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, мөн түүнчлэн хохирогч Л.Мгийн биед  халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди бичлэгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н хохирогч Л.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж мэтгэлцэж байх бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн IMG_2822 гэсэн дүрс бичлэгээр буюу “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ...15 цаг 07 минут 39 секунтад цайвар өнгийн автомашины зүүн буланд цайвар өнгийн цамцтай эмэгтэй /Л.М/, түүний ард бараан өнгийн хувцастай эрэгтэй /Б.Н/, автомашины баруун урд талд цайвар өнгийн хувтастай эмэгтэй /Л.М/, мөн бараан өнгийн хувцастай эрэгтэй зогсож байгаа дүрс харагдаж байна... Бараан өнгийн хувцастай эрэгтэй /Б.Н/ нь цайвар өнгийн хувцастай эмэгтэй /Л.Мөнгөнцэцэг/-г цохиж, үсдэж, газарт унагаж буй дүрс байна. Энэ үед цайвар өнгийн хувцастай эмэгтэй /Л.М/ нь бараан өнгийн хувцастай эрэгтэй /Б.Н/-н толгой тус газар гараараа 1-2 удаа цохих үйлдэл хийж байгаа харагдах ба Л.М, Б.Н нарыг салгах явцдаа Б.Ныг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж байгаа дүрс хадгалагджээ.

 

Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Л.Мгийн биед учирсан “...баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт...” хохирогч Л.Мийн биед учирсан “...тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт...” бүхий хөнгөн гэмтлүүд нь шүүгдэгч Б.Нын тэднийг цохих, түлхэх зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна. Энэ талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Нын хохирогч Л.М, Л.М нарыг цохих, түлхэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Над холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Ныг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Л.М, Л.М нарт гэмт хэргийн улмаас тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2676525 төгрөг, бариачид бариулсны зардалд 655635 төгрөг, засварын газарт машин засуулсны үлдэгдэл хөлс 1100000 төгрөг нийт 4432160 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан /31хх-153300 төгрөг, 32хх-13-20400 төгрөг, 37хх-х-34500 төгрөг, 37хх-4-20000 төгрөг, 37хх-3-35000 төгрөг, 38хх-6-16400 төгрөг, 38хх-7-12850 төгрөг, 38хх-9-69250 төгрөг, 39хх-10-38000 төгрөг, 39хх-11-120000 төгрөг, 40хх-14-30100 төгрөг, 41хх-17-30000 төгрөг, 43хх-25-240000 төгрөг, 43хх-27-381000 төгрөг, 43хх-26-101800 төгрөг, 44хх-110000 төгрөг, 45хх-270000 төгрөг/ баримтуудыг үнэлээд хохирогч Л.Мт 1.703.550 /нэг сая долоон зуун гурван мянга таван зуун тавин/ төгрөг, хохирогч Л.М шүүгдэгчээс нийт 1950480 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан 698.000 /зургаан зуун ерөн найман мянган/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг сиди-г хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С овогт Бахытханы Ныг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Над 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Над оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 1.703.550 /нэг сая долоон зуун гурван мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч Л.Мт, 698.000 /зургаан зуун ерөн найман мянган/ төгрөг гаргуулж хохирогч Л.Мд тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Л.М, Л.М нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Наас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ