Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Золбоо, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

иргэдийн төлөөлөгч Д.Оюундэлгэр, Д.Чимэддорж,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч А.Л,

            шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч Д.Урансувд /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ын Зт холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мин тэсэлгээчин мэргэжилтэй, ___/ Б овогт З-ын З.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн ... тоот гэртээ хохирогч А.Лтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгалж биед нь хэвлийн хөндий нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг хутгыг зэвсэг болгон хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн шатанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр З.З над руу ярихаар нь би очиж уулзсан. Тэгээд танилцах охин байна уу гэхээр нь хоёр охин дуудсан. Бид нар З.Зын гэрт ирээд пиво уусан. Пиво уучихаад халцгаагаад байж байтал хүмүүс хоорондоо маргалдаад болчимгүй үйлдлээс болж хэн хэндээ гайтай үйлдэл хийсэн. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Би хохирол төлбөрт 860.000 төгрөг авсан. Би өмнө нь бухимдалтай байсан тул 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж хэлж байсан юм. Надад одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний найз З.Зт хорих ял өгөлгүй, нэг удаа харж үзээч гэж шүүхээс хүсэж байна... ” гэв. 

 

Эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 

Шүүгдэгч З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч А.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд. Үүнд:

 

Хохирогч А.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед З миний утас руу залгаад “манай гэрт хүрээд ир” гэж хэлэхээр нь би Зын гэрт очиж хоносон. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө нь З надаас “танилцах охин байна уу” гэж асуухаар нь би “манай нэг найз байгаа яриад үзье” гэж хэлээд найз Ө-тэй утсаар ярьсан. Тэгээд З бид хоёр тэр өдрийн 13 цагийн үед Ө-ий гэрт очиж түүнийг аваад Ө-ий найз Номинг гандангийн автобусны буудлаас очиж авсан. Тэгээд бид нар шууд Зын гэрт очсон. Бид нар замдаа дэлгүүрээс Оросын “Барат” нэртэй 2.5 литрийн 3 ширхэг пиво авсан. З, Г-той утсаар ярьж байгаад дуудсан. Орой 22 цаг өнгөрч байхад Г- 2.5 литрийн “Сэнгүр” пивотой ирсэн. Тэгээд бид нар пиво ууж байтал Ө-, Номин 2 хоорондоо маргалдсан. Харин З уурлаад нэг охиныг нь алгадаж байсан. Гэхдээ хэнийг нь алгадсаныг санахгүй байна. З согтоод бид нар руу агсарч “та намайг хүндлэхгүй байгаа юм уу, та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж орилоод байсан. Би Зт хандан “чи гэртээ дуудсан хүмүүс рүүгээ битгий агсраад бай, агсармаар байгаа бол над руу агсар” гэж хэлсэн. Тэгээд З бид хоёр хоорондоо маргалдаад З намайг алгадахаар нь би түүнийг зөрүүлээд нэг удаа алгадсан. Харин “З хутга шаана шүү” гэж хэлэхэд Г- юун хутгалах, яагаад тэнэг юм яриад байгаа юм, хутгаар яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл З гал тогооны шүүгээ рүү явсан. Тэр үед Г- бид 2 сандал дээр юм яриад сууж байтал З урд талд гарч ирээд миний хэвлийн тус газар руу хутгалахад Г- гарч зугтаагаад Номин, Ө- нар уйлж орилоод байсан. З бид нарыг утсаар яриулахгүй “ална шүү” гээд сүрдүүлээд байсан. Миний хэвлийн хэсэг газраас цус их хэмжээгээр гарч байсан. Эмч дуудах хэрэгтэй байна гэж хэлэхэд З цус мах зүгээр гээд байсан. Нэг цаг орчимын дараа Г- цагдаа дагуулж орж ирсэн. Миний эрүүл мэндийн байдал одоо муу байгаа, ажил хөдөлмөр хийж чадахгүй бүрэн эдгэрээгүй, оёдол, цээжин хэсгээр өвдөж байгаа. Би Гэмтэл согог судлалын Үндэсний төвд 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна... Би оюутан байхдаа Зтай хамт сурдаг байсан, бид найзын харилцаатай.  З надад эмчилгээний мөнгө гэж 350.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-рт/,

 

Гэрч Б.Ө- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....Би 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз Номингийн хамт найз Лгийн найз болох Зын гэрт очиж пиво ууж байгаад амарсан. Өглөө босоод хоол хийж идээд пиво уугаад байж байтал нэг мэдэхэд орой болсон байсан. Харин гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн. Ингээд үргэлжлүүлэн пиво ууж байгаад З Г-ыг пивонд гаргахад хэд хэдэн пиво авчирсан. Ингээд байж байгаад гэнэт З босоод миний араар гараад энд хутга байгаа гээд гал тогооны тавилганаас хутга аваад сууж байснаа Лгийн бие рүү гэнэт хутгаараа дүрчихсэн. Энэ үед Г- гараад гүйчихсэн. Тэгээд хутгаа газар шидээд Номин бид хоёрын нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь бид хоёр гарах гээд гутлаа өмсөхөд “явах юм бол ална шүү, ширээн доор миний хутга байна шүү” гээд орилоод байсан. Тэгэхээр нь гутлаа тайлаад сандал дээр суусан. Л сандал дээр гэдсээ тэврээд сууж байхад нь бид хоёр очоод “зүгээр үү” гэж асуухад Л “зүгээр” гээд байсан боловч цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд сууж байтал З Лтэй юм яриад Лг “дахиад дүрнэ шүү, би цагдаагаас айхгүй” гээд байсан. Харин удалгүй Г- Лгийн утас руу залгахад З “инээгээдэх, инээхгүй бол ална шүү” гээд бид нарыг инээлгээд Г-од “хутгалаагүй ээ, андаа зүгээр чамайг айлгасан юм аа, хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Би Зт “гарч нойл ормоор байна” гэж хэлтэл “гутлаа тайлаад тавчик өмсөөд ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гутлаа тайлаад тавчик өмсөөд  Лг дүрсэн хутгийг нууж авч гараад жорлон руу орохдоо тухайн хутгийг жорлонд хаячихсан. Учир нь З дахиад хутгална гээд байхаар нь айсан юм. Ингээд эргээд гэрт ороход зөрөөд З Г-ын машины цонхыг  хагална гээд Лг дагуулж гараад удалгүй орж ирээд сууж байтал цагдаа ирсэн... Бид нар 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирээд маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/,

 

Гэрч М.Номин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз Ө-ий хамт түүний найз Лтэй Зын гэрт ирсэн. Ингээд хэдэн ширхэг пиво ууж байгаад амарсан. Маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө босоод бид 4 хоол хийж идчихээд 12 цагийн үед дахин пиво уугаад байж байтал орой 21 цагийн үед Лгийн найз гэх эрэгтэй Г- ирсэн. Бид нар юм яриад үргэлжлүүлээд гал тогооны өрөөний модон ширээ тойроод Л түүний эсрэг талд З зэрэгцээд өөд өөдөөсөө харааж сууж байгаад З галт тогооны тавилга хэсэг рүү очиж гартаа бор өнгийн иштэй жижиг хутга барьж ирээд Лгийн эсрэг талд суусан. Ингээд сууж байснаа гэнэт босож ирээд хутгаараа Лгийн цээж хэвлий рүү хутгалахад Г- гарч гүйсэн,  Лгийн гэдэснээс цус гараад гэдсээ бариад доош эвхэрээд хэвтсэн. Харин З Ө- бид хоёрыг гэнэт алгадаад би газар унасан. Тэгээд бид нарт “та нар яагаад өдөөд байгаа юм бэ” гэж хэлсэн. Харин Л “андаа эмэгтэй хүнд муухай зан гаргаад яах юм бэ” гэхэд З 2-3 удаа Лгийн хацар руу нь алгадсан. Тэгээд бид хоёр уйлаад сууж байтал Г- З руу залгахад З “хутгалаагүй, чи хүрээд ир” гэж хэлсэн. З хутгаа бариад байхаар нь бид нар айгаад юу ч болоогүй гэж хэлээд инээсэн. Хэсэг хугацааны дараа Лгийн биенээс цус гойжоод байхад З цээжнээс нь цусыг нь гараараа арчиж аваад долоогоод инээгээд байсан. Энэ хооронд би гутлаа өмсөөд сууж байтал З намайг харчихаад “ална шүү, гутлаа тайл” гэж хэлсэн. Ингээд З бид нарыг сүрдүүлээд Г-ын машины цонхыг хагална гээд Лг дагуулаад гарсан. Энэ хооронд Ө- бид хоёр хувцас цүнхээ орох хаалганы ар талд гаргаад нуугаад тавьчихсан. Харин гаднаас удалгүй Л болон З нар орж ирээд сууж байтал гаднаас Г- цагдаа нартай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/,

 

Гэрч Э.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн үед найз З над руу залгаад найз нь гэртээ Лгийн хамтаар юм уугаад сууж байна, ганц том пиво аваад хүрээд ир гэж хэлсэн. Би 20 хоног ажлаад 10 хоног амардаг, тухайн үед миний амарч байх үе таарсан учраас дэлгүүрээс пиво, идэж, уух юм аваад 20 цаг өнгөрч байхад Зын гэрт очсон. Гэрт нь З, Л нар хоёр эмэгтэйтэй байсан ба би хоёр эмэгтэйтэй танилцаад ууж идэцгээгээд дахиад дэлгүүрээс том пиво авч уусан. Тухайн үед хоёр эмэгтэй хоорондоо муудалцаад байсан ба арай өндөр нь намханыгаа үсдээд цохиод байх шиг байсан... Ингээд З орондоо ороод хэвтсэн... Ингээд З босч ирээд Лг андаа чи одоо боль, дүүгээсээ мөнгө авч чадахгүй юм байна, одоо унтацгаая гэхэд Л андаа би мөнгө авна, би ингээд яриад авчихна гэж байсан. Тухайн үед би утсаа оролдоод сууж байсан ба удалгүй З, Л нар нь хоорондоо муудалцаад ярианы өнгө нь өндөрсөөд ирсэн. З байшингийн урд зүгт, Л хойд зүгт сандал дээр өөд өөдөөсөө хараад муудалцаад сууж байсан. З гэнэт Л рүү босч ирээд чи андаа яагаад байгаа юм бэ гэхэд Л Зыг буцаагаад сандал руу нь түлхсэн. Тухайн үед хоёр охины өндөр нь та хоёр муудалцахаа болиоч гэж хэлэхэд З та хоёр ч гэсэн айлд ирсэн юм байж муудалцаад байсан биз дээ гэж хэлээд алгадсан. Тухайн үед би сандал дээрээ утсаа оролдоод сууж байсан ба нээх тоогоогүй. Ер нь З, Л бид нар өмнө нь ууж идэж байхдаа хэрүүл маргаан үүсгэж хоорондоо зодолдож байгаагүй. Гэнэт л З босч ирээд хутгаар Лгийн гэдэс рүү нь дүрсэн. Би хараад айж цочоод Зын гэрээс гүйж гараад гэрийнх нь гадаа цагдаа руу дуудлага өгөөд З руу залгаж яаж байгаа юм бэ гэхэд бид хоёр чамаар тоглож байсан юм , чи итгэхгүй бол Лтэй ярь гэж хэлээд Лтэй ярихад хөгшөөн би яагаа ч үгүй, ороод ир гэж хэлсэн. Мөн нөгөө хоёр эмэгтэй цаана нь инээгээд байсан. Буцаад гэр рүү нь орох үед цагдаагаас залгаж хаяг асуухаар нь ах аа манай найзууд нэгнийгээ хутгалаагүй надаар тоглож байсан гэнэ, дуудлагаа буцаая гэхэд юу яриад байгаа юм бэ, заавал цуг очиж үзэх шаардлагатай гэхээр нь Зын гэрийг зааж өгөөд цагдаа нарыг дагуулаад орсон. Тухайн үед Зын гэр нь цус болсон, Л хутгалуулсан байдалтай байж байсан. Ингээд Зыг цагдаа нар авч яваад, Л хоёр эмэгтэйн хамтаар эмнэлэг рүү явсан. З хутгалаагүй ороод ир гэж дуудаад байсан нь намайг цагдаа дуудчих байх гэж бодоод хутгалаагүй гэж хэлсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд: 

           1. 2. А.Лгийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

           3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

           5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 35-рт/ гэжээ.

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-7-рт/,

  • Гэмтэл, согог судлалын Үндэсний төв /хх-ийн 60-70-рт/,

 

Шүүгдэгч З.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай найз Л манайд ирж хоносон. Маргааш нь бид 2 хоол хийж идээд, пиво авч хувааж уусан. Л Ө- гэдэг эмэгтэй найзтайгаа утсаар ярьж уулзах уу, хаана байна гэж ярьсан. Л Ө-ийг өөр эмэгтэй найз чинь байвал дуудчих гэж ярьж байхыг нь би сонссон. ...Л бид 2 хоорондоо жаахан маргалдаад Л намайг түлхэхэд би уурлаад босоод гал тогооны шүүгээн дээрээс хүрэн иштэй тонгорог хутга аваад Лгийн хэвлийн тус газар нэг удаа хутгалсан. Би хутгаа газарт хаяад Лгийн өмнөөс нь хараад суусан. Харин Г- гэрээс гараад гүйхээр нь Г-ыг утсаар дуудтал Г- гэрийн чинь гадаа байна одоо орлоо гэж хэлсэн. Л Г-той миний гар утсаар яриад би зүгээрээ шалбарчихлаа гэж хэлж байсан. Г- 20-30 минутын дараа цагдаа дагуулаад ороод ирсэн... Л бид 2 танилцаад 10 жил болж байгаа ба найз, нөхдийн харьцаатай. Би тухайн үед их согтсон байсан, манай найз нараас Г- л гайгүй байсан. Бусад нь согтсон байсан. Лг гэмтээсэн хутга хүрэн иштэй цагаан өнгийн тонгорго хутга байсан, иштэйгээ нийлээд 15-16 см урттай, ажлын хэсэг 8-9 см хэмжээтэй байсан. Тэр хутгыг Ө- олж аваад гадаа модон шорлонд хийсэн байсан. Би Лгийн эмчилгээний зардалд 800.000 гаруй төгрөг өгсөн. Эмчилгээний зардлыг нь бүрэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-рт/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46-рт/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-рт/,

- Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 58-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч З.З 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 14-89 а тоот гэртээ хохирогч А.Лтэй маргалдаж, хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч А.Лгийн “...Г- бид 2 сандал дээр юм яриад сууж байтал З миний хэвлийн тус газар руу хутгалсан...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох гэрч Б.Ө-ийн “...З босоод миний араар гараад энд хутга байгаа гээд гал тогооны тавилганаас хутга аваад сууж байснаа Лгийн бие рүү гэнэт хутгаараа дүрчихсэн. Энэ үед Г- гараад гүйчихсэн. Тэгээд хутгаа газар шидээд Номин бид хоёрыг нэг удаа нүүр рүү алгадсан. Тэгэхээр нь бид хоёр гарах гээд гутлаа өмсөхөд “явах юм бол ална шүү, ширээн доор миний хутга байна шүү” гээд орилоод байсан... Би Зт “гарч нойл ормоор байна” гэж хэлтэл “гутлаа тайлаад таавчик өмсөөд ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гутлаа тайлаад тавчик өмсөөд Лг дүрсэн хутгийг нууж авч гараад жорлон руу орохдоо тухайн хутгийг жорлонд хаячихсан. Учир нь З дахиад хутгална гээд байхаар нь айсан юм...” гэх мэдүүлэг, гэрч М.Номингийн “...З гал тогооны тавилга хэсэг рүү очиж гартаа бор өнгийн иштэй жижиг хутга барьж ирээд Лгийн эсрэг талд суусан. Ингээд З сууж байснаа гэнэт босоод хутгаараа Лгийн цээж хэвлий рүү хутгалсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Г-ын “...би утсаа оролдоод сууж байсан ба удалгүй З, Л нар нь хоорондоо муудалцаад ярианы өнгө нь өндөрсөөд ирсэн... З босч ирээд хутгаар Лгийн гэдэс рүү нь дүрсэн. Би гэнэт хараад айж цочоод Зын гэрээс гүйж гараад гэрийнх нь гадаа цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч З.З хохирогч А.Лтэй маргалдан улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх ба шүүгдэгч З.З үүнээс үүдэн гарах үр дагаврыг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан, уг үр дагаварыг шууд хүсч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийг буюу 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасныг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ. Иймд шүүгдэгч З.Зыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч З.Зын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл нь олдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй ч шүүгдэгч хүний эрүүл мэндэд хохирол учруулахдаа хутга хэрэглэсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч З.Зыг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч А.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хохирогч А.Л нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ /хх-ийн 11-14-рт/ гэж мэдүүлсэн байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Заас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Хохирогч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт “...З эмчилгээний зардалд 860.000 төгрөг өгсөн, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч З.З нь хохирогчид 860.000 төгрөг төлсөн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаан/ жилийн хорих ял оногдуулах  санал гаргасныг харгалзан мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт З-ын Зыг хутгыг зэвсэг болгон хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч З.Зт 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Зт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч А.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Заас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ

                                          ШҮҮГЧ                                Г.ЗОЛБОО

                                                                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ