Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Н.Энхболд,

өсвөр насны шүүгдэгч Ө.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Х.С, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Цэндзаяа,

хэлмэрч П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ө-ын Хд холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ____/, И овогт Ө-ын Х.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9б байрны 52 тоотоос хохирогч Х.Б-ий эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне экс” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Х мэдүүлэхдээ: “...миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна....” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон өсвөр насны шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч Х.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой манай найзууд болох Э-, Г хоёр үл таних гурван эмэгтэйн хамт манай гэрт ирсэн. Тэд нар манай гэрт орж ирэхдээ том савтай пиво барьчихсан орж ирээд тухайн пивоо ууцгаасан. Би пивоноос уугаагүй ба Золбоо гэх найз намайг машин бариад өг гэж дуудахаар нь би Э-ийн хамт очиж машиныг нь бариад очих газар нь хүргэж өгчихөөд буцаж гэртээ ирсэн... ба өрөөндөө ороод унтаж байтал Э-, Г нартай хамт манай гэрт ирсэн Х гэх эмэгтэй өөрийнхөө гар утсыг алга болгочихлоо гээд манай гэр болон орцон дотор хайж байсан. Тэгээд Э-д миний гар утасны гэрлийг асааж өөрийнхөө гар утсыг хайна гэж хэлээд авсан бөгөөд Б-тэй хамт гар утсаа хайж байгаад тэр чигээрээ миний гар утсыг аваад явсан... Х гэдэг эмэгтэй манай гэрт ирээд гар утас гаргаж харагдаагүй. Би алдсан гар утасны төлбөр мөнгөө Хгаас авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/,

 

гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын дундуур манай охин Х надад цалингаа авсан, хэрэглээрэй гэж хэлээд надад бэлэн 50.000 төгрөг өгсөн. Тухайн өдрөөс нилээд хэд хоногийн дараа охин маань цагдаагийн газар байна, та хүрээд ир гэж ярихаар нь  би Баянгол дүүргийн Цагдаагийн газарт очиход “би хүний гар утас хулгайлаад тухайн гар утсаа бусдад зараад зарсан мөнгөө надад өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 29-рт/,

гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Г бид хоёр 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хамт явж байгаад Х гэх эмэгтэйтэй 1 нэгдүгээр хороололд очиж уулзсан. Г, Х бид 3 Хгийн найз гэх нэрийг нь би мэдэхгүй байна, нэг эмэгтэйтэй уулзаад дөрвүүлээ Б-ий гэрт очсон... Х болон хамт байсан эмэгтэй хоёрыг нэг найз нь гадаа ирчихлээ явъя гээд дуудахад Х тэр хоёр явлаа гэж гарчихаад 10 минутын дараа Х ганцаараа орж ирээд миний гар утас алга байна гэсэн. Тэгээд Хтай хамт гар утсыг нь Б-ий гэрээс хайсан боловч олдоогүй. Х Б-ий гар утсыг өгч байгаач гэрлийг нь асааж байгаад утсаа хайх гэсэн юм гэж хэлээд Б-ий цонхны тавцан дээр байсан Айфоне 10 маркийн гар утсыг авч гараад тэр чигтээ явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Iphone X гар утасыг 1.200.000 төгрөгөөр үнэлэв гэжээ. /хх-ийн 16-17-рт/,

 

Өсвөр насны шүүгдэгч Ө.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ... хохирогч Б-ий гэр буюу баруун дөрвөн замын ойролцоо байрлах гэрт нь очсон. Бид нар тэдний гэрт орохдоо хоёр ширхэг 2 литрийн савтай пиво авч орсон. Бид тавыг гэрт ороход хохирогч Б-ээс гадна гурван эрэгтэй, нэг эмэгтэй байсан. Бид нар тэдний гэрт ороод хөзөр тоглож байтал Б-, Донк хоёр гэртээ байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг хүргэж өгнө гээд гарсан. Бид нар гэрт нь үлдээд авч орсон пивоо хувааж уугаад байж байтал гаднаас Б-, Донк хоёр орж ирсэн. ...Тэгээд буцаад гарах гэхэд миний барьж байсан “Ай фоне-6 плас” загварын гар утас алга болчихсон. Бид нар миний утсыг хайж байхад Э-, А хоёр намайг орхиод явчихсан. Тэгээд би тэд нарыг миний гар утсыг авчихсан байж магадгүй гэж буруу ойлгоод Б-ий “Ай фоне-10” маркийн гар утсыг цонхны тавцан дээр байж байхаар нь аваад халаасандаа хийгээд гэрээс нь гараад таксинд суугаад Б-ий нэг найзад нь миний гар утсыг олвол хэлээрэй гэж хэлээд ээж, өвөөгийнхөө гар утасны дугаарыг үлдээгээд гэр рүүгээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь би эмийн сан орчихоод найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад Хархорин захын автобусны буудал дээр явж байтал нэг эрэгтэй хүн гар утас худалдаж авна, зарна гэхээр нь би Б-ий эзэмшлийн “Ай фоне-10” маркийн гар утсыг тухайн эрэгтэйд 110.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тухайн мөнгөнөөсөө ээждээ 30.000-50.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдсэнийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-рт/,

 

Өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-рт/,

- төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 37-рт/,               

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 138-139-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9б байрны 52 тоотоос хохирогч Х.Б-ий эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне экс” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хохирогч Х.Б-ий “...би өрөөндөө ороод гар утсаа хажуудаа тавиад унтаж байтал Э-, Г нартай хамт манай гэрт ирсэн Х гэх эмэгтэй өөрийнхөө гар утсыг алга болгочихлоо гээд манай гэр болон орцон дотор гар утсаа хайж байгаад Э-д миний гар утасны гэрлийг асааж өөрийнхөө гар утсаа хайна гэж хэлээд миний гар утсыг аваад тэр чигээрээ явсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.С-ийн “...2020 оны 09 дүгээр сарын дундуур манай охин Х надад бэлэн 50.000 төгрөг өгсөн. Тухайн өдрөөс нилээд хэд хоногийн дараа охин маань цагдаагийн газарт байна, та хүрээд ир гэж ярихаар нь би Баянгол дүүргийн Цагдаагийн газарт очиход “би хүний гар утас хулгайлаад тухайн гар утсаа бусдад зараад зарсан мөнгөө надад өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон өсвөр насны шүүгдэгч Ө.Хгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би Б-ий “Айфоне-10” маркийн гар утасыг цонхны тавцан дээр байж байхаар нь аваад халаасандаа хийгээд гэрээс нь гарсан... Тэгээд Хархорин захын автобусны буудал дээр явж байтал нэг эрэгтэй хүн гар утас худалдаж авна, зарна гэхээр нь би Б-ий эзэмшлийн “Айфоне-10” маркийн гар утсыг тухайн эрэгтэйд 110.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тухайн мөнгөнөөсөө 30.000-50.000 төгрөгийг ээждээ өгөөд үлдсэн мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.Хг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ө.Хгийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Ө.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Х.Б-ий “...Ө.Хгаас гар утасны төлбөрөө хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 55-рт/ авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.Хг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийг гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ө.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 82.070 төгрөгийн зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ө.Хгаас 82.070 төгрөг гаргуулж, “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-д шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч И овогт Ө-ын Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлйн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Хд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Ө.Хд тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Хгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 82.070 /наян хоёр мянга далан/ төгрөгийг гаргуулж, зохих байгууллагад олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ө.Хд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ