| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0195/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/213 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/213
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: М.Солонго,
улсын яллагч: Д.Ууганцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Даваасүрэн,
шүүгдэгч: С.... нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С....д холбогдох 2108000000172 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, ...тоотод байнга оршин суух хаягтай, одоо боловч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ...тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:.../ Номхон овогт ...ийн ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Хэргийн талаар:
Шүүгдэгч С.... яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би гэрэл ассаны дараа ...ийг боссон байхад нь зүүн нүд рүү нь 1 удаа цохиж уг гэмтлүүдийг үүсгэсэн” гэх мэдүүлэг /хх-76-78/ өгч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021.02.10-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хангаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн болох нь прокурорын тогтоол, яллах дүгнэлт /хх-88-93/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал /хх-95/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.... нь яллагдагчаар өгсөн мэдүүлгээ үгүйсгэж шүүхэд “би согтсон байсан тул юу болсон талаар санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн болохоор тэрний дагуу мэдүүлсэн гэж” мэдүүлсэн болно. Шүүгдэгч С.... нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсны улмаас болсон үйл явдлын талаар санахгүй гэж байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцох боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч С.... нь “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх” эрхтэй. Иймд шүүгдэгч нь хуульд заасан эрхээ эдэлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул мөрдөн байцаалтын шатанд түүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцсонгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явууллаа.
Шүүгдэгч С....д холбогдох хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад С.... нь 2021 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны ...тоотод оршин суух Г....ын гэрт иргэн Б....ийн нүдэн тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч С.... нь 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөний 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны ...тоотод оршин суух Ц....ын гэрт төрсөн өдөр тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч “Ц....ыг доромжилсон” гэх үл ялиг зүйлээр шалтаглан иргэн Б....ийн бие махбодид хүч хэрэглэн халдаж, нүдэн тус газар нь гараараа цохиж, зодсон болох нь хохирогч Б....ийн мэдүүлэг /хх-10-11, 15-16/,
-Гэрч Ж....ын: “...Бид нар унтахаар болоод ... ...ийн хажуугаар ороод хэвтсэн ба бид нар гэрлээ унтраасан чинь чад гэсэн дуу гарсан ба ... гэрэл асаатал ... босч ирээд ...ыг чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэсэн. Тэгтэл ... ...ийг за уучлаарай андаа гээд гараа сунгаж байгаад дахиад нүд рүү нь нэг удаа цохьсон. ... газар ёоё гэж суугаад босч иртэл нүд нь хавдчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-25/,
Шүүгдэгч С....ын энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул С....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч С....ын хууль бус санаатай үйлдлийн улмаас Б....ийн биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 736 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд хохирогч Б....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.... нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг С....аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч С.... нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Б.... нь “Надад нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгсөн баримт байхгүй. Би ...аас ямар нэгэн мөнгө нэхэмжлэхгүй, надад одоо гомдол санал байхгүй” гэж мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хавтаст хэргийн материалтай танилцаад “шүүх хуралдаанд оролцохгүй, санал гомдол байхгүй” гэжээ. Хэдийгээр хохирогч нь дээр дурьдсан хуульд зааснаар гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй боловч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй учир иргэний нэхэмжлэл хэлэлцэхгүй орхилоо. Шүүгдэгч С.... нь хохирогч Б....т 300000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж арилгасанд тооцох үндэслэлгүй байна.
Иймд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул шаардлагатай гэж үзвэл хожим нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
3/ оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч С....ыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримтаар /хх-36, 51-65/, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2018.06.13-ны өдөр хугацаанаас өмнө суллагдсан болох нь ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны 2021.04.29-ний өдрийн 49 тоот тодорхойлолтоор /хх-66/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С....ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.... нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.... “санал, гомдолгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосны дагуу тогтоохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.... ам бүл-2, дүүгийн хамт хашаа байшин түрээслэн амьдардаг, нийтийн хоолоны салбарт сарын 600000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг зэрэг түүний амьжиргааны нөхцөл байдал, орлого олох байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Номхон овогт ...ийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Номхон овогт ...ийн ...ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Номхон овогт ...ийн ...д оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сар бүр 162500 төгрөг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч С.... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.... нь гомдол саналгүй гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.... нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч С....ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С....д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг С....д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ