Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П,

Шүүгдэгч Л.Н, Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н, Л.Н нарт холбогдох 2013001850153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн М сумын Б багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О нүцгэд овогт Лгийн Н. РД: ******,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О нүцгэд овогт Лгийн Н. РД: ******,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр тус аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “И” гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2.3929 м3 эзлэхүүнтэй, байгалийн жамаар унасан, хэрэглээний шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн  байгаль орчин, эдийн засгийн экологид 2.456.045 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 08-09, 11-15, 127-133-рх/,

            -Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Л.Нгаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 16-19-рх/,

-Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-28-рх/,

- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 134-138 дугаар хуудас/,

-Эрх бүхий шинжээч С.С, Б.Х, М.Н нарын бүрэлдэхүүнтэй, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 161-168 дугаар хуудас/,

-Эрх бүхий шинжээч Т.Б, С.Н, Б.Е, А.Д, Ж.Е нарын бүрэлдэхүүнтэй, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт /2-р хх-ийн 19-34-р х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Л.Н, Л.Н нар мод бэлдэж, байгаль орчинд хохирол учруулсан. Тухайн хэрэгт гаргасан шинжээч нарын дүгнэлттэй танилцсан. Л.Н, Л.Н нар нь хууль бусаар мод бэлтгэж, байгаль орчинд 2.456.045 төгрөгийн бодит хохирол учруулсан бөгөөд байгаль орчны хуульд зааснаар уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлэхэд хохирлын хэмжээ 7.368.135 төгрөг болж байна. Үүнээс Л.Н, Л.Н нар нь 2.862.570 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 4.505.565 төгрөгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Ш.Г-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б сумын 6-р багт байрлалтай “Сэрүүн” гэх газрын нутаг дэвсгэрээс “Их түргэний гүүр” гэх газрын хооронд орших газрыг хариуцаж хамгаалж ажилладаг. Л.Н, Л.Н нарын хууль бусаар мод бэлдсэн гэх газар нь миний хариуцаж байсан нутаг дэвсгэрт ордог. 2020 оны 5 дугаар сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна, надтай хамт байгаль хамгаалагчаар ажилладаг Б.Болдоогийн хамт хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалтаар явж байхдаа Б сумын “Гүрт” гэх газар иргэн Л.Н, Л.Н нарын хаваржааны гадаа хурааж бэлдсэн моднууд байхыг харж, тоолж үзээд Б.Болдоо бид хоёр уг модны талаар хариуцаж байсан хэсгийн ахлагч ажилтай Ч.Б-д мэдээлж байсан. Маргааш нь Ч.Баасанжав ахлагч Ж.Энхжаргалыг манайх руу явуулсан ба бид хоёр хамтдаа иргэн Л.Нгийн гэрт очиж яагаад хууль бусаар, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар асуухад “Сөнхөл” гол дагуу унасан модны үзүүр хэсгээс гар хөрөөгөөр бэлдэж авсан гэж хэлсэн. Миний бие иргэн Л.Н болон Л.Н нарт мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй, тэд надаас унасан мод бэлтгэж болох эсэх талаар асууж байгаагүй. ....Мод байсан газарт очиход моднууд нь Нгийн дүү болох Нгийн хаваржааны гадаа ил задгай талбайд байсан юм. Тухайн үед бид нар модонд үзлэг хийж хэмжээг нь нэг бүрчлэн авч, хамгийн сүүлд тоолж үзэхэд 94 ширхэг мод байсан. Би анх Болдоотой хамт ирж моднуудыг тоолохдоо 92 гэж буруу тоолсон байсан.Сүүлд дахин ирж тоолоход 94 ширхэг мод хөрөөдөж бэлтгэсэн байсан  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39, 142-р хуудас/,

Гэрч Ж.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 5 дугаар сарын эхээр хэсгийн ахлагч Ч.Баасанжав надруу утсаар ярьж, Ш.Гы хариуцаж байсан Б сумын 6-р багийн  нутаг “Гүрт” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэгдсэн байна. Ш.Гы хамт очоод болсон асуудлыг тодруулаад ир гэхээр нь иргэн Л.Нгийн гэрт очсон. Гэрт нь очиход гадаа нь бэлтгэсэн моднууд байсан.Тэгээд Л.Нгаас асуухад “Сөнхөл” гол дагуу унасан модны үзүүр хэсгээс нь тайрч бэлдэж авсан гэж хэлсэн. Мод бэлтгэсэн газар нь очиход ямар нэг ургаа мод бэлтгээгүй, унасан модны үзүүр хэсгээс тайрч бэлдэж авсан байсныг гар утсаар зураг авч баталгаажуулж авсан. 2020 оны 4 сарын эхээр Л.Н надтай уулзаж, “Манай хаваржааны доод хэсэгт “Сөнхөл” гол дагуу унасан модноос мод бэлтгэж болох уу” гэж асуухаар нь миний хариуцсан бүс нутаг биш, байгаль хамгаалагч Ш.Гы хариуцсан нутаг, тэр хүнээс асуугаарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-р х/,

               Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 5 сарын эхээр байгаль хамгаалагч Ш.Гы хариуцсан нутаг дэвсгэрт түүнтэй хамт хяналт шалгалтаар явж байхад Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Гүрт гэх газарт иргэн Л.Нгийн дүү болох Л.Н гэх хүний хаваржааны гадаа хурааж бэлдсэн моднууд байсан. Тухайн үед Л.Н, Л.Н нар хаваржаандаа байхгүй, нүүчихсэн байсан учраас гэрт нь очиход Л.Н байсан ба Л.Нг Ховд аймаг явсан гэж хэлсэн. Тэгээд Л.Нгаас тэдний хаваржааны гадаа байгаа моднуудыг хаанаас хэн бэлдсэн талаар асуухад 2019 оны 5 сарын үед “Сөнхөл” гол дагуу салхины улмаас унасан моднуудын үзүүр хэсгээс нь гар хөрөөгөөр ах Л.Нгийн хамт бэлдэж авсан гэдгээ хэлсэн. Тухайн үед Л.Н нь тухайн бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч Ш.Г болон бусад хүмүүсээс зөвшөөрөл авсан гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 42-р х/,

               Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах N-4676160, Е-91.48952 байршилтай газар нь Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Гүрт гол, Сөнхөл голын дагуух газрын байршил байна. Уг байршилтай газрыг нутгийн иргэд И гэж нэрлэдэг юм. Мод бэлтгэсэн гэх Б сумын  6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах N-4676160, Е-91.48952 байршилтай газар нь Мы байгалийн цогцолБ хамаардаг учраас улсын тусгай хамгаалалттай газар мөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-р х/,

               Шүүгдэгч Л.Нгийн  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Би 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн ах Л.Нтай хамт Сөнхөл гол дагуу салхинд булгарч унасан моднуудыг тэмээнд ачиж болох хэмжээгээр хөрөөдөж бэлтгээд маргааш, нөгөөдөр гээд 2 хоногт ахын тэмээгээр ачиж, хаваржааны хашаанд буулгасан байсан ба 2020 оны 5 сарын эхээр хэсгийн төлөөлөгч Б.А ирж моднуудыг хаанаас яаж авсан талаар мэдсэн. Би мод бэлтгэхийг гэмт хэрэг гэж мэддэггүй байсан ба зүгээр л ахдаа туслах амбаарын мод бэлтгэх зорилгоор тусалсан. Мод бэлтгэх үедээ тусгай зөвшөөрөл авах талаар мэдээгүй, надад энэ талаар ямар нэгэн хүн хэлж байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хууль дүрэм мэдэхгүйгээс ийм хэрэгт холбогдлоо. Урьд жилийн 5 сард байгалийн гамшиг болж, маш их хэмжээгээр мод унасан байсан. Тухайн үед  хүн очиж авах боломжтой моднуудыг хүмүүс очиж авчихсан байсан. Бид хоёр тухайн газарт хүн очиж чадахааргүй, усан дотор байгаа, машин хүрэхгүй газар байсан модыг усан дотроос гаргаж, хөрөөдөж тэмээгээр тээвэрлэсэн. Зөвшөөрөл авах ёстой байсныг  үнэхээр мэдээгүй. Модоо хөрөөдөж бэлтгэснийхээ маргааш нь үдээс хойш тэмээгээр ачсан. Нийт унасан байсан 14 ширхэг модыг 94 болгож хөрөөдөж бэлтгэсэн. Бид хоёрын бэлтгэсэн мод дандаа унасан мод байсан. Бэлтгэсэн модоо тэмээгээр 2 өдөр зөөсөн. 5 хүний бүрэлдэхүүтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Ах бид хоёр байгаль орчин учруулсан хохирлоос 2.862.570 төгрөгийг 2020 оны 6 сард байгаль орчин уур амьсгалын санд төлсөн. Үлдэх 4.505.565 төгрөгийг хавар 2021 оны 3 сарын 25 хүртэл төлж барагдуулна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64, 2-р хх-ийн 39-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: ”Би Ховд аймгийн М  суманд оршин суудаг, гэхдээ хавар намарт нь Баян-Өлгий аймгийн Б сумын Их түргэн гэх газарт байдаг. 2020 оны 3 сарын эхээр Б сумын Их түргэн гэх газарт байх хаваржаандаа ирж, төрсөн дүү Л.Нгийн гэрийн гадаа хаваржих болсон. Тэгээд хавар болж байгаа тул хаваржаандаа нэг амбаар барьчих санаатай мод хэрэгтэй болохоор нь өнгөрсөн жил манай хажууд байдаг Сөнхөл гол дагуу харгаа моднууд салхины улмаас хугарч булгарч унасан байсныг санаад тэр моднуудыг авч амбаар хийж болох юм байна гэж бодоод 2020 оны 4 сарын 10-ны өдөр төрсөн дүү Л.Нтай хамт уг моднуудаас тэмээнд ачиж болох хэмжээгээр бэлтгээд маргааш, нөгөөдөр гээд хоёр хоногт тэмээгээр ачиж хаваржааны хашаандаа буулгасан. 2020 оны 5 сарын эхээр хэсгийн төлөөлөгч Б.А ирж моднуудыг хаанаас яаж авсан талаар мэдсэн. Би мод бэлтгэхдээ тусгай зөвшөөрөл авах ёстой талаар огт мэддэггүй байснаас болж ийм хэрэгт холбогдлоо. Мэдэж байсан бол хэрэгт холбогдохгүй байсан. Тухайн моднуудыг хувийн хэрэгцээндээ амбаар барьж ашиглах гэж байснаас өөрөөр худалдан борлуулж ашиг олох санаа зорилго байгаагүй. Сөнхөл голын дагуу унасан модноос хүмүүс аваад байхаар болно гэж ойлгосон. Уг газар манай гэрээс километрийн зайтай газар байсан. Усанд унасан байсан модыг гаргаж байгаад хөрөөдөж авсан. Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Нийт 10 хэдэн модны үзүүрээс хөрөөдөж, 94 ширхэг болгож бэлтгэсэн. 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр ойн санд учирсан хохирлыг 7.368.135 төгрөг гэж тогтоосныг хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоос 1 сая төгрөгийг 2020 оны 6 сарын 12-нд, 1.862.568 төгрөгийг 2020 оны 6 сарын 15-нд тус тус байгаль орчин уур амьсгалтын санд төлсөн. Ингээд нийт 2.862.568 төгрөгийн хохирол төлсөн.  Одоо үлдэх 4.505.565 төгрөгийг удахгүй төлж барагдуулна. Хохирлын хэмжээн дээр маргахгүй. 2021 оны 3 сар гэхэд төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-68-р х, 2-р хх-ийн 40-рх  болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүгдэгч Л.Н, Л.Н нарыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос бүлэглэж, зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Л.Н, Л.Н нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр байгалийн жамаар салхинд булгарч унасан модноос хэрэглээний бөөрөнхий шилмүүст төрлийн 2.3929 м3 нойтон шинэс мод, модон материал гар хөрөөгөөр бэлтгэж, улмаар яллагдагч Л.Нгийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг 2021 оны 3 сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар нутаг дэвсгэр “И” гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр байгалийн жамаар унасан, хэрэглээний шинэс мод бэлтгэж, улмаар Л.Нгийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1], тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл[2], Эд мөрийн баримтаар тооцох тогтоол[3], Л.Нгаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4], модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[5], эрх бүхий шинжээч С.С, Б.Х, М.Н нарын бүрэлдэхүүнтэй, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлт[6], эрх бүхий шинжээч Т.Б, С.Н, Б.Е, А.Д, Ж.Е нарын бүрэлдэхүүнтэй, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт[7], хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Л.Н, Л.Н нар мод бэлдэж, байгаль орчинд 2.456.045 төгрөгийн бодит хохирол учруулсан бөгөөд байгаль орчны хуульд зааснаар уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлэхэд хохирлын хэмжээ 7.368.135 төгрөг болж байна. Үүнээс Л.Н, Л.Н нар нь 2.862.570 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 4.505.565 төгрөгийг нэхэмжилж байна[8]” гэх мэдүүлэг, гэрч Ш.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2020 оны 5 дугаар сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна, надтай хамт байгаль хамгаалагчаар ажилладаг Б.Б-гийн хамт хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалтаар явж байхдаа Б сумын “Гүрт” гэх газар иргэн Л.Н, Л.Н нарын хаваржааны гадаа хурааж бэлдсэн моднууд байсан. Б.Болдоогийн хамт иргэн Л.Нгийн гэрт очиж яагаад хууль бусаар, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар асуухад “Сөнхөл” гол дагуу унасан модны үзүүр хэсгээс гар хөрөөгөөр бэлдэж авсан гэж хэлсэн. Миний бие иргэн Л.Н болон Л.Н нарт мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй[9]” гэх мэдүүлэг, гэрч Ж.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 5 дугаар сарын эхээр хэсгийн ахлагч Ч.Баасанжав надруу утсаар ярьж, Ш.Гы хариуцаж байсан Б сумын 6-р багийн  нутаг “Гүрт” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэгдсэн байна. Ш.Гы хамт очоод болсон асуудлыг тодруулаад ир гэхээр нь иргэн Л.Нгийн гэрт очсон. Гэрт нь очиход гадаа нь бэлтгэсэн моднууд байсан.Тэгээд Л.Нгаас асуухад “Сөнхөл” гол дагуу унасан модны үзүүр хэсгээс нь тайрч бэлдэж авсан гэж хэлсэн[10]” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 5 сарын эхээр байгаль хамгаалагч Ш.Гы хариуцсан нутаг дэвсгэрт түүнтэй хамт хяналт шалгалтаар явж байхад Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Гүрт гэх газарт иргэн Л.Нгийн дүү болох Л.Н гэх хүний хаваржааны гадаа хурааж бэлдсэн моднууд байсан. Гэрт нь очиж асуухад Л.Н байсан ба Л.Нг Ховд аймаг явсан гэж хэлсэн. Л.Нгаас тэдний хаваржааны гадаа байгаа моднуудыг хаанаас хэн бэлдсэн талаар асуухад 2019 оны 5 сарын үед “Сөнхөл” гол дагуу салхины улмаас унасан моднуудын үзүүр хэсгээс нь гар хөрөөгөөр ах Л.Нгийн хамт бэлдэж авсан гэдгээ хэлсэн. Тухайн үед Л.Н нь тухайн бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч Ш.Г болон бусад хүмүүсээс зөвшөөрөл авсан гэж хэлээгүй[11]” гэх мэдүүлэг, гэрч М.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах N-4676160, Е-91.48952 байршилтай газар нь Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Гүрт гол, Сөнхөл голын дагуух газрын байршил байна. Уг байршилтай газрыг нутгийн иргэд И гэж нэрлэдэг юм. Мод бэлтгэсэн гэх Б сумын  6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах N-4676160, Е-91.48952 байршилтай газар нь Мы байгалийн цогцолБ хамаардаг учраас улсын тусгай хамгаалалттай газар мөн[12]” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн ах Л.Нтай хамт Сөнхөл гол дагуу салхинд булгарч унасан моднуудыг тэмээнд ачиж болох хэмжээгээр хөрөөдөж бэлтгээд маргааш, нөгөөдөр гээд 2 хоногт ахын тэмээгээр ачиж, хаваржааны хашаанд буулгасан. Би мод бэлтгэхийг гэмт хэрэг гэж мэддэггүй байсан ба зүгээр л ахдаа туслах амбаарын мод бэлтгэх зорилгоор тусалсан. Мод бэлтгэх үедээ тусгай зөвшөөрөл авах талаар мэдээгүй. Бэлтгэсэн модоо тэмээгээр 2 өдөр зөөсөн[13]” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Би 2020 оны 4 сарын 10-ны өдөр төрсөн дүү Л.Нтай хамт Сөнхөл гол дагуу байгалийн жамаар салхинд унасан моднуудаас тэмээнд ачиж болох хэмжээгээр бэлтгээд маргааш, нөгөөдөр гээд хоёр хоногт тэмээгээр ачиж хаваржааны хашаандаа буулгасан. Би мод бэлтгэхдээ тусгай зөвшөөрөл авах ёстой талаар огт мэддэггүй байснаас болж ийм хэрэгт холбогдлоо. Сөнхөл голын дагуу унасан модноос хүмүүс аваад байхаар болно гэж ойлгосон. Уг газар манай гэрээс километрийн зайтай газар байсан. Усанд унасан байсан модыг гаргаж байгаад хөрөөдөж авсан. Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Нийт 10 хэдэн модны үзүүрээс хөрөөдөж, 94 ширхэг болгож бэлтгэсэн[14]” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

               Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

               Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Тодруулбал зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг  бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

            Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

            Шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь “Бид ургаж байсан модыг огтолж аваагүй, байгалийн жамаар салхинд булгарч усанд унасан модыг уснаас гаргаж бэлтгэж авсан” гэх тайлбарыг гаргасан ба Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүлэглэж, тус аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “И” гэх газраас 2.3929 м3 эзлэхүүнтэй, байгалийн жамаар унасан, хэрэглээний шинэс модыг бэлтгэж, шүүгдэгч Л.Нгийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Түүнчлэн бүрэлдэхүүнтэй нэмэлт шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ”Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “И” гэх нэртэй N-46.76160, Е-91.48952 байршилтай газар нь Монгол Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Ховд аймгийн Мы байгалийн цогцолБ газрын хамгаалалтын захиргааны хариуцдаг газар нутагт хамаарна” гэх дүгнэлт[15],

               Бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Мод бэлтгэсэн гэх “И” гэх нэртэй N-46.76160, Е-91.48952 байршилтай газар нь Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг ба Ховд аймгийн Мы байгалийн цогцолБ газрын хамгаалалтын захиргааны Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг болох нь Монгол Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол болон, N-46.76160, Е-91.48952 солбилцлын дагуу байрласан газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна” гэх дүгнэлт[16], түүнд хавсаргасан баримт бичиг[17], гэрч М.Ханатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“ Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах N-4676160, Е-91.48952 байршилтай газар нь Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Гүрт гол, Сөнхөл голын дагуух газрын байршил байна. Уг байршилтай газрыг нутгийн иргэд И гэж нэрлэдэг юм. Мод бэлтгэсэн гэх Б сумын  6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах N-4676160, Е-91.48952 байршилтай газар нь Мы байгалийн цогцолБ хамаардаг учраас улсын тусгай хамгаалалттай газар мөн[18]” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг нь тогтоогдож  байна.

               Ийм байдлаар шүүгдэгч Л.Н, Л.Н нарын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бүлэглэж”, 2.3-д заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэх хүндрүүлэх шинжийг  бүрэн хангаж байх ба шүүгдэгч  нар нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.    

               Иймд шүүгдэгч Л.Н, Л.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.2, 2.3-д заасан “Бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

               Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Л.Н, Н нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд  хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

               Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

               Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

               Экологи эдийн засгийн нэмэлт шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн моднуудыг Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 2.3929 м3 эзлэхүүнтэй, хэрэглээний зориулалтын мод байна. Дээрх хэрэглээний модон материал нь нойтон шинэс буюу шилмүүст мод байна. Хууль бусаар бэлтгэсэн мод бэлтгэлд өртсөн талбайг нөхөн сэргээхэд 2.456.045 төгрөг гарч байна. Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “И”  гэх газрын ойгоос иргэн Л.Н, Л.Н нарын зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи, эдийн засгийн үнэлгээ 2.3929 м3 х 570.216 х 1.8= 2.456.045 төгрөгийн бодит хохирол учруулсан байна” гэх дүгнэлт[19], түүнд хавсаргасан баримт[20], бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 сарын 16-ны өдрийн “Ойн экологи, эдийн засгийн үнэлгээ батлах тухай” А/176 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар нэгдүгээр мужийн ойн сангийн нойтон шинэс модны үнэлгээг 570.216 төгрөгөөр тогтоосон. Мөн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод, гуалинг 1.8 итгэлцүүрээр үржүүлнэ. Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн иргэн Л.Н, Л.Н нарын тус сумын “И” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй, хууль бусаар  бэлтгэсэн мод нь нойтон буюу хэрэглээний бөөрөнхий шилмүүст төрлийн шинэс мод учраас экологи, эдийн засгийн үнэлгээг 570.216 төгрөгөөр, итгэлцүүрийг 1.8-аар тооцох нь зүйтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар ургаа мод болон унанги модоор ялгасан үнэлгээгүй, харин нойтон, хуурай модоор ялгаж үнэлгээ тогтоосон байна. Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн иргэн Л.Н, Л.Н нарын тус сумын “И” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 2.3929 м3 х 570.216 х 1.8= 2.456.045 төгрөг бөгөөд үүнийг Байгаль хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4.1-д зааснаар 3 дахин нэмэгдүүлэхэд 7.368.135 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хууль бусаар мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээхэд 7.368.135 төгрөг гарч байна” гэх дүгнэлт[21], түүнд хавсаргасан баримт бичиг[22] зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баян-Өлгий аймгийн  Б сумын 6 дугаар багийн нутагт байрлах “И” гэх газрын ойгоос хууль бусаар 94 ширхэг нойтон шинэс мод бэлтгэсний улмаас ойн санд 2.456.045 төгрөгийн бодит хохирлыг учруулсан нь тогтоогджээ.

               Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч Л.Н, Л.Н нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 2.456.045 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 2.456.045 төгрөг гэж үзнэ.

               Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.368.135 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

               Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 7.368.135 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Л.Н, Л.Н нар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000  төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.862.570 төгрөг, нийт 2.862.570 /хоёр сая найман зуун жаран хоёр мянга таван зуун далан/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар[23] тус тус нотлогдож байх тул нийт хохирол болох 7.368.135 төгрөгөөс  2.862.570 төгрөгийг  хасаж тооцон, үлдэх хохирол болох 4.505.565 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Л.Нгийн хувьд ногдох хөрөнгөөс  2.252.783 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга долоон зуун наян гурав/ төгрөг, шүүгдэгч Л.Нгийн хувьд ногдох хөрөнгөөс 2.252.783 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга долоон зуун наян гурав/ төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

               Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

               Шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч Л.Н, Л.Н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

               Шүүгдэгч Л.Нгийн хувийн байдлын талаар хэрэгт Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181 дугаартай “Лхагважав овогтой Н нь 1991 онд төрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тус багт оршин суудаг, урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зан чанартай. 2019 оны жил эцсийн мал тооллогоор адуу 4, үхэр 10, хонь 30, ямаа 60, бүгд 104 толгой мал тоолуулсан. Малын бүтээгдэхүүнээс өөр ямар нэг орлогогүй” гэх тодорхойлолт[24], мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар[25], Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/835 дугаартай “Мэдээллийн санг шалгаж үзэхэд Л.Нгийн нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх тодорхойлолт[26] зэрэг баримтууд,

               Шүүгдэгч Л.Нгийн хувийн байдлын талаар Ховд аймгийн М сумын Б багийн засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 49 дугаартай ”Тус багийн иргэн Л овогтой Н нь 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Л.Н нь урьд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт[27], Ховд аймгийн М сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1/157 дугаартай “Тус сумын Б багийн иргэн Л овогтой Н нь 1985 онд төрсөн, ам бүл 4, эхнэр Т.Уранцоож, хүү Н.Санчиргарав, Н.Цэрэн-Очир нарын хамт амьдардаг. Л.Н нь тус сумын харьяат, Б багийн малчин өрх болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[28],мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар[29], Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/835 дугаартай “Мэдээллийн санг шалгаж үзэхэд Л.Нгийн нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх тодорхойлолт[30] зэрэг баримтууд тус тус авагдсаныг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

               Түүнчлэн шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар[31] тус тус нотлогдож байна.

               Шүүхээс шүүгдэгч Л.Н, Л.Н нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Л.Н нарт тус бүрт нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Н, Л.Н нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч Л.Нгийн оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Л.Нгийн оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

               Шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос  “бүлэглэж” хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн нь тогтоогдсон боловч уг үйлдэл нь “бүлэглэж” гэх шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэгдэж байгаа тул уг нөхцөл байдлыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж  үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжид хамааруулж үзээгүй болно.

               Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Л.Н, Л.Н нарын  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 2.456.045 төгрөгийн үнэ бүхий, 2.3929 м3 эзлэхүүнтэй, 94 ширхэг шинэс модыг хурааж, улсын орлого болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Н, Л.Н нарын  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 2.456.045 төгрөгийн үнэ бүхий, 2.3929 м3 эзлэхүүнтэй, 94 ширхэг шинэс мод, шүүгдэгч Л.Нгийн эзэмшлийн 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12 настай атан тэмээ битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/50 дугаартай тогтоол[32]-ын “хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн 94 ширхэг шинэс мод битүүмжилсэн” хэсгийг хөрөнгө орлогын албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, Л.Нгийн эзэмшлийн 12 настай атан тэмээ битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Л.Нгийн эзэмшлийн 1.5 метрийн урттай, 12 см-ын өргөнтэй, хуучин, зэвэрсэн , хоёр бариултай гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, Л.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 5 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ог нүцгэд овогт Л-йн Н, О нүцгэд овогт Лхн Н нарыг “бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Н, Л.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Н, Л.Н нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Л.Н нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус  даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 7.368.135 (долоон сая гурван зуун жаран найман мянга нэг зуун гучин таван) төгрөгөөс шүүгдэгч нар нь 2.862.570 (хоёр сая найман зуун жаран хоёр мянга таван зуун далан) төгрөгийг төлснийг дурдаж, үлдэх 4,505,565 (дөрвөн сая таван зуун таван мянга таван зуун жаран тав) төгрөгийг хувь тэнцүүлэн  шүүгдэгч Л.Нгийн хувьд ногдох хөрөнгөөс 2.258.783 (хоёр сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун наян гурав) төгрөг, шүүгдэгч Л.Нгийн хувьд ногдох хөрөнгөөс 2.258.783 (хоёр сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун наян гурав) төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, шүүгдэгч нар нь уг төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдсугай.

              7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/50 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 2,3929м3 эзлэхүүнтэй, 2.456.045 төгрөгийн үнэлгээ бүхий,  94 ширхэг шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Н, Л.Н нараас хураан авч улсын орлогод оруулахаар гүйцэтгэх хуудас бичин, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

              8. Шүүгдэгч Л.Н, Л.Н нарын хууль бусаар бэлтгэсэн 2.456.045 төгрөгийн үнэ бүхий, 2.3929 м3 эзлэхүүнтэй, 94 ширхэг шинэс мод, шүүгдэгч Л.Нгийн эзэмшлийн 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12 настай атан тэмээ битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/50 дугаартай тогтоолын “хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн 94 ширхэг шинэс мод битүүмжилсэн” хэсгийг хөрөнгө орлогын албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, Л.Нгийн эзэмшлийн 12 настай атан тэмээ битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгосугай.

              9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.Нгийн эзэмшлийн 1.5 метрийн урттай, 12 см-ын өргөнтэй, хуучивтар, зэвэрсэн, хоёр бариултай, гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

10. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, Л.Н нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б

 

 

[1] 1-р хх-ийн 08-09, 11-15, 127-133-р тал

[2] 1-р хх-ийн 27-28-р тал

[3] 1-р хх-ийн 16-р тал

[4] 1-р хх-ийн 17-18-р тал

[5] 1-р хх-ийн 134-138-р тал

[6] 1-р хх-ийн 161-168-р тал

[7] 2-р хх-ийн 19-34-р тал

[8] 2-р хх-ийн 11-12-р тал

[9] 1-р хх-ийн 38-39, 142-р тал

[10] 1-р хх-ийн 40-р тал

[11] 1-р хх-ийн 42-р тал

[12] 1-р хх-ийн 186-р тал

[13] 1-р хх-ийн 63-64, 2-р хх-ийн 39-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[14] 1-р хх-ийн 65-68, 2-р хх-ийн 40-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[15] 1-р хх-ийн 197-198-р тал

[16] 2-р хх-ийн 19-22-р тал

[17] 2-р хх-ийн 27-31-р тал

[18] 1-р хх-ийн 186-р тал

[19] 1-р хх-ийн 161-162-р тал

[20] 1-р хх-ийн 163-165-р тал

[21] 2-р хх-ийн 19-22-р тал

[22] 2-р хх-ийн 23-26, 32-34-р тал

[23] 1-р хх-ийн 26-р тал

[24] 1-р хх-ийн 75-р тал

[25] 1-р хх-ийн 76-79-р тал,

[26] 1-р хх-ийн 70-р тал,

[27] 1-р хх-ийн 84-р тал

[28] 1-р хх-ийн 85-р тал

[29] 1-р хх-ийн 86-87-р тал

[30] 1-р хх-ийн 70-р тал

[31] 1-р хх-ийн 80,88-р тал

[32] 1-р хх-ийн 30-р тал