Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох 2113000120017 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Б овогт Б-ний Д-, 1994 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЙ...............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алмалы” рестораны урд талд хохирогч Е.Ж-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Эрүүгийн 2113000120017 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч Е.Ж-ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Пиво уугаад 22 цаг гэхэд павт хаагаад гадагш гарцгаасан. Гадагш гараад хоорондоо маргалдаад намайг Б.Д- миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Тэр даруйд нь би цагдаагийн постын хажууд тэрэнтэй зууралдаж байгаад таксинд суугаад явсан. Би нэлээд согтсон тул тухайн үйл явдлыг бас сайн санахгүй байна. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй юм. Б.Д- надаас уучлалт гуйсан, бид хоёр хохирлын тал дээр маргаангүй байгаа тул хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20/,

2. Гэрч Е.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Бид гурав павт сууж байхдаа хүний 3 шил пиво уусан. Пиво уугаад сууж байгаад Б.Д- утсаар ярьтал Е.Ж- түүнийг болиорой гэж хэлсэн. Түүнээс болоод тэр хоёр маргалдаад Б.Д-ын мөрөнд нь цохисон. Тэгээд гадагшаа гарсан. Гадагш гарангуутаа Б.Д- Е.Ж-ийн нүд рүү нь нэг удаа цохисон, би дундуур нь орж салгасан. Болсон асуудал энэ юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

3. Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай “... Иргэн Е.Ж-ийн биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдний дээд доод зовхинд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн нүдний салстад цус харвасан, хамрын нуруунд хавдартай, хамрын нуруунд шархтай, духанд хавдартай, дээд эрүүний баруун талын 1-р шүд эмал баруун талаас үзүүр сэтэрч хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Е.Ж-ийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтлүүд нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд болно. Иргэн Е.Ж-ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/

4. Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид нар пиво уугаад сууж байгаад би фейсбүүкийн чатаар нэг хүнтэй ярьтал Е.Ж- над руу утсаа тасал даа гэх мэтээр хэлэхэд нь би чи битгий хуц, би үеэлтэйгээ ярьж байна гэснээс болоод маргалдаж Е.Ж- миний нүд рүү цохисон тул би уурлаад түүний нүд рүү 2 удаа цохисон. Тэгээд Е.Ж-ийн хөмсөгний дээд талаас нь цус гарсан юм. Тэгээд гадагш гараад дахин Е.Ж- бид хоёр маргалдаад нэг нэгнийгээ заамдаж барьж аваад зогсож байтал Е.Б- салгасан. ...Би Е.Ж-ээс уучлал гуйсан. Е.Ж- намайг уучилсан. Би хүн зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай “...БЙ.............. регистрийн дугаартай Б- овогтой Д-ын нэр дээр эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 41/,

- Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Б- овогтой Д- нь ам бүл 3, тус сумын 5-р багийн байнгын оршин суугч мөн. Д- нь зан байдлын хувьд төлөв даруу зантай урд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй нэн ядуу өрх мөн болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 44/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/46 дугаартай “Б.Д- /БЙ............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 46/,

-  2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олгосон “РД:БЙ.............., овог:Б-, эцэг /эх/-ийн нэр:Б-, нэр:Д-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Толбо, төрсөн огноо:1994/07/18, хаяг:Баян-Өлгий, Толбо, 5-р баг, Хөх толгой, хүчинтэй хугацаа:2039/07/18, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/,

- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 438/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алмалы” рестораны урд талд хохирогч Е.Ж-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Е.Ж-ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Пиво уугаад 22 цаг гэхэд павт хаагаад гадагш гарцгаасан. Гадагш гараад хоорондоо маргалдаад намайг Б.Д- миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй юм. Б.Д- надаас уучлал гуйсан, бид хоёр хохирлын тал дээр маргаангүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20/,

- Гэрч Е.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Түүнээс болоод тэр хоёр маргалдаад Б.Д-ын мөрөнд нь цохисон. Тэгээд гадагшаа гарсан. Гадагш гарангуутаа Б.Д- Е.Ж-ийн нүд рүү нь нэг удаа цохисон, би дундуур нь орж салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

- Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай “...Иргэн Е.Ж-ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/

- Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид нар пиво уугаад сууж байгаад би фейсбүүкийн чатаар нэг хүнтэй ярьтал Е.Ж- над руу утсаа тасал даа гэх мэтээр хэлэхэд нь би чи битгий хуц, би үеэлтэйгээ ярьж байна гэснээс болоод маргалдаж Е.Ж- миний нүд рүү цохисон тул би уурлаад түүний нүд рүү 2 удаа цохисон. ...Би Е.Ж-ээс уучлал гуйсан. Е.Ж- намайг уучилсан. Би хүн зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Е.Ж-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.    

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Е.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Е.Ж-ийн Надад ямар нэгэн санал гомдол байхгүй юм. Б.Д- надаас уучлал гуйсан, бид хоёр хохирлын тал дээр маргаангүй” гэх мэдүүлгээр шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, үлдсэн хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ний Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг ­биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК