Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Г.Гд холбогдох эрүүгийн 2005011581714 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ********* аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ********* ээлжийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******** аймгийн ****** сумын ********* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, ******** дүүргийн *** дүгээр хорооны ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овогтой *** Г.Г /РД: **************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнөөс хохирогч М.Г-гийн хаан банкны виза карт, “Эл Жи Ви 20” /LG V20/ маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч М.Г-гийн:

“...2020 оны 03 дугаар сар 16-ны өдөр Улаанбаатар хот руу явахаар Хэнтий аймгийн төвөөс хувийн таксинд 3 хүний хамт сууж хотод 21 цагийн орчимд орж ирсэн. Замдаа таксинд хамт ирсэн залуу болох Г.Г-тай танилцсан юм. Тэгээд хотод орж ирээд Г.Г-тай танилцсаных гээд нэг юм хувааж уухаар болоод хороололд Э зочид буудалд Г.Г бид нэг өрөө авах гэсэн чинь Г.Г над дээр эмэгтэй хүн ирнэ гэхээр нь хоёр өрөө авсан. Тэгээд буудлынхаа өрөөг авчхаад буудлаасаа гарч ойрхон байх дэлгүүрээс 0.75 л “Болор” архи 2 шилийг аваад, 3 шил “Эсса” нэртэй пиво авсан. Тэгээд буудлаасаа эргэн ороод бид хоёр нэг өрөөндөө ороод байж байтал Ганаа гээд нэг эмэгтэй ирсэн. Тэгээд бид гурав хүний нэг пиво уугаад нэг шил архиа задлаад ууж байтал Ганаа нь нэг найзыгаа дуудсан. Гэсэн чинь хоёр эмэгтэй ирсэн. Тэгээд бид ууцгаагаад байж байтал бас нэг эхнэр нөхөр хоёр ирсэн. Тэгсэн манай найз Төрөө залгахаар нь би буудалд байна гэсэн чинь таньж мэдэхгүй хүнтэй болгоомжтой байгаарай гэхээр нь би виза картаа доор ресепшинд аваачиж хадгалуулсан. Тэгээд бид нар ууцгааж байгаад би өөрийгөө нэлээн муудсаныг мэдээд шөнө хувцсаа аваад буудлын ресепшинээс виза картаа аваад такси бариад 13-р хороолол руу ээжийнхээ гэр лүү явсан. Тэгээд ээжийнхээ гэр лүү орох гэсэн нэлээн согтуу байсан болохоор орж чадалгүй дахиж такси бариад буудалдаа эргээд ирсэн. Тэгсэн Г.Г нөгөө хүмүүс нь явчихсан байсан тэгэхээр нь би эхнэр лүүгээ залгаад чи намайг ирээд авчих би буудалд согтуу байна гэж хэлээд өрөөгөө түгжээд унтаад өгсөн. Тэгээд 10 цагийн үед сэрсэн чинь миний утас виза карт алга болчихсон байсан. Тэгэхээр нь би ресепшин дээр очоод манай өрөөнд хүн орсон юм уу би өрөөнөөсөө утас виза картаа алдчихлаа гэсэн. Тэгсэн чамтай өрөө авсан залуу өглөө 7 цагийн үед эргэж ирээд надаар хаалга онгойлгуулаад ороод удалгүй буцаад гараад явсан гэсэн. Тэгэхээр нь би тэр дор нь картаа хаалгах гээд банк дээр очсон чинь та утсаар картаа хаалга энд хаахгүй гэсэн. Тэгэхээр нь би мобайл банктай сим картаа хүний утсанд гуйгаад хийсэн чинь миний данснаас 2.400.000 төгрөг гарсан байсан.Тэгээд буудал дээр очоод цагдаа дуудсан. Тэгээд камер шүүж үзэхэд Г.Г сүүлд ирсэн залуутай хамт ресепшингээр хаалга онгойлгуулаад орсон байсан. “Эл Жи Ви 20” маркийн гар утас байсан. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монтелээс 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлнэ. ...Гантулгын хажууд дэлгүүрээс юм авахдаа кодоо хэлж байсан. Миний код цээжлэхэд амархан 1111 гэсэн кодтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/,

2. М овогтой Г-гийн Хаан банкны ************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 18-19/,

3. Г-ын Г-ын Хаан банкны *************дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40-61/,

4. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ны эд зүйлийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эл Жи Ви-20” загварын гар утсыг 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн тайлан /хх 75-77/,

5. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч М.Г, шүүгдэгч Г.Г нарын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хуулбар /хх 89/, 

6. Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа буугаад Хэнтий аймгаас Улаанбаатар хотод гэртээ очихоор хувийн таксинд суусан бөгөөд тухайн машин дотор нийт 5 хүн байсан. Уг 5 хүний нэг нь Г гэх хүн байсан. Таксинд явж байхдаа Г-тэй танилцсан бөгөөд өөрийгөө Хэнтий аймагт Ковид-19 тахалтай холбогдуулан каринтелагдаад одоо буцаж явна гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр хотод 18 өнгөрч байхад ирсэн ба Өргөө кино театрын хойно байрлах “Э” нэртэй зочид буудалд орсон. Одоо тоотыг нь санахгүй байна 2 дугаар давхар 2 өрөө авсан бөгөөд бид 2 өрөөндөө орж хувцсаа тавьчхаад дэлгүүр орж архи авахаар гарсан. Дэлгүүрээс нийт 5, 6 ширхэг архи ус ундаа авсан бөгөөд би өөрийнхөө авсан зүйлийн тооцоог өөрөө хийсэн. Харин Г өөрийнхөө авсан зүйлийн 50.000 төгрөгийн тооцоог Хаан банкны карт руу уншуулж хийсэн. Тэгэхдээ дэлгүүрийн худалдагчид картын кодоо 1111 гэж хэлж байхыг нь би сонссон юм. Ингээд би архи ууж байгаад согтоод унтчихсан байсан, шөнө дунд сэрсэн чинь би хэнд зодуулснаа санахгүй байна. Баруун талын хөмсөг сэтэрчихсэн байхаар нь өрөөгөө тойруулаад хартал Г унтаж байсан. Тэгэхээр нь би У-гийн нөхөр /нэрийг нь мэдэхгүй байна/-г дуудаад намайг ирээд аваарай гэж хэлсэн ба удалгүй ирээд гаръя гэсэн. Тухайн үед шөнө 00 цаг болж байсан байх бид 2 уг буудлаас гараад хажуу талд нь байрлах “Хан” гэдэг буудалд жоохон унтаж байгаад өглөө 07 цагийн үед Э буудлын ресепшинээс гадаад паспортоо авахаар орсон. Яагаад гэвэл би бичиг баримтаа үлдээсэн байсан юм. Мөн дахиад 1 шил архи авч ууя гэж бид бодоод 2 давхарт дугаарыг нь мэдэхүй байна Г-тэй хамт орсон өрөөнд карт уншуулж орсон. Намайг ороход Г унтаж байсан бөгөөд орон дээр “Эл жи ви-20” маркийн гар утас, цонхны тавцан дээр Хаан банкны виза карт байхаар нь аваад гарсан. Тэгээд би Э зочид буудлын хажуу талд байрлах бэлэн мөнгөний машин орж өөрийнхөө 0000000000 дугаарын данс руу 1.970.000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн 430.000 төгрөгийг нь бэлнээр авч үлдээд буудлын тооцоо хийж хоол захиалан авч идэж 4 хоног буудалд байж үрээд дуусгасан. Урнаагийн нөхөр нь уг өрөө лүү хамт орж ирсэн гэхдээ намайг Г-гийн виза карт, гар утсыг хулгайлах байсныг мэдээгүй. Яагаад гэвэл би бичиг баримт хүрмээ авахаар ороод байна гэж хэлсэн юм. Г-гийн картанд их хэмжээний мөнгө байна гэж би мэдээгүй бөгөөд бэлэн мөнгөний машин орж үлдэгдлийг нь шалгахад л мэдсэн. Г-гийн гар утсыг нь Баянхошууны тэнд байдаг нэрийг нь мэдэхгүй Ломбардад 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Сунгуулаагүй тэр чигээр нь хаясан...” гэсэн мэдүүлэг /хх 68-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Г-гийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Гантулгын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнөөс хохирогч М.Г-гийн хаан банкны виза карт, “Эл Жи Ви 20” /LG V20/ маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч М.Г-гийн мэдүүлэг,

- М овогтой Г-гийн Хаан банкны ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- Г овогтой Г-ын Хаан банкны ************* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ны эд зүйлийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эл Жи Ви-20” загварын гар утсыг 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн тайлан,

- 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч М.Г, шүүгдэгч Г.Г нарын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хуулбар,

- Шүүгдэгч Г.Г-ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгох ба шүүгдэгч Г.Г-ын дээрх үйлдэл нь хохирогч М.Г-гийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Г-д 2.400.000 төгрөг, “Эл жи ви 20” /LG V20/ маркийн гар утасны үнэ болох 250.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Г.Г нь 2.650.000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч М.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.Г-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Г.Г нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа болон прокурорын ялын саналыг тус тус  зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Мөн Г.Г-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005011581714 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-гыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                         

                                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ДАЛАЙХҮҮ